Зураг
Зураг
Индэр    
2018 онд либералчлал, 2019-2020 онд МИАТ-ийн хувьчлал эхэлнэ
Зураг
2018 оны 4 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

2018 онд либералчлал, 2019-2020 онд МИАТ-ийн хувьчлал эхэлнэ

Монгол Улс 2020 он хүртэл “МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож өнөө хүртэл энэ салбарт чөлөөт өрсөлдөөнийг боомилж ирсэн.

Тиймээс  ч Монголд ирэх, Монголоос явах гэдэг дэндүү өндөр зардалтай, сонголт бага болоод байсныг хэн хүнгүй мэднэ.

iKon.mn "Төөрөгдөл арилж эхлэх он жилүүд" цуврал эхлүүлж нийтээрээ хоёрхон “толгойгоороо” нэг л өдөр гэнэт баяжчих юм шиг бодож явсан үе өнгөрснийг сануулж буй.

Бид орлогын шинэ үүсвэрүүдийн тухай нухацтай ярилцаж, яаралтай шийдвэрүүдийг гаргах хугацаа болсныг Монгол гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа тоо гэрчилнэ, нотолно. 

Тиймээс ч Монголын шилдэг бизнесмэн, эдийн засагчдын үргэлжид санал болгож буй аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын талаарх цуврал нийтлэл, сурвалжлагыг хүргэж байгаа. Эдгээр хоёр салбар яагаад урагшлахгүй байна вэ. Түгжээ нь юунд байна вэ гэдгийг бид эрэлхийлж байна. 

Эхний цувралаар Агаарын тээврийн салбарын либералчлал ба Аялал жуулчлал сэдвийг хөндөөд буй.

Энэ яриа нэгэнт өндрөө авсан тул “Монголын Эдийн Засгийн Чуулган - 2018”-аар гэхэд тусдаа нэг салбар хэлэлцүүлэг болж яригдсан юм. Үр дүнд нь ямар ч байсан Сөүл, Бээжингийн чиглэлд чөлөөт өрсөлдөөнийг түрүүлж хийх бодлогыг энэ хавар шийдэх болоод байна.

Харин Монголын Үндэсний гэгдэх МИАТ компани энэ өрсөлдөөнд бэлэн үү гэдэг асуулт гарч ирнэ. Гэхдээ бид хэчнээн жил нэг компанийг хамгаалж бүхэл бүтэн нэг салбар, орлогын шинэ эх үүсвэрээ боомилсоор байх вэ гэдэг асуултад түрүүлж хариулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл нийгмийн, нийтийн эрх ашиг гэх ойлголтыг эрэмбэ дарааг бид хэддүгээрт тавих вэ?

Энэ сэдвийн хүрээнд асуудал хариуцсан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Таван Богд группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нартай ээлжит гурвалсан ярилцлагаа Монгол-Хятадын Бизнес форумын үеэр хийснээ хүргэж байна.

Гэрэл зургуудыг MPA.MN 

 

 

 

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Агаарын тээврийн салбарын өрсөлдөөнийг чөлөөлөх буюу либералчлалыг та дэмжиж байгаагаа нээлттэй мэдэгдсэн. Тэгэхээр энэ өөрчлөлт яг хэзээнээс эхлэх вэ. 2020 оныг хүлээх үү. Яах бол?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

2020 оныг хүлээхгүйгээр УИХ-ын энэ хаврын чуулганаар асуудлыг оруулж шийдүүлэх төлөвлөгөөтэй байна. Асуудлыг хэрхэн шийдэх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

УИХ-д асуудлыг оруулахаас өмнө Засгийн газар дотроо нэгдсэн шийдэлд хүрчихсэн гэсэн үг үү?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Ерөнхий сайдын хувьд агаарын тээврийн салбарыг чөлөөлөх, задлах асуудлыг дэмжиж байгаа. Тиймээс ч хүлээхгүйгээр энэ хавартаа асуудлыг шийдчих бодолтой байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

2018 оны Монголын Эдийн засгийн чуулганы үеэр Агаарын тээврийн салбарын либералчлал ба Аялал жуулчлал хэлэлцүүлгээр юуны түрүүнд хоёр буюу Бээжин, Сөүлийн чиглэлийг чөлөөлөх дээр санал нэгдсэн гэж ойлгосон. Энэ чиглэлд яг ямар авиа компаниуд нислэг хийх хүсэлтээ өгсөн байв. Зарим хүн Туркиш Эйрлайнсыг орж ирэх гэж байна гэх юм.

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Солонгосын талаас гэхэд Asiana -гаа оруулж ирэх гэж олон жил ярьж байгаа.  Гаднаас аль компани орж ирэх нь тухайн улсуудын өөрсдийнх нь асуудал. Ямартай ч Монгол талаас орох компани байвал орох боломжтой. Дотоодоосоо гэхэд хэрэв ийм сонирхолтой компани байхгүй бол МИАТ өөрөө л нисч байна гэсэн үг.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Korean Air, Air China хоёр дээр л компаниуд нэмэгдэнэ гэсэн үг биз дээ?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Тийм. Жишээ нь, Air China дээр нэмээд Хятадын хоёрдагч тээвэрлэгч орж ирнэ гэвэл бас л боломжтой гэсэн үг.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Шинэ компаниуд, шинэ хуваарьт нислэгүүдийг бий болгож байж тийзний олдоц, үнэ буурах хүлээлт байгаа шүү дээ.

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Эдийн засгийн онол чинь л тэр шүү дээ. Өрсөлдөөн дундаас үнэ буурч хэрэглэгч хожих ёстой. Бид ч бас үүнийг л хүлээж байна.

 

Тайлбар: Одоо үйлдэж буй нислэгүүд  (Улаан: Шууд нислэг, Ногоон: Кодшэйр)

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Тэгэхээр МИАТ-ийн хувь заяа яах билээ. Тэд үнээ бууруулах тун боломжгүй гээд байгаа шүү дээ. МИАТ энэ бүгдийн дунд яаж өрсөлдөөнөө сайжруулах вэ?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Үүнтэй зэрэгцээд л менежментээ сайжруулж, зардлаа бууруулах ёстой шүү дээ.

Ч.Болортуяа 
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Яг ямар зардлаа яаж бууруулж болохоор байна вэ. Та бүхэн судалсан байх?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Хамгийн наад захын жишээ. Сөүл, Берлинд гэхэд МИАТ-ийн найм, найман хүн ажиллаж байна. Энэ найман хүний оронд нэгээс хоёр хүн л ажиллахад хангалттай. Бусдыг нь тухайн газраасаа гэрээгээр хөлслөөд ажиллуулах боломж байна. Дотоод зардлуудаа ч танах хэрэгтэй.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Европын чиглэлийн нислэгүүдэд та ямар байр суурьтай байгаа вэ. Жишээ нь, МИАТ-ийн хамгийн их алдагдал хүлээдэг чиглэл Берлин. Энэ жилээс Берлинээ болиод Мюнхенийг турших гэж байна. Энэ бодлого тэр чигээрээ үргэлжлэх үү?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

МИАТ-ийн асуудал яригдахаар хүссэн хүсээгүй хувьчлалын тухай яригдах ёстой. Бид 49 хүртэлх хувийг хувьчлах нь зүйтэй гэдэг бодлого гаргаж байгаа. Төрийн оролцоог багасгах ёстой. Төрийн оролцоог багасгана гэдэг нь "бодлогоор нис" гэдэг хатуу чиглэлүүд заах байдал хумигдана.

Яг компанийн сайн засаглалын хүрээнд менежментийн шинэчлэлээ хийх ёстой. Энэ хүрээнд хаашаа нисэх вэ гэдэг бодлогоо гаргаж ирнэ гэсэн үг.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

МИАТ-ийн хувьчлалын асуудал энэ хаврын чуулганд өргөн барих бодлогын өөрчлөлтөд чинь багтаж байна уу. Тусдаа юу?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Тусдаа.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Хэзээ шийдэгдэх вэ?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тодорхой бодлого гаргаад Засгийн газар, УИХ-д өргөн барих ёстой. Энэ хүрээнд яригдана.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Бид аялал жуулчлалын сэдэв хөөж энэ нь эцэстээ урсгалаа нэмэх буюу агаарын тээврийн салбарын либералчлал болж ирсэн. Тэгэхээр энэ салбарын өрсөлдөөн эрүүл болох нь аялал жуулчлал, Монголын эдийн засагт ямар өгөөж өгөх боломжтой тал дээр та хоёр хоёулаа саналаа хэлэхгүй юу?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Миний хувьд нэг салбарын гэхээсээ улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс ярьж байна. Агаарын орон зай, агаарын том хаалга нээснээр эргээд Монгол Улсад ашиг өгөх ёстой. Аялал жуулчлал нэмэгдэх ёстой. Тиймээс ч энэ шинэчлэлийг хийж байгаа юм.

Ц.Баатарсайхан
Таван Богд Группийн Ерөнхийлөгч

Чөлөөт өрсөлдөөн нь МИАТ-д хохиролтой, муу юм шиг ойлгож болохгүй.  Жишээ нь, МИАТ Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгт билетийн үнээ бууруулаад нислэгийн тоогоо нэмснээр ерөнхий том дүнгээр орлого нэмэгдэх боломжтой. Монгол Улс өнөөдөр гуравхан сая хүн амтай. Өнгөрсөн жил Монголд ирж ажилласан хүмүүсийг оролцуулаад 470 мянган жуулчин авч байгаа нь үнэхээр хангалтгүй.

 

Солонгосын жишээг татъя. Энэ улс өнөөдөр жилд 16 сая жуулчин аваад үүнтэй тэнцэхүйц хүн нь мөн гадны улс руу жуулчилдаг. Гэтэл энэ 16 сая хүнээс Монгол Улс ердөө наяхан мянган хүн авсан нь үнэхээр нислэгтэй холбохоос өөр аргагүй. Зөвхөн энэ чиглэлд МИАТ нь зөв нисээд, үнээ бууруулаад, нислэгийн тоогоо нэмж чадвал Монголчууд зөвхөн Солонгосоос л гэхэд сая жуулчин авах боломжтой гэж би харж байна. Мөн сайдын хэлсэн Бээжингийн чиглэлийн нислэг. Монгол Улсын эдийн засаг 10 тэрбум долларын эдийн засаг гэж үзвэл Хятадынх 1,300 дахин том. Ийм эдийн засгаас бид сая жуулчин авах маш том боломж байна.

Хятадаас нэг сая, Солонгосоос нэг сая, Японоос нэг сая жуулчин, бусад улсаас нэг сая гээд дөрвөн сая жуулчин авах ёстой. Миний тооцоолж үзсэнээр Монгол Улс гурван сая жуулчин авах юм бол 400-500 мянган хүний ажлын байр бий болно.

Өнөөдөр Монголд хамгийн том тулгамдсан асуудал бол утаа, гэр хороолол, жорлонгийн асуудал байгаа хэдий боловч энэ бол эцсийн дүндээ ажилгүйдэлтэй л холбоотой. Хүн бүр ажилтай, цалинтай, орлоготой болоод эхэлбэл хүн ам нь цөөн учраас компаниуд чадварлаг боловсон хүчин авахын тулд цалингаа өсгөнө. Өрсөлдөөн бий болно. Орлого нэмэгдэнэ. Том асуудлыг шийдэх маш том гарц нь болох юм болов уу л гэж бодож байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Зам, тээврийн хөгжлийн сайд аялал жуулчлал яриад байхаар хүмүүс гайхаж магадгүй. Аялал жуулчлалын сайд, яамтай та бүхэн яг яаж хамтарч ажиллаж байгаа вэ. Ямар нэг хамтын ажиллагаа байна уу. Өмнө нь МИАТ-ын захирал асан Т.Тамир ийм хамтын ажиллагаа огт байдаггүй тухай хэлж байв.

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Сая бидний хийсэн зөвлөгөөн яг л тийм зорилготой. Анхнаасаа бид хамтарч ажиллаж байж бодлогоо хийе гэж байгаа юм. Нөгөө талд би яагаад аялал жуулчлал яриад байна вэ гэхээр зам, тээврийн сайд зөвхөн тээврийн тухай ярь, хамаар гэсэн үг биш юм. Бидний үзүүлж байгаа тээврийн үйлчилгээ хүртээмжтэй байж чадаж байна уу, үгүй юу тухай асуудал шүү дээ. Тиймээс ч бусад салбартайгаа уялдуулж харах ёстой юм. Тээврийн салбарыг үндэслээд бусад нь хөгжиж байх ёстой юм. Тэгэхгүй энэ бидэнд хамаагүй гээд тээврийн асуудлаа дарж хэвтчихээд байвал бид яаж урагшлах билээ.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Туркиш Эйрлайнсын асуудлыг Ерөнхий сайд нь ирээд сонирхлоо албан ёсоор илэрхийлсэн. Мөн Элчин сайд нь тодорхой байр сууриа илэрхийлсэн ярилцлага Ikon.mn -нд өгсөн. Засгийн газрын зүгээс тохиролцоонд хүрсэн зүйл бий юу?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Туркиш Эйрлайнсын хүсэлтийг хангаснаар манайх яг яаж хохирох гээд байгаа албан ёсны тооцоолол надад одоогоор гаргаж өгөөгүй байна. Энэ өрсөлдөөнөөр үнэ буух нь ойлгомжтой. Бидний тооцооллоор 20 орчим хувь буух юм байна гэж үзсэн. Энэ талаар судалж байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Монгол Улс үндэсний агаарын тээвэрлэгч компанитай байх ёстой юу?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Байх ёстой. Үндэсний авиа компани байх ёстой. Гэхдээ Үндэсний авиа компани гэдэг нь ганцхан МИАТ биш юм. Хүннү Эйрлайнс, АэроМонголиа зэрэг нь үндэсний авиа компани мөн үү гэвэл мөн. Гэтэл бодлогын баримт бичигт ганцхан МИАТ-ийг зарлачихаад байна. Ийм зүйл байж болохгүй. 

Энэ цаг хугацаанаас хойш ганцхан МИАТ компанийн эрх ашиг гэж яримааргүй байна гэдгийг салбарынхандаа хэлмээр байна. Бид нийтлэг эрх ашгийн тухай ярих ёстой.

Ц.Баатарсайхан
Таван Богд Группийн Ерөнхийлөгч

МИАТ-ийг буруу хамгаалж, буруу өмгөөлсөнөөрөө Монгол Улсад ч хохиролтой, МИАТ-ийн эрх ашигт ч хохиролтой гэдгийг л ойлгох ёстой юм.

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Жишээ нь, Өнөөдөр Монгол Улс гурваас дөрвөн сая жуулчин авах бололцоотой гэж Ц.Баатарсайхан захирал ярьж байна. Үүний төлөө зориод явж байна.

Аялал жуулчлалын яам нэг сая гэдэг зорилт тавьсан. Тэгэхээр зөвхөн нэг саяар нь тооцоо хийгээд үзье. Нэг жуулчин Монголд тав хонохдоо 1,000 ам.доллар зарцууллаа гэж бодоход л тэрбум доллар.

 

 

Ц.Баатарсайхан
Таван Богд Группийн Ерөнхийлөгч

 Нэг жуулчин мянга биш доод тал нь 1,500 долларын тухай шүү дээ. 

Мөн зарим хүн жорлонгийн асуудлаа шийдэж чадахгүй байж юун жуулчин авах тухай гэдэг. Бага хүн ирдэг байхад үйлчилгээ сайн байх уу, их хүн ирдэг байхад үйлчилгээ сайн байх уу. Илүү их хүн ирдэг байгаад аялал жуулчлалын салбарт холбогдох хүний тоо нэмэгдэх тусам боловсон хүчний чанар сайжраад салбар нь тэр чигтээ сайжрах юм.

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Хамгийн багаар нь бодоод үзэхэд л ийм байгаа юм. Өөрөөр хэлбэл тэрбум долларын тухай ярьж байхад хажуу талд нь 50 тэрбум төгрөг олж байгаа МИАТ-ийн эрх ашгийг л ярьсаар байх уу гэдэг асуулт юм. 2.4 их наяд төгрөг шүү дээ.  Нөгөө талдаа, ийм хэмжээний орлого олж байж бид МИАТ-ийг эргүүлээд дэмжих бодлого гаргаж яагаад болохгүй гэж.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Та сая МИАТ-ийг дэмжинэ гэлээ. Олон улсад үндэсний авиа компаниудаа дэмжиж ирдэг нийтлэг жишиг байдгийг салбарынхан нь ярьдаг. МИАТ-ийн удирдлагуудын хэлж байгаагаар олсон мөнгөө шинэ онгоцны өрөндөө өгч байгаа тухай хэлдэг.

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

МИАТ-ийг бид шууд хаях гээд байгаа тухай биш юм. Тодорхой хэмжээний дэмжлэг байх ёстой.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

МИАТ-ын зардал өндөр байдагт хамгийн түрүүнд шатахууны асуудал яригддаг. Зөвхөн хойд хөршөөс хамааралтай үнэтэй шатахуун хэрэглэж байгаа талаар тодорхой тоонууд бий. Энэ асуудлыг та тендерээр шийднэ гэж дуугарч байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

2018 онд  шинэ онгоцны буудал ашиглалтад орно. Үүнтэй зэрэгцээд бид шинэ менежментийн бодлого явуулна. Зарим нэг зардал нэмэгдэж байгаа. Тиймээс ч заримыг нь бууруулах тал дээр анхаарч байна. Үүний нэг нь шатахуун. Шинэ нисэх буудлын түлш нийлүүлэх систем дээр ажиллах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна. Өрсөлдөөн л бий болгох гээд байна гэсэн үг.

Ц.Баатарсайхан
Таван Богд Группийн Ерөнхийлөгч

Монгол Улсын хүн ам бага, нэг хүнд ногдох ДНБ бага учраас агаарын тээврийн салбар дахь үйлчлүүлэгч бага. Тиймээс ч нэг хүнд ногдож байгаа шатахууны нэгжийнх нь үнэ үнэтэй. Нөгөө талдаа хэрэглээ бага байгаа нь ОХУ-аас сайн үнэ авч чадахгүй байгаа болов уу. Тэгвэл МИАТ-ийн хэрэглээ гурав дахин, тав дахин нэмэгдвэл ОХУ-тай хэлэлцээ хийхдээ ч гэсэн үнээ бууруулах боломж уг нь аль аль талдаа байна.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Т.Тамир захирлыг хугацаанаас нь өмнө солилоо. Шалтгаан нь юу байв?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Гэрээний хугацаа дуусахаас сарын л өмнө юм уу даа.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Нэг хүн ажлаа мэдээд үргэлжлүүлэх гэж байхад засаг солигдоод халдаг, сольдог учраас ТӨК -үүд хөгжиж чаддаггүй юм биш үү?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Сэтгүүлчид нэг хэсэг та нар МИАТ-ийн менежментийг яагаад сайжруулахгүй байна вэ. Хэзээ өөрчлөлт хийх гэж байна вэ гээд л асуугаад байсан. Харин одоо сайхан болж байсан юм шиг асуугаад байгаа нь сонирхолтой, нэгдүгээрт. Хоёрдугаарт, бид цаг хугацаа алдмааргүй байна.

 

Зуны нислэгүүд юу юугүй эхлэх гэж байна. Бодлогын асуудал яригдана. Бэлтгэл ажил хийгдмээр байна. Аль болох бүсээ чангалаад бодлогыг маань ойлгоод ажиллах л хүн хэрэгтэй.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

2019 онд МИАТ-ийг хувьчлах асуудал хөндөгдөж шийдэгдэж чадах болов уу?

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Ямар ч байсан тодорхой хувийг хувьчлах нь зөв юм.

Ч.Болортуяа
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Та өөрийн сайд байх хугацаандаа энэ ажлыг ямар ч байсан эхлүүлэх юм байна.

Ж.Бат-Эрдэнэ
Зам тээврийн хөгжлийн сайд

Тэгнэ.