2018 оны 4 сарын 17
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Ж.Бат-Эрдэнэ, Д.Сумъабазарын "ТАВАН ТОЛГОЙ" амжилт олох уу?!

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал:

  • Бээжин, Боао хот
  • Өвөрмонголын Баяннуур хот,
  • БНХАУ-ын Ганц мод боомт,
  • Монгол Улсын Гашуунсухайт боомт,
  • Өмнөговь,
  • Дундговь аймагт ажиллаж өнгөрсөн Бямба гарагт өндөрлөөд байна.

Энэ удаагийн айлчлал нь гүйцэтгэх засаглалын тэргүүн гадаадад хийсэн айлчлалаа анх удаа орон нутагт ажиллах томилолтоор үргэлжлүүлсэн онцлогтой байв.

Айлчлалын гол зорилгуудын нэг нь 2016 оноос нүүрс таталтаа бууруулсан Хятадын талтай ойлголцох байсан гэж хэлж болно.

Монгол Улсын хувьд гадаад худалдаа, тэр дундаа нүүрс экспортын 50 гаруй хувийг дангаараа нэвтрүүлдэг боомт бол Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Гашуунсухайтын боомт юм.

Гашуунсухайт боомтоор гарч буй бүтээгдэхүүн БНХАУ-ын Ганц мод боомтоор нэвтэрдэг. Ганц мод боомт нь Өвөрмонголын Баяннуур хотод хамаардаг.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэхүү боомтын үйл ажиллагааг Баяннуур хотын удирдлага 7-14 хоногийн дотор бүрэн хариуцдаг болохыг мэдэгдэж байв.

Тиймээс У.Хүрэлсүх энэ асуудлыг шийдэхээр БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпинээс эхлээд ӨМӨЗО-ны Баяннуур хотын удирдлага хүртэл уулзлаа.

Мөн Гашуунсухайт боомт буюу дотоодод ямар асуудал байгааг давхар шийдвэрлэх зорилготой байсан гэж хэлж болно.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Өчигдөр буюу энэ сарын 16-ны байдлаар Хятадын талаас нэвтрэлтийн гарцаа хоёр болгоод байснаа гурав болголоо гэсэн мэдээллийг өгөв. Энэ нь Ерөнхий сайдын айлчлалын зорилгуудын нэг байв.

Мөн Ерөнхий сайдын айлчлалын гол хүлээлтийн нэг нь Таван Толгой бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төсөл байсан.  БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин Монгол Улстай бүх талаар нээлттэй хамтран ажиллах боломжтой гэдгээ Ерөнхий сайдын айлчлалын үеэр мэдэгдээд байгаа юм. 

Одоо харин Монголчууд дотроо л учраа олох асуудал үргэлжилсээр байна. 

Таван Толгой төслийн ашиглалтыг нэмэгдүүлэх, цогцоор нь бодлого боловсруулах асуудлыг Ерөнхий сайд Улаанбаатарт эргэж ирээд Засгийн газар дотроо хэлэлцэж улмаар УИХ-д өргөн барина гэж  Эрдэнэс Таван Толгойд болсон олборлогчидтой хийсэн уулзалтын үеэрээ хэлсэн юм. Шийдвэр гаргахын тулд ч танхимын олон сайдын хамт Таван Толгойн үйл ажиллагаатай нь биечлэн танилцлаа гэж байв. 

Энэ талаар болон зам тээврийн салбарт бусад ойлголцсон асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй айлчлал өндөрлөх үеэр буюу Дундговь аймагт хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Ж.Бат-Эрдэнэ: Худалдан авагч тал бол манай нүүрсийг авъя л гэсэн байгаа шүү дээ
 

- Ерөнхий сайд өөрийн танхимын долоон сайдын хамт БНХАУ-д айлчлал хийлээ.  Зам, тээврийн салбарт Хятадын талтай хамтран ажиллах хэд хэдэн баримт бичиг гарын үсэг зурсан. Эдгээр баримт бичгийн ач холбогдлын талаар тодруулахгүй юу?

- Төмөр замын чиглэлээр БНХАУ-тай  хамтран ажиллах Санамж бичигт өөрчлөлт хийсэн. Хамтын ажиллагаагаа өргөжүүлье гэж тохирсон.

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр тохирсон ажлуудаа үргэлжлүүлэх, боомт, төмөр замын асуудлаа өргөжүүлэх тал дээр баримт бичгийн хүрээнд өргөжүүлэлт хийлээ.

Мөн зүүн чиглэлийн төмөр замын талаар түлхүү ярилаа. Энэ хүрээнд Монголын Төмөр Зам, БНХАУ-ын Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санамж бичгүүд зурагдав.

Авто замын хувьд мөн бид дамжин өнгөрөх тээврийн асуудлыг нэлээд ярьсан. Хоёр талын хооронд тухайн улсуудынхаа гүн рүү орсон тээвэрлэлтийг хийх хэлэлцээгээ нарийвчлах ажлууд үргэлжлээд явна.

- “Эрдэнэт хот-Овоотын уурхай” чиглэлд төмөр замын суурь бүтцийн зураг төсөл боловсруулах, барих, ашиглах-шилжүүлэх концессын гэрээний нэмэлт гэрээ зурагдсан. Энэ асуудал ингээд шийдэгдсэн гэсэн үг үү?

- Бидний ойрын нэг зорилтын нэг Эрдэнэт-Овоотын төмөр замыг барих тухай. Үүнийг 2019 оны хавар гэхэд ашиглалтад орохоор тохиролцсон. Хятадын талаас хөрөнгө оруулалт хийж байгаа. Хятадын Торгоны сангаас хөрөнгө оруулалт хийж байна.

Гурван улсыг холбосон Эдийн засгийн коридорын хүрээнд энэ ажлыг хийж байгаа.

Энэ зам цаашлаад Тувагийн Кызыль хоттой нийлнэ. Ингэхээр хойд хөрштэйгээ бид хоёр гарцтай болж байна гэсэн үг.

Мөн урагшаагаа Замын Үүд – Эрээний буюу урд хөрштэйгээ хиллэж байгаа боомтын хүчин чадал хүрэлцэхгүй болж эхэлж байна. Тиймээс Ханги Мандалын боомтыг нэмэгдүүлэх бодлого явж байгааг өчигдрийн уулзалтын үеэр дурдсан. Ханги Мандал нь өөрөө Бугат хоттой их ойрхон байгаа учраас бид боломж байгаа гэж хараад байгаа юм.

- Цагаан дэлийн боомтын тухайд?

- Ханги Мандалтай адилхан статустай байгаа. Тэгэхээр бид орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгжүүд хамтраад тодорхой нөхцөл шаардлагаа гаргаад өгчих, цаад талд нь худалдан авагч байна уу, наад талд нь аж ахуйн нэгжүүдийнх сонирхол, гэрээ хэлцэл байна уу гэсэн үндэслэлээ гаргаад ир  гэж байгаа юм.

- Гашуунсухайт боомт дээр үүссэн урт дарааллыг арилгах тал дээр яг ямар ахиц гарав?

- Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал урд хилээр газраар орж ирж үргэжиллээ. Урд хөрштэй мэдээж Гашуунсухайт боомтын асуудлыг нэлээд ярьж хэлэлцсэн. Үүний дүнд 24 орчим сая долларын хөрөнгө оруулалтыг Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх хүчин чадал зэрэг дэд бүтцэд зарцуулахаар тохирсон. Дээрээс нь Монголын нүүрс экспортын асуудал яригдсан.

Өнөөдрийн байдлаар дунджаар 900 орчим машин нүүрс тээврээр хил нэвтэрч байна. Энэ тоо оргил үедээ 1,500 хүрч байв. Тэгэхээр энэ оргил үед хүрэхүйц нүүрс тээвэрлэлтийн асуудлыг хүргэхийг зорьж байна.

 

Бид Хятадтай учраа олохоос гадна дотоод зохион байгуулалтын асуудал ч мөн байгаа юм. Өмнө нь Д.Сумъяабазар сайд бид хоёр хамтраад нэг алхам хийж байсан (Засгийн газрын 320-р тогтоол). Одоо дараа дараагийнхаа асуудлыг хийх хэрэгтэй байна. Нэн ялангуяа “C” зөвшөөрлийн асуудал.

Нүүрс тээвэрлэлт төрийн байгууллагуудын ажил мэт алдаатай бодлого олон жил явж ирлээ. Яг үнэндээ бүтээгдэхүүн тээвэрлэлтийн асуудал нь тухайн компаниудын хариуцан хийх ёстой ажил юм. Нэг талдаа уурхай, нөгөө талдаа нүүрс худалдаж авч байгаа компани хоорондын асуудал.

Өөрөөр хэлбэл, уурхай логистикийн асуудлаа өөрсдөө давхар авч явах ёстой. Гэтэл үүний өмнүүр төр “C” зөвшөөрөл олгох нэрээр зохицуулагч мэтээр явж ирснээр асуудал нэлээн замбараагүй болчихсон.

Та бүхэн Гашуунсухайтад байгаа жолооч нарын байдлыг нүдээрээ харсан. Уг нь энэ асуудлыг тээвэрлэгч компани хариуцаж байх ёстой. Тээвэрлэгч компаниуд жолооч нарыг цалинжуулж, тэднийг амрааж, нийгмийн даатгалыг нь төлдөг байх ёстой.

 
 
 

Тэгэхээр бидний хувьд одоо хоёр дахь алхмаа хийхээр шийдсэн. Юу гэхээр логистикийн асуудал дээр уурхайнууд хариуцлагаа үүрдэг байх ёстой.

Тээвэрлэгч компаниудтай хийж байгаа гэрээ нямбай байх ёстой. Энэ гэрээг үндэслэж байж бид “C” зөвшөөрөл олгоно.

“C” зөвшөөрөл гэдэг нь хүн хил давахдаа гадаад паспорттой байдагтай адилхан тухайн тээврийн хэрэгсэл хил давахдаа өөрийн гэсэн зөвшөөрөлтэй байх ёстой тухай юм. Гэтэл үүнд төр давуу эрхээ ашиглаад зохицуулах гэж буруу тийш зүтгэж байсныг бид уурхайнуудад, тээвэрлэгч байгууллагууд, нүүрс худалдаж байгаа авч байгууллагуудын гэрээн дээр хяналт тавиад компани тус бүрийг хариуцлагажуулъя гэдэг дээр үүрэг даалгавруудыг өглөө.

Бидний хувьд “C” зөвшөөрөлтэй холбоотойгоор тухайн байгууллагуудын стандартыг сайжруулах, жолооч нарын амардаг талбай, зогсоолтой байх гэх мэт шаардлагуудыг тавьчихна. Ийм байдлаар зохицуулалт хийхээр боллоо.

Нүүрс тээвэрлэлтийн авто замын хоёр урсгал нээгдэж шинэ зам дээрээ ачаатай машин нь, хуучин зам дээрээ хоосон нь буцах зохицуулалт хийнэ

- Таван толгойн төмөр зам, хос авто замын асуудлуудын шийдэл яригдсан болов уу?

- Миний өчигдөр хэлсэн байр суурийг та бүхэн сонссон байх. Энэ төмөр замын төсөл уурхайн үйл ажиллагаатай зайлшгүй холбоотой байх ёстой. Уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүнийг зөөх тухай шүү дээ. Авто зам ч бас үүнтэй адилхан.

Авто замын тухайд бид Таван Толгой – Гашуунсухайт хүртэлх 200 гаруй км одоо явж байгаа замын хажуугаар концессоор шинэ, хүчин чадал сайтай, даацын зам барихаар тендер зарлагдаад одоо сонгон шалгаруулалт нь хийгдэж байна. Тэгэхээр нүүрс тээвэрлэлтийн авто замын хоёр урсгал нээгдэж шинэ зам дээрээ ачаатай машин нь, хуучин зам дээрээ хоосон нь буцах зохицуулалт хийнэ.

Мөн өчигдөр шинэ гарц буюу Ханги Мандалын боомтын асуудал яригдсаныг та бүхэн сонссон. Үнэхээр энэ чиглэлд зах зээл нь байгаа бол зам барих асуудлыг дахиад ярина гэсэн үг. Ханги Мандалын зам үнэхээр шаардлагатай бол уурхайнууд, орон нутгийнхан нь тодорхойлолтоо гаргаад ирвэл бид замынх нь маршрутыг нь батлаад өгье гэж байгаа юм. Энэ замыг ч мэдээж концессооор л барина.

- Төмөр зам барих тухайд хэн нь барих ёстой болж таарав. Ерөнхий сайд Улаанбаатарт ирээд төмөр замын асуудлыг УИХ-д өргөн барина гэж байсан. Яг ямар бодлого гэсэн үг вэ?

- Төмөр зам яг юун дээр босох вэ. Өөрөөр хэлбэл, 1.5 тэрбум долларын өртөг бүхий төмөр замыг зөвхөн тээврийн байгууллага, яам тавина гэж байхгүй. Үүний өртгийг төлөхийн тулд хэн нэгэн нүүрс худалдан авагч эсвэл зарж байгаа газар буюу уурхай энэ мөнгийг босгох ёстой. Миний тавьж байгаа асуудал нь хоосон би амлалт өгч чадахгүй учраас асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам буюу Д.Сумъяабазар сайдтай хамтарч төслийг цогцоор нь харах ёстой болж байгаа юм.

Жишээ нь, Эрдэнэс Таван Толгой (ЭТТ), Энержи Ресурс хоёр нэгдээд яагаад мөнгө босгож болохгүй гэж. Яагаад уурхай өөрөө төмөр замаа хариуцаж болохгүй гэж. Энэ бодлогоо эхлээд тодорхой болгоно. Бат-Эрдэнэ гэдэг хүн хоёрдагч асуудал гэсэн үг юм. Яг мөнгө босгох нь уул уурхайн асуудал байх ёстойг зааглаж ярья.

Нэгдэх нь тодорхой бүтээгдэхүүн/бизнесээ барьцаалж мөнгө босгох. Хоёр дахь нь тээврийн асуудал шүү.

Өнөөдөр ЭТТ өргүй болчихлоо. Тэд одоо мөнгө босгох боломжтой болчихлоо. Тэгэхээр Таван Толгой гэж том уурхайг эзэмшиж байгаан хувьд яагаад мөнгө босгож болохгүй гэж.

- Ерөнхий сайд Улаанбаатарт ирээд шийднэ гэж байгаа асуудал нь төмөр замын гэхээсээ Таван толгойн асуудлыг цогцоор нь шийднэ гэсэн үг үү?

- Цогцоороо л шийдэгдэх ёстой. Таван Толгойн уурхайн борлуулалтыг сайжруулж, ашиглалтаа нэмэгдүүлнэ л гэсэн үг шүү дээ. Үүний хүрээнд төмөр зам уягдаж орж ирнэ.

Ерөөсөө төмөр замыг салгаад тээврийн яамны асуудал гэж харж болохгүй. Яагаад гэхээр энэ нь өөрөө мөнгөтэйгээ уягдаж байж асуудал урагшилж шийдэгдэнэ гэсэн үг шүү дээ.

- Энержи Ресурсын хувьд анх өөрсдөө төмөр замаа барих саналыг гаргасан ч зогсоосон шүү дээ. Тэгэхээр төр энэ бодлогоосоо буцаж байна гэж ойлгож болох уу?

- Би өөрийгөө уурхайн эзэн гэж бодъё. Би нүүрсээ хэнд зарах вэ гэдгээ эхлээд шийднэ. Хоёрдугаарт аль замаар, яаж хүргэж өгөх вэ гэдгээ шийднэ. Энержи Ресурсын зарчим яг ийм байсан. Нэгдүгээрт авто замаа барьсан. Хоёрдугаарт, төмөр замаа барих гэж байсан. Тэгэхээр энэ зарчмаар л явна гэсэн үг.

- Төр бодлогоосоо буцаж байна гэж ойлгож болох уу?

- Энержи Ресурс бол хувийн компани. Эрдэнэс Таван Толгой гэдэг улсынх. Тэгэхээр нэгдүгээрт төр л энэ асуудлаа шийднэ гэсэн үг.

Монгол Улс өөртөө байгаа баялгаа үнэд оруулна гэж ойлгож байна. Монгол Улсад ийм хэмжээний баялаг байна. Үүнийг бид тийм хугацаанд, энэ зах зээлд борлуулах бололцоо байна. Ингэхийн тулд бид төмөр зам барих ёстой. Хоёрдугаарт, олборлолтоо ингэж сайжруулна. Гуравдугаарт, танай талд ийм хэмжээний нүүрсийг ингэж нийлүүлнэ гэдэг алхмыг л хийнэ гэсэн үг шүү дээ.

- Тэгэхээр Д.Сумъябазар сайд, уул уурхайн салбарынхантай нь та нэгдсэн ойлголтод хүрсэн гэсэн үг үү, үгүй юм уу?

- Худалдан авагч тал бол манай нүүрсийг авъя л гэсэн байгаа шүү дээ. Тиймээс одоо бид л бодлогоо боловсруулна гэсэн үг.

 Д.СУМЪЯАБАЗАР: Монголын ард түмний өмчийг аль нэгэн компанид өгч болохгүй
 
Монгол-Хятад Бизнес форум, Бээжин хот, 2018.4.11

Таван Толгой, төмөр замын асуудалд Ж.Бат-Эрдэнэ сайд ийм байр суурьтай байна. Тэрбээр энэ төслийг цогцоор нь хөдөлгөхийн тулд уул уурхайтайгаа л уях хэрэгтэйг дахин дахин хэлж байв. 

Харин энэ талаар Д.Сумъяабазар сайд Эрдэнэс Таван Толгой компанид олборлогчидтой уулзах үеэрээ  "ЭТТ одоо яаралтай зохион байгуулалтад орох ёстой. Хажууд нь Энержи Ресурс (ER) болоод байхад яаралтай зохион байгуулалт хий. 

Юуны түрүүнд логистикоо өөрсдөө хий. Дээрээс нь чадалтай боловсон хүчин нэм. ЭТТ үлгэр жишээ компани болох ёстой. ЭТТ манай яамтай хамтраад эхний ээлжинд Таван Толгойн үйл ажиллагаагаа эрчимжүүлж хөгжүүлэх ёстой. Таван Толгой төсөл огт яваагүй, шинээр явах гэж байгаа юм шиг ойлгож бас болохгүй. Бүх өр зээлээ дарж дуусаад байна. Одоо үүнээсээ үргэлжлүүлээд үйл ажиллагаа өргөжүүлэх, эрчимжүүлэх дэлхий зах зээл дээр ашигт малтмалын үнэ өсч байгаа дээр овсгоотой хандаж  БНХАУ-тай хамтраад бид орлогоо нэмэгдүүлэх ёстой. БНХАУ бүх талаар бидэнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэсэн. 

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал амжилтын үүд хаалгыг нээсэн гэж бодож байна. 

Одоо Монголчууд бид бүгд нэгдсэн нэг байр суурьтай болж байж орлогоо нэмэгдүүлнэ. 

Юуны түрүүнд ЭТТ үйл ажиллагагаа сайжруулах хэрэгтэй. Ингэснийхээ дараа бид IPO хийх ёстой. Таван толгойн 96 хувь ЭТТ-дээ байгаа биз дээ. ER дөрөвхөн хувь дээр ямар хэмжээний санхүүжилт босгоод явж байгаа билээ. Тэгвэл 96 хувь ийм байдалтай байж болохгүй. Энэ шүүмжлэлийг бид хүлээж авах ёстой. Бид дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компани болох ёстой. Үүний төлөө Засгийн газар бүрэн хүчээрээ дэмжиж ажиллана. Төмөр зам, авто замын тал дээр байгаль орчинд ээлтэй байдлаар бүх хүчээрээ дэмжиж ажиллана" гэж байлаа. 

Д.Сумъяабазар сайдыг айлчлалын үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын үеэр Таван Толгой төслийг цогцоор хөдөлгөх өмнөх тендерт шалгарсан буюу Монголын “Энержи Ресурс”, Хятадын “Чайна Шинхуа Энержи”, Японы “Сүмитомо” компанийн консорциумыг хэрхэх талаар тодруулахад "Таван Толгой ордын үйл ажиллагаа одоо хүртэл хэвийн явж байгаа. Үүнийг л бид эрчимжүүлэх ёстой. 

Монголын ард түмний өмчийг аль нэгэн компанид өгч болохгүй гэж би хувьдаа бодож байгаа" гэв. 

x