Индэр    
2018 оны 4 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Гоо сайхны мэс засал гэхээр хүмүүс давхраа, хөх, өгзөг хийх, хамар өндөрлөх гэж ойлгодог. Харамсалтай нь тийм биш"

Зураг

Дэлхий даяар алдаршиж буй анагаах ухааны нэгэн томоохон салбар бол гоо сайхны мэс засал болоод байна. Ялангуяа, Солонгос улс гоо сайхны мэс заслаараа алдартай, хамгийн сайн гэгддэг. Тэгвэл Монгол Улсад энэ салбарын хөгжил, дэвшил ямар шатанд байгаа талаар бид "Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбаттай ярилцлаа.

-Дэлхий даяар гоо сайхны мэс засал гэх ойлголт гараад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ салбарын хөгжил ямар байна вэ?

-Гоо сайхны мэс заслын хөгжил эрт дээр үеэс эхлэлтэй бөгөөд орчин цагт дэлхийн нэг, хоёрдугаар дайнаас хойш эрчимтэй хөгжсөн гэж үздэг. Пластик мэс заслын хувьд АНУ-аас хөгжиж эхэлсэн. Азид хамгийн анх Японоос таван эмчийг АНУ-д сургаж, тэдгээр эмч нь нутагтаа эргэн ирж гоо сайхны мэс заслыг хөгжүүлсэн байдаг. Харин Солонгос эмч нар тухайн үед Японд очиж мэргэжил дээшлүүлдэг байсан байна. Ингэснээр Солонгост гоо сайхны мэс засал дэлгэрч, яваандаа зүүн өмнөд Азид нэвтэрсэн байдаг.

Улс орнуудад гоо сайхны мэс засал харилцан адилгүй хөгжсөн байдаг нь хүн амын тоо, үндэстний онцлог, соёл ёс заншил, хүмүүсийн дүр төрхийн онцлогоос зэргээс хамааралтай байдаг. Тиймээс Азид давхрааны мэс засал сайн хөгжсөн байхад Европт байхгүй, сайн мэдэхгүй байх жишээтэй. Хамар өндөрлөх мэс засал Азид түгээмэл хийгддэг байхад Европт эсрэгээрээ хамар багасгах мэс засал хийж байх жишээтэй.

Гоо сайхны мэс засал 90 оны сүүлч 2000 оны эхээр маш хурдацтай хөгжсөн байдаг нь улс орнуудын хөгжил дэвшил, нийгэм эдийн засгийн өсөлт, даяарчлал, хүмүүсийн эрүүл мэндийн болон гоо зүйн боловсрол дээшилсэнтэй холбоотой гэж үздэг. Мөн нийгмийн хөгжлөө дагаад үйлдвэржилт, техник технологи хөгжсөнтэй холбоотойгоор ахуйн болон үйлдвэрийн осол гэмтлүүд нэлээдгүй гарах болсон учир нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын хөгжилд нөлөөлсөн байна. 

Манай улсад энэ салбар дөнгөж хөгжиж эхэлж байгаа хэдий ч 30-аад жилийн өмнөөс давхрааны мэс засал хийж байсан түүхтэй. Одоогоор манай улсад энэ төрлийн мэс заслуудыг хийдэг гурав дөрвөн эмнэлгүүд байна. Мөн нөхөн сэргээх мэс заслуудыг хийж байгаа ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ гэх мэт улсын томоохон эмнэлгүүдийн олон жилийн түүхтэй тасаг нэгжүүд ажиллаж байна.

-Гадны улс оронд хийгдэж буй бүх төрлийн гоо сайхны мэс засал манай улсад хийгдэж байгаа юу? 

-Тийм ээ хийгдэж байгаа. Тухайлбал манай эмнэлэг гоо сайхны бүх төрлийн хагалгааг хийхийн зэрэгцээ нөхөн сэргээх мэс заслуудыг хийхийг эрмэлзэж байна. Бид бага багаар өсөн дэвшиж, багаж тоног төхөөрөмж, мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.

Манай эмнэлгээс гадна нэг хоёр эмнэлэг энэ чиглэлээр дагнан ажиллаж гоо сайхны болон нөхөн сэргээх мэс заслуудыг хийхээр зорин ажиллаж байгаа. Энэ нь маш сайн зүйл гэж бодож байна. Ингэснээр бид энэ салбарыг сайн мэргэжлийн төвшинд хууль эрх зүйн хүрээнд ч тэр ёс зүйтэй хөгжүүлнэ хэмээн зорьж байгаа. 

Гоо сайхны мэс засал гэхээр хүмүүс давхраа хийх, хамар өндөрлөх, хөх, өгзөг хийх мэтээр ойлгодог. Харамсалтай нь тийм биш. Нөхөн сэргээх гоо сайхны мэс засал гээд мэс заслын шинжлэх ухааны нэгэн салбар, төрөлжсөн нарийн мэргэжил юм.

Нөхөн сэргээх мэс засал гэдэг бол аваар осол, бэртэл гэмтэл, төрөлхийн гажгууд гээд биеийн болон эд эрхтний үйл ажиллагааг сэргээх, засан сайжруулах, гоо зүйг нэмэгдүүлэх, тухайн хүний амьдралын чанарыг сайжруулах зорилгоор хийгдэж буй мэс заслыг хэлнэ. Тэгэхээр нөхөн сэргээх мэс засал, гоо сайхны пластик мэс засал гэж 2 хуваагдана.

-Тэгэхээр энэ салбар Монголд сайн хөгжиж байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ сайн хөгжиж байгаа гэж хэлж болно. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд, эмч нар бид бүхэн нийлээд “Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын нийгэмлэг”-ийг байгуулаад одоо 2 жил гаран болж байна. Ингэснээр бид энэ салбарыг хөгжүүлэхэд тус дөхөм болно гэж бодож байна. Бид мэргэжлийн хяналтыг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан, НЭМГ, ЭМЯ-тай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Мөн гоо сайхны мэс заслын стандартыг анх удаа шинээр боловсруулан эхний шатны хурлаар хэлэлцүүлээд байгаа. Манай нийгэмлэгийн Тэргүүн “Төгс Ялгуун” эмнэлгийн ерөнхий эмч Гантөмөр эмч маань олон олон ажлуудыг сэдэж хийж хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү нийгэмлэгийн маань ажилд “Төгс ялгуун” эмнэлгийн хамт олны оруулж буй хувь нэмэр маш их байгааг хэлэх нь зүйтэй.

Цаашлаад энэ чиглэлээр нарийн мэргэжлийн эмч бэлтгэх зорилгоор резинтурын сургалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа. Гадаад харилцаагаа өргөжүүлэх, хамтран ажиллах, туршлага солилцох зорилгоор өндөр хөгжилтэй орнуудын эмч нарыг урьж хамтарсан хагалгаа хийх, мэс заслыг нутагшуулах зэргээр төлөвлөсөн ажлууд байгаа.  

Гоо сайхны мэс заслыг зөв газраа, зөв эмчид, зөв хугацаандаа донжийг нь олоод хийлгэвэл хүний амьдралыг өөрчилдөг, хүнд аз жаргалыг бэлэглэдэг зүйл

-Сүүлийн үед гоо сайхны салон гэх газрууд гоо сайхны мэс заслын үйлчилгээг хийнэ хэмээн сурталчлах нь нэлээдгүй харагдаж байна. Энэ тал дээр таны байр суурь? Мөн энэ газрууд  нь гоо сайхны мэс заслын эмнэлгийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Гоо сайхны салонд эмч биш гоо сайханчид ажилладаг. Гоо сайханч хүн анатоми, физиологи гэх мэт анагаахын мэдлэгийг мэдэхгүй. Хүний арьсыг цоолох, хатгах, зүсэх эрх ганцхан эмч хүнд л байдаг. Сүүлийн үед гоо сайхны салонд лазер эмчилгээ хийж байна, төрөл бүрийн тарилгууд хийж байна. Энэ байдлаас болоод үйлчлүүлэгч нар хохирч байна. Зориулалтын бус зүйлийг эмэгтэй хүний хөхөнд шахчихсан байсан тохиолдол саяхан гарсан. Тэгээд олон нийтийн сүлжээгээр манайд ирээрэй гээд л цацаад байх юм. Болдог болоод л цацаж байгаа байлгүй дээ. Уул нь манай улсад мөрдөгдөж байгаа хууль дүрэм журмаар болохгүй байх ёстой. 

Мэдээж энэ үзэгдлүүд эмнэлгүүдэд нөлөөлөх боломжтой. Эмч нарын нэр хүндэд нөлөөлнө, гоо сайхны мэс заслын талаар буруу ойлголт төрүүлнэ, айдас бий болгоно. Удахгүй хөгжлийнхөө жам ёсоор эмхрэн цэгцрэх байх аа гэж найдаж байна.

-Ер нь дотоодын гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэснээс гадаадад хийлгэх нь илүү найдвартай, чанартай гэдэг асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Миний хувьд энэ асуудалд эсрэг байр суурьтай. Гадаадын болон Солонгос эмч нар л сайн гэсэн үг биш юм. Манай улсад чадвартай эмч олон байдаг, гадныхаас дутахгүй, илүү ч хийж чадна. Мэдээж гоо сайхны мэс засал бол тухайн хүний сонголт. Ихэвчлэн Солонгос улсад мэс засалд ороод ирсэн хүмүүс манай дээр ирдэг. Зарим нь сайн, зарим нь арай ч дээ гэмээр хийсэн ч байдаг. Манай Монгол эмч нар чадвартай.

Намайг Солонгост сурч байх хугацаанд олон Монгол хүмүүс ирж гоо сайхны мэс засалд орж байсан. Би дагуулаад л явна. Хамт мэс засалд нь орно. Ийм тохиолдол олон байсан. Харамсалтай нь амжилтгүй болсон, таалагдаагүй цөөнгүй тохиолдол гарсан. Мэс заслаа эдгэртэл тухайн улсдаа байж оёдол боолтоо хийлгэж чадалгүй буцдаг. Ингэхээр орчин нөхцөл, цаг уур, байршил гэх мэт өөрчлөгдөхөөр мэс заслын үр дүнд нөлөөлнө. Тэгээд эргээд нөгөө газраа очихоор эмч нь байхгүй эмнэлэг нь нүүсэн эсвэл дампуурсан, татан буугдсан, зарагдсан гээд олохгүй. Олон саяар хийлгэсэн мэс засал тэгээд л өнгөрдөг байлаа.

Хэлний бэрхшээлээс болоод өөрийгөө сайн ойлгуулж чаддаггүй. Тиймээс зөвхөн гадаадад мэс засал хийлгэхээр сайн болдоггүй гэж хэлмээр байна. Та бүхэн маань Монголдоо хүссэн мэс заслаа хийлгэж болно. Хэлний бэрхшээл гарахгүй өөрийгөө сайн ойлгуулаад хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. 

Мөн Монгол хүн Монгол хүнээ илүү сайн мэднэ. Гадаад улсад очоод хийлгэж болно. Гэхдээ бүх улс үндэстний хүмүүсийн биеийн онцлог, стиль, гоо зүйн мэдрэмж зэрэг нь хоорондоо адилгүй. Тиймээс гадаадад хийлгэснээр эргээд сэтгэлд нийцэхгүй байх өндөр магадлалтай байдаг.

-Монгол эмэгтэйчүүд ямар хагалгааг голдуу их хийлгэж байна вэ?

-Монгол гэлтгүй дэлхий дээр хамгийн их хийлгэдэг хагалгаа нь хамар, нүдний мэс засал байдаг. Гоо сайхныг хамгийн түрүүнд тодорхойлдог зүйл бол хүний нүүр царай. Хүний нүүрэн дээр нүд, хамар, ам гэсэн гурван эрхтэн бий. Мэдээж хөмсөг, сормуус үсний засалт, нүүрний хэлбэр гээд бүгд нийлэн царай төрхийг бий болгоно шүү дээ. Уруулан дээр хийгээд байдаг мэс засал олон биш, ганц нэгхэн. Харин нүд, хамар дээр олон мэс заслууд хийгддэг. 

Жишээ нь, хамар өндөрлөх, давхрааны мэс заслуудыг манай эмэгтэйчүүд их хийлгэдэг. Цаашилбал биеийн мэс заслуудаас өөх соруулах, хөх томруулах мэс заслыг их хийлгэж байгаа.

-Гадны орнуудад эрэгтэйчүүд сүүлийн үед гоо сайхны мэс засалд ордог болсон. Монгол эрэгтэйчүүд хэр их хийлгэж байна вэ?

-Нэгдүгээрт, манай Монгол эрчүүд бүрэг, ичимхий. 

Хоёрдугаарт, гоо сайхны мэс заслын эмнэлэгт ихэвчлэн эмэгтэйчүүд ажилладаг. 

Мөн Монгол Улс бага хүн амтай, бие биеэ таних магадлал маш өндөр учраас эрчүүд ичдэг, эмээдэг. Тиймээс томилолтоор, аяллаар гадагшаа явах үедээ хийлгээд ирэхийг эрмэлздэг. 

Гэхдээ орчин үед бүх зүйл их нээлттэй болж эхэлсэн. Манайд эрэгтэйчүүдийн мэс засал гэж байдаг. Хийлгэдэг хүмүүс ч цөөнгүй байна. 

-Косметик мэс засал хийхэд биеийн хамгийн түвэгтэй хэсэг юу вэ?

-Нүдний давхрааг гоё хийдэг хүн сайн гоо сайхны эмч болдог гэсэн философи байдаг. Миний хувьд ч давхрааны хагалгаа хамгийн түвэгтэй, хэцүү байдаг. Хэдийгээр давхрааны хагалгаа нь онолын хувьд амархан, ямар ч эмч хурдан сурах л зүйл. Гэхдээ энэ нь гоо зүйн мэдрэмж их шаарддаг, тухайн хүний нүдний хэлбэр, нүүрний бүтэц зэрэг бүхий л зүйлсэд нь сайн тохируулж хийх нь чухал.

-Ер нь гоо сайхны хагалгаа хийлгэхийн сайн, муу талууд?

-Бүх хагалгаанд эрсдэлтэй зүйл байгаа. Тийм учраас эрсдэлгүй хагалгаа хийхийн тулд эмч, сувилагч нар чадвартай байж, дэлхий дээр мөрдөгдөж буй стандартыг баримтлах хэрэгтэй, мөн багаж тоног төхөөрөмжүүд сайн байх ёстой. Энэ бүх зүйл төгс нэгэн цогц болж байж эрсдэл гарахгүй бөгөөд багасна.

Нөгөөтээгүүр, хагалгаа хийлгэх хүсэлтэй хүнд байж болох бүх эрсдэлүүдийг тайлбарлаж, сануулах нь зүйтэй. Жишээ нь, силикон материал нь зарим хүний биед тохирохгүй, харших тохиолдол байдаг. Бид хүнийг гаднаас нь оношлоод таны биед тохирохгүй гэж хэлж мэдэхгүй учраас заавал хэлж, сануулах ёстой. Мөн оёдол задрах, цус хурах гэх мэт хагалгааны дараах эрсдэлээс сэргийлж бүх талын зөвлөгөөг сайн өгөх ёстой байдаг.

Сайн тал гэвэл гоо сайхан харагдах нь яах аргагүй нийгмийн хэрэгцээ шаардлага болоод байна. Наад зах нь л, сүүлийн үед ажилд ороход хүртэл хүний гадаад үзэмжийг хардаг болсон шүү дээ.

Миний хувь хүний үзэл бол хүн ганц л амьдарна, өөртөө сэтгэл хангалуун сайхан амьдрах нь хамгийн чухал. Хүн өөрт буй бага зэргийн асуудлаасаа болж биеэ барьж, ичиж, санаа зовж, өөртөө итгэлгүй болдог.

Тиймээс гоо сайхны мэс заслыг зөв газраа, зөв эмчид, зөв хугацаандаа донжийг нь олоод хийлгэвэл хүний амьдралыг өөрчилдөг, хүнд аз жаргалыг бэлэглэдэг зүйл юм.