2018 оны 4 сарын 8
Сэтгэл судлаач /Бихевиорист/, Нийгмийн сэтгэлзүйн аналитик артикл туурвигч

Тулгар эх та төрөлтөд бэлэн үү?

Эмэгтэй хүн бүтээгч байдаг. 

Бүх ертөнцийн эхлэл нь эмэгтэй хүн юм. Эмэгтэй хүн тулгар байх хугацаанд бие болоод сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт, бэрхшээлийг даван туулдаг. Тухайлбал олон төрлийн эрдэс бодисийг биеэсээ ураг руу, мөн гадаад ертөнцрүү алддаг. Бараг л өөрт байгааг дуусгаад ямар ч тэнхэлгүй болдог гэвэл хилсдэхгүй биз. Төрсний дараах гутрал гэдэг ойлголтыг эхчүүд төрөөд тохиолдоно гэж боддог бол энэ нь үгүй юм. Хэрэв эх жирэмсэн байх хугацаанд тохиох бэрхшээлээс зөв аргаар ангижирч чадсан бол дээрх гутралтай тулгарахгүй юм. 

Хамгийн эхний асуудал бол анхан төрөгч, давтан төрөгч гэлтгүй төрөхийн өвдөлт ба гарах хүндрэлээс айх айдас юм. Олон улсад тулгар эхэд сэтгэлзүйн дасгалжуулалт мөн төрөх орчны тохижуулалт, сонголтуудыг өгч байна. Гэтэл манай оронд ээжүүдэд ядаж савны амсар нээхэд тустай зөвлөмж, дасгалжуулалт алга байна. Айдас бол хийсвэр зүйл юм. Хийсвэр асуудал бодит үйл, бусдын бодит туршлагаар анагаагддаг. 

Нэгдүгээрт эвлэрэх хэрэгтэй! 

Өөрөөрөө төрөх бололцоотой бол өөрөөрөө л төрөх нь хамгийн зөв сонголт. Мэдээж өвдөнө өвдөж байж төрнө гэж өөртөө хэл, өвдөлтийн хэмжээг бүү бод, учир нь өвдөлт таны бодсоноор л хувирна гэж мэд. 

Хоёрдугаарт эртнээс зэх!

Сүүлийн 3 долоо хоногийг дасгал хөдөлгөөн болгоорой, амттай тэжээллэг хооллож мөн дасгал хөдөлгөөнийг эрхэмлэ. Мэдээж дасгал хөдөлгөөн заалттай. ихэс доор, савыг тагалж байрлах, сахар илэрсэн эх, бусад төрөхийн хүндрэлтэй гэсэн заалттай бол дасгал хориотой юм. 

Гуравдугаарт сэтгэлзүйн бэлтгэлжилт

Ихэвчлэн төрсний дараа хийх зүйлийг төлөвлө түүндээ бэлд, төрчихсөн байх юм чинь гэж бодоод юмаа эмхлэх, дутуу зүйлсээ олж илрүүлээд зэхэж бэлтгэх хэрэгтэй. Мөн би төрөлтөд бэлэн авч явах зүйл,  бие бялдарын хувьд бэлтгэгдэж буйгаа анзаараад эрч хүч ороорой. Бие дээр бэлтгэлжилт харагдана. Байгалиасаа ураг доошилж, амьсгал чөлөөлөгдөж маш хөнгөн болсон байгааг мэдрээрэй. 

Савны амсар нээх талаар. . . 

Төрж буй 5 эх тутмын 3 нь энэ талаар ямарч бэлтгэлжилтгүй төрөх өрөөнд орж ирж байна хэмээн эх баригчид хэлж байна. Ялангуяа анхан төрөгчдийн хувьд мэдээлэл бага байна. Олон улсад онцгой заалтгүй бол сексийг тулгар байх хугацаанд хорьдоггүй. Дотно харилцаа нь умайн хүзүүг зөөллөх төрөлтөд бэлтгэхэд маш ач тустай гэж тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн хамгийн гол нь дасгал хөдөлгөөн чухал үүрэгтэй.

Савны амсар нээхэд явган суух, явган байдлаас тэлэлттэй галуун цуваагаар алхах, эх өөрийн тамир. тэнхээнээс шалтгаалж 5, 10 минутаар өдөр тутамдаа хийх нь маш ач тустай. Энэ биеийг тань чийрэгжүүлэх давхар ач холбогдолтой.

Төрөх үеийн өвдөлтийг даван туулах нь. . . 

Өвдөлт маш багаар хол зайтай ирнэ. Энэ үед амьсгалаа зөв хуваарилвал илүү бага өвдөлтийг авна. Төрөлт дуусах тун дөхөж байна. Дууслаа гэж бод. Хурдан байна шүү гэж төсөөл. Өвдөж байх хугацаандаа бусадтай ярь. Нөхөртөөгэй, ээжтэйгээ, найзтайгаа. Олон зүйл ярь өвдөлт явагдаж байна, ингэж байна гээд бүхнээ ярь.

Хэрэв танд утсаар ярих төвөгтэй байвал төрөлт дуусахад тун дөхөж байна гэсэн үг. Мөн шингэн сайн уу, алх маш зөөлөн зугуйхан алх. Мөн уур бухимдалыг бүү сануул сайхан үртэйгээ уулзахад дөхөж байна гэж баярла. Энэ өвдөлт юу ч биш дөхөж байна, одоо боллоо, болох нь гэж бодоорой 

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл

x