Зураг
Зураг
Индэр    
2018 оны 3 сарын 29
Зураг
Эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, Зүрх судлалын эмч

Хаврын ядаргааг ялъя

Миний санаанаас тэр нэг жилийн хавар ер гардаггүй юм. Хөдөө 5-р ангийн сурагч байх үедээ нагац эгчийндээ шуудай төмс хүргэхээр үүрээд алхав. Хамаатны айл хол болохоор үүрээд алхсан биш жигтэйхэн ядарч билээ. Намайг очиход нагац эгч шар будаа, борц, сүүтэй цай хийж өгөхөд ёстой л ясны хөлс гарсан юмдаг. Бас болоогүй ээ хэсэг дуг хийгээд сэрэхэд дахиад л шуудай төмс үүрэхээр хүч чадалтай болсон мэт сайхан амарсан. Ёстой л хаврын ядаргааг яльж чадсан юм шиг санагддаг. Сүүлд бодоод байхад энэ борц, шар будаа, сүүтэй цайг орлох эм тариаг хаанаас ч олохгүй мэт.

Хавар болоход хүний биед юу болдог вэ?

Монгол орон жилийн дөрвөн улиралтай гэдгийг хүн бүр мэднэ. Хахир хүйтэн өвлийн дараа урин дулаан хаврын улиралтай золгодог. Өөрөөр хэлбэл нар дэлхийн гадаргууд ойртож ирснээр байгаль дэлхий дулаарахаас гадна шөнө богиносч, өдөр уртсана. Энэ улиралд цас мөс хайлж, газрын гадарга гэссэнээр ургамал цэцэг нахиалж эхэлдэг. 

Ийнхүү  байгаль дэлхий өөрчлөгдөхөд амьд организм дасан зохицох шаардлага үүснэ. Жишээлбэл, шөнө богиносч, өдөр уртсахад хүний унтах сэрэх цаг алдагдах буюу нойрны биохэмнэл өөрчлөгдөнө. Магадгүй, хүний унтаж амрах нойр дутагдахад бие махбодод сөргөөр нөлөөлж хаврын ядаргаа үүсэхэд нөлөөлдөг байж болох юм. Урин дулаан цаг ирэхэд захын судас тэлж зүрхний хэмнэл хурдсана. Гадаад орчин, биохэмнэлийн өөрчлөлтийн нөлөөгөөр бодисын солилцоо эрчимжиж, дааврын ялгаралт нэмэгдэхэд хүн цовоо сэргэлэн болдог байна.

Тэгвэл хаврын улиралд ядаргаанд яагаад өртөв?

Магадгүй бодисын солилцоо эрчимжин дааврын ялгаралт нэмэгдэхэд гаднаа цовоо сэргэлэн, дотроо ядарч тамирдаж байдаг. Яагаад гэвэл бодисын солилцоо эрчимжих, хаврын урт өдрүүдийг туулахад эд эсийн ачаалал нэмэгдэж, улмаар тамирдаж ядрана. Хаврын улиралд жимс жимсгэнэ, ургамал, хүнсний ногоо зэрэг витамин, уураг, шим тэжээллэг хоол хүнс ховордох учраас бие организм хүч тамираа төдийлэн сэлбэж чаддаггүй. Ингээд бие организм ядарч сульдсанаар хаврын ядаргаанд өртөж эхэлдэг.

Дайны хажуугаар дажин гэгчээр хаврын синдром

Хүний бие хаврын ядаргаатай дайтан тэмцэж байхад нэмэлтээр хаврын синдромд өртөнө.  Энэ улирлын үед хаврын синдром хөдөлдөг хэмээн аман яриа байдаг. Дааврын ялгарал нэмэгдэж цовоо сэргэлэн болохын хажуугаар эрэгтэй хүнээс тестостерон даавар, эмэгтэйгээс эстроген даавар цусанд ялгарч эхлэнэ. Бэлгийн дааврын нөлөөгөөр нөхөн үржихүйн эрхтний үйл ажиллагаа сайжирч дур хүсэл төрдөг. Улмаар бие организм, сэтгэл санаа тогтворгүй болж хаврын синдром хэмээх өөрчлөлт бий болдог байна.

Яагаад хаврын хавсарга хавирга нэвтлэв?

Хаврын улиралд гадаад орчинтой дасан зохицохын тулд биеийн эд эс дайчилгаанд орсноор ядарч туйлдана. Дархлааны эс мөн адил өртдөг учраас биеийн эсэргүүцэл сулрах буюу нян бактерийн эсрэг дархлаа урвал төдийлэн сайн өрнөхгүй. Газрын гадарга гэсч, орчны уур амьсгал дулаарах үед амьтад ичээнээс хөдөлж эхлэхтэй зэрэгцэж нян бактери хөдөлгөөнд орж эхэлнэ. Эдгээрийн үр дүнд бие организм халдварт өртөх эрсдэл нэмэгдэж, архаг хууч өвчин сэдрэх магадлал ихэсдэг. Тухайлбал, хаврын хавсарга буюу халуун хүйтэн хавсарсан сэрүүн салхитай үед нян бактери халдварлаж хатгаа тусах эрсдэл нэмэгддэг. Мөн хий ханиалга, харшил, хоолой болон үе мөчний өвчин сэдрэх хандлага ихсэнэ. Хаврын хавсарга хөдөлсөн үед дулаан хувцаслах, шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй.

Хаврын ядаргааг ЯЛЪЯ!!!

Хаврын ядаргааг ялна хэмээн эм тариа тариулах, сүлжээний бэлдмэл хэрэглэх нь таны эрүүл мэндэд тус болох бус сөргөөр нөлөөлдөг. Харин дараах зөвлөмжийг даган мөрдөж хаврын ядаргааг ялахад таньд туслах болно.

Тэжээллэг хоол хүнс хэрэглэе

Хүний биеийн эд эс хаврын ядаргааг даван туулахад эрүүл шим тэжээлтэй хоол хүнс хэрэгтэй болно. Харин өөх тосоор баялаг хоол хүнс хэрэглэх, их идэх зэрэг нь ядаргааг ялахад тус болохгүй. Тэр тусмаа витамин агуулсан дусал тариа бүр ч хэрэггүй. Яагаад гэвэл уураг, витамин, эрдэс бодис агуулсан органик эко хоол хүнс идэх нь хүний биед сайн шингэж эд эсэд хүрч үйлчилдэг. Витаминтай дусал тариа хийлгэх нь ус ууж буйгаас нээх онцын сайн нөлөө байхгүй. Харин шар будаа, банштай, борц, сүүтэй цай, шинэ ногоотой хонины шөл бол юугаар ч орлуулашгүй уураглаг, витаминлаг, шим тэжээллэг хоол хүнс юм. Энэ органик шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхэд эд эс хүртэл шимэгдэж ядаргааг ялахад нэн тустай. Харин хоол хүнс идэхийн хажуугаар ус уух (2-3 л) нь нэн сайн. Яагаад гэвэл бодисын солилцоо, эд эсийн үйл ажиллагаа усан орчинд явагдах учраас ус ууж шингэнээ нөхөж байх хэрэгтэй.

Хаврын ядаргааг ЯЛНА хэмээн бодож витаминтай дусал тариа хийлгэхээ боль. Судсанд хийсэн витамин, дусал бөөрөөр шээс болоод ялгарна. Энэ шингэн эд эсэд хүрч үйлчилж чадахгүй. Дусал шингэнийг суулгаж шингэнээ алдсан хүүхэд, цус алдаж даралт унасан өвчтөн, хордлогонд ороод ухаан санаа самуурсан өвчтөн хийлгэдэг юм. Дусал шингэн хийх нэрийдлээр эмнэлэгт хэвтэж биеэ сувилаж байна хэмээн ташаа ойлгох хэрэггүй. Улсад үр ашиггүй зардалыг нэмэгдүүлж хохироож байна. Үүний оронд вассейн, фитнессд явж сайхан унтаж амар. Хонины хар шөл, борцтой шар будаатай сүүтэй цай, хөц будаатай толгойн шөлийг орлох дусал, тариа хаана ч байхгүй. Эдгээр нь байгалийн органик, шим тэжээл агуулсан болохоор бие организмын эд эсэд хүрч үйлчилж чадна. Ядарч туйлдсан эд эс ийм л зүйлээр сэргэж хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг.

Цэвэр агаар, бас дахин цэвэр агаар

Хаврын улиралд өдөр уртсан биохэмнэл өөрчлөгдөхөд бодисын солилцоо эрчимжиж эд эсэд илүү их энерги хүчилтөрөгч шаардлагатай болдог. Хүчилтөрөгч хангалтгүй орчин, оффист ажилдаг бол ууланд алхах, хөдөө гарах зэргээр цэвэр агаарт гарч байх хэрэгтэй. Хүчилтөрөгч хангалттай болсоноор эд эс бодисын солилцоо сайжирдаг. Хэрвээ хүчилтөрөгчийн дутагдалд орвол толгой өвдөх, ядарч сульдах, нойрмоглох шинж илэрдэг. Цэвэр агаарт гарахгүй бол хаврын ядаргаанд өртөх нь илүү.

Хөдөлгөөнийг орлох эм дэлхийн хаана ч байхгүй

Хаврын ядаргааны үеэр ядрах, амрах зэрэг нэрийдлээр хөдөлгөөн хийхгүй байх нь маш буруу. Яагаад гэвэл хөдөлгөөн хийснээр энерги үүсэлт нэмэгдэж цусан хангамж сайжирдаг. Энэ үйл явц дархлааны системийг идэвхжүүлэх, хорт бодисын гадагшлуулах зэрэг олон талаар ашиг тустай. Хаврын улиралд хөнгөнөөс дунд зэргийн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх хэрэгтэй.

Хэт их ажлын ачаалал, стрессээс зайлсхийх

Хаврын улиралд хүний эд эс ядарч тамирдах нигуур өндөр. Ийм үед хэт их ажлын ачаалал, стресст их өртөх нь хаврын ядаргааг улам даамжруулна. Өөрөөр хэлбэл ядарсан илжигний ачааг нэмэгдүүлж, хурдан яв хэмээн шавхуурдах нь илжигийг улам тамирдуулж, цаашид туулах чадваргүй болгоно. Яг үүнтэй адилхан хаврын улиралд хэт их ажлын ачаалал, стресстэй байвал  дархлаа сулрах, биеийн эсэргүүцэл буурах, архаг хууч өвчин сэдрэх, хүндрэх зэрэг сөрөг нөлөө ихтэй. Хаврын улиралд ажлын ачаалал ихэсдэг учраас сайн хооллож, сайтар амарч, ажлын ачааллаа тохируулах шаардлагатай билээ.