Индэр    
2019 оны 4 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

ЗЭЭЛИЙН ХҮҮГ бууруулах тухай ЦААШ НЬ ЯРИХ УУ, ЯАХ УУ?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

2018 оны 3-р сарын 27-ны өдөр нийтлэгдсэн өгүүллийг өөрчлөлтгүйгээр дахин хүргэж байна.

17 жилийн өмнөх үеэс Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20 дахин томорчээ. 

Тодруулбал, 2001 онд Монгол Улсын ДНБ 1.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байж. Харин өнөөдөр энэ тоо 27 их наядад хүрэв. Энэ өсөлтийн графиктай яг паралель өсч буй муруй бол Монголын арилжааны банкуудын зээлийн хэмжээ юм. 

Аливаа улс үндэстний эдийн засгийн чадавхийг дотоодын нийт бүтээгдэхүүн буюу энгийнээр тайлбарлавал Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуйн нэгжүүд, иргэд нэг жилийн хугацаанд шинээр бий болгосон бүх бүтээгдэхүүн үйлчилгээг давхардуулалгүйгээр тооцож, бүх бүтээгдэхүүний үнийг нэмж гаргаж ирэхийг хэлдэг билээ. 

Тэгвэл тухайн улсын эдийн засгийн гол үзүүлэлт бүхий ДНБ-ийг бий болгодог санхүүжилтийн эх үүсвэр чухам хаанаас гардаг вэ гэдэг хамгийн сонирхолтой. 

2014 онд Монголбанкны гаргаж байсан судалгаагаар Монгол Улсын ДНБ-ий ӨСӨЛТӨД (хэмжээ, өсөлт хоёр ялгаатайг анхаарна уу) арилжааны банкуудын зээл 20 орчим хувьд нь нөлөөлж байгааг танилцуулж байв. Харин улсын нэгдсэн төсвийн зардал 10 орчим хувиар нөлөөлж, үлдсэн 70 орчим хувь нь бусад хүчин зүйл гэж байв. 

2014 онд энэхүү судалгааг хийж байсан бүтэц өнөөдөр Монголбанканд ажиллахгүй байгаа тул дээрх судалгааг үргэлжлүүлэн гаргахаа больж. 

Тиймээс ч бид Монгол Улсын ДНБ-ий хэмжээ томроход голлон нөлөөлж буй хүчин зүйлийг гаргаж ирэхийн тулд арилжааны банкуудын зээлийн хэмжээг  ДНБ-ий хэмжээтэй зэрэгцүүлтэл яг паралель өсөлттэй хоёр муруй гарч байна. 

График 1, Монгол Улсын ДНБ-ий хэмжээ, дотоодын арилжааны банкуудын зээлийн хэмжээ, 

 


2017 оны эцсийн тайлангаас топ таван банкийг ялгаж харвал, нийт актив нь 24 их наяд буюу Монгол Улсын ДНБ -тэй дүйх хэмжээнд хүрч байна. 

Зөвхөн хамгийн том Хаан Банкны нийт актив гэхэд ДНБ-ий дөрөвний нэгтэй тэнцэж байгаа юм. 

Арилжааны банк гэх энэхүү сонирхолтой бизнес нь дэлхий дээр үүссэн цагаасаа л ашгийн төлөө зорилготой ч тухайн улс үндэстэн цаашлаад олон улс дамжсан худалдаа бизнесийг дэмжин зэрэгцэн хөгжин иржээ. Зөвхөн бизнесийн салбар ч бус төр засгийн үйл ажиллагааг өргөн дэмждэг учраас Засгийн газрын зүгээс арилжааны банкуудыг бодлогоор дэмжин иржээ. 

График 2, Монгол Улсын банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудын үзүүлэлт, 2017 оны 4-р улирлын байдлаар

НИЙТ ХӨРӨНГӨ

ХАДГАЛАМЖ, ХАРИЛЦАХ

ЦЭВЭР ЗЭЭЛ

ХҮҮГИЙН ОРЛОГО

ЦЭВЭР АШИГ

 

*ГОЛОМТ банкны мэдээлэл 2017.09.30-ны байдлаарх мэдээлэл болно.


21-р  зууны Монголчуудын ойлгоогүй бизнес, эдийн засгийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд МЭӨ үеэс л дэлхий ертөнц ашиглаж арилжааны банкуудын үйл ажиллагаанд зохицуулалт хийж төр засаг нь ч арилжааны банкуудаасаа харилцан дэмжлэг авч иржээ. 

"... Сэргэн мандалтын үеийн Италийн хот улсуудын энтрепренерүүд дэлхийг цэрэг зэвсгийн хүчээр бус харин санхүү, капитализмын хөшүүргээр байлдан дагуулж байв. Италийн энэхүү ноёрхлын гол оргил нь Медичи банкны групп байв" гэж Голомт Банкны Ерөнхийлөгч, эдийн засагч Ө.Ганзоригийн "Санхүүгийн философи" номын Эртний банк бүлэгт бичжээ. 

Дэлхий ертөнц, улс үндэстнүүд хэрхэн томорч, хүчирхэгжсэн, эдийн засгийн хувьд хараат бус болох нь өөрсдийн бий болгосон банк санхүүгийн салбартаа зөв зүйтэй зохицуулалт хийж ирсэнтэй уялдах аж. 

Өнөөдөр Монголчууд бид арилжааны банкуудаа үзэн ядаж, татаж унагаагаад хожлыг олохгүй. 

Тэд үүргээ гүйцэтгэсээр өнөөдрийг хүрч Монгол Улсын ДНБ-ийг томроход ч шууд болон шууд бус олон нөлөөллөөр дэмжлэг үзүүлж ирсэнтэй хэн ч маргахгүй биз. 

Харин банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ илүү хүртээмжтэй болж, олон зуун бизнес цэцэглэн хөгжихэд гол саад бэрхшээл болж буй зүйл бол яах аргагүй ЗЭЭЛИЙН ХҮҮ. 

"График 2"-т үзүүлсэнээр дотоодын арилжааны банкуудын эх үүсвэр өнөөдөр хангалттай хэмжээнд хүрчээ. ДНБ -ий нийт хэмжээтэй дүйж байгааг бид дурдсан. Өөрөөр хэлбэл, бизнесийн сайн төсөл байгаад, ЗЭЭЛИЙН ХҮҮ бага байх юм бол хангалттай санхүүжилт хийх чадамжтай болжээ. 

"Зээлийн хүү бага байх нь иргэд олон нийтэд ч арилжааны банкууд ч ашигтай. Учир нь зээлийн хүү бага байх нь зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулах, олон хүн банкны харилцагч болох зэрэг хэмжээгүй их давуу талтай. Тиймээс ч зээлийн хүү буурах нь бидний нийтлэг ашиг сонирхол" гэж Худалдаа Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ "Дефакто Мэтгэлцээн" нэвтрүүлэгт орж байхдаа хэлэв. 

Банкууд ч, төр засаг ч, иргэд ч хүсээд хүсээд буурчихаж болдоггүй зээлийн хүүг бууруулах талаар Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хэлэлцэн мэтгэлцэж байна. 

Бүгдээрээ хэлэлцсэний хүчинд хүсч, хясаад энэ хүү гэгч зүйл буурчихдаггүй, бас хүчээр ч шийдэх боломжгүй юм байна. Ганцхан арилжааны банкны өөрөө шийдээд бууруулчихдаггүй нийтээрээ хөдөлмөрлөж байж, нийтээрээ хуримтлалтай болж байж дээрээс нь төр засгийн зөв бодлогын зохицуулалт, хууль эрх зүйн орчин бий болж зээлийн хүү өөрийн аясаар буух ёстойг ойлгох шиг боллоо. 

Монголбанк, арилжааны банкууд, их, дээд сургуулийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй баг зургаан сарын турш ажиллаж "Зээлийн хүүг бууруулах Үндэсний стратеги" гэх зүйлийг боловсруулж өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулсан юм. 

Энэхүү сртатегид "Депозитын хүү өндөр байгаа нь зээлийн хүү өндөр байх суурь нөхцөл болж байна" гэж тодорхой бичжээ. Депозитын хүү гэдэг нь банкны харилцагчдаас татан төвлөрүүлсэн мөнгийг бүхэлд нь хэлж байна. Өөрөөр хэлбэл, хадгаламж, харилцах дансны үлдэгдэл дэх хүү өндөр байгаа нь зээлийн хүү өндөр байгаад нөлөөлж байна. 

Тэгвэл хадгаламжийн хүү өндөр байгаа шалтгаанд:

  1. макро эдийн засгийн эрсдэл, 
  2. чанаргүй зээл, 
  3. валютын ханшийн эрсдэл зэрэг 13 хүчин зүйлийг жагсаажээ. 

Банкуудын эх үүсвэрийн зардал өндөр байхад:

  1. өндөр, тогтворгүй инфляци, түүнийг дагасан бодлогын хүүний өндөр түвшин
  2. макро эдийн засгийн мөчлөг богино, 
  3. хөрөнгийн зах зээлийн хөгжил сул (үнэт цаас, бондын зах зээл нь хадгаламжийн бүтээгдэхүүнийг орлох сонголт болох хэмжээнд хүрч хөгжөөгүй) зэрэг долоон хүчин зүйлийг нэрлэжээ. Өөрөөр хэлбэл дээрх нөхцөл шалтгаануудыг харвал Монгол Улсад өнөөдөр үйлдвэрлэл, бизнес хөгжөөгүй, иргэд нь ядуу байгаагаас эрсдэл нэмэгдэж төгрөг үнэтэй болж байгааг тодорхой хэлэх аж. 

"Микро түвшинд банкууд зээлийн хүүгээ хэрхэн тогтоодог вэ гэхээр дийлэнх банкуууд дотоодын хадгаламжийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг.  Дундаж хадгаламжийн хүү 14 хувь гэж бодъё. Үүн дээр үйл ажиллагааны зардал 1.5-2 хувийг нэмлээ, Монголбанканд заавал байршуулах ёстой нөөц гэж бий. Түүний  1 хувь. Дээрээс нь өмнө ярьсанчлан эрсдлийн сангийн зардал нэмэгдэнэ. Ингэж явсаар зээлийн хүү 16-18 хувиар тогтдог. 

Монголбанкны бодлогын хүү 10 орчим хувь. Энэ жилийн зорилтот инфляци 8 хувь. Тэгэхээр бодит хүү 10-с хасах нь  8 гэхээр 2 үлдэнэ. Бодит эрсдэлгүй хүү 2 буюу харьцангуй бага. Яг манайх шиг ийм савлагаатай эдийн засагт харьцангуй бага хүү юм.  Хүү буурах ганцхан арга бий. Тэр нь мөнгө элбэг болох тохиолдолд. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөөд, бизнесүүд нь ашигтай ажиллаад, өрхүүд нь хуримтлалтай болоод ирэхээр хүү буурна. Төгрөгийн хомсдол байгаа учраас хүү өндөр байна гэсэн үг.  

...Хэзээ манайх бага хүү рүү дөхөх вэ гэхээр дотоодын эдийн засаг сайжраад, улс төр нь тогтвортой болоод, төсвийн удирдлага зөв болоод ирэхээр манай зэрэглэл дээшилж хүү буурна гэсэн үг" гэж Монголын топ таван банкны нэг Хасбанкны Ерөнхий захирал Г.Амартүвшин "Өглөөний хүн" буланд өгсөн ярилцлагын үеэр дурдаж байв. 

Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд ч, Монголбанк нь ч хүү буурах ҮНДСЭН НӨХЦӨЛ бол Монгол Улсад бизнес цэцэглэж иргэд нь баяжиж байж хүү буурна. Харин иргэд бизнес хийж, баяжихын тулд ЗЭЭЛ авах шаардлагатай. Зээл авахын тулд барьцаа хөрөнгөтэй байх, Монголын өөрийн бизнесийн өгөөж өндөр байх ёстойг тойруу утгаар тайлжээ. 

Тэгвэл эндээс нэг гажуудал танд харагдах байх. Иргэд хөрөнгөтэй байж түүнийгээ барьцаалж зээл авч бизнес хийх хэрэгтэй болж байна. Гэтэл Монголд өнөөдөр хөрөнгийн эх үүсвэр хэнд байна вэ. 

Нэг жишээ хэлье. 

Монгол Улсын төсвийн зардал 9.6 их наяд төгрөг. Үүн дээр нэмэх нь төрийн өмчит компаниудын худалдан авалт ойролцоогоор 3 орчим их наяд. Дахиад нэмэх нь уул уурхай, газрын лиценз, тендер зэрэг  төрийн далд эдийн засаг дахь мөнгөний татан төвлөрүүлэлтийг тооцвол ДНБ-ний 50 хувиас давах хэмжээнд очиж байгаа нь Монгол Улсад эргэлдэж буй нийт мөнгөний дийлэнх нь төрийг тойрсон хэдхэн бизнесийн бүлэглэлд хүрч байгаа нь тоогоор нотлогдох ажээ. Энэ бол Монголд жирийн иргэн бизнес хийхэд эрсдэл ихтэй, МӨНГӨ ОЛДОХОД ИЛҮҮ ҮНЭТЭЙГ нотолно. 

Төрийн энэхүү далд мөртөө улаан цагаандаа гарсан бизнесийн сүлжээ дээр нэмэх нь тэдний муу бодлого өөрөө ЗЭЭЛИЙГ УЛАМ ҮНЭТЭЙ болгож байна. 

Тодруулбал, Зээлийн хүү өндөр тогтох суурь шалтгаанд БАЙНГА НЭРЛЭГДЭЖ БУЙ ИНФЛЯЦИЙН ХҮЧИН ЗҮЙЛИЙГ бид мартаж болохгүй. 

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал 2014 оноос хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр инфляцийн зорилтот нэг оронтой тоонд хүрсэн тухай ярьдаг. Тэрбээр мөнгөний нийлүүлэлтээ бууруулахдаа ч бус ипотекийн зээлийг идэвхжүүлсэн учраас эрэлтийн гаралтай буюу иргэдийн илүү дутуу худалдан авалт багасч хуримтлал руугаа буюу зөв чиглэл рүү орсон хэмээн тайлбарладаг. 

Үнэхээр ч 2014 онд инфляци 10.4 хувьтай байсан бол 2015 онд инфляцийн түвшин 1.9 хувь хүрч буурч ирсэн билээ. 

Харин одоогийн Монголбанкны удирдлага энэхүү инфляцийн бууралтыг эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж 2018 оны Мөнгөний бодлогод инфляциа нэмэгдүүлж 8% зорьж байгаа нь гайхалтай. Тодруулбал, 2018 онд УИХ-ын гишүүдийн кноп дарж баталсан инфляцийн зорилтот түвшин 8%. Тэгэхээр зээлийн хүү буурах суурь нөхцөл буюу инфляцийн түвшинг нам, тогтвортой байлгах ёстойг Монголбанкнаас томилогдсон зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг тодорхойлсон ч тэд өөрсдөө инфляцийн зорилтоо нэмэгдүүлж зорьж байгаа шалтгаан нөхцөл өөрөө "гайхамшигтай сонин". 

Нөгөө талд улстөрчид арилжааны банкуудыг зээлийн хүүгээ бууруулахыг тасралтгүй шаарддаг ч өөрсдийн гараараа улсын төсвөө жил бүр алдагдал/дутагдалтай баталдаг төсөв, санхүүгийн тогтворгүй байдал буюу өр нэмэгдүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж төсвийн тогтвортой, зохистой бодлогыг алдагдуулж байна. 

Мөн УИХ-ын гишүүд л сүүлийн зургаан жил буюу 2012-2018 онуудад Ерөнхий сайд 5, Сангийн сайд 6 (жилд нэг), Төв Банкны Ерөнхийлөгч 3-ыг сольж амжжээ. Улстөрийн тогтворгүй байдал нь бизнес, эдийн засагт нөхөгдөшгүй их хохирол, алдагдлыг бий болгож эрсдэл үүсгэж байгааг Монголбанкнаас томилогдсон ажлын хэсэг нь тодорхойлжээ. 

Энержи Ресурсийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл  уул уурхай дахь томоохон төслүүд ялангуяа "Таван Толгой" урагшилдаггүй шалтгааныг "Хятадын хувьд удирдлага нь хэвээрээ. Өөрчлөгдөөгүй. Харин манайх  2014 оноос хойш Засгийн газар нь дөрөв солигдчихлоо. Ши Жиньпин дарга 2014 онд Монголд ирэхэд миний мэдэхээр Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Дараа нь Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх гээд дөрвөн жилийн дотор дөрвөн засгийн газрын нүүр үзсэн байна. Тэгэхээр улсын ажлыг санаатай удаашруулж байна гэж би бодохгүй байна. Яалт ч үгүй, дарга цэрэг солигдохоор тухайн яамдууд нь хөдөлнө, хүмүүс нь солигдоно. 

Хүн л юм чинь асуудлыг ойлгох гэж эхнээс нь танилцана. Ажлаа ойлгоод ийм зүйл хийх ёстой юм байна гэж бодож эхэлтэл ажил нь солигдчихдог. Энэ бол улстөрийн тогтворгүй байдлын төлөөс юм даа" гэж байв. 

Үүнээс үзвэл ажлаа хийдэггүй нь, бас асуудлаа мэддэггүй нь төрийн ордонд сууж буй 76 ба Засгийн газар аж. Бас тэднийг тойрч амьдралаа залгуулдаг "попууд" ажээ. Өөрөөр хэлбэл, энэ байшингаас эхтэй зээлийн хүү өнөөдөр Монгол Улсад үйлчилж байна. 

Банкууд өнөөдөр жижиг дунд бизнесийг дэмжих олон шинэ зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож эхлээд байна. Нийтээрээ хэлэлцэж, шаардсаны дүнд банк үйлчилгээ, хүртээмжээ нэмэгдүүлэхийн тулд олон сонирхолтой үйлчилгээ санаачилжээ. Хасбанк бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, ногоон бизнес эрхлэгчдэд зориулсан бага хүүтэй зээл гаргаж байгаа бол Хаан Банк гэхэд 50 сая төгрөг хүртэл бизнесийн зээлийг нэг хоногийн дотор шийдвэрлэж өгөх бүтээгдэхүүн санал болгоод байна. 

Харин томоохон хэмжээний бизнесийг санхүүжүүлэхийн тулд барьцаа хөрөнгөтэй буюу нөгөө хэдэн бизнесүүд л өнөөдөр томоохон зээлдэгчид болж байна. 

Харин энэ бүгдийг задлах ерөнхий суурь хоёр шийдэл нь:

1. Зах зээл дэх төрийн оролцоог бууруулах буюу ДНБ-ийн хэмжээний талаас давсан санхүүжилтийг төр өөрөө захиран зарцуулж байгаа нь дундаж давхарга бий болгох суурь хүчин зүйлийн эсрэг ажиллаж буйг харуулж байна. Тиймээс хамгийн түрүүнд адаглаад  төрийн өмчит нэртэй "үхмэл" бизнесүүдийг хувьчлах зайлшгүй шаардлага бий болж байна. Өөрөөр хэлбэл бизнес дэх цэвэр өрсөлдөөнийг бий болгож мөнгөний хэмжээг нэмэх шаардлага бий. Үүнийг ч Монголбанкнаас томилогдсон Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсэг тойруу замаар тодорхой бичжээ. Өнөөдөр авлигыг бууруулж, шударга ёсыг бий болгоё гэж байгаа хүний хамгийн түрүүний алхам бол төрийн өмчит компаниудын цэвэр, шударга хувьчлал юм. 

2. Шүүх засаглалыг сайжруулах. Энэ бол бараг улиг болсон сэдэв. Гэвч амьдрал өрнөж буй газар МАРГААН, ЗӨРЧИЛ гэдэг зүйл мөнхийн. Харин энэ маргаан, зөрчлийг шийдэх механизм өөрөө зөв ажилладаггүй газар бизнесийн ЭРСДЛИЙН ТҮВШИН ӨНДӨР хэвээр л байна. Энэхүү эрсдэл бүхэн та бидэнд мөнгө олдох боломжийг улам л ҮНЭТЭЙ болгож байна. 

Эцэст нь, мөнгө өөрөө элбэгших тусмаа үнэ нь буурна. Өөрөөр хэлбэл зээлийн хүү буурна. Мөнгийг элбэг болгох гурван ҮНДСЭН ХҮЧИН ЗҮЙЛ байгаа нь:

1. Төв банк мөнгө хэвлэх. Гэхдээ Төв банкны мөнгөний нийлүүлэлтийг инфляцийн түвшин хязгаарлаж байх учиртай.

2. Гадаадын хөрөнгө оруулалт, бонд босгох, зээл авах гэх мэт. Гадаадын хөрөнгө оруулалтын томоохон дүнгүүд Монгол Улсын хувьд уул уурхайн салбарт л сонирхол өндөр байдаг нь нотлогдсон. Тэгвэл энэ салбар дахь нэр хүндийг Оюу Толгой гэх мэт төслийн нэр хүндийг унагаах замаар боомилсоор ирсэн. Харин бонд, зээлийн тухайд манай улс ямар хэмжээнд байгааг надаар хэлүүлэлтгүй та бид мэднэ. 

3. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ мөнгө бий болгох, экспортоо нэмэгдүүлэх. Үйлдвэрлэл хөгжиж, экспортын орлого нэмэгдэхийг боомилж буй үндсэн шалтгааныг би дээр дурдсан даа. Монгол Улсын төр нь өөрөө ДНБ-ийн хэмжээнээс давсан санхүүжилт хийж байхад ХЭН ӨНӨӨДӨР ЗӨВ ШУДАРГА БИЗНЕС ХИЙЖ, ҮЙЛДВЭР БАРЬЖ ЗОВЛОГОО ЗОВООХЫГ ХҮСЭХ БИЛЭЭ.

Тэгснээс тэр их мөнгийг захиран зарцуулах УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ҮГҮЙ ЯДАЖ төрийн байгууллагын НЭГ ХУРГАН ДАРГА болсон дээр биз дээ...

Цааш нь ярих уу, ЯАХ УУ? ...

 

Энэхүү өгүүлэлд ашигласан зурагт сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд эрх жаргалтай тоглох хүүхдүүд харагдах ч цаана нь БНСУ-д ажиллахаар дарааллан зогсож буй тэдний "эцэг, эхчүүдийг" харуулах ажээ. Энэ хүүхдүүдэд ч тийм ирээдүй "бэлэглэсэн" байхыг үгүйсгэх аргагүй.