Индэр    
2018 оны 3 сарын 24
Зураг
Medical Doctor | Youth activist (United Nations) |Youth Scholar | International Development

Хавдраа эмчлүүлэх үү, Харвардад сурах уу?

Зураг

Хүний дотор баясгалантай болбол юутай сайхан
Хүний дотор зовлонгүй болбол юутай сайхан…

Сайхан гэгч өвчингүйг хэлнэ
Саруул гэгч нартайг хэлнэ хэмээн нэрт яруу найрагч маань нэгэнтээ шүлэглэж Монгол улсын үндсэн хуульд эрүүл мэнд гэдгийг хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ хэмээн тодорхойлсон. Ид шидээр биш эгэл бус золоор хүний ертөнцийг онож төрсөн хүн бүрийн хувьд аз жаргалтай, эрүүл энх, урт удаан амьдрах нь түгээмэл амьдралын зорилго байх. Тиймээс та бүхэнд хэрэг болох хэдэн зүйлсийг хуваалцъя. 

ӨВЧИН БА СОНГОЛТ

Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэдэг. Хөгжил дэвшил бидэнд зах хязгаар нь үл мэдэгдэх сайнаас саар хүртэлх бүх сонголтуудыг олгож байна. Алхах уу-машинаар явах уу, ус уух уу- ундаа уух уу , хүнтэй гэрлэх үү - роботтой гэрлэх үү гэх мэт. Үхэх үү, амьдрах уу. Роботтой суух ч арай болоогүй биз гэвч бидний өдөр тутам хийдэг сонголтууд эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол. Та хөгжлийн шимээс сорон аз жаргалтай амьдарч байна гэж бодовч энэ нь таны шимээс сорж байвал яах вэ?

Дасгал сургууль хийх, эрүүл амьдралын хэв маягтай байх, архи тамхи хэрэглэх бүгд л сонголт юм. АНУ-д архаг хууч өвчнөөр нас барах тэргүүлэх шалтгаанууд Монголтой ойролцоо ба тэдгээрийн 40 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн үздэг. Тэрхүү 40 хувийг амьдралын хэв маягийн (улбаатай) өвчнүүд буюу Lifestyle diseases гэж нэрлээд байна. Эдгээр нь зөв эрүүл сонголт хийснээр хялбархан бултчих боломжтой эмгэгүүд юм. Монгол улсын нас баралтын шалтгааны 79% нь халдварт бус өвчин, 21% нь халдварт өвчин. Бид зарим төрлийн өвчнөөрөө дэлхийд тэргүүлж байна. Уул нь өөр л юмаар тэргүүлмээр. Гуравхан саяулаа байж 300 саяулаа юм шиг зовлонтой арай юу гүй юу.

ЗАРИМ ТӨРЛИЙН ӨВЧНӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Элэгний хавдар -#1
 Ходоодны хавдар — #1
 Цус харвалт — #2
 Улаан хоолойн хавдар — #3
 Уушгины өвчлөл — #8
 Зүрхний ишеми — #11

ТА ӨӨРИЙНХӨӨ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Хятадад 10,000 хүн ногдох эмч 14.9, Өмнөд Солонгост 21.4, Японд 23, Монголд 28.4. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн салбарын зардлын эзлэх хувь Хятад 5.4%, Өмнөд Солонгос 7.6%, Японд 10.3% . Монголд 5% (дундаж) тус тус байна. Ялгаа нь юу байна вэ, эмчийн тоогоороо илүү байж яагаад бид илүү их өвдөөд бас ядуураад, эрүүл мэндийн салбарт зарцуулж буй хөрөнгө тийм ч багадаа орохгүй байж яагаад бид 300 саяулаа юм шиг асуудалтай байгаад байна.

Учир юу гэвэл хөгжилтэй орнуудын бодлогын чухал хэсэг нь урьдчилан сэргийлэлт байдаг. Англи улсад нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлтэд зарцуулж байгаа 1 фунт стерлинг бүр ирээдүйд гарах 14 фунт стерлингийн зардлыг хэмнэдэг гэж үздэг. Өвдсөн хойно нь эмчлэх биш өвдөхөөс нь өмнө иргэдийнхээ ухамсарт нөлөөлөх мэдлэгийг олгож, эрүүл зан үйлтэй амьдрах боломжийг хангаж өгөх нь үр дүнтэй бодлого юм. Монгол улс эрүүл мэндийн салбарын үр ашигтай байдлаараа 191 орноос 145-д орсон. Тиймээс улс орны байдал гэнэт сайжраад, эрүүл мэндийн үйлчилгээ, бодлого ид шидийн мэт өөрчлөгдөөд л таныг эрүүл, энх тунх амьдруулна гэж одоохондоо үлгэр.

Бид өөрсдийн эрүүл мэнддээ хариуцлагатай өөриймсөг ханддаг байх, өөрсдийн эрүүл аж байдлыг сахин хамгаалдаг сайд нь байх хэрэгтэй байна. Эмнэлэг дээр ирж буй зарим үйлчлүүлэгчдийг харахаар биеэ арай л гамгүй эдэлчихсэн байх юм. Машиндаа хамгийн сайн дугуйг сонгон тавьж, хамгийн үнэтэй утсыг барьж, эд материал хэрэглэлээрээ дэлхийн ямар ч орноос дутахгүй байж яагаад бид ходоодоор орж буй хоол, тархинд орж буй бодолдоо хянамгай ханддаггүй юм бэ?

Буруу хооллолт стресс хоёр хавсраад ирэхээрээ ходоодны шархлааг үүсгэдэг. Ходоодны шархлаа нь ходоодны хавдрын халгаат хүчин зүйл юм. Бид ходоодны хавдраараа дэлхийд толгой цохиж байгаа. Ер нь л эрүүл байхын тулд эмч болох хэрэггүй, зөвхөн эрүүл мэндийн зөв мэдлэгтэй түүнийгээ хэрэгжүүлдэг байхад л болох юм.

МОНГОЛЧУУДЫН НАС БАРЖ БУЙ ТОП 10 ШАЛТГААН

  1. Зүрхний титэм судасны өвчин, Ишеми
  2. Цус харвалт
  3. Элэгний хавдар
  4. Элэгний өвчлөл
  5. Уушгины хатгалгаа болон Томуу
  6. Бусад уушгины өвчлөл
  7. Гэмтэл, бэртэл
  8. Ходоодны хавдар
  9. Бөөрний өвчлөл
  10. Авто замын осол

Энэ арван толгойтой атгаалжин хар мангаснаас л өөрийгөө хамгаалчих. Нэг хэсэгтээ мажийхгүй шүү. Эцэст нь хэлэхэд эрүүл байх нь СОНГОЛТ юм яг л тамхинаас гарах сонголт байдаг шиг. Хэрвээ та эрүүл мэнд боловсролынхоо алинд нь түрүүлж хөрөнгө оруулахаа мэдэхгүй байгаа бол Хавдраа эмчлүүлэх үү, Харвардад сурах уу? Хэмээн өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

Хүн бүрд эрүүл сонголтыг, Эрүүл энхийг хүсье.