Индэр    
2018 оны 3 сарын 20
Зураг
Medical Doctor | Youth activist (United Nations) |Youth Scholar | International Development

Алсран одох хүмүүн капиталын үнэ

Зураг

Хүний амь гэдэг далайн хөөс лугаа хэврэг
Хүний нас гэдэг тэнгэрийн гялбаан лугаа богино…

Улс үндэстний хамгийн үнэт капитал бол хүн юм. Хүний төлөө өндөр барилгууд сүндэрлэж, техник технологи хөгжиж, эрдэм мэдлэг дэлгэрч, эмнэлэг сургууль байгуулагдаж, эдийн засаг бэхжиж,нар мандаж бас жаргах тойрогт эх оронд минь ардчиллын гал бадардгаараа бадарч, дэлхий урагшилдгаараа урагшилж л байна.

Гэвч бидний заримд дэлхий хэтэрхий удаан эргэн, хөгжил амтгүй, хүмүүс хоосон би ганцаар санагдаж, газрын хүйснээс тэнгэр өөд яаран суунаглах хөх аргалын утаа мэт амиа тэвчин алаг хорвоог орхих болжээ. Монголчууд бид  20 цаг тутам нэг иргэнээ амиа хорлолтоор алдаж байна. Бид хүн бүрт ээлтэй хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоож чадаж байна уу?

АМИА ХОРЛОЛТ ДЭЛХИЙД

Амиа егүүтгэх гэдэг нь хэн нэгэн санаатайгаар өөрийн амийг таслах төрх үйл юм. Амиа егүүтгэх дэлхийн олон оронд нийгэм эдийн засгийн болон сэтгэц-нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Дэлхий нийтэд жил бүр 800 000 орчим хүн амиа хорлож, 40 секунд тутамд нэг хүн амиа хорлохыг завдах тохиолдол гардаг байна.

Америкийн нэгдсэн улсад нэг хүн амиа хорлоход 1,329,553 ам.долларын алдагдлыг эдийн засагт учруулдаг ба энэ нь 2013 онд нийт 93.5 тэрбум ам.долларт хүрчээ. Амиа хорлолтын эдийн засагт үзүүлэх нөлөөг шууд болон шууд бус гэж тооцдог ба шууд бус зардалд амьдрах боломж алдсан жилийн тооцоог хийн эдийн засгийн алдагдлыг тооцдог (Амьдрах боломж алдсан жилийн тооцоо).

Нэг хүн амиа хорлоход учруулах эдийн засгийн алдагдал нь улс орны эдийн засгийн байдал, дундаж цалин, дундаж наслалт гэх мэт хүчин зүйлүүдээс хамааран харилцан адилгүй байдаг. Жишээ нь: Шотланд 2.3 сая, Ирланд 2.5 сая Шинэ Зеланд 2.1 сая ам.доллар тус тус байдаг.

АМИА ХОРЛОЛТЫН ГОЛЛОХ ШАЛТГААНУУДААС

Сэтгэл гутрал:  Хүмүүс нийгмээр баримталдаг хэм хэмжээ гажуудан, нийгмийн халамж дутагдсаны улмаас хувь хүн нийгэм хамт олноос тасран, амьдрал нь утга учиргүй болсон мэт санагдан өөрийгөө амьдралд гарах гарцгүй болсон үед эсвэл хувь хүн өөрөө шийдвэр гаргах, сонголт хийх боломж, эрх чөлөө, бие даасан байдлаа алдан хувийн эрх ашиг, сонирхол нь хамтын эрх ашигт захирагдах болсноос хувь хүн тэсвэрлэшгүй байдалд орж амиа егүүтгэдэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сэтгэл гутралыг амиа хорлолтын суурь шалтгаануудын нэг хэмээн үздэг. Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн 1 жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ. Мөн сэтгэл гутрал болон сэтгэл зовнилоос шалтгаалан дэлхий нийт жил бүр 1 триллион ам.долларын зардал гаргадаг. 

Ажилгүйдэл: Судлаачид жил бүр 45,000 хүн ажилгүйдлийн улмаас амиа хорлодог хэмээн үздэг. Монгол улсын хувьд 2012 оноос 2016 оны хооронд ажилгүйдлийн төвшин болон амиа хорлолтын тохиолдлыг харьцуулахад онцгой хамаарал ажиглагдаагүй ба 2016 онд ажилгүйдлийн төвшин 10% байхад амиа хорлолтын тохиолдол 450 буюу өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй байна.   

Ядуурал: 2015 онд нийт амиа хорлолтын 78 хувь нь бага болон дунд орлоготой улсуудад бүртгэгджээ. “Өөрийн насанд тохирсон хэмжээний орлогогүй байх нь амиа хорлолт болон сэтгэл гутралын шалтгаан юм” хэмээн зарим судлаачид үзэж байна. 

АМИА ХОРЛОЛТ МОНГОЛД  

Монголд Амиа хорлолт нь залуучуудын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм.  Хүмүүс хуучин үнэт зүйлсийн баримжаагаа алдан, шинэ үнэт зүйл нь бүрдэж амжаагүй завсрын үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс нийгэмд тогтсон хэм хэмжээг мөрдөхийг хүсэхгүй амиа егүүтгэдэг хэмээн Э.Дюркгейм “Амиа хорлохуй” бүтээлдээ өгүүлсэнтэй холбон тайлбарлаж болох мэт.

2016 онд нас барсан 10-14 болон 25-29 насны 5 хүн тутмын 1, 15-24 насны 4 хүн тутмын 1, 30-34 насны 6 хүн тутмын 1 нь амиа хорлон нас барсан байна. Монголчууд бид Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай, Сэтгэцийн эрүүл мэнд эрүүл мэндийн нэгдүгээр хөтөлбөрөө хэрэгжүүлсэн, хоёрдугаар хөтөлбөрөө 2019 онд дүгнэнэ. Гэсэн хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монголд 100,000 хүнд ногдох амиа хорлолтын түвшин 2012 онд 5-10 байсан бол 2015 онд энэ тоо 15-аас дээш болон өсөж дэлхийд 3-т эрэмбэлэгдэв.

Төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл, боломж, соёл хараахан бүрдээгүй ба найз нөхөд, хамаатан садан, ойр дотнын хүмүүс нь иргэдэд сэтгэл зүйчийг орлож байна. 100,000 хүнд ногдох сэтгэл зүйч 0.19, сэтгэцийн эмч 0.52 байна. Мөн түүнчлэн сэтгэл судлал, сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулах зардал нийт эрүүл мэндийн салбарын төсвийн 2%-г эзэлдэг ба үүний  93.91% нь эмнэлгийн зардал юм.  

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх боломжтой ба одоогоор дэлхийн 28 улс амиа хорлохоос сэргийлэх, хамгаалах стратеги хэрэгжүүлж байна. Монгол улсын хувьд хүн амд үзүүлэх сэтгэлзүйн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох хүн амыг амиа егүүтгэх оролдлого хийхэд хүргэж болзошгүй шалтгаан сэдлийг судлан тогтоож, судалгааны үр дүнд суурилсан тусламж үйлчилгээг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна.

 

Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Үндэсний статистикийн хорооны тайлангуудын болон бусад статистик мэдээллүүдийг ашиглав.