Индэр    
2018 оны 3 сарын 12
Зураг
Эдийн засаг - Хөгжлийн тухай ярилцъя

Баялгийн сантай болох эхний алхам

Өдгөө дэлхий дээр баялгийн сан хэмээх ойлголт, тодорхойлолтод багтаж буй өөр өөр нэршил, хэлбэр бүхий хуулийн этгээдүүд үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн дотроос үйл ажиллагааны цар хүрээ болон хөрөнгө чинээгээрээ толгой цохиж буй нь Норвеги улсын төрийн тэтгэврийн сан юм.

Нэг. Норвеги улсын төрийн тэтгэврийн сан

Норвегийн төрийн тэтгэврийн сан нь тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг хоёр сангаас бүрдэнэ.

Эхнийх нь “глобал” төрийн тэтгэврийн сан /Government pension fund Global/, нөгөөх нь “Норвеги” төрийн тэтгэврийн сан /Government pension fund Norway/ юм. Эдгээр сангийн ажиллах журмыг Норвегийн парламентаас тусгайлан акт баталж зохицуулдаг. Парламентаас баталсан акт шийдвэрийн хүрээнд сангийн удирдлагыг Засгийн газар нь хэрэгжүүлнэ. 

Видео: Норвеги баялгийн сангийн тухай, 

Глобал тэтгэврийн сан:

Засгийн газраас Глобал төрийн тэтгэврийн сангийн нэр дээр Norges банкинд тусгай данс нээж Норвеги кроноор орлого хийнэ. Тэрхүү орлгогыг банк  нь өөрийн нэрээр санхүүгийн хэрэгслүүдэд, үл хөдлөх хөрөнгөд болон бэлэн мөнгө хэлбэрээр хөрөнгө оруулалт хийнэ.  Ингэхдээ Парламент болон Засгийн газраас өөрт нь олгосон эрх, үүргийн хүрээнд ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтын шийдвэрээ Засгийн газраас ангид бие дааж гаргадаг байна.   

Глобал төрийн тэтгэврийн сангийн орлогыг  газрын тостой холбоотой  үйл ажиллагааны мөнгөн урсгалаас бүрдүүлнэ. Засгийн газар төвлөрсөн төсвөөсөө банк дахь сангийн данс руу энэ шилжүүлгийг хийдэг байна. Газрын тостой холбоотой үйл ажиллагааны мөнгөн урсгалын ихэнх хэсэг нь татвар, рояалти, лицензийн төлбөр, төрийн өмчит Стат ойл компанийн ногдол ашгаас бүрдэнэ.  Энэ хөрөнгө банкинд шилжсэний дараа банк хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг хайж эхэлдэг байна.

Норвеги тэтгэврийн сан:

Харин Норвеги төрийн тэтгэврийн сан нь Folketrygdfondent хэмээх хуулийн этгээдийн хэлбэрээр ажилладаг. Folketrygdfondent нь төрийн нэрийн өмнөөс өөрийн удирдлагад багтах хөрөнгүүд буюу компаниудын хувьд сайн менежерийн үүрэг гүйцэтгэж тэдгээрээс ашиг хүртэж ажилладаг байна. Идэвхтэй хөрөнгө эзэмшигчийн байр сууринаас менежментийн зардал гаргаж хариуд нь өндөр үр ашиг хүртэх үндсэн зорилготой. Мөн л хөрөнгө оруулалтын шийдвэрээ Засгийн газраасаа хараат бусаар бие дааж гаргадаг, өөрийн хөрөнгийг санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулж өсгөдөгөөрөө Глобал төрийн тэтгэврийн сантай адил. Глобал тэтгэврийн сангаас ялгагдах гол онцлог нь хөрөнгө оруулалтын зах зээлийн хил хязгаар юм. Тухайлбал Норвеги төрийн тэтгэврийн сан нь зөвхөн Норвеги болон Финлянд, Дани, Швед улсад бүртгэлтэй үнэт цаас, бонд, хувьцаа, компанид хөрөнгө оруулалт хийдэг ажээ.

Энэ сангуудын удирдлагыг ихэнхдээ Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайд хэрэгжүүлнэ. Харин хөрөнгийн удирдлагыг нь нэгийг нь Norges банк, нөгөөг нь Folketrygdfonden хэрэгжүүлнэ. Аль алиных нь хөрөнгийн эх үүсвэр нь анхандаа газрын тосны үйл ажиллагааны ашиг орлогоос хуримтлагдсан. Яваандаа нэг нь дэлхийн хэмжээний хамгийн том хөрөнгө оруулагч нөгөөх нь Скандинавын бүс нутгийн хамгийн том хөрөнгө оруулагч болж чадсан байна. Одоогоор 1 их наяд ам долларын хөрөнгө эзэмшиж байна. Норвегийн энэ жишээ нь байгалийн баялаг болох газрын тосны ашиг орлогыг хэрхэн үр ашигтай удирдаж чадсаны хамгийн тод томруун жишээ яах аргагүй мөн.

Хоёр. Монгол улс дахь бодит байдал

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол улс баялгийн сан байгуулах тухай ярьж эхлээд 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Санаа, санаачилга төдийгөөс бодит ажил хэрэг болгож, ололт хийгээд алдаа эндүүрлийг дэнслэн алхам алхмаар урагшилсаар туршлагажсаар л байна. УИХ 2010 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлан гаргасан нь Монгол улс дахь ирээдүйн баялгийн сан байгуулагдах эхний алхам,  үндэс суурийг нь тавьсан гэж хэлж болно. Гэсэн ч улс төрийн амлалт, хариуцлагагүй бодлогын улмаас данс нь улааж, өрөнд баригдсан Хүний хөгжил санг 2017 татан буулгаад оронд нь Ирээдүйн өв санг байгуулахаар болж хуулийг нь баталсан.

Хүний хөгжил сан ч Ирээдүйн өв сан ч ялгаагүй баялгийн сангийн шинжийг агуулсан сангууд мөн. Гэхдээ шинээр байгуулагдаж  буй нь хуучныхаа алдааг давталгүйгээр урагшлах учиртай. Онолын хувьд байгалийн баялаг ихтэй Монгол улсад баялгийн сан байгуулах нь амархан мэт санагдавч бодит байдал дээр олон бэрхшээл сорилтуудтай тулгарч байгааг бид хаана хаанаа анхаарах учиртай. Наанадаж л өнөөдрийн байдлаар Монгол улс их хэмжээний алдагдал, дутагдалтай төсөв баталж байгаа нөхцөлд баялгийн санд хуримтлал үүсгэх бодит боломж бараг 0 хувь юм.

Хуулийн дагуу гээд  хүчээр уул уурхайн салбараас төрд ногдож буй татвар хураамжийг 2 хэсэг хуваагаад нэг хэсгийг нь баялгийн санд хуримтлуулна гэхээр нөгөө талд нь төсвийн алдагдлаа хаанаас ямар эх үүсвэрээс нөхөх нь бас л ойлгомжгүй асуудал.   Зээлээр л нөхнө. Сан нь өөртөө хуримтлуулсан тэр орлогын өгөөжийг  төсвийн алдагдал нөхөхөөр авсан зээлийн хүүгээс өндөр байлгах супер менежмент хийж чадах тохиолдолд бодож үзэхэд болохгүй хувилбар биш.

Нөгөөтэйгүүр уул уурхайн салбарт ажиллаж буй төрийн өмчийн оролцоотой компаниудаа ашигтай ажиллуулж чадаж байгаа тохиолдолд төрийн мэдлийн хувьцаанд ногдох ногдол ашгаас баялгийн санд хуримтлал үүсгэх боломжтой. Гэтэл бодит байдал дээр  “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК –ийг эс тооцвол төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд ашигтай ажиллаж чадахгүй байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь өнгөрсөн онд 400 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь сайшаалтай. Гэлээ гээд ашиг орлогыг нь ирээдүйн өв сан руу татчихвал хөл дээрээ бат зогсож амжаагүй байгаа энэ компанийн хувьд хүндрэл бэрхшээл үргэлжилсээр л байх болно. Эрдэнэс Таван толгой ХК олон жил ярьж байгаа усны, угаах үйлдвэрийн, цахилгаан станцын, конвейерын гээд олон төсөлдөө хөрөнгө оруулж байж ирээдүйд үнэ цэнэ, ашиг орлого нь өснө. Тэгэхээр бид баялгийн санд хэзээ хаанаас ямар хуримтлалыг үүсгэх вэ гэдэгийг сайтар бодох нь зүйтэй. Мэдээж ирээдүйд сайн цагийн тохироо нь бүрдээд бодит хуримтлал үүссэн тохиолдолд сангийн хөрөнгийг арвижуулах, менежмент хийх тал дээр Норвеги, Сингапурын найз нараасаа суралцаад олон улсын дүрмийнх нь дагуу тоголчихвол аяндаа бүтэх сайн жишиг мөн. Түүнчлэн Хүний хөгжил сангийн компани хэлбэрээр ажиллаж байсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд ч ирээдүйн хөгжлийн чиг хандлага, алсын хараа нь баялгийн сан болоход чиглэх учиртай.

Гэхдээ хамгийн энгийн логик нь УЛСЫН төсвийн орлого зарлагаасаа давсан ашигтай төсөв баталж буй үед баялгийн санд хуримтлал үүсгэх боломжтойг эхлээд ойлгоцгооё.