Зураг
Зураг
Индэр    
2018 оны 3 сарын 6
Зураг
Эдийн засагч, философийн докторант

Капитализм хэмээх идеологи буюу Маркс юуг сэрэмжлүүлэв?

Зураг
Берлин дэх Маркс, Энгельсийн хөшөө

Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойд зориулав

Капитализмыг хүний нийгмийн хөгжлийн нэгэн үе шат буюу жам ёсны зохион байгуулалт гэж ойлговол том эндүүрэл. Чөлөөт худалдаа, нээлттэй эдийн засаг, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хууль, үл үзэгдэгч гар зэрэг шинжлэх ухааны гэмээр ойлголтуудаар тодорхойлдог хэдий ч  үнэн хэрэгтээ капитализм бол идеологи,   тодруулбал капитал эзэмшигч ангийн эрх ашигт нийцсэн идеологи хэмээн марксист философичид үздэг нь үндэслэлтэй.         

Капитализмын түүх тэр чигээрээ эдийн засгийн мөчлөг хэлбэрийн хямрал гэхэд болно. Сүүлийн томоохон хямрал арван жилийн өмнөхөн капитализмыг сууриар нь дахин нэг хүчтэй ганхуулсан.  Өнөөдөр ч Монголд мэдээллийн хэрэгслээр хамгийн өргөн цацагдаж буй үгийн тоонд эдийн засгийн хямрал орох болов уу. Капитализм ийнхүү дахин дахин хямарсаар атал бид яагаад энэхүү системд итгэл тасрах нь битгий хэл огтхон ч эргэлздэггүй вэ?

2007 оны санхүүгийн хямрал Марксын капитализмын шүүмж, улс төр эдийн засгийн онол философийг дэлхий нийтээр дахин судлах томоохон түлхэц болсон. Үүнтэй ч холбоотойгоор 2018 оны тавдугаар сарын 5-нд тохиож буй Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойг угтсан хурал хэлэлцүүлгүүд олон улсад хэдийн өрнөөд эхэлжээ. Их дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдээс гадна зүүний чиг баримжаатай улс төрийн нам, хөдөлгөөнүүд энэхүү ойг өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлдэж байна.

Марксизм, ленинизм, сталинизм ба Монголчууд

Марксын “Капитал” 1867 онд хэвлэгдсэний дараахан буюу 1872 онд оросын сэхээтнүүд өөрийн хэл дээр орчуулж гаргасан нь уг номын хамгийн анхны гадаад орчуулга болов. Марксын онол Орос оронд нэвтэрсэн нь Оросын төдийгүй дэлхийн түүхэнд гүн гүнзгий ул мөр үлдээсэн нэгэн эрин үе эхлэхийн дохио байлаа. Орос оронд үүссэн нөхцөл байдал нэг талдаа тодорхой бүлэг сэхээтнүүдийн дунд Марксын онолыг шимтэн судлах түүхэн шаардлагыг бүрэлдүүлсэн гэж хэлж болно. Марксын улс төр эдийн засгийн онцгойлон тэмдэглүүштэй нэгэн тайлбар болох коммунист үзэл сурталч хувилбарыг В.И.Ленин (жишээлбэл; “Юу хийх вэ?”, оросоор: “Что делать?”, 1902 он) олон боть зохиолууддаа бичсэнээр марксизм-ленинизмын онолын үндсийг тавьсныг бид сайн мэднэ. 1922 онд хувьсгалын их удирдагч Ленин төрийн эрхийг барьж байх үед түүхэнд “философийн усан онгоц” (оросоор: философский пароход) гэж тэмдэглэгдсэн нэгэн үйл явдал болсон нь Лениний онолыг эсэргүүцэн шүүмжилж байсан сэхээтнүүдийг ЗХУ-аас хөөн гаргасан явдал байлаа. Нийт гурван хэсэг тээвэрлэлтийг зохион байгуулсны эхний хоёр нь 1922 оны 9, 11 сард Германы “Oberbürgermeister Haken” болон “Preussen”гэсэн хоёр усан онгоцоор Петроград хотоос  тухайн үеийн Германы Штэттин боомтруу 160 хүнийг тээвэрлэжээ. 1922 оны сүүлээр мөн усан онгоцоор Одесса хотоос Истанбул, галт тэргээр Латвийн Рига хотууд руу гуравдахь ээлжийн хүмүүсийг тээвэрлэн гаргаснаар нийт 228 хүн, үүнээс 32 оюутныг хөөн гаргасан түүхтэй. Ийнхүү тухайн үед засгийн эрхэнд байсан В.И.Лениний улс төрийн онолыг няцаах чадвартай бөгөөд зүрхтэй хүн тухайн үеийн ЗХУ-д үлдээгүй гэхэд дэгсдэхгүй болов уу.

Хожим Лениний бүтээлүүдээс сийрүүлэн төрийн эрхийг залгамжлагч Йосеф Сталин “Диалектик ба түүхэн материализмын тухай” (“О диалектическом и историческом материализме”, 1938 он) хэмээх ном болгон гаргаж “шинжлэх ухаанч коммунизмын онол”-ыг тухайн үеийн ЗХУ-ын албан ёсны философи бөгөөд цор ганц үнэн улс төрийн онол хэмээн тунхаглав. Ингээд социалист блокийн хувьд Марксын онолыг зөвхөн коммунист намын үзэл сурталд нийцүүлэн тайлбарлахыг философи хэмээн ойлгох болов.

Тиймээс ч ерээд онд социалист блок нуран унахад монголчууд бид Марксын онолыг түүхийн хог дээр хаягдсан хэмээн ойлгож коммунист намын дарангуйллын хэрэгсэл гэж хялайдаг болсон гэхэд дэгсдэхгүй. Гэтэл үнэн хэрэгтээ коммунист намууд үзэл суртлын зэвсэг, догма болгож завхруулсан тайлбарууд дээр дурьдсанчилан Марксын онолын зөвхөн нэг догма болсон большевик хувилбар. Философи болон догма гэж эрс ялгахын учир нь философи асуултууд тавин хариултуудыг эрэл хайгуул хийх тасралтгүй бодох процесс байдаг бол догма нь туйлын үнэн гэж итгэсэн зүйлд эргэлзэх ч шаардлагагүй, шууд үнэн гэж үнэмшсэн ойлголт учраас асууж, зөв бурууг шалгах шаардлага үгүй, бодох процессыг зогсоохыг ойлгоно. Тиймээс философи бол динамик хөгжил, догма харин сохроор үнэмшихийг шаардах сургаал.

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон янзаар тайлбарлагдаж, мөн хамгийн ихээр гуйвуулагдсан философич гэвэл Марксыг нэрлэдэг. Энэхүү нийтлэлээр түүний философийн суурь ойлголтууд болох дарлагдагч анги, мөлжлөг, эрх чөлөө гэсэн ухагдахуунуудад онолын товч тайлбар хийж, Монголын практик жишээн дээр буулгахыг зорьлоо. Марксыг философичийнх нь хувьд дахин шинээр унших түүхэн шаардлага тулгарч буй тухай гаргалгаанд уншигч таныг хөтлөхийг хичээлээ.

Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!

Марксын онол дахь суурь ойлголтуудын нэг бол пролетариат буюу ажилчин анги. Ажилчин ангийг тодорхойлох гол үзүүлэлт бол амьжиргаагаа залгуулахын тулд хөдөлмөрийн хүчээ зардаг эсэх. Үүнд цалингийн хэмжээ бусад хангамж хамаагүй. Өөрөөр хэлбэл олон саяын цалин авдаг том компани, банкны гүйцэтгэх захирал байлаа ч гэсэн хөдөлмөрийн хүчээ зарж олсон цалингаараа амьдардаг бол пролетариат буюу ажилчин анги гэсэн ангилалд орно гэсэн үг. Тиймээс Марксын онол дахь ажилчин хүний ойлголт бол зөвхөн алх хадуур барьсан хар ажлын хүнийг хамруулаад зогсохгүй илүү өргөн хүрээтэй ойлголт. Үүний эсрэг хөдөлмөрийн хүчээ зарахгүйгээр амьжиргаагаа залгуулах капиталыг эзэмшдэг бол капиталист гэсэн ангилалд орно. Капитал гэдэгт үйлдвэрлэлийн хэрэгслийг ойлгох бөгөөд өнөөгийнхөөр газар, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн нөөц зэрэг хөрөнгө оруулалтыг хамруулах боломжтой. Аливаа нөөцийг капитал гэдэг ангилалд хамруулах үзүүлэлт бол хувийн хэрэгцээнээс илүүтэйгээр зах зээл дээр зарж борлуулах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгсэл эсэх юм. Өнөөгийн ойлголтоор хялбарчилж  үзвэл ажил авагч болон хөрөнгө оруулагч гэж ойлговол дөхөх болов уу.

“Пролетариат гинжнээс өөр алдах зүйл үгүй!” хэмээн Маркс тодорхойлж байсан. Харин аливаа онол тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн байдаг жишгээр Марксын онол ч мөн 19 дүгээр зууны дунд үеийн Англи дахь ажилчин ангийн нөхцөл байдалтай уялдаатай. Тухайн цаг үед ажилчин анги амьжиргаагаа арай ядан залгуулах төдий хөлсөөр хүн нөхцөлд цагийн хязгаарлалтгүй шахуу ажилладаг байсан тул нийгмийн идэвхитэй улс төр, соёлын амьдралд оролцох боломж хомс, энэхүү нөхцөл нь сайжрах ирээдүй үгүй мэт харагдаж байжээ. Харин өнөө үед ажилчин ангийн хөдөлмөрийн хууль, үйлдвэрчний эвлэлүүд бий болохын зэрэгцээ нийгмийн хамгааллын тогтолцоо боловсронгуй болж амьжиргаа сайжрахын хирээр хэрэглээний капитализм үүсч хөгжив. Үүний зэрэгцээ дундаж давхарга гэсэн ойлголт гарсан. Дундаж давхаргын үзүүлэлт орлогын хэлбэр, хэмжээ, эзэмшиж буй үл хөдлөх болон бусад хөрөнгө зэргээс хамаараад харилцан адилгүй тогтоосон байдаг. Аж үйлдвэржсэн орнуудад дундаж давхаргыг тодорхойлохдоо өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй, сарын урсгал зардлуудаа хөдөлмөрийн хүчээ зарахгүйгээр хадгаламж болон бусад нөөцөөсөө төлөөд нэг жилийн хугацаанд гачигдалгүйгээр амьжиргаагаа залгуулах боломжтой гэсэн үндсэн шалгуур тавих нь нийтлэг. Ийнхүү Марксын тодорхойлж байсан ажилчин анги өнөө үед үгээгүй ядуучууд гэхээргүйгээр амьжиргаатай болсон.

Тэгвэл капиталистууд ч мөн адил өөрчлөгдөж өнөөдөр дэлхий дээр глобал санхүүгийн капитализм бүрэлдэн тогтжээ. Неолиберализм хэмээх шинэ дэг журам Монгол оронд ерээд оны дундуур шилжилттэй хамт ирж Марксын сэрэмжлүүлэг биеллээ олжээ гэлтэй.

 
Марксын 200 жилд зориулан гаргаж буй шинэ зоос
Мөлжлөг буюу нийгмийн ангиуд

Хүмүүст хамгийн сайн улс төр нийгмийн журам юу вэ? гэсэн асуултыг философичид тавьж хариулт хайсаар ирсэн. Руссо хүмүүсийг “хүчээр чөлөөтэй байлгах” шаардлагатай гэсэн бол Марксын хариулт зөвхөн мөлжлөггүй нийгэм журам болох коммунизмд л хүмүүс чөлөөтэй байх боломжтой гэсэн гаргалгаа хийсэн. ​Хэгэл түүхийн төгсгөлийг Пруссын хаант улс  гэж тодорхойлсон бол Маркс ангигүй нийгэм буюу коммунизм гэжээ. Марксынхаар аливаа нийгмийн шилжилт явагдах нь үйлдвэрлэлийн аргын шинэчлэлтээс үүдэлтэй. Харин нийгмийн дэвшил хийхийн тулд мөлжлөгийн боловсронгуй хэлбэрт шилжих биш огт мөлжлөггүй үйлдвэрлэлийн аргад шилжих шаардлагатай. Аливаа нийгмийг халах үр үндэс нь тухайн нийгмийн үйлдвэрлэлийн явцад өөрт нь байдаг бөгөөд капитализмын тухайд “хөдөлмөрийн хуваарьлалт” капитализмын сүйрлийн үр үндэс нь болно гэж Маркс үзсэн. Адам Смит “Үндэстнүүдийн баялаг” зохиол дахь “хөдөлмөрийн хуваарьлалтын тухай ойлголтыг Маркс өөрийн онолдоо авч хэрэглэсэн. Энэ тухай шинжлэх ухаанч коммунизмын онолд дэлгэрэнгүй авч үздэг бөгөөд агуулгын хувьд “хөдөлмөрийн өртгийн онол” гэсэн ташаа орчуулгыг “хөдөлмөрийн үнэ цэнийн онол” гэж залруулах нь зүйтэй. (Адам Смитийн хөдөлмөрийн үнэ цэнийн онолын тухай “Төрийн захиргаа” сэтгүүлийн 2015 оны №03/37 дугаарын А.Баярцэцэг “Ёс суртахууны философи ба эдийн засгийн онолын уялдаа” нийтлэлээс уншина уу)

“Коммунист намын тунхаг” зохиолдоо “өнөөг хүртэл оршиж буй нийгмүүдийн түүх бол ангийн тэмцлийн түүх” хэмээн тунхагласан байдаг. Үүгээрээ түүхийн бүхий л хугацаанд үйлдвэрлэлийн аль ч арга байлаа гэсэн үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөгч нь үйлдвэрлэлийн хэрэгсэл дээр ажилладаг ангийн хөдөлмөрийн үр шимийг мөлждөг гэсэн санааг илэрхийлдэг. “Герман идеологи” зохиолдоо бүр ч тодорхой томьёолсон нь түүх гэдэг тус тусад авч үзэх болох үе генерациудын үргэлжлэл бөгөөд тухайн генераци бүр материал, санхүүгийн нөөц, үйлдвэрлэлийн нөөцийг өмнөх генерациасаа өвлөн авч нэг талдаа цоо шинэ нөхцөл байдалд уламжлалт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна, нөгөө талдаа шинэ үйл ажиллагаа явуулж хуучин нөхцөл байдлыг өөрчилдөг гэжээ. Марксын онолоор мөлжлөг ямар ч хэлбэрээр явагдаж байсан дарлагдагч анги үүнийгээ анзаарахгүй. Яагаад гэвэл тэрхүү нөхцөл байдал нь дарлагдагч ангид харин ч тодорхой хэмжээний ашигтай зохистой харилцаанд буй мэтээр тусна. Өөр ямар нэгэн гарцыг эрэлхийлэх ч санаа төрөхгүй. Тиймээс Маркс “Sein bestimmt Bewusstsein”  буюу “хэрхэн байгаа чинь ухааныг чинь тодорхойлно” гэжээ.

Өнөөгийн Монголд харин мөлжлөгийн асуудал гэхээсээ илүүтэйгээр “хөдөлмөрийн хөлсөө мөлжүүлэхээс долоон дор нэг зүйл байдаг нь хөдөлмөрийн хөлсөө мөлжүүлэхгүй байх явдал”  гэсэн ёжлол илүү тохирох болов уу. Социализмын далан жилд бүтээн босгосон дотоодын аж үйлдвэр нуран унасан тул дотооддоо ажлын байрны гачигдал нүүрлэсэн тул гадагш гарч гадаадын хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөрийн хүчээ зарах гэсэн монголын хамгийн эрүүл, эрч хүчтэй залуу үеийнхэн аргаа барна.

Эрх чөлөө

Есүс Христ хүмүүст тэнгэрийн диваажинг амласан бол Маркс энэ насанд газрын диваажинг зааж өгсөн нь хэн ч хэнийгээ мөлжиж дарладаггүй ангигүй нийгмийн утопи буюу коммунизм байв. Коммунизмд хүмүүс амьжиргаагаа залгуулахын эрхээр биш  харин сайн дураараа “чөлөөт хөдөлмөр эрхлэх”, “өнөөдөр энийг, маргааш тэрийг хийж, өглөөдөө ан хийж, өдөр нь загасанд явж, оройдоо мал маллаад, оройн хоолны дараа шүүмж хэлэлцүүлэг өрнүүлэх, энэ бүгдийг гэхдээ заавал анчин, загасчин, малчин, шүүмжлэгч болох шаардлагагүйгээр зөвхөн өөрийн сонирхлоор нь хийх” боломжтой байх. Энэхүү боломжоор нийгмийн гишүүн нэг бүр хангагдаж ёстой бөгөөд “хүн нэг бүрийн чөлөөтэй хөгжих боломж бол бүх нийтийн чөлөөтэй хөгжих боломж мөн” гэж үзсэн. Эрх чөлөөний тухай Марксын ойлголт И. Берлиний эерэг эрх чөлөөний ойлголттой дүйцэхүйц. Сөрөг эрх чөлөө гэдэг нь аливаа хязгаарлалт, дарамт шахалтаас чөлөөтэй байх тухай ойлголт, харин эерэг эрх чөлөө гэдэг нь зөвхөн чөлөөтэй байгаад зогсохгүй индивидуал хүн бүр хийж бүтээх, өөрийгөө хөгжүүлэх бодит боломжтой байх тухай ойлголт. Баян хүн гуйлга гуйх эрх чөлөөг хэн ч хязгаарлаагүй, мөн ядуу хүнийг тансаг ресторанд хооллох эрх чөлөөг хэн ч хязгаарлаагүй. Гэтэл сөрөг эрх чөлөө байлаа гээд бодит боломж үгүй бол эрх чөлөөгөөр юу хийх билээ. Тиймээс марксистууд хүмүүсийг бодит боломжтой байхын зэрэгцээ эрх чөлөөгөө хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэхэд ач холбогдол өгдөг учраас олон нийтийн боловсролд анхаарлаа хандуулдаг.

Никколо Макиавели (1469-1527) “The Discourses” зохиолдоо эрх мэдэлтнүүд язгууртнуудаас ялгаатай нь жирийн ардууд хэн нэгнийг эрхшээлдээ байлгахыг санаархдаггүй, харин өөрсдөө чөлөөтэй байхыг эрхэмлэдэг учраас эрх чөлөөний хамгаалагчид байхад тохиромжтой гэж үзсэн. Маркс үүнтэй ойролцоогоор пролетариатын эрх ашиг бол нийт хүн төрөлхтний универсал эрх ашиг мэтээр авч үзсэн. Энэ нь Жон Роулсын шударга ёсны онолд нийгмийн хамгийн эмзэг хэсгийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж буйтай аналог бөгөөд социализмын үед ажилчин, малчин гаралтай хүүхэд залуучуудыг нэн түрүүнд дэмжлэг байсны онолын үндэслэл болно. Нийгмийн тэгш байдлыг эрхэмлэдэг байсны үр дүнд Монголд хүн бүр бараг тэгш гэж хэлж болохуйц бодит боломжтой байсан. ​Өнөөдөр социализмын үеийн эерэг эрх чөлөө хэрэгжүүлэх бодит боломж үгүй сөрөг эрх чөлөөгөөр солигджээ. Социализмын үед улс төрийн эрх чөлөөгүй байсан бол одоо харин улс төрийн эрх чөлөөгүй дээрээ нэмэгдээд нийгмийн эрх чөлөөгүй болжээ. Нийгмийн цөөнхи хэсэг баячууд эрх мэдэлтнүүд л эрх чөлөөгөө хэрэгжүүлэх бодит боломжтой болсноор Марксын сэрэмжлүүлсэн эрх чөлөөний тэгш бус хуваарьлалт Монголд бодитоор нүүрлэжээ.

Марксын улс төр эдийн засгийн онолыг тайлбарлах оролдлогууд удаа дараа хийгдэж олон салбарласан хувилбарууд бий болжээ. Үүнээс зөвхөн заримыг дурьдахад Орост Ленинээс гадна Троцкий (1879-1940), Германд Роза Люксэмбург (1871-1919), Карл Кауцки (1854-1938), Хятадад Мао Зэдунг (1893-1976), Латин Америкт Че Гуэвара  (1928-1967) -гийн хувилбарууд бий. Түүнээс гадна Франкфуртын дэг сургуулийн критикал онол, эдүгээгийн феминист онолууд, структуралист, пост-структуралист, деконструкционист давалгаанууд гээд марксын нөлөө хаа сайгүй тархжээ. Орчин үеийн социал-демократын онол үүсэж хөгжихөд ч мөн Марксын онол шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Улс төрийн боловсролыг Марксын онолгүйгээр төсөөлөх аргагүй. Дэлхий нийтийн жишгээс харахад зүүний баримжаатай улс төрийн намуудын онолын суурийг бүрдүүлдэг гэдэг утгаараа капитализмын эмгэг талуудыг бодлогын түвшинд тэнцвэржүүлэхэд Марксын онол хэзээд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Улс төр, эдийн засаг хоёр нэг зоосны хоёр тал учраас онол болон бодлогын түвшинд зайлшгүй хамт явах ёстой гэж үзсэн тул политэкономи буюу улс төр эдийн засгийн онол гэж буйг цохон тэмдэглүүштэй. Сүүлийн арван жилд дэлхийн тэргүүлэх эдийн засагчид, улс төрийн нийгмийн онолчид ч мөн политэкономийн сэдвүүдээр түлхүү бичих болсон.

Эцэст нь дүгнэхэд нэгэнт капитализмын мөн чанарт  асуудал байгаа тул хямралын цаана дахиад л хямрал нүүрлэх болно. Капитализм харин олон төрөл хэлбэрийн шок эмчилгээний хүчээр зүсээ хувилган дахин дахин босч ирэхийг Маркс анхааруулжээ.

Ашигласан эх зохиолууд

Die Deutsche Ideologie (1845)

Thesen ueber Feuerbach (1845)

Das Kapital (1867-1894)

Kritik des Gothaer Programms (1875)

Manifesto der Kommunistischen Partei (1848)