2018 оны 3 сарын 7
iKon.mn сэтгүүлч

Дэлхийн хүчирхэг 10 эмэгтэй эрдэмтэн

Та түүхэнд нэрээ дуурсган үлдсэн таван эмэгтэй эрдэмтдийг нэрлэж чадах уу?

Магадгүй танд ганц, хоёр л нэр орж ирсэн байх. Хэнийг нэрлэсэн байж болох вэ гэвэл хоёр ч удаагийн Нобелийн шагналт химич, физикч Мари Кюри. Тэрбээр цацраг идэвхт туяаг анх нээсэн Физикийн чиглэлээр Нобель хүртсэн анхны эмэгтэй гэдгээрээ алдартай.

Гэтэл өнөөдөр түүнээс өөр олон зуун эмэгтэй эрдэмтэн шинжлэх ухаанд өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулж, шинэ нээлтүүд хийсэн байдаг. Харин хүмүүс тэдний амжилтыг нь байтугай нэр, царайг нь ч мэддэггүй юм.

Тиймээс мэдрэл судлаач, дизайнер Аманда Финбодипакия хэмээх эмэгтэй үүнийг өөрчилж, олон нийтэд эмэгтэйчүүдийн амжилтыг таниулах Beyond Curie төслийг эхлүүлжээ. Төслийн хүрээнд тэрбээр дэлхийн өнцөг булан бүрт шинжлэх ухаан, технологи, инженер-математикийн салбарт амжилт үзүүлсэн чадварлаг 32 эмэгтэй эрдэмтдийн талаар цуврал зурагт хуудсыг бүтээжээ. Эдгээр зурагт хуудас нь шинжлэх ухаан судалж буй оюутан, сурагчдын анги танхимд байхад нэн тохиромжтой ажээ.

Аманда Финбодипакия "Эмэгтэйчүүд шинжлэх ухааны салбарт маш олон амжилтуудыг бүтээсэн байдаг, гэтэл энэ талаар маш цөөн хүн л мэддэг. Тэдний түүхийг судалж байхдаа бид ямар агуу хүмүүс болохыг мэдсэн. Тэдний түүх гайхамшигтай, дэлхий ертөнц энэ хүмүүсийн нэрийг зайлшгүй мэдэх ёстой" хэмээн ярьсан байдаг.

Ингээд та бүхэндээ эдгээр 32 эмэгтэйгээс 10-ыг нь онцлон танилцуулья. 

1. Дэлхийн хамгийн анхны компьютер программист
 

Ада Лавлейс бол Английн зохиолч, математикч юм.

Нэрт яруу найрагч Жорж Байроны охин. Ада Лавлейс нь Чарльз Бэббижемийн боловсруулсан төсөл болох тооны машины бүтцийг тодорхойлсон гэдгээрээ алдартай. Тэрбээр дэлхийд анх удаа тооцоолох машины программыг бүтээсэн бөгөөд түүхэн дэх хамгийн анхны программист эмэгтэй хэмээн тооцогддог юм.

2.Генитикийн ухаантан
 

Барбара МакКлинток нь Америкийн эрдэмтэн, цитогенетик судлаач байжээ. МакКлинток эрдэнэ шиш дээр туршилт хийдэг байсан ба аажимдаа ген нь өөр өөр хромосомд шилждэг болохыг нээжээ. Энэ нь генетикийн байрлал бидний санаснаас илүү тогтворгүй зүйл болохыг харуулсан юм. Өнөө үед МакКлинтокын нээлтүүд генетикийн талаарх ойлголтын суурь болж өгдөг ба олон зүйлсийг тухайлбал нянгийн вирус нь антибиотикт хэрхэн эсэргүүцэл үзүүлдэг хийгээд амьтны төрөл зүйлс шат ахиж биш шат алгасч хувьсдаг болохыг тайлбарласан байдаг.

3.Теломеразын бодисыг нээсэн анхны эмэгтэйчүүд
 
 

Кэрол Грейдер болон Элизабет Блэкберн нар 2009 оны анагаахын салбарын Нобелийн шагналыг эсийн хөгшрөлт ба хромосомыг теломер ба теломеразын бодисын тусламжтайгаар хамгаалах ажлаар авч байжээ. Тэд 1985 онд теломеразын бодисыг нээсэн байна. Элизабет Блекберн Австралид төрсөн, Калифорнийн их сургуульд ажилладаг. Түүний ажлын  гол чиглэл нь хромосомын төгсгөлийн бүтэц болох теломер юм.

Кэрол Грейдер нь Жонс Хопкинсийн  их сургуульд молекул-биологи ба генетикийн салбарыг толгойлдог.  Ph.докторын зэргийг тэрбээр Блэкберний удирдлага дор ажиллаж байхдаа авч байжээ. 

4. ДОХ-ын вирус илрүүлсэн эмэгтэй
 

Франсуазе Баррэ-Синусси нь Парисын Пастерын хүрээлэнгийн вирус судлаач юм. Тэрбээр 1983 онд хүний дархлал хомсдолын вирусыг илрүүлсэн юм. 2008 онд  Нобелийн шагнал хүртсэн.

5. Компьютерт хүний хэл ойлгуулсан эмэгтэй
 

Грэйс Хоппер бол программ зохиогч, түүний ачаар компьютер хүний хэл ойлгох болжээ. Математикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны эмэгтэй. 37 насандаа өөрийн хүсэлтээр Тэнгисийн цэргийн зэвсэгт хүчний албанд элсэж, Харвардын Марк I компьютерт зориулан программ зохиож, "наносекунд" гэдэг ойлголтыг олонд тайлбарлажээ. Түүний нэрээр цэргийн эсмин зөөгч онгоцыг, мөн супер компьютерыг ч нэрлэсэн байдаг.  Түүний нэрэмжит шагналыг жил бүр шилдэг залуу программ зохиогчдод олгодог байна. 

6. Атомын бөмбөгийн эх
 

Лиза Мейтнер нь Цацраг идэвхт бодис болон цөмийн физикийн судалгаагаараа маш алдартай шинжлэх ухааны зүтгэлтэн юм. Тэрбээр хэсэг нөхдийн хамт цөмийн урвалыг нээсэн бөгөөд үүгээрээ Нобелийн шагнал хүртсэн билээ. Түүгээр ч зогсохгүй Лиза Берлиний их сургуулийн анхны эмэгтэй профессор бөгөөд 1938 онд эх орноосоо дүрвэсэн аж. Түүнд Манхейттэн төсөл дээр ажиллах санал ирсэн ч өөрийн мэдлэгээ зэвсэг хийхэд зориулахгүй гэх үндэслэлээр татгалзсан байдаг.

7. Сансарт ниссэн анхны хар арьст эмэгтэй
 

Мэй Жэмисон нь сансарт ниссэн анхны өнгөт арьстан эмэгтэй төдийгүй чадварлаг эмч, инженер юм. Тэрбээр 1992 оны есдүгээр сарын 12-ны өдөр сансарт хөөрчээ. 

8. Мэдрэл өсөлтийг нээсэн анхны эмэгтэй
 

Рита Леви-Монтальчини нь Италийн мэдрэл судлаач бөгөөд Нобелийн шагналтнууд дундаас хамгийн ахмад нь. Тэрбээр 1986 онд буюу 77 настайдаа мэдрэл өсөлтийн хүчин зүйлийг нээж анагаах ухаан, физиологийн шагналыг гардсан билээ. Монтальчини 100 насалсан анхны Нобелийн шагналтан болжээ.

9. Галактикийн супер од
 

Вера Рубин бол Америкийн одон орон судлаач юм. 1970-аад онд Вера Рубин тэнгэрийн заадсыг тойрох оддын хурдыг тогтоож массын түгэлтийг хэмжжээ. Ингэснээр хүмүүс хар матери оршиж байгааг хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Вера Рубин их хэмжээний масс галактикийн үзэгдэх хүрээний гаднах хэсэгт оршиж байгааг илрүүлсэн юм.

Түүнийг орчин үеийн физик, одон орон судлалыг өөрчилсөн гэж үзэн Ерөнхийлөгч Клинтоны нэрэмжит шагналаар шагнажээ.

10. Эмч болохын тулд хүйсээ сольсон эмэгтэй
 

Маргарет Анн Булкли бол дайны баатар, анагаах ухааны анхдагч, гайхамшигтай мэс засалч болохын тулд бүх боломжийг ашигласан эмэгтэй.

Тэр эмэгтэйчүүд анагаах ухаанд орж болохгүй үед төрсөн тул зүсээ хувирган эрэгтэй болж, хэзээ ч мэдэгдээгүй. Анагаахын сургууль төгссөний дараагаар тэр Их Британий цэргийн албанд элссэн. Тэр эмэгтэй гэдгээ мэдэгдэхгүйн тулд Доктор Жэймс Барри гэх нэрээр алдаршжээ. Маргарет Английн цэргийн цол хүртэж, Эмнэлгийн генерал болсон байна. Мөн цэргүүд болон тэдний гэр бүл, хоригдлуудын эрүүл мэндийн төлөө тууштай тэмцсэн нэгэн юм.

Маргарет Анн Булкли 70 насалсан бөгөөд түүнийг эмэгтэй гэдгийг нас барсны дараа нь л мэдсэн ажээ.

 

x