Индэр    
2018 оны 3 сарын 1
Зураг
Эдийн засгийн мэдээлэл

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ байгуулахдаа юунд анхаарах вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зээлийн гэрээнд гарын үсэг зурахаас өмнө сайн уншиж танилцан, ойлгохгүй бол тайлбарлуулах эрхтэй.

  • Зээлийн гэрээ гэж юу вэ?

Банкууд зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг нийтэд санал болгож мэдээлдэг. Зээлийн гэрээг бичгээр байгуулах ба мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

  • Гэрээнд гарын үсэг зурахдаа юуг анхаарах вэ?

Зээлдэгч нь гэрээнд гарын үсэг зурахаас өмнө гэрээг сайн унших хэрэгтэй ба ойлгохгүй зүйл заалт байвал банкны ажилтнаар сайтар тайлбарлуулах хэрэгтэй. Ямар ч яаран сандран гарын үсэг зурж болохгүй. Нөгөө талаас банкууд харилцагчдид хугацаа өгч зээлийн гэрээтэй сайтар танилцах боломжийг өгч байх ёстой. Нэгэнт гэрээнд гарын үсэг зурж зээл авсан бол тэр гэрээ нь хүчин төгөлдөр болно гэсэн үг юм. Монголбанк ч талууд харилцан тохиролцон байгуулсан гэрээг өөрчлөх эрх байхгүй. Иймд банк ч тэр зээлдэгч ч мөн адил өөрийн санхүүгийн зан байдал, орлого, эргэн төлөх хуваарьт хугацаа зэргийг сайн тооцох хэрэгтэй. Зарим тохиолдол зээл олгохгүй байх нь зээлдэгчийн төлөө шийдвэр ч байж болно.

  • Гэрээний гол нөхцөлүүд ямар байх ёстой вэ?

Ямар ч гэрээнд гэрээний хугацаа, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох болон зээлийн эргэн төлөлт, зээлийн хугацаа хэтрүүлбэл хүлээх хариуцлага, барьцаа хөрөнгөөр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад зардлыг багтаан төлүүлэх асуудал заавал тусгагддаг.

  • Зээл хугацаандаа төлөхгүй байх болон төлж чадахгүй бол яах вэ?

Энд хэд хэдэн үр дагавар үүсдэг. Санхүүгийн болон амьдралын хэвийн нөхцөл алдагдана. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байдаг. Зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлнэ. Мөн хөдлөх эд хөрөнгөнд үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй байдаг. Мөн зээлийн түүх нь Зээлийн мэдээллийн санд буюу тухайн хүний зээлийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ.

  • Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэнэ гэж юу гэсэн үг вэ?

Зээлийн мэдээллийн тухай хуулиар зээл олгогч байгууллага зээлдэгчийн мэдээллийг түүний зөвшөөрөлтэйгээр Зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Зөвшөөрөлтэйгээр гэдэг нь зээлийн гэрээнд заавал тусгагддаг заалт бөгөөд энийг зээлдэгч нар төдийлөн анзаардаггүй. Ерөнхийдөө зээлийн мэдээллийн сан гэдэг нь зээлдэгч гэрээний үүргээ тухай  бүр биелүүлсэн тохиолдолд банк санхүүгийн байгууллага найвдартай зээлдэгч байна гэж үзэн зээлийн хэмжээ өндөр, хүү бага, урт хугацааны зээл олгох шийдвэр гаргахад нөлөөлдөг. Харин үүргээ биелүүлдэггүй зээлдэгчийн мэдээллийг бүртгэснээр банк эрсдэлтэй зээлдэгч гэж үзэн зээл олгохгүй байх шийдвэр гаргах магадлалтай болдог. Гэхдээ энэ нь огт зээл олгохгүй гэсэн үндэслэл биш бөгөөд тухай банк, зээл олгож буй газрын харилцагчаа үнэлэхэд л ашиглагдаж буй мэдээлэл юм.

Зээлийн мэдээллийн санд мэдээлэл бүртгэгдэнэ гэдэг бол тухайн хүний зээлийн түүхийн мэдээлэл бөгөөд зээл авч байсан байдал, хугацаандаа төлсөн бол хэвийн төлөгдсөн, хэрэв хугацаа хэтэрсэн бол зээлийн ангилалаар мэдээлэл нь бүртгэгддэг. Зээлийн ангилал нь хэвийн, хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу гэж хуваагддаг.

 

Нийтлэлч Э.Цэлмэг