Индэр    
2018 оны 2 сарын 8
Зураг
Freelance journalist

С.Молор-Эрдэнэ: Бид хятадуудаас ядаж хүмүүжил, ёс суртахууныг нь суралцья

 

“Бодит амьдрал баримтаас үүссэн зүйлийг роман гэдэг. Бүх роман тэр зохиолчийн амьдрал юмуу, тэр нэг тухайн цаг үеийг, тэр нийгмийг харуулдаг. Үйл явдал нь харин янз бүрийн адал явдлуудтай. Яагаад өнөөдөр хүмүүс роман бичээд Нобелийн шагнал аваад байгаа юм бэ. Өнөөгийн 21-р зууны цаг үеийг харуулж, өнөөдрийн нийгэмд тохиолдоод байгаа буруу зөвийг харуулсан ийм утга агуулгатай, хүн төрөлхтөнд сургамж өгсөн роман бичжээ гэж хэлээд шагналыг гардуулдаг.” 

Философич С.Молор-Эрдэнэтэй түүний хамгийн сүүлд орчуулан гаргасан “Бээжин Хотоор Гүйсээр” романы тухай ярилцлаа.

РОМАНААР НЬ ДАМЖУУЛААД ХЯТАД ХҮНИЙГ ТАНЬЖ АВАХ ХЭРЭГТЭЙ

- Та яагаад энэ романыг сонгож орчуулсан бэ?

- Би зүгээр л суралцах гэсэн юм. Суралцах явцад энэ романтай танилцсан. Би урд хөрш Хятад улстай илүү сайн танилцая гэж бодсон. Европийг бол сайн мэднэ. Азийн орнуудтай сайн танилцая гэж бодож байгаа. Би Хятад руу маш олон удаа явж Хятадийн их сургуулиудаар орж профессоруудтай уулзсан. Гурван жилийн өмнө энэ номыг багаараа орчуулж эхэлсэн юм.

Хөрш орнууд нэг нэгийгээ ойлгох ёстой. Орчуулж байхдаа би Герман хэл дээрээс нь долоо найман удаа уншсан. Унших болгонд би ерөөсөө уйддаггүй. Шү Зечэн бол 21-р зуунд гарч ирсэн Хятадын шинэ үеийн уран зохиолын төлөөлөгч.  Энэ роман долоо найман оронд хэвлэгдсэн. Европ руу номоо танилцуулахаар байнга явдаг юм байна лээ. 

- Гурван жилийн өмнөөс орчуулж эхэлсэн гэхээр…

- Орчуулга гэдэг нь  авторыг хүндэтгэж яг хэлснийг нь орчуулах болохоос найруулж байна гээд Монгол ном болгож болохгүй. Хятад ном гэдгийг уншигч хүлээн авах ёстой. Төвөгтэй ойлголтуудыг тэр хэвээр нь орчуулах ёстой болохоос уншигчдад ингэж орчуулбал ойлгоно гэж хялбарчлах эсвэл өөрийн ойлгосноороо орчуулагч дураараа найруулах хориотой.

Гадаадын сонгодог уран зохиолыг уншиж байхад орчуулагч өөрийнхөөрөө ойлгож гадаад номыг монголчилдог эмгэнэл бий. Ялангуяа Христийн шашны нэр томьёог Буддын шашны нэр томьёогоор орлуулж бүр балладаг гэх мэт. Романаар нь дамжуулаад хятад хүнийг таньж авах хэрэгтэй. 

БЭЭЖИНГИЙН АГААР НЬ ЯГ Л МОНГОЛЫН ХӨДӨӨНИЙ АГААР ШИГ ЦЭВЭРХЭН БАЙНА ЛЭЭ

- Та яагаад Хятадын ард түмнийг  сонирхох болов?

- Улаанбаатарын ихэнх байшинг хятадууд барьсан. Яагаад манайх байшингаа тэднээр бариулдаг вэ. Хятадууд хариуцлагатай учраас л тэр. Бид нарт энэ хорвоо дээр хоёр л хөрш байгаа. Орос Хятад хоёр бол дэлхийн гайхамшигтай хоёр том орон. Энэ ард түмнийгээ бид ойлгож суралцах ёстой. Хятад одоо дэлхийд эдийн засгаараа бараг нэгд орох гэж байна. Нууц нь юундаа байгаа юм. Мөнгө, алт, нефттэйдээ биш. Тэд Америкууд шиг цэрэг зэвсгээрээ дайн хийж явдаггүй.

Бид Сингапурыг дуурайж хөгжлийн замаа сонгоно гээд байдаг. Урд талын хөрш хөгжил гэж юу байдгийг бэлээхэн харуулаад байна. Утаатай Бээжин хотыг жилийн дотор цэвэрхэн болгочихож байна. Бээжингийн агаар нь яг л Монголын хөдөөний агаар шиг цэвэрхэн байна лээ. Энэ ард түмнээс суралцах хэрэгтэй. Бид нарт сурган хүмүүжил байхгүй байна.

Япон, Хятад, Солонгост сурган хүмүүжүүлэх ухаан байна. Сумог харахад л мэдэгддэг шдээ. Япончуудыг зодоод л хамраас нь цус гаргаад байгаа. Япончууд унасан ч даруухан байдаг. Ялсан ч даруухан. Бид нарт ямар ч хүмүүжил байхгүй. Эсгий гэрийн хүмүүжил л байгаа. Энэ нь одоо цаг үед хүчингүй. Нийгэмд танихгүй хүмүүс дотор биеэ авч явах хүмүүжил хэрэгтэй байна. 

- Хятадын талаар манайхан ихэнх нь их сөрөг ойлголттой байна

- Улс төр, эдийн засгийн хувьд ийм хурдан хөгжчихөөд, дэлхийн нэг номер болох гээд байхад юун сөрөг ойлголт. Одоо өөрөөр харах хэрэгтэй. Хятадуудыг бид нар дандаа буруу ойлгож хардаж сэрддэг. Муусайн хятадууд гээд л. Хятадтай бизнес хийж байгаа, Хятадад сурдаг оюутнууд гээд зөндөө Монгол хүн Хятадад байна. Ялангуяа энэ улс төрийн намууд суралцах хэрэгтэй.

Бид Хятадаас эдийн засгийн хувьд дэндүү хамааралтай байна. Одоо цагаан сар хийнэ. Ихэнх зан үйл нь Хятадынх ш тээ. Бид нарт цаасан мөнгө байгаагүй. Хятадуудад байсан. Бид цагаалга гээд идээд байгаа, тэгвэл будаа хятадаас. Хэвийн боов чинь бас Хятад Төвдийнх. Манайд гурил гэж юм байгаагүй. Хятадад байсан. Бууз чинь бас Хятадынх. Ер нь бол түүхээ судалвал бид нар Хятадуудтай тийм их зөрчилтэй байгаагүй. Дандаа Манж нартай л зөрчилтэй байсан. Манж гэдэг чинь Хятад биш. 

Өглөө Бээжин рүү нисэж ажиллаад орой ирдэг Монголчууд зөндөө байна. Улаанбаатар хотод өвөл болохоор байшингаа түрээслээд, Хятад юмуу Өвөр Монголд очоод хямдхан байшинд амьдардаг Монголчууд бас байна. Хятад Монголын харилцаа дэндүү их өргөжчихсөн  байхад хүмүүс фэйсбүүкээрээ муусайн хятадууд, хужаа нар гээд тэнэг тэнэг юм бичээд байж болохгүй. Энэ чинь соёлгүйгээ харуулж байна. Хятад бол биднийг нээх эзлэх ч үгүй, тоох ч үгүй. Гол нь бид нарыг битгий хулгай хийгээрэй л гэж байгаа. Өөр юуг ч хүсэхгүй байна. 

- Та номын зохиолчтой уулзахаар яваад ирсэн байсан

Маш мундаг зохиолч. Би өөрөө сая Бээжинд очиж уулзсан. Романы тухай ярилцсан. Энэ романы үйл явдал болж байгаа их сургуулийн хотхонд уулзсан. Хятад чинь манайх шиг ийм замбараагүй биш л дээ. Их сургуулийн хотхоноосоо оюутнууд нь гарахгүй биеийн тамир спортоо хийгээд л байж байдаг.

Манайх шиг сургуулиасаа гараад ирэнгүүт шөнийн баар байхүй. Биеийн тамирын талбай ч байхгүй ийм утгагүй биш. Зохиолын хоёр гол баатар одоо энэ гудамжинд явж байгаа даа гээд л инээлдээд  зохиолчтой ярилцаж суусан. 

МАНАЙД БОЛ ИХ СУРГУУЛИУД ӨӨРСДӨӨ ХУУРАМЧ ДИПЛОМ ӨГЧ БАЙГАА

- “Бээжин хотоор гүйсээр” энэ романыг уншихад залуучуудын бодит амьдрал үнэхээр нүдэнд харагдсан…

- Энэ романд Бээжинд ирээд амьдрах гэж байгаа гурван залуу гурван эмэгтэйн тухай гарч байгаа. Зургаан залуугийн амьдралаар бүхэл бүтэн Хятадын ард түмнийг танилцуулж байна. Ёстой гайхамшигтай. Хайр үүсэж байна уу үүсэж байна. Тэгэхдээ ямар нэг байдлаар өчнөөн асуудал бэрхшээлүүд тохиолдож байна. Хүн амьдралдаа алддаг. Алдаад  буцаад нийгэм рүү орж ирдэг. Нийгэм рүү ороод ирэхээрээ залуу хүн яадаг уу, хурдан түргэн мөнгөтэй болох гэдэг. Тэгэхээрээ заавал хууль бус юмуу, ёс суртахуунгүй үйлдлүүд хийх ажил гардаг. Ялангуяа Хятад шиг ийм хууль ёс, төр хүчтэй газар хэцүү. Номонд оюутны хуурамч диплом хийж зардаг нөхдүүд гардаг.

Манайд бол их сургуулиуд өөрсдөө хуурамч диплом өгч байгаа. Мөнгөө л өгчихвөл диплом авна. Чи юм сурсан уу мэдсэн үү мэдээгүй юу тэр ямар ч хамаагүй. Тэгэхээр манайх шиг ийм төр нь их сургуулиуд нь хуурамч юм үйлдвэрлэдэг улсын хувьд ийм романыг унших маш их хэрэгтэй. Бид ер нь нийгмээрээ улсаараа ямар их буруу явж байгаа, бидний бүх л амьдрал ямар их худлаа, дандаа хуурсан мэхэлсэн байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Гэтэл энэ роман дээр хүн хуурч мэхлэх байдаг зүйл, гэхдээ хуурч мэхлэхдээ бас хязгаартай байх хэрэгтэй гэж гардаг. Бас хариуцлагатай байх хэрэгтэйг харуулж байна.

 

Хайр дурлал секс найз нөхөрлөл бүх юм гарч байгаа. Энэ бүхэнд хятад хүний нэг онцлог байгаа. Ямар ч үед Хятад хүн хариуцлагатай байдаг. Ямар ч үед хятад хүн нэр төрөө боддог. Мөнгөгүй болчихоод байхад нэрээ бодоод мөнгө зээлэхгүй. Тэгээд нөгөө найз нь чи мөнгөгүй ш дээ, надаас мөнгө зээл гээд гуйж байгаа. Тэр одоо ямар гоё хүмүүжил вэ. 

ХАЙР ДУРЛАЛ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ

-Хайр дурлалын талаар үнэн бодит дүрсэлсэн юм шиг санагдсан…

Хайр дурлал гэхээр заавал сайн сайхан юм байх албагүй л дээ. Хайр дурлал ихэнхдээ бүтэхгүй, буруу, алдаатай байдаг. Эцсийн эцэст хагацалд л хүргэдэг. Тэгэхдээ хагацалд хүргэснийхээ дараа өшөө хонзон санаж нэг нэгнийгээ муу муухай хэлж явах биш юм. Гол нь уучлах хэрэгтэй. Яагаад гэвэл хайр дурлал ийм хэцүү учраас. Энэ роман дээр хосууд дандаа нэг нэгнээ уучлаад хоёр тийшээ явж байгаа. 

Хайр дурлал хэн нэгнийг өмчлөх биш юм гэдэг энэ роман дээр гарч байгаа. Хайр дурлал бол эрх чөлөө. Би хэнд хайртай болоод хэнтэй явах миний эрх чөлөө. Өнөөдөр чамд хайртай байсан хүн маргааш чамд хайргүй болох боломжтой. Тэглээ гээд азгүйтэл ч биш, хувь тавилан ч биш, хараал ерөөл хийлгээд байгаа ч юм биш. Зүгээр л хайр дурлал ийм байдаг юм.

Сониуч биш хүн юу ч сурахгүй. 

Зөвхөн секс бол хайр биш гэдгийг энэ романаас ойлгоно.  Залуу хүмүүс секс хийгээд л  тэрийгээ хайр гэж ойлгоод байгаа. Сексийг хүмүүс хаана ч хэнтэй ч маргааш нөгөөдөр хийчих боломжтой. Секс хийж байгаагаа хайр гэж андуурч л болохгүй. 

- Роман дээр гарч байгаа найз нөхөрлөлийн харилцаа бас үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан…

- Романы дотор руу нь орох ёстой. Хөх өнгө улаан өнгө гэдэг бол зөвхөн гадаргуу нь. Адал явдалд нь зориулсан зүйл. Найз нөхөрлөлийн төлөө өөрийгөө золиослоход ч  бэлэн байна. Хүн төрөлхтөний эртний эрдмүүд, Күнзийн хүмүүжил гэдэг энэ юм. Залуу хүн бол амьдрах гэж хурдан мөнгөтэй болох гэж гэнэддэг юм байна. Хурдан гоё тансаг амьдрах гэж алддаг юм байна. Хаана ч болдог л амьдрал.  

- Хятад хүний хүмүүжил Күнзийн сурган хүмүүжлийн талаар дэлгэрүүлвэл…

- Хятад хүнээс яаж байшин барьдгийг нь сурч авч чадсангүй. Еэвэнг яаж хийдгийг нь сурч авч чадсангүй. Энэ манайд байгаа еэвэнгүүд бол еэвэнтэй ямар ч хамаагүй. Хуушуур, бууз, баншийг нь яахав сурах гээд оролдож байна. Засмал зам тавьдгийг нь сурч чадсангүй. Тэгвэл ядаж хүмүүжил, ёс суртахуун, моралыг нь суралцья л даа.

Хэзээ ч хүнийг доромжлохгүй, голохгүй, хөгшин гэхгүй, ажилгүй гэхгүй, дөнгөж шоронгоос гарсан гэж гадуурхахгүй. Энэ роман дээр найз нь найз охинтой нь найзалчихсан байхад окей, та хоёр тэгээд найзалдаа, энэ миний өмч биш, наад эмэгтэй чинь чамайг сонгочихсон байна гэдэг. Энийг Монгол дээр буулгаад үз дээ. Хэрэгтэй үед нь найздаа бүх мөнгөө гаргаад өгч байгаа. Манайд бол дандаа гол гаргах, хулхидах, нэг нэгнийгээ хохироож байгаа шүү дээ. Авгай нөхөр хоёр салахдаа хүртэл нэгийгээ хохироогоод явж байна. Хайр дурлал салахдаа ч гэсэн нэг нэгнийгээ айлган сүрдүүлж, хохироож байгаа. 

ХҮН СОЁЛЖИХ ГЭЖ ЮМ СУРАХ ГЭЖ КИНО ҮЗЭЖ БАЙГАА

- Гол дүрийн баатар кино үзээд тэрийгээ бас давхар уншиж ойлгоод амьдралыг эргэцүүлж буй тухай номонд гардаг хэсэг их гоё байсан.

- Тэр залуу биеэ даагаад суралцаад явж байгаа. Монгол хүн тэгэж ерөөсөө чадахгүй байна. Ганцаараа юмаа хийгээд тэрнээсээ таашаал аваад явах хэрэгтэй ш дээ. Эд нар яагаад энийг үзээд байгаа юм бол гээд өөрөө бие дааж суралцах чадвар байна. Манайд чинь бие дааж суралцаж чадахгүй байна. Заавал нэг нэгэндээ ярьж онгирох гэдэг. Өөрөө дуугүй суралцаад л ойлгоод л  даруухан явчих л даа. 

Хүн соёлжиж юм сурах гэж кино үзэж байгаа. Филм үзээд маргааш нь мартчих биш.  Тэр филмийн тухай бодож байна, судлаачид юу гэж бичиж үү, урлагийн оюутнууд юу гэж байна, найруулагчид юу гэж байна, ямар шүүмжүүд бичиж байна гээд сонирхож байна.  Гол дүрийн баатар DVD-нүүдээ зарж явахдаа соёлждог. Тэрнээс зүгээр нэг наймаачин биш. 

Манайхан кино үзчихсэн гээд байдаг. Юу ойлгосон бэ гэхээр юу ч ойлгоогүй байдаг. Бие дааж юмыг сонирхох, сониуч зан Монгол хүнд дутмаг байна. Тэр Хятад хүн бүх юмыг сонирхдог. Энийг тэрийг сурах юмсан гээд. Их сургуулиасаа гарчихсан нөхөр ш дээ. Монгол хүн ерөөсөө сониуч биш. Юу ч яриад сонирхохгүй. Манай залуу үе ёстой уйтгартай. Сониуч зан хүнийг юманд сургана. Сониуч биш хүн юу ч сурахгүй. 

- Баярлалаа, таны номын нээлт хэзээ хаана болох вэ?

- 2-р сарын 12-нд 18:30 цагт Улаанбаатар зочид буудлын 6 давхрын тэнхимд номын нээлт болно.