Зураг
Зураг
Индэр    
2018 оны 2 сарын 8
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Улаан-Үдийн тэмдэглэл

Зураг

Орос Монголын иргэд 2014 оны 9-р сараас визгүй зорчих болсноор олон мянган хүн харилцан айлчилж, аялал жуулчлал, худалдаа бизнес идэвхжиж эхэлжээ. Хойд хөрштэй холбосон 3,485 км хилийн шугамын бараг гуравны нэг нь Буриадын Бүгд Найрамдах Улсад ноогддог. Оросын Холбооны Улс 83 нэгжээс бүрддэгийн 21 нь өөрийн үндсэн хууль, засгийн газар, хэлтэй гэхдээ холбооноос гарах, бие даах эрхгүй “бүгд найрамдах улсууд” байдаг.

Буриадын газар нутаг нь монголоос дөрөв, хүн ам нь гурав дахин бага буюу 1 сая хүрэхгүй, дөрөвний нэг нь зөвхөн буриад, дийлэнх нь оросууд, цөөхөн бусад үндэстнүүд ажээ. Буриадуудын дөнгөж арваад хувь нь эх хэлээ мэддэг, албан ёсны хэл нь орос.

Алексей Самбуевич Цыденовын тэргүүлж буй Буриадын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах талаар идэвхтэй ажиллаж байна. Ялангуяа хөрш монголчуудтайгаа хамтран ажиллах сонирхол эрс нэмэгджээ. Хоёр долоо хоногийн өмнө А.С. Цыденов Монголд айлчилж төр засгийн удирдлага, бизнес, иргэд олон нийтийн төлөөлөлтэй уулзав. Тэрээр “дефакто” нэвтрүүлэгт оролцсон. (www.jargaldefacto.com/article/aleksei-sambuewich-tsiidenow)

Буриадад хийх бизнес

Буриадын Засгийн газар 2011 онд “Бүс нутгийн хөгжлийн сан” байгуулж, улсаа “Оросын Азийн хаалга” хэмээн нэрийдэн гадаадын хөрөнгө оруулалт татах зорилготой ажил эхэлжээ. Байгаль нуурын зүүн эрэгт аялал жуулчлалыг хөгжүүлэх, орчин үеийн дэд бүтэц барьж байгуулах тодорхой төлөвлөгөө гарган, зарим дэд бүтцийг тавиад байна. Мөн Улаан-Үдийн онгоцны буудал нь агаарын тээврийн тав дахь эрх буюу аль ч орны онгоц шинэ зорчигч аваад нисдэг болжээ.

Орос, Монгол, Хятадын Засгийн газар Евро Азийн Пекин, Улаанбаатар, Улаан-Үд чиглэлээр орчин үеийн авто замын тээврийн коридор барих гэрээ байгуулсан. Оросууд Улаан-Үд, Хиагтын авто замаа бараг дуусаад байна. Транс-Монголын авто болон төмөр зам Улаан-Үдэд Транс-Сибирийн магистралд нийлэхээс наана, замын дунд Гусинозёрск станцын дэргэд Үйлдвэрлэл-Логистикийн төв байгуулах талбай, дэд бүтцийн хамт бэлдэж хөрөнгө оруулахыг урьж байна.  Улаан-Үдэд орон сууцны хороолол барих газрууд олгож байна.

Буриадад оросын цинкийн нийт нөөцийн 48, молибдений 31, хар тугалгын 24, вольфрамын 20 хувь нь тус тус тогтоогдсон учир эдгээр металлын болон металлын бус ашигт малтмалын олборлолтыг санал болгож байна. Мөн тахианы, сүүний болон бусад олон төрлийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолборуудад газар олгож, бизнесийн хөнгөлөлттэй нөхцлөөр хангаж байна. www.invest-buryatia.ru

Буриадаар аялахдаа

1. Байгаль нуур: Дэлхийн цэвэр усны хамгийн том нөөц, 1642 метр буюу дэлхийн хамгийн гүн энэ нуур нь аялал жуулчлалын онцгой соронзон гэдгийг хүн бүр мэднэ. Зүүн эргийн ёроол нь налуу, ус нь харьцангуй дулаан, ууланд авирах, ойд зугаалах, усан онгоцоор аялах зэрэг сонирхолтой олон хөтөлбөртэй учраас гадаад, дотоодын жуулчдын тоо жилээс жилд өссөөр байна. Нуурын зүүн эргээр Улаан-Үд хотоос машинаар хоёр цаг яваад орчин үеийн, арваад дүнзэн байшин бүхий “Байкальская Риввера” зочид буудалд бууж, орос саунд тухлаж болно. (www.baikalriviera.ru)

Монголоос жилд хагас сая хүн Алтанбулагийн боомтоор ирж дийлэнх нь Байгаль нуураар аялах болжээ. Монголын Хүннү Эйр компани өнгөрсөн зунаас галт тэрэгнээс бараг хямд үнээр Лхагва, Бямбад хоёр “Улаан” хотын хооронд 584 км зайд нисэж, машинаар хил гааль дамжин 12 цаг үргэлжилдэг аялалыг нэг цаг болгожээ. (http://www.hunnuair.com/en)

2. Булга: Оросын хааны тушаалаар 1916 онд байгуулагдсан Баргузины дархан цаазтай газар нь нуурын зүүн эргийн дунд орчимд оршдог. Эндхийн булганы үс нь Хаант Оросын нэрийн хуудас болж, маш өндөр үнээр олон улсын зах зээлд борлогддог байжээ. Баргузины булгыг хамгаалах, өсгөж үржүүлэх ажлыг зуун жилийн өмнө тэгж эхлүүлжээ. Ер нь Оросын нутаг 17 дугаар зууны эхнээс зүүн тийшээ өндөр хурдтай тэлж байсны бас нэг шалтгаан нь сибирийн асар их байгалийн баялаг, түүний дотор энэ булганы арьс байжээ. (www.barguzinskiy.ru )

3. Халуун булаг: Буриадад халуун булаг (гео-термальные) элбэг бөгөөд зарим дээр нь амралт, сувиллын газрууд байгуулж байна. Улаан-Үдээс Иркутск руу холбооны М-55 замаар цаг яваад Илинька гэх сууринд “Горячий бассейн” нэртэй 28 хэмийн тогтмол халуунтай, 150 см гүн, халуун булгийн ядаргаа, үе мөчний өвчнийг анагаах увидастай усан санд замын алжаалаа тайлах боломжтой. (www.hot-basin.ru)

4. Семейские: Оросын хатан хаан II Екатерина Үнэн алдартны шашинд хийсэн өөрчлөлтийг эсэргүүцсэн Оросуудыг Зүүн Сибирь, Забайкалск руу 1735 онд 40 мянга, дараа нь бас хоёр ч дахин, мянга мянгаар нь хүчээр, заримыг нь сайн дураар нь нүүлгэн шилжүүлжээ. Амар мөрний сав газрыг Чин гүрнээс булааж эзэгнэх шаардлага гарсан байлаа.

Тэдний олонх нь Буриадын нутагт суурьшин газар тариалан эрхэлж, малчин буриадуудтай харилцан ашигтай хамтран ажиллах болжээ. Өнөр олуулаа, гэр бүлээрээ ирсэн учир тэднийг сибирьт “семейские” гэдэг болжээ. Оросын түүхэнд тэднийг шашныхаа хуучин ёс заншлыг өөрчлөхийг хүсээгүй тул “старообрядцы” гэдэг. Тэд жишээ нь шинэ журмын дагуу гурван хуруугаараа биш (щепётники), урьдынхаараа хоёр хуруугаараа (двухперстники) бурхандаа мөргөх зэрэг хуучин ёс, заншлаа авч үлджээ.

Одоог хүртэл хадгалж ирсэн тэдний уламжлалт ёс, дуу хуур, ахуйтай танилцах, улмаар оросын соёл, заншлыг танин мэдэх, хүнд бэрх түүхийг нь ойлгох ховор боломж жишээ нь Новая Брянь (Заиграевсикй район) тосгонд байна. (http://b-etno.ru)

5.  Итгэл хамбын дацан: Улаан-Үдээс баруун тийш 36 км зайд буй Ивольгийн хөндийд сүсэгтэн олны хандиваар 1945 онд барьсан Хамбын сүм бий. 1930-аад онд зөвлөлтийн коммунистууд буриадын бүх сүм, хийдийг устгаж шатааснаас хойш босгосон энэхүү анхны хийдийг тойроод эдүгээ бурхны шашны сэргэн мандалт ид өрнөж байна.

Ялангуяа 1927 онд гэрээслэлийнх нь дагуу хуш модон хайрцганд завилуулан оршуулаад, 75 жилийн дараа гаргасан ч, өөрчлөгдөөгүй XII Пандит Хамба лам Итгэлийн биеийг байршуулснаас хойш монголчууд төдийгүй олон зуун мянган сүсэгтэн очиж мөргөдөг болжээ. (https://www.culture.ru/institutes/1642/ivolginskii-dacan)

 

Улан-Үд хот. 2018.02.02