Зураг
Зураг
Индэр    
"Монгол Улсын иргэд МИАТ компаниас үнэ цэнэгүй юм уу. Тэд ч гэсэн үндэсний эрх ашиг биш гэж үү"
Зураг
2018 оны 2 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

"Монгол Улсын иргэд МИАТ компаниас үнэ цэнэгүй юм уу. Тэд ч гэсэн үндэсний эрх ашиг биш гэж үү"

- "Төөрөгдөл арилж эхлэх он жилүүд" цуврал - 

"У.Хүрэлсүхийн Засгийн газрын УХАХ УУРХАЙ -1", "2020 он гарахаас урьтаж МИАТ СӨХРӨХ НЬ" зэрэг өгүүлэл, сурвалжлагыг бүтнээр нь уншвал энэ удаагийн ярилцлага танд илүү ихийг хэлэх болно. Энэ ярилцлагыг уншиж дуусаад ч эргүүлээд дахин харах боломжтой. 

iKon.mn редакцийн зүгээс "Төөрөгдөл арилж эхлэх он жилүүд" цуврал сурвалжлага, ярилцлагууд эхлүүлээд байгаа билээ. 

Өмнөх цувралыг уншаагүй хүн байвал нэмж жаахан тодруулахад Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хараат бусаар ажилтай, орлоготой амьдрах тухай асуудлыг нухацтайгаар ярьж бодит шийдэл гарц хайх зорилго бүхий цуврал юм. 

Тодруулбал, Редакцийн зүгээс болон бизнес эрхлэгчид, эдийн засагчдын санал болгож буй дараагийн амьжиргааны эх үүсвэр болох аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд бодит шийдлүүдийг санал болгох гарц хайх сурвалжлагуудыг хүргэж байна. 

Эхний удаад бид хөдөө аж ахуйн салбараас харьцангуй бага зардлаар олон мянган хүнийг ажлын байр, амьжиргаатай нь залгах аялал жуулчлалын салбарыг онцолж байгаа билээ. 

Харин энэ салбарын хөгжлийг харж буй эрхмүүд явж явж Монголд Улсад ирэх зорчигчийн урсгалыг боомилсон агаарын тээврийг чөлөөлөх тухай санал санаачлагыг нэгэн дуугаар хэлж байна.

Ингээд "2020 он гарахаас урьтаж МИАТ СӨХРӨХ НЬ" гурвалсан ярилцлагын зочин МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир, Аялал жуулчлалын салбарыг Монголын дараагийн амьжиргааны гол эх үүсвэр болох боломжтой гэдэгт итгэдэг Монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг Таван Богд группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нартай хийсэн ярилцлагын үеэр дурдагдсан мэдээлэлд тайлбар авах, тодруулга хийх үүднээс Туркиш Эйрлайнст хандсан юм.

Харин тус компанийн асуудлыг хоёр улсын гадаад харилцаа, худалдаа эдийн засаг зэрэг өргөн хүрээнд харж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Ахмет Язал ярилцлага өгөхөөр болсон нь илүү оновчтой шийдвэр байлаа.

Элчин сайдын хийсэн мэдэгдэлд тайлбар хийх нь илүүц. 

Харин энэ цувралын дараагийн зочноор Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдлагатай ярилцлага хийх урилга явуулах болно оо.  
 

- Яг өнөөдөр Туркиш Эйрлайнс Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт тавьсан хүсэлтүүд ямар түвшинд яваа талаар эхний мэдээллийг та өгөхгүй юу?
- Нэгдүгээрт би Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хэрэгцээ шаардлага гэдэг зүйлийг онцолж яримаар байна. Монгол Улс далайд гарцгүй том газар нутагтай улс. Тиймээс ч хүчирхэг иргэний агаарын тээврийн салбар шаардлагатай.

Энэхүү хэрэгцээ шаардлагыг бид маш сайн ойлгодог. Тийм ч учраас Турк улсын зүгээс Монгол Улсын агаарын тээврийн тэлэлтийг маш сайн ойлгохын сацуу үүнийг дэмжих ажиллагаа явуулна уу гэхээс энэ салбарыг унагах сөрөг нөлөө үйл ажиллагаа явуулна гэж ойлгож болохгүй.

Туркиш Эйрлайнс Турк улсын далбааг тээгч компани. 

Миний хувьд Элчин сайдын хувиар хоёр улсын харилцаа тэр дундаа Туркиш Эйрлайнсын хамтын ажиллагааны талаар өөрийн саналаа хэлмээр байна. 

Турк болон Монгол Улс хоорондын худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд бид Туркиш Эйрлайнс компани томоохон түлхэц болох юм гэж хардаг. 

Бид бүгдийн сайн мэдэж байгаагаар Монгол Улс газар доорх баялгаа экспортод гаргах замаар гадаад худалдааны орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Харин цаашид орлогын эх үүсвэрээ олон чиглэлд төрөлжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй олон төрлийн ажил зохион байгуулж буйг би мэднэ.

Эдийн засгийг төрөлжүүлэх боломжийн салбарын нэг бол аялал жуулчлал. Монгол Улсын өнцөг булан бүр үнэхээр гайхалтай. Үүнийг дэлхийд таниулах маш их боломж байхад сайн ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай зүйл юм.

 Аялал жуулчлалын салбарт шаардлагатай байгаа зүйлийн нэг нь тээврийн асуудал. Жуулчид хялбар болон хямд зардлаар Монгол Улсад ирдэг байх ёстой.

Олон мянган хүн Монгол Улсад ирэхийг хүсдэг. Тэдгээрт саад болж байгаа гурван зүйл байгаа нь нэгдүгээрт нислэгийн цаг хугацаа, хоёрдугаарт үнэ.

Гурав дахь хүндрэл нь юу гэхээр бид нэлээд далайцтай үйл ажиллагаа явуулаад Туркээс Монгол руу аялал жуулчлалыг нэг дор нэмэгдүүлье гэсэн ч онгоцонд зай олдохгүй байна.

Үүнийг шийдэх хэрэгтэй.

Турк, Монгол Улсын хоорондын худалдааны салбарыг хөгжүүлэх мөн Туркээс Монголд хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгчид ирэх шаардлагатай. Гэвч бизнесийн салбарт ажиллах хүсэлтэй Турк хүмүүс жуулчлах сонирхолтой хүмүүстэй ижил асуудалтай тулгардаг. Жишээ нь, Туркээс бараагаа авчрах эсвэл Монголоос Турк руу түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд үнэтэй тусдаг. 

Өнгөрсөн 2017 онд хоёр улсын гадаад худалдааны эргэлт 30 сая ам.доллар орчим байсан.

Турк улсын хувьд Монгол Улстай ойролцоо түвшний гэж хэлж болохуйц улсуудтай дүйцүүлбэл гадаад худалдааны нийт эргэлт 500 сая ам.доллар байдаг. Энэ уг нь бидний хүрэх ёстой зорилго.

Мөн бид Монгол Улсад жуулчдыг маш олноор хүлээж авч байгаагүй учраас аялал жуулчлалын салбараас олж болох байсан мөнгийг багцаалж хэлэхэд хэцүү байна. 

Турк Улсын гадаад худалдааны хувьд нэг их алдахгүй. Гэхдээ энэ бол Монгол Улсын хувьд алдаж буй боломж. 

Тэгэхээр нөхцөл байдал ийм байна. Би Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёлын салбарыг өргөжүүлэх л зорилго тавьж ажилладаг. 

Иргэний болон ачаа тээврийн асуудал хязгаарлагдмал байх тусам хүлээс мэт илүүг хийх боломж бололцоо гарахгүй байна.

Тэгэхээр энэ хүрээнд бид Туркиш Эйрлайнсыг долоо хоногт долоон удаа нислэгтэй байлгахыг хүсдэг.

Энэ нь Туркиш Эйрлайнст ирэх ашиг гэж харахаас илүүтэйгээр хоёр улсын эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх боломж бололцоог хялбарчлах үндсэн зорилго юм.

Туркиш Эйрлайнс огт байхгүй гээд төсөөлье. Энэ нь турк жуулчид, турк бараа, турк хөрөнгө оруулалт хэрэггүй гэж байгаатай агаар нэг

Туркиш Эйрлайнс огт байхгүй гээд төсөөлье. Энэ нь турк жуулчид, турк бараа, турк хөрөнгө оруулалт хэрэггүй гэж байгаатай агаар нэг.

Бидний баримталж байгаа нэг зарчим бол хоёр улсын хооронд харилцааг хөгжүүлж харилцан ашигтай байх ёстой гэж үздэг учраас үргэлж Монголын талын эрх ашгийг бодож тооцдог.

Тэгэхээр Туркийн талаас буюу иргэний нисэхийн тал дээр үргэлж Монголын талын эрх ашгийг давхар бодолцсон төслүүдийг бид санал болгодог.

Нэгдүгээрт кодшэйр нислэгүүд байна. Хоёрдугаарт, Монгол Иргэний Агаарын тээврийн Туркээр дамжин өнгөрөх нислэгүүдэд Туркийн талаас дэмжлэг үзүүлэх гэх мэт санал тавьж байгаа.

Яг Монголын талаас энэ нь бидний эрх ашигт нийцэж байна, нийцэхгүй байна гэдэг санал албан ёсоор ирээгүй. Энэ бол Монголчуудын дотооддоо шийдэх асуудал.

Зөвхөн Туркийн талаас бид ямар боломж үзүүлж болох вэ гэдгийг ярьж чадна.

- Таны хэлж байгаа саналууд биеллээ олбол гадаад худалдааны тал дээр ямар нөөц боломж байна гэж та бүхэн тооцоолсон бэ?

- Бид хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг 300 сая ам.долларт хүргэх дараагийн ээлжинд 500 сая ам.долларт хүргэх зорилтыг тавьж байна. Ингэхийн тулд хоёр улсын шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор төрөн гарч байгаа юм.

Долоо хоногт долоон удаа нислэг үйлдсэнээр зөвхөн Туркиш Эйрлайнс компанийн Монгол Улсын нисэх онгоцны буудлаас авах үйлчилгээ бусад зардал 150 сая ам.долларын нэмэлт хөдөлгөөн бий болно гэж тооцоолж байгаа. Одоо 50-60 сая бий. 

Дээрээс нь Туркээс Монгол Улсад ирэх бизнесмэн, жуулчдын тоо шууд өсөх нь тодорхой. Гэхдээ энэ нислэгээр зөвхөн турк хүмүүс ирнэ гэж ойлгож болохгүй. 

Бид том оврын онгоцоор нисч болно. Үүнд ямар ч асуудал байхгүй. Гэхдээ хязгаарлалтаас болоод долоо хоногт хоёрхон удаа ниснэ. 

Нислэгийн давтамжийн тоо яагаад багадаад байгааг би тайлбарлая. Монгол Улсад нэг хуралд оролцоод буцах хүн эсвэл Түрэгийн эртний хөшөөнд нэг мөргөчихөөд буцах турк жуулчин өдөр хоногоо сайн тааруулж чадахгүй л бол дараагийн нислэг хүртэл 4, 5 өдөр хүлээх нь байна. 

Хоёр улсын хооронд ямар нэгэн сөрөг нөлөө авчрах, Монгол Улсад хохирол авчрах тэр төрлийн шийдэл рүү бид явахгүй

Энэ асуудлыг бид анхны өдрөөс нь л хоёр улсын эдийн засгийн харилцаа цаашид илүү хөгжих боломж гэдгийг харсан.

Турк улс өнөөг хүртэл ах дүүгийн найрсаг харилцаатай Монгол Улсын ард түмэнд өөрсдийн бололцооны хэрээр бүх төрлийн туслалцааг үзүүлж ирсэн. 

Тэгэхээр энэ асуудлыг ч би энэ хүрээнд харж ирсэн. Түүнээс хоёр улсын хооронд ямар нэгэн сөрөг нөлөө авчрах, Монгол Улсад хохирол авчрах тэр төрлийн шийдэл рүү бид явахгүй. 

Тэгэхээр бидний хувьд компанийн эрх ашгаас илүү хоёр улсын харилцан хамтын ажиллагаа чухал юм.

 

- Туркиш Эйрлайнст та бүхний хүсч буй боломжуудыг олгосноор яваандаа МИАТ-д сөрөг нөлөөтэй гэх мэдээллийг Монгол Улсын албаны хүмүүс мэдээлсэн. Үнэхээр МИАТ-д хохиролтой гээд байгаа энэ үндэслэлийн талаар юу гэж бодож байна вэ?
- МИАТ асуудлыг ингэж харж байгааг миний хувьд үнэхээр ойлгодоггүй. МИАТ Туркиш Эйрлайнстай өрсөлдөөн үүсч болохуйц нэг л чиглэл байгаа нь Европын чиглэл. 

Гэхдээ МИАТ-ийн хувьд Европын нислэгээс алдагдал хүлээдэг. Нөгөө талаас МИАТ-ийн амин чухал орлогын эх үүсвэрийг Европын нислэг бий болгодоггүй.  

Хоёрдугаарт, Туркиш Эйрлайнс МИАТ-ийн үйлдэж байгаа нислэгийн чиглэлүүдэд билет борлуулахгүй гэж санал болгож байгаа. 

Гуравдугаарт, Хэрэв МИАТ компани Туркээр дамжиж Европ руу нислэг үйлдэх хүсэлтэй бол энэ чиглэлийн билетийн борлуулалт тал дээр Туркиш Эйрлайнс дэмжлэг үзүүлье гэдэг амлалт өгсөн. 

МИАТ юу ч хийх шаардлагагүйгээр Туркиш Эйрлайнсын нислэг тутмаас орлого олох боломжийг олгох юм
 

Дөрөвдүгээр асуудал нь, Туркиш Эйрлайнс МИАТ- тай кодшэйр буюу нислэг тутамдаа МИАТ-д билетийн эрх олгоё гэж байгаа. Өөрөөр хэлбэл МИАТ юу ч хийх шаардлагагүйгээр Туркиш Эйрлайнсын нислэг тутмаас орлого олох боломжийг олгох юм.

Миний хувьд Иргэний нисэхийн салбарын мэргэжилтэн биш. Гэхдээ миний бие энгийн хүний хувиар МИАТ –д эдгээр санал ямар хохирол учруулах юм бэ гэдгийг үнэхээр бодоод бодоод ойлгохгүй байгаа. 

Яг эсрэгээрээ танай энэ ашигтай саналуудыг бид хүлээгээд авчихвал бид ийм алдагдалд орох гээд байна гэж хариу хэлсэн тохиолдол ч байхгүй. Магадгүй дээр тавьж буй саналуудын үүнд нь бид эргэлзэж байна гэх юм бол бид өөрсдийн саналдаа өөрчлөлт оруулах тухай ажилд орж болно. 

 Тэгэхээр миний гайхаж байгаа зүйл нь хоёр улсын засгийн газар худалдаагаа тэлье гэдэг зүйлийг олон жил ярилаа. Энэ ажлыг бид яг яаж хийх вэ. Өөр ямар арга байна вэ гэж асуумаар байна. 

ТЭ компани зургаан тивийн 304 чиглэлд шууд нислэг үйлдэж байна

- Монголын талаас Туркиш Эйрлайнст (ТЭ) долоо хоногт 500 зорчигч/суудлын эрх өгсөн. Тэгвэл энэ багтаамжийг ашиглаад ТЭ 10.3 цагийн нислэгээ 6 цаг болгож бууруулах боломж байсаар байтал манайд шахалт үзүүлэх үүднээс жижиг онгоцонд хувааж нисгэдэг гэдэг юм билээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
- Энэ бол үйл ажиллагаанаас шалтгаалж зайлшгүй хийж буй алхам. 

ТЭ компани 304 чиглэлд шууд нислэг үйлдэж байна. Эндээс нисч байгаа зорчигчид ТЭ-аар дамжиж дэлхийн олон орон руу зорчиж байгаа. Мөн дэлхийн бусад орноос ТЭ-аар дамжиж Монголд ирж байгаа зорчигч бий. Эдгээр зорчигч ТЭ-ийг сонгосон байхад зөвхөн нислэгийн давтамжаас шалтгаалаад дараагийн нислэгийг хүлээж 3-4 хоног хүлээх нь үнэхээр утгагүй зүйл.

Нөгөө талаас албаны шугамаар зорчиж байгаа олон зорчигч байдаг. Жишээ нь, Монгол Улсын нэг сайд Анкарад ажлаар очлоо гэхэд дараагийн нислэгээ хүлээж гурав хоног хүлээх хэрэг гарч байх жишээтэй.

500 зорчигч биш суудал гэсэн хязгаарлалт. Тэгэхээр долоо хоногт Туркээс хоёр удаа нисэх боломж байгаа. Даваа гарагт Улаанбаатарт хуралд суухаар ирсэн хүн магадгүй Баасан гараг хүртэл эсвэл Бямба гараг хүртэл хүлээхээс өөр аргагүй байдалд ордог. Монголчууд ч мөн адил ийм байдал орж байна гэсэн үг.

Транзит нисч байгаа зорчигчийн хувьд байдал бүр хүнд гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Тиймээс зөвхөн ТЭ биш дэлхий дээрх бүх л авиа компани долоо хоногийн бүх ажлын өдөр эсвэл долоон өдөр нислэгтэй байхыг эрмэлздэг хамгийн нийтлэг зорилт юм. 

Долоо хоногт нэг, хоёр удаа нисч байгаа чиглэлээс илүүтэйгээр давтамжийн хувьд илүү олон нислэг үйлдэж байгаа чиглэлээс олох орлого төдий чинээ илүү байна. Энэ бол МИАТ-ийн хувьд ч хүчинтэй. Бид нар ашгаас илүү яаж олон зорчигч авчрах вэ гэдгийг бодож байна. 

Монголд ирэх нэг жуулчныг төсөөлье. Эхний өдөр Улаанбаатарыг үзлээ, хоёр дахь өдөр нь Хархорин явж үзнэ, гурав дахь өдөр бас нэг сонирхолтой газар үзжээ. Дөрөв дэх өдөр нь магадгүй буцах байх. Олноор ирдэг жуулчдын хувьд ч ийм. Бизнес эрхлэгчдийн хувьд харин арай өөр. Нүүр тулж уулзлаа. Гарын үсэг зурлаа. Маргааш нь шууд буцахыг илүү үздэг. 

Ачаа, барааны хувьд бүр онцгой. Үргэлж тасралтгүй бараа явж байх ёстой. Өдөр, өдөрт нь өөрийн хүссэн хэмжээгээр нийлүүлэлтийг хийж байх ёстой. Жижиг онгоцын хувьд ачаа тээврийн хувьд хязгаарлагдмал. Том онгоц нисгэх гэхээр давтамжийн хувьд асуудалтай болчихдог.

Монгол Улстай хийх гадаад худалдаа 300 саяд хүрсэн ч хүрээгүй ч манай улсын хувьд хохирол үзүүлэхээр дүн бол биш. 

Бидний хувьд Монгол Улстай хийх гадаад худалдаа 300 саяд хүрсэн ч хүрээгүй ч манай улсын хувьд хохирол үзүүлэхээр дүн бол биш. 

Улаанбаатар-Истанбулын чиглэл байсан ч, байгаагүй ч ТЭ-ийг дампууруулах хэмжээний ашиг орлогын хувьд цохилт үзүүлэх чиглэл ч биш.  

2012-2017 онууд буюу өнгөрсөн таван жилийн хугацаанд ТЭ нислэгийг өдөр бүр хийж байсан бол зөвхөн нисэх онгоцны буудалд зарцуулах худалдан авалт, үйлчилгээний зардалд 300 сая америк доллар болох байжээ.

Харамсалтай нь жижиг оврын онгоцоор ирж байгаа учраас Бишкек дээр бүх асуудлыг шийдэж байгаа. Үүнийг Туркийн тал угаасаа зарцуулах ёстой зардал. Бидний алдаад байгаа зүйл биш. Үүнийг алдаж байгаа тал нь Монгол.

Та ТЭ-ийг 500 суудлын эрхтэй гэлээ. МИАТ-д ч гэсэн 500 суудлын эрх байгаа. Энэ бол тухайн улсын эрх юм. Тэгэхээр энэ эрхийг ТЭ компанид өгсөн. Монголын талаас энэ эрхийг ашиглаж байгаа авиа компани байхгүй. 

Аль, аль талд 500, 500 буюу нийлээд 1,000 суудал гарлаа ч энэ хэрэгцээ шаардлагыг хангахгүй. Тэгэхээр миний хэлж буйгаар одоогийн нөхцөл худалдаа, аялал жуулчлал, зорчигч тээврийн хувьд бодит шаардлагад нийцэхгүй байна гэдгийг хэлмээр байна.

 
Энэ нь ТЭ компани ашгаа бодоод Монгол Улсын Засгийн газрын хойноос гүйгээд байгаа асуудал биш. Энэ бол хоёр улсын хоорондын худалдаа эдийн засгийг нэмэгдүүлье гэсэн засгийн газрын нийтлэг зорилтын хүрээнд Турк Улсын Засгийн газраас Туркиш Эйрлайнст шахалт үзүүлж буй асуудал юм.

ТЭ компанийн хувьд ч Турк Улсын Засгийн газрын хувьд ч алив Монголд очоод МИАТ- ийг дампууруулаад ир, ашиг олоод ир, бидэнд мөнгө хэрэгтэй байна гэсэн зүйл огт байхгүй. 

- Танай зүгээс дээрх санал, санаачлагуудыг яг хэзээнээс тавьсан бэ. Манайхаас огт  хариу өгөөгүй гэж ойлголоо. Хоёрдугаарт кодшэйр нислэг дээр яг ямар боломжууд өгч байгаагаа дэлгэрэнгүй мэдээлэхгүй юу?
- Би яг мэргэжлийн хүн нь биш ч гэсэн хариулт өгье. ТЭ компани 2012 оноос Улаанбаатар руу нислэг үйлдэж эхэлсэн. Энэ цаг үеэс л энэ нислэгийн тоо хангалтгүй шүү гэдэг саналаа тавьж ирсэн.

Кодшэйрийн хувьд бид маш өргөн боломжийг олгож байгаа санал.

Улаанбаатараас - Станбул, Станбулаас цаашаа дамжиж Европын олон орон руу МИАТ билет борлуулж тэндээс ашиг олох боломжтой. 

Хэлэлцээрт өөрчлөлт оруулах санал тавьсан ч Монголын талаас энэ, энэ таалагдахгүй байна гэдэг зүйлийг хэлэхгүй байна.

ТЭ нь хэдийгээр хувийн компани ч Турк Улсын Засгийн газартай хамгийн ойр ажилладаг компани. 

Хоёр улсын худалдаа эргэлтийг сайжруулах зорилгоор ТЭ төдий чинээ үүрэг хариуцлага эрсдлийг бас хүлээж байгаа гэдгийг тооцох хэрэгтэй. 

- Элчин сайдын хувийн байр суурийг асууя. Монгол Улс 2020 он хүртэл өөрийн авиа компанитай байх бодлоготой. Далайд гарцгүй, зөвхөн хоёр улстай хиллэдэг орны хувьд төрийн эсвэл үндэсний авиа компанитай байх ёстой гэсэн энэ стратегийн гэх бодлого зөв үү, хувьчлалыг дэмждэг үү?
- Хөрш орнуудтайгаа бүх салбар дахь харилцаа өндөр түвшинд хүрчихсэн Европын Холбооны улс орнуудын хувьд ч гэсэн авиа компанийн тухай бодлого нь нэг нэгнээсээ маш өөр байр суурьтай байх нь нийтлэг. 

Турк улсын хувьд гэхэд өөрийн туршлагаасаа харахад энэ түвшний том компанийг ажиллуулна гэдэг нь хувийн хэвшлийн оролцоогүйгээр сайн хийх боломжгүй юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн гол нь төрийн хувьд өөрийн бодлого, нийтлэг журмыг л маш сайн баримтлуулж ажиллах нь чухал. ТЭ нэгэн цагт төрийн мэдлийнх байсан. Энэ үед Туркийн дотоодын нислэг ч маш ховор байв. Дэлхийн томоохон авиа компани болох үүд хаалга нь хувьчлалын дараа нээгдсэн. 

- ТЭ Монголд орж ирснээр МИАТ-ийн Европын нислэгийг зах зээлийг л хуваасан, түүнээс зорчигчийн тоог нэмээгүй гэж МИАТ-ийн захирал ikon.mn сайтад өгсөн ярилцлагаараа хариуцлагатай мэдэгдсэн. Тэгэхээр цаашдаа зорчигчийн тоо нэмэгдэнэ гэдгийг та бүхэн яг яаж тооцоолж байна гэсэн үг вэ?
- Нэгдүгээрт, аль компани хаанаас зорчигч авчирч байна вэ гэдэг тоо статистикийг олж харах хэрэгтэй болов уу. Хоёрдугаарт, 500 гэдэг хязгаартай байх үед бид угаасаа илүү их зорчигч авчирчихлаа гэж хэлж чадахгүй. Энэ бол маш бага тоо. Долоо хоногт долоон удаа том онгоцоор нислэг үйлдсэнээр өөрчлөлт гарна. Бидний тооцоолж буйгаар жилд 35 мянган зорчигч нэмэлтээр ирэх боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр энэ нэмэгдэх зорчигчийн билетийг  борлуулахын тулд Монгол Улсын сурталчилгааг Туркээс эхлээд БИД сурталчлах хэрэг гарна. 

Одоогийн 500 гэдэг хязгаарын дагуу бид зорчигч нэмэгдүүлэх ямар ч боломж байхгүй. Яагаад гэхээр онгоц дандаа дүүрэн ирж байгаа. 

Одоогийн 500 гэдэг хязгаарын дагуу бид зорчигч нэмэгдүүлэх ямар ч боломж байхгүй. Яагаад гэхээр онгоц дандаа дүүрэн ирж байгаа. 

Саяхан Туркээс манай найзууд Монголд ирэхээр болцгоосон юм. 30 хүний бүрэлдэхүүнтэй найзууд маань ирэх гэж долоодугаар сарын хамгийн сүүлийн билетийн захиалгыг хийлээ. Тэгэхээр наашаа ирэх гэсэн зочдод өөрсдөө хязгаар тавьчихаад тэр хязгаараас болж та нар зорчигчийн тоог нэмэхгүй байна гэдэг утгагүй шүүмжлэл. 

Долоо хоногт хоёр том онгоц ниснэ үү, гурван жижиг онгоц ниснэ үү ямар ч тохиолдолд бид 500 –аас илүү зорчигч бид авчрах боломжгүй. 

- Долоон хоногт долоон удаа том онгоцоор нислэг үйлдлээ гэж бодоход нислэгийн цаг багасна гэж ойлгож байгаа. Энэ зөв үү. Хоёрдугаарт үнийн хувьд ямар бууралт гарах вэ?
- Одоо үйлдэж байгаа Улаанбаатар-Станбул нислэг 10 цаг 30 минут үргэлжилж байгаа. Энэ хугацаа 7 цаг 30 минут болж буурах боломжтой.

Хоёрдугаарт, билетийн үнэ 30-40 хувь бууна.

Гуравдугаарт, ачаа, тээврийн хувьд мөн төчнөөн хувь үнэ буурна. 

МИАТ компани үндэсний компани гэж ярьдаг. Гэтэл иргэний нисэхийн салбараас үйлчилгээ авч байгаа Монгол Улсын иргэд МИАТ компаниас үнэ цэнэгүй юм уу.​ Тэд ч гэсэн үндэсний эрх ашиг биш гэж үү гэж асуумаар санагдаж байна. 

Жижиг онгоцоор нисэхээр түлшний багтаамжаас хамаараад ачаа тээврийн хэмжээ багасдаг. Бидний хүсч буй шууд нислэг хийж эхэллээ гэхэд наад зах нь ачаа бараа хоцорно гэдэг ойлголт байхгүй болно. Дээрээс нь багтаамж нэмэгдэнэ.

Эндээс явж байгаа зорчигчийн хувьд ачаа гайгүй. Туркээс ирж байгаа онгоцонд сууж байгаа зорчигчийн ачаа овор ихтэй болдог. 

Мэдээж хэрэг жижиг онгоц аюулгүй байдлын үүднээс ачаа тээвэр дээрээ асуудалтай байдаг учраас би жишээ нь өөрийнхөө ачааг Солонгосоор дамжуулж авчирсан. Энэ нөхцөл байдалд Турк улс ч хожоогүй, Монгол Улс ч хожоогүй. 

Хэлэлцээрийн хүрээнд зөвхөн карго буюу ачаа тээврийн онгоц явуулах боломж бий. Хамгийн гол нь онгоцоо дүүргэх явдал чухал.

Одоогийн байдлаар Монголоос Турк руу нэг онгоц дүүргэх ачаа байхгүй. Тиймээс юуны түрүүнд онгоцоо дүүргэх хэмжээний ачаа тээвэрлэх хүмүүсийг нь бизнес эрхлэгчдийг нааш нь тээвэрлэх шаардлагатай.

Тиймээс ч бид  гуравдагч цэгээс ачаа авчраад гурвалжин нислэг үүсгэх бас сонирхол бас байгаа. Үүнийг бол Монголын тал хүлээн зөвшөөрөөгүй.

Энэ хүрээнд бас л хамгаалалтын зарим механизмыг санал болгож байна. Одоо гурав дахь цэгээс ачаа авчихаад Монголоор дайраад үлдсэн ачаагаа авчихаад Турк руу нисэх онгоц маань зөвхөн Турк руу хүргэх амлалтыг өгч байгаа. Туркээр дамжаад Европын өөр орон руу нисэхгүй.

Ачаа тээврийн онгоц нисч эхэлбэл, Монголчуудын эдэлж хэрэглэж байгаа турк барааны үнэ ч буурах боломжтой болно. Дээрээс нь сонголтын хувьд ч нэмэгдэх нь гарцаагүй. Тэгэхээр хэмнэлт гэдэг бол тухайн иргэний халаасанд үлдэж байгаа мөнгийг хэлнэ. 

Нөгөө талаас Монголоос Турк руу малын хоёрдагч түүхий эд арьс шир зэрэг олон төрлийн барааны эргэлт нэмэгдэнэ. 

- Монголоос буцах онгоц дүүрэхгүй учраас та холбосон 3 нислэгийн тухай боломжийг хэлж байна. Туркээс Монголд ирэх онгоц дүүрэн ирэх нь Туркийн хувьд экспортоо нэмэгдүүлж байгаа эерэг талтай. Харин Монгол Улсын хувьд хэмнэлт хийхээс гадна танай улс руу экспорт хийх боломжтой бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх нөөц бий юу. Үүнийг Монголын тал бодлого боловсруулах ёстой. Яг таны хувьд хэрхэн харж байна вэ?
- Би танд нэг жишээ хэлье.

Монголоос зөвхөн арьс шир авч Турк руу явуулдаг Турк бизнесмэн байдаг. Боломжийн үнэтэй карго нислэг байгаа тохиолдол 2-3 өдөрт түүхий эдээ цуглуулаад пакетлаад явуулах хүсэлтэй байдаг.  Тэгтэл тийм боломж байхгүй. Тэгэхээр Солонгосоор дамжуулаад Турк руу явуулахаар үнэтэй тусдаг.  Харин үүнээс үлдсэн ганц арга зам нь ачаагаа чингэлэгт хийгээд газраар явуулах. Нэг чингэлэг ачааг цуглуулж дүүргэх явц нэг сар. Чингэлэг хуурай замаар 3 долоо хоног, далайгаар хүргэвэл 3-8 долоо хоног байдаг.

Энэ тохиолдолд энэ бизнесийг орхи, гар гэсэн үг. Түүхий эдээ цуглуулах гэж нэг сар, тэр нь Туркт хүрэх гэж 2 сар, бүтээгдэхүүний хагас боловсруулалт хийгдээд мөнгө олох гэсээр 3 сар болох нь ашиггүй бизнес.

Цаашлаад Турк улсын мөрдөж байгаа хууль тогтоомжоор одоогоор бид Монголоос мах импортолж эхлээгүй байгаа. Эрүүл ахуйн шаардлагын асуудал байдаг. Цаашдаа ачаа тээврийн нислэг үйлддэг улсын тоо нэмэгдвэл Турк мах импортлогч улсынхаа тоог нэгээр нэмэх боломжтой.

 

- 2020 он хүрэхэд МИАТ хувьчлагдаж илүү чөлөөт өрсөлдөөн бий болох боломжтой болов уу гэсэн хүлээлт бий. Гэхдээ ТЭ энэ хүртэл хүлээх үү. Энэ хүртэл хэлэлцээрээ ахиулахын тулд ямар алхам хийх вэ?
- Засгийн газрын хурал бол тухайн улс үндэстний бодлогыг урагш ахиулахад оршдог. Хэрэв асуудал урагшилж л байвал өмнө нь гаргасан шийдвэр тогтоолыг эргэж харж яагаад болохгүй гэж. 

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлагдсан ч гэсэн яг 100 хувь хэрэгжиж чадаж байна уу гэдэгт би эргэлзэж байна.

Энэ 2020 оны стратегиар алхам алхмаар гадаадын авиа компаниудыг нэмэгдүүлж тэдэнтэй хамт өсч томорно гэсэн зорилго байгаа.
 
Тэгэхээр тухайн стратегийн баримт бичгийн энэ агуулгаар бид хамтран ажиллах гэж оролдсон ч амжилт олоогүй. 

Ямартай ч хоёр улсын нийтлэг эрх ашиг хоёр улсын худалдаа эдийн засгийг нэмэх. Хоёр улс энэ боломжоо дайчилж ажиллана гэдэгт би эргэлзэх зүйл алга. 

Миний зорилт бол энэ асуудлыг өчигдөр гэхэд л шийдчихсэн байхыг хүсч байна. Яагаад гэхээр өдөр ирэх тусам хоёр улс алдагдал хүлээж байна.

Монголын талтай үүнийг ний нуугүй ярьж асуудлыг нэн даруй шийдэх хүсэлтэй байна. Энэ бол хоёр улсын хооронд үл ойлголцол үүсгээд байгаа асуудал биш. Энэ бол хамтраад хэлэлцээд шийдэх хэрэгтэй ажил гэж харж байна.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ тал дээр эерэг, ижил байр суурьтай байгаад баярлаж явдаг.

- ТЭ –ийг жижиг авиа компаниудыг залгидаг гэдэг мэдээллийг манайхан гаргадаг шүү дээ. Тийм мэдээлэл ч олон улсад гардаг. 
- Би энэ асуудлаар бас Монголын талаас бас нэг тайлбар хүсч байна. Бидэнд жишээ өгөөч. Биднийг буруутгаж байгаа асуудал дээрээ бодитой жишээ өгөхгүй юу. 

ТЭ бусдыг дампууруулсан, дампуурахад хүргэсэн авиа компани байгаа гэдэгт би эргэлзэж байна. 

Турк улсад ТЭ-тэй өрсөлдөж байгаа олон компани байна. 2012 онд Изинис Эйрвэйз дампуурсан. Тус компанийн хувьд  бидэнтэй холбоогүй буюу дотоодын нислэг үйлддэг компани. Гэтэл ТЭ Изинис Эйрвэйзийн дампууралд буруутай мэт яриа гарсан. Энэ мэт зохиомол байдлаар биднийг буруутгаж байх жишээтэй. 

Хамгийн гол нь ширээний хоёр талд төлөөлж суух төлөөлөгчид хоёр улсад харилцан ашигтай байх зарчмыг баримтлаад хэлэлцээнд суухад л бараг л асуудлыг хоёр цагийн дотор шийдэх боломжтой. 

Миний хувьд Монгол Улсын компанийн талаар санал бодлоо хэлэх биш Туркийн талаас юу хийх боломжтой вэ гэдгээ ярихыг хичээлээ.

Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан мэдээллүүдэд шударга бус, буруу мэдээлэл, байр сууриудтай би олон таарсан. 

- Санал өгөөгүй ч манай талаас нэг ч хэлэлцээнд ороогүй гэсэн үг үү?
- Хэлэлцээ хийгдсэн. Гэхдээ хэлэлцээрт хүрэхгүй байх тал дээр МИАТ-ийн нөлөөллийн ажил амжилтад хүрсэн гэж бодож байна. Дахиад энэ хэлэлцээг үргэлжлүүлэхэд бид бэлэн байгаа. 

Ойрын хугацаанд уулзалт хийхээр бэлтгэл ажил хийгээд явж байна. Гол нь ширээний ард хоёр тал итгэл үнэмшилтэй суух хэрэгтэй. Бидний урьж байгаа тал бас итгэл үнэмшилтэй байгаасай. Ямартай ч бүх салбарт бидний харилцаа сайн хөгжиж байгаагийн адил энэ салбарт үр дүнтэй яриа хэлэлцээр хэрэгжүүлж чадна гэдэг итгэлийг бид тээсээр байна.

Жилийн эхлэл, төгсгөл гэхгүй энэ асуудлыг шийдэх хүсэлтэй байна.

 

- Нэгэнт Элчин сайдтай уулзсаных иргэний нисэхийн салбараас гадна хоёр улсын харилцааг ахиулахаар 2018 онд төлөвлөсөн чухал ажлуудаасаа та танилцуулахгүй юу?

- Ямартай ч 2018 оны хувьд Турк, Монгол аль аль улсад нь улстөрийн сонгууль явагдахгүй жил болж байгаа нь харилцааг хурдасгах боломж байна гэж харж байгаа. 

Харилцан дээд хэмжээний айлчлалуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамгийн эхний айлчлал Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд гуравдугаар сарын эхээр Турк Улсад айлчлал хийнэ. Мөн ирэх дөрөвдүгээр сард Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан Эдийн засгийн хорооны ээлжит хуралдаан Улаанбаатар хотод болно. Мөн энэ үеэр хоёр улсын хамтарсан Эдийн засгийн  форум зохион байгуулагдана. Мөн жилийн дундуур Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд Турк Улсад айлчлахаар яригдаж байгаа. 

Турк Улсын зүгээс Турк Улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлах талаар бид судалгаа, бэлтгэл ажил хийж байна.

Тэгэхээр 2018 онд бид хоёр улсын гадаад худалдаа, улстөр, эдийн засгийн харилцааг л ахиулахыг зорьж байна даа.