Индэр    
2018 оны 1 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

У.Хүрэлсүх 100 жилийн түүхт МАН-ын "амыг нь барих" уу, амийг нь залгуулах уу?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

- Отгон Засгийн газрын 100 дахь хоногт  - 

     Монголчууд долоон удаагийн парламентын сонгуулийн ард гарчээ. 

Энэ хугацаанд нийт 532 УИХ-ын гишүүнийг давтагдсан тоогоор сонгосон байна. 

1992 оноос хойш УИХ-д сонгогдсон 532 гишүүний дийлэнх олонх нь буюу 340 суудлыг Монголын ууган улс төрийн хүчин Монгол Ардын Нам “авчээ”. 

Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан байдаг. 

Тэгвэл том зургаар харвал 26 жилийн хугацаанд энэ эрх мэдлийг эдэлдэг парламентын гишүүдийн 64 хувийг буюу олонхын шийдвэрийг МАН гаргаж ирсэн байна. 

Нийт ДОЛООН удаагийн парламентын ДӨРӨВТ нь МАН үнэмлэхүй олонх, нэгт нь сөрөг хүчинтэйгээ тэнцэж бараг ТАВАН парламент, нийт гишүүдийн 64 хувийн суудлыг эзэлж 26 жилийн хугацаанд Монголын хөгжил дэвшил, ухрал, уналтын дийлэнх шийдвэрийг энэ улстөрийн хүчин гаргаж иржээ гэж хэлж болохоор тоо баримт гарах юм. 

График 1, УИХ-ын түүхэн үзүүлэлт, 

 

Үнэндээ Монголчууд 1990 онд ардчилсан хувьсгал хийсэн гэх боловч  өмнөх социалист 70 жилийн түүхэнд засаглаж ирсэн улс төрийн хүчин л ардчилсан гэх Монгол Улсын хувь заяаг залсаар байна. 

Өнөөдрийн Монгол Улс ахиж дэвшсэн үү, ухарч хойшилсон уу гэдгийг зөвхөн эдийн засгаар хэмжих боломж үгүй. 

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, нийгмийн дэмжлэг, эрүүл амьдралын дундаж хугацаа, сонголт хийх эрх чөлөө, өөдрөг байдал, итгэлцэл, авлига гэсэн улс үндэстний хэмжээнд аз жаргалтай байх үндсэн хүчин зүйлүүдийг харьцуулсан Дэлхийн Аз жаргалын индексээр (2017 оны тайлан) Монгол Улс дэлхийн 155 орноос Бутан, Киргиз, Балба зэрэг орны араас 100 дугаарт бичигджээ. 

Мөн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 100 мянган хүнд ногдох амиа хорлолтын үзүүлэлтээр (28.1) Шри-Ланка, Гайана хоёрын араас ДЭЛХИЙД ГУРАВТ жагсжээ. 

Өсвөр насныхны амиа хорлолт өсч байгаа ч өөрийгөө егүүтгэсэн иргэдийн 70 орчим хувь нь 29-ээс дээш насныхан.

Зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр авч үзвэл, Дэлхийн Банкнаас хийсэн сүүлийн ядуурлын судалгаагаар Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэдэг ангилалд багтаж байна. Үндэсний Статистикийн Хорооны мэдээлж буйгаар ядуу монгол иргэн сардаа боловсролдоо 3,974 төгрөг, эрүүл мэнддээ нэг доллар хүрэхгүй буюу 2,274 төгрөг зарцуулж байгаа бол хүнсэндээ сард 45,702 буюу өнөөдрийн ханшаар 19 ам.долларыг зарцуулж амь зууж байна. 

Ингээд харахаар 1992 оноос хойшх Монголчууд өөрсдийнхөө толгойг өөрсдөө мэддэг болсон цаг үеэс буюу сүүлийн 26 жилийн хугацаан дахь улс орны бодлогыг тодорхойлж ирсэн улстөрийн хүчин, нам, улстөрчдөд олон нийт ямар дүн тавих вэ.

Хариулт нь бэлэн. 

MEC судалгааны агентлагийн 2017 оны арванхоёрдугаар сард хийсэн судалгаагаар аль нэг улстөрийн намыг дэмждэггүй иргэдийн хувь 51 болж нэмэгдсэн байна. Энэ хувь 2017 оны долоодугаар сард 28 байсныг та график хоёроос харж болно. 

Өөрөөр хэлбэл нам дэмжигч бус иргэний тоо хагас жилийн дотор 23 хувиар өсч судалгаанд оролцогчдын тал хувийг давлаа.

График 2, Иргэдийн онцолдог нам, 

 

Энэ судалгааны үр дүнгээс харвал, 2020 оны УИХ-ын сонгуулиар олон нийт ямар сонголт хийх бол гэдэг сонирхол татахгүй байхын аргагүй сэдэв болоод байна. 

Тэр тусмаа өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар цойлон гарч ирсэн 99,494 хүн “Цагаан сонголт”-оо баталгаажуулж дахиад 10 мянган хүн л энэ сонголтыг хийсэн бол анхны нэр дэвшигчдийг солих хэмжээнд хүрэх байсан энэхүү сонгох эрх 2020 оны УИХ-ын сонгуулиар ямар өөрчлөлт авчрах бол. 

Дотуур өмд, төмсөг, биеэ үнэлэгч, сонгогч олноосоо авах татвараа нэмэх атлаа өөрснөө тансаглах сайд нар, бэлэн мөнгө тараалт, тойргийн мөнгө, засаг солигдох, чуулганы хуралдааны оролцоо, мэдлэг, боловсрол, хоорондын тэмцэл, хэрүүл, авлигын сүлжээнд автаж зөвхөн популизмаар амь тээгчдийн дуулиан, шуугиан, өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь няцаах алдаатай бодлогуудын тухай өдөр бүр хөврөх мэдээлэл 2020 онд ямар хэмжээний өөрчлөлт авчрах бол. 

1992 оноос хойш буюу 26 жилийн хугацаанд бид 14 Ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Ингэхдээ 16 жилд нь МАН-ын Ерөнхий сайд томилогдож байжээ. 

Энэ хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусгасан хоёр л Ерөнхий сайд байгаа нь П.Жасрай, Н.Энхбаяр. 

Гэхдээ УИХ-д үнэмлэхүй олонх, намын дарга, Ерөнхий сайд гэх эрх мэдэл, үүргийг Н.Энхбаяр л ганцаараа хүлээж байжээ. Түүнээс хойш У.Хүрэлсүхэд ийм үүрэг ногдох ажээ. Өөрөө ч үүнийг хүссэн.  

Өөрөөр хэлбэл, 65 гишүүн нь МАН-аас бүрдэх УИХ, Намын даргаараа удирдуулсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт ирж буй ээлжит түүхэн боломж. 

Ирэх Даваа гарагт У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн хэвлэлийн хуралтай. Энэ үеэрээ тэрбээр ажлаа тайлагнаж, цаашдын төлөвлөгөөгөө илүү тодорхой ярина гэж найдаж байна. Хамгийн гол нь Монголын улс төрд ярих чадвар, урлагт л сайн суралцсан хүмүүс нь лидер болохоос яг хийдэг, гүйцэлдүүлдэг "эзэнгүй" болоод байгааг мэдэхийн хувьд энэ хэвлэлийн хурлаар яг юу ярих нь чухал биш. Харин ярьснаа хийх үү гэдэгт л учир бий.  

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар хангалттай ажиллаж чадахгүй бол МАН-ыг ч, АН-ыг ч ямар хувь заяа хүлээж байгаа бол?!

Ойрын түүх хэлье.

2016 оны гуравдугаар сар буюу УИХ-ын ээлжит сонгууль болохоос гурван сарын өмнө “Сант Марал” сангаас хийсэн “Улстөрийн барометр #15” судалгаагаар "Хэрвээ маргааш УИХ-ын сонгууль болвол Та аль намын төлөө саналаа өгөх вэ?” гэсэн асуулгад судалгаанд оролцогчдын 38.3 хувь нь Монгол Ардын Нам, 31.7 хувь нь Ардчилсан Нам, 19.3 хувь нь Монгол Ардын Хувьсгалт Нам гэж хариулж байжээ. 

Харин энэ судалгаанаас гурван сарын дараа болсон УИХ-ын сонгуульд иргэд ямар сонголт хийсэн бэ. 

Хэдийгээр парламентын 76 суудлын 65 буюу 85.5 хувийг МАН авсан ч энэ бол жижигрүүлсэн тойргоор явагддаг сонгуулийн онцлогоос гарч ирсэн олонх юм. 

Сонгогчдын бодит саналаар иргэдийн 45.7 хувь нь МАН, 33.5 хувь нь АН, 8.1 хувь нь МАХН-д саналаа өгчээ. Өөрөөр хэлбэл МАН, АН-ын хувьд судалгааны дүнтэй дөхөж байна. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН -аас нэр дэвшигч М.Энхболд 41.2 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 50.6 хувийн санал авчээ. Энэ сонгуулиар ч хоёр намын саналын зөрүү 10 орчим хувь. 

2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар МАН-ын рейтинг хотод 17 хувь, АН-ынх 25 хувь байгааг график хоёроос харж болно.  Зөрүү нь мөн л 10 орчим буюу 8 хувь.

Харин энэ хоёрыг хоёуланг нь түрж буй сонголт бол хэнийг нь ч биш буюу "Цагаан сонголт".

Хэрэв МАН, У.Хүрэлсүх үлдсэн 900 хоногтоо сонгогч олны итгэлийг сэргээх, улс орны амьдралаа өөд татаж чадахгүй аваас 2020 оны сонгуульд МАН, АН хоёулаа түүхийн хуудсаас арчигдахад бэлэн болох өөрчлөлтийн салхи сэвэлзээд эхэлжээ. 

Энэ дунд Ардчилсан Намыг хавчуулж буй нь тэдний эрчимтэй бууж буй рейтингтэй холбож харж болохоор байна.

Тэгэхээр олон нийт сүүлийн 26 жилд Монголын төрийг хослон барьж ирсэн энэхүү хоёр намаас эрчимтэйгээр зайгаа барьсаар. 

2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид “Цагаан сонголт”-ын талаар сайн мэдээлэлтэй байгаагүй нь нэг мууг, нөгөө муугаар сольсон болохоос МАН тийм хүч түрсэн рейтингээрээ ялчихсан хэрэг биш юм гэдгийг судалгааны байгууллагуудын урьдчилсан дүн болон сонгуулийн бодит саналын зөрүү нотлох ажээ. 

Өөрөөр хэлбэл, энэ хоёр нам яаж ч бие биенээ ялаад саналын зөрүү 10 хувиас хэтрэхгүй байна. 

Аль ч тохиолдолд биенээсээ онцгойрон давах боломжгүй нам гэдэг Монгол Улсын зовлонгийн шалтгаан болж буй энэ тогтолцоог хэрхэн амь залгуулах тухай У.Хүрэлсүх сайд чухам юу бодож суугаа бол. 

Тэрбээр өөрийн Засгийн газарт үлдсэн 900 хоногт хийх ажлаа Монгол Улсыг хүнс, эрчим хүч, шатахуунаа дотоодоосоо хангах ёстой гэсэн зорилтын дагуу ажиллахаа илэрхийлээд буй.  

МАН 2012 -2016 он буюу сөрөг хүчнийхээ давамгай байх үед Монгол Улсын өр, зээл хэмжээ хязгаараа давж байгааг сануулж, буруутган орилсоор л сонгуульд ялалт байгуулсан ч өнгөрсөн хоёр жил тус нам яг л өмнөх засгийн гадны мөнгөөр амь залгуулах үйлдлүүдийг хийж байна. Арга нь арай өөр. 

Эдийн засгийн ээлжит хүндрэл буюу 2012-2016 онуудад Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом агшиж ДНБ-ий 45 хувьтай тэнцэж байсан нь 1 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн байдаг. Дээрээс нь Монгол Улсын эдийн засгийн гол салбар болох уул уурхайн бүтээгдэхүүний ханш унаснаар гадаад валютын орлого эрс муудаж төгрөгийн ханш суларсныг бид мэдэх учиртай.

Энэ улсын эдийн засгийг зөвхөн уул уурхай гэсэн доголон хөлтэй болгосон нь өнөөдрийн бидний зовлонгийн шалтгаан, хямралын үндэс болоод буй. Харин энэ буруу бодлогын хариуцлагын эзэн МАН, АН. Ихэнх хувьд нь МАН байсныг түүх гэрчиллээ.

Эдийн засгийн ээлжит хүндрэл буюу 2012 -2016 онуудад Ардчилсан Намын засгийн газар өөрийн толгойгоор, арай үнэтэй зээл буюу бонд босгож голыг нь таслалгүй сааруулж ирсэн бол Монгол Ардын Нам бусдын батлан даалтаар арай хямд хүүтэй зээллэгүүдээр улсынхаа амийг залгуулж байгаа нь бодит үнэн.

Харин Монгол Улс батлан даалтаас гарсан хойно хаачих вэ. Өнөөдөр хар жагсаалтаас гарсан талаар, хямд зээлүүдийнхээ тухай баярлан хөөрцөглөн ярих ултөрчид олон байх ч урт хугацаандаа энэ улс хаа хүрэх вэ, дахиад хямрал, хүндрэл ээлжит циклийнхээ дагуу ирэхэд бид бэлэн үү гэх олон асуулт хариултгүй хэвээр. 

Яг үнэндээ сүүлийн 26 жил Монголыг ээлжлэн болон хослон барьсан эдгээр гол хоёр намын улстөрийн талцал, барагдашгүй шуналаас үүдэлтэйгээр өнөөдөр Монгол Улс татвар төлөгчдийн мөнгөнөөс “цавчаа” хийдэг УИХ, Засгийн газар гэдэг хоёр том компанитай л болжээ. 

Харин энэ этгээдүүдийн амь 2020 онд бараг тасрахыг судалгааны дүнгүүд үзүүлж байна. 

2021 онд 100 жилийн ойтойгоо золгох МАН-ын "амыг нь барих" уу, амийг нь залгуулах уу гэх үүрэг хариуцлага энэ цаг үед энэ намд зүтгэж буй бүх гишүүнд нь ногдох ажээ. 

"Амыг нь барина" гэдэг нь яг одоогийн тэнэглэлүүдээ үргэлжлүүлэхийг хэлнэ.

"Амь залгуулна" гэдэг нь эрх ашгийн эрэмбээ ялгаж үйлдэл хийж эхлэх тухайг хэлнэ. Гэхдээ амь залгуулахын утгыг Монгол хэлний тайлбар тольд "Аргалж амь зуух" гэж тайлбарсаныг сануулъя.

"Ам барих" тухайд "Хөгшин настандаа бяцхан хүүхдээр аманд нь сүүл үмхүүлэн эцсийн замд нь үдэх, хээр орхих"-ыг хэлдгийг Монголчууд бид мэднэ. 

 
Гэрэл зургийг MPA.mn