Индэр    
2018 оны 1 сарын 17
Зураг
Эдийн засгийн мэдээлэл

Биткойн ямар үнэтэй вэ?

Зураг

Биткойны ханш ихээхэн тогтворгүй гэдгийг сүүлийн сарын хугацаандах үнийн өөрчлөлт харуулаад байна. Ханш нь зогсолтгүй өсөх мэт байсан биткойны ханш 2017 оны 12-р сарын 16-ны өдөр түүхэн дээд хэмжээндээ буюу 19,343 ам.долларт хүрсэн бол сарын хугацаанд буурсаар өчигдөр буюу 2018 оны 1-р сарын 15-ны өдөр 13,585 ам.доллар дээр хаагдсан байна. Өөрөөр хэлбэл сарын хугацаанд 29.7 хувийн уналт гэдэг бол ямар ч хөрөнгө оруулагчийн хүсэх зүйл бишээ. Энэхүү уналтын гол шалтгаан нь зохицуулалтгүй байгаа криптовалютыг зохицуулах талаар яриа улс орнуудад хийгдэж эхэлсэнтэй холбоотой.

Цаашлаад биткойныг хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш гэдгийг томоохон хөрөнгө оруулагчид онцолж эхэлсэн нь хүмүүсийн шийдвэр гаргалтад нөлөөлж байна. Жишээлбэл, алдарт Беркшир Хэтэвэй компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн нөлөө бүхий хөрөнгө оруулагчдын нэг Варрен Баффет биткойн эсвэл аль нэг криптовалютад хэзээ ч хөрөнгө оруулалт хийхгүй болохоо мэдэгдсэн. Учир нь криптовалютад хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь спекуляци шинжтэй аж. Өөрөөр хэлбэл өнөөдөр авсан биткойныг маргааш өснө гэсэн найдлагаар худалдаж авах нь мөнгөн тэмдэгт цуглуулахтай ижил юм. Энд мөнгөн тэмдэгт цуглуулагчид он цагийн эрхэнд өөрсдийн цуглуулгын олдоц багасаж үүний даараа үнэ нь өснө гэж найддагтай адилтгаж, зүйрлэж байна. Гэтэл мөнгөн тэмдэгт цуглуулах гэдэг нь сонгодог хөрөнгө оруулалтаас өөр.

Нөгөөтэйгүүр биткойныг худалдаж авахаас илүү олборлох нь зохистой байж болох талаар яриа дэгдсэн. Учир нь олборлоход хөрөнгө оруулалтын эрсдэл харьцангуй бага. Олборлолтод зөвхөн үйл ажиллагааны буюу цахилгааны, компьютер технологи худалдаж авах зардалууд багтдаг. Иймд эрчим хүчний зардал биткойны ханшаас бага байх л юм бол та ашиг олох боломжтой.

Сүүлийн үед биткойныг олборлох өндөр хүчин чадалтай процессорууд БНХАУ-аас Монгол Улсад ихээр импортлогдож байгаа. Тэдгээрийг ажиллуулахын тулд буюу нөгөө блокчейнд оролцоход их хэмжээний цахилгааны зардал гардаг. Блокчейн бол маш нарийн математик тооцоолол бүхий технологи. Тиймээс Монгол Улсад тэр их эрчим хүчийг бий болгох нөөц бололцоо байна уу гэдэгт мөн анхаарах хэрэгтэй.

Өөр нэг анхаарвал зохих зүйл нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх явдал юм. Блокчэйн нь дундын зохицуулагчгүйгээр гүйлгээ хийх боломжийг олгодог учраас гүйлгээний шимтгэлийг бууруулах боломжтой боловч заримдаа хоёр талын этгээдүүд харилцан биеэ таних боломжгүй байдаг. Энэ сул талыг ашиглаж Исламын Улс зэрэг террорист бүлэглэлүүд биткойн хэлбэрээр хандив авдаг болоод байгаа. Тиймээс биткойны үнийн уналтад нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл бол харилцагчийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх ажиллагаа юм. Харилцагчдыг таньснаар мөн компьютерийн автоматжуулалтыг таних буюу зах зээлд хийсвэрээр нөлөөлөгч нарыг таньж, хязгаарлах боломж бүрдээд байгаа. Үүнийг манипуляци гэдэг ба хөрөнгийн бирж дээр хамгийн их хянаж, хориглодог зүйл юм. Хэрэв та эсвэл таны брокер дилер хувьцааны үнэд ямар нэгэн байдлаар, хийсвэрээр нөлөөлөх оролдлого хийх юм бол Санхүүгийн Зохицуулах Хорооноос илрүүлж, таныг торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно. Тиймээс манипуляцийг буруулахаар зохицуулалтуудыг криптовалютууд дээр хийгдэж эхлээд байна.

 

Нийтлэлч: Э.Цэлмэг