Индэр    
2018 оны 1 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

М.Баттүшиг: Хиймэл оюун ухааны эрин үе ирж байна

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

15 настай байхдаа Массачусетсийн Технологийн Институтын онлайн сургалтад амжилттай суралцаж, 150 мянга гаруй хүнийг шалгалтын оноогоороо тэргүүлсэн М.Баттүшигийн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.

“Сант” сургуулийн төгсөгч тэрбээр яг одоо MIT-ийн InfoLab-д ажиллаж, магистрын судалгааны ажлаа Artificial Intelligence /хиймэл оюун ухаан/, Machine Learning чиглэлээр хийж байна. Мөн М.Баттүшиг Apple компанийн iPhone X утасны камер хөгжүүлэлтийн багт ажиллажээ.

Бид түүнийг өвлийн амралтаараа Монголд ирсэн байхад нь урьж ярилцлаа. Дэлхий болоод Монголын мэдээллийн технологи, боловсрол, хувь хүний хөгжлийн талаарх ярилцлагыг хүлээн авна уу.


"Манай баг Apple-ийн ирээдүйд Augmented Reality буюу утасны дэлгэцээр илүү бодитой харах технологийн цаад алгоритмыг хийдэг"

-Таны ажиллаж буй “Computer Vision төсөл их сонирхолтой санагдсан. Аливаа камерт бичигдэж буй дүрсийг хиймэл оюун ухаанаар унших, тайлах, ойлгох нь амьдрал дээр ямар ач холбогдолтой вэ?

-Энэ бол миний ажиллаж буй онцлох нэг төсөл юм. Үүнийг амьдрал дээр янз бүрээр ашиглаж болно. Жишээ нь намайг утсаа барьчихсан байгаа эсэхийг ямар ч хүн хараад мэднэ. Компьютер харин утсаа яг барьсан, эсвэл бага зэргийн зайтай байгаа эсэхийг одоогийн түвшинд ялгаж чаддаггүй. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилготой.

Тухайлбал, эмнэлэгт эмч нар гараа дутуу угаавал өвчтөнүүдэд халдвар дамжуулах эрсдэлтэй. Үүнээс хамгаалахын тулд гараа бүтэн угаасан эсэхийг хиймэл оюун ухаан ашиглаж автоматаар тодорхойлох боломжтой. Ингэснээр эмнэлгийн эрүүл ахуйн стандартыг сахиулж болно. Эмнэлэг гэлтгүй түргэн хоолны ресторануудын ажилтнууд гараа бүрэн угааж байна уу, усаар норгочихоод явж байна уу гэдгийг хянана гэсэн үг. Тийм учраас манай лаборатори энэ төслийг хийгээд, бодит амьдрал дээр нэвтрүүлэхдээ эрүүл ахуйн стандартыг сайжруулахыг зорьж байна.

Саяхан манай лаборатори дээр Toyota-гаас мөн санал тавьсан. Жолооч рулиэ барьж байна уу, барьж байгаа бол яаж барьж байгааг автоматаар тодорхойлж, ядарсан эсвэл согтсон үед аюулгүй ажиллагааг хангахыг Machine Learning ашиглан шийдэх боломжтой эсэхийг судалж байна.

-Machine Learning гэдгийг таны хувьд хэрхэн тодорхойлох вэ. Мэргэжлийн бус хүмүүст ойлгомжтой тайлбарлаж өгнө үү?

-Миний хувьд Machine Learning бол хүний хөдөлмөрийг яаж хөнгөвчлөх вэ л гэдэг асуудал. Сая ярьсан судалгааны ажил дээр гарсан кейс дээр тайлбарлавал хүн гараа яаж угааж байгааг шалгахын тулд нэг хүн зогсоогоод шалгуулж болно. Гэхдээ гараа бүтэн угааж байгаа эсэхийг 24 цагаар байнга хараад суух хэцүү. Үүнийг компьютерээр шийдэхийг Machine Learning-ийн зорилго гэж хэлнэ.

-Artificial Intelligence буюу Хиймэл оюун ухаан гэсэн том ойлголт бий. Artificial Intelligence, Machine Learning хоёрын гол ялгаа нь юу юм бэ?

-Философийн асуулт байна. Artificial Intelligence буюу хүн шиг боддог компьютер хийх нь хүн төрөлхтний мөнхийн мөрөөдөл. Дэлхийн эрдэмтэн бүр үүнийг хийх анхдагч зүйлсийн талаар бодож байна. Гэхдээ одоогийн бидний нөхцөл байдал хүн шиг боддог компьютер хийхээс хэдэн мянган жилийн өмнө ч байж магадгүй. Artificial Intelligence-ийн анхдагч хэсэг нь Machine Learning юм. Өөрөөр хэлбэл том ойлголтын нэгээхэн хэсэг нь гэсэн үг.

Machine Learning бол компьютер өөрсдөө хүн шиг бодож санааг нь олохгүй ч гэлээ датаг нь өгчихвөл хүний тусламжтайгаар сурчихдаг түвшинд байгаа үе юм.

"Artificial Intelligence-ийн анхдагч хэсэг нь Machine Learning юм. Өөрөөр хэлбэл том ойлголтын нэгээхэн хэсэг нь гэсэн үг"

-Яагаад Machine Learning-ийн чиглэлээр суралцаж, судалгаа хийх болсон бэ?

-АНУ-д Machine Learning асар хурдацтай хөгжиж байна. Монголд биткойн халуун сэдэв болж байгаатай яг адил​. Гэхдээ би хүн бүр хийгээд байгаа учраас Machine Learning-ийн судалгаа хийе гэж бодоогүй. Анх электроникоор сурах гэж байгаад Machine Learning-ийн нэг хичээл судалж үзсэн. Би өөрөө олон зүйл уншиж судалж, хүмүүстэй харилцах дуртай. Machine Learning-ийн инженер хүн эрэл хайгуул хийх, боловсруулагдаагүй том дата, эсвэл өөр бусад асуудлуудыг компьютераар амарчлах боломжтой юу гэж боддог. Тэгэхээр миний хувь хүний онцлог, энэ мэргэжил хоёрын ерөнхий шаардлага нь нийцэж байсан. Тийм учраас энэ мэргэжлийг сонгосон.

-Монголд хэдэн нас хүртлээ сурсан билээ?

-16 нас хүртлээ сурсан.

-MIT-д элсэж орсон түүхээсээ хуваалцана уу. MIT-ийн хичээлийг онлайнаар анх үзэж байхдаа 15 настай байсан байх аа?

-Тийм ээ. Би “Сант” сургуулийг төгссөн. Манай сургуулийн захирал З.Энхмөнх анх удаа Монголоос MIT-д сурсан хүн гэдгийг хүмүүс мэдэж байгаа байх. Тэрбээр төгсөж ирээд сургууль дээрээ анх удаа MIT-ийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь MIT-д заагдаж буй хичээлийг сурагчид онлайнаар үзэх боломжийг олгох зорилготой. Хөтөлбөрийнхөө хүрээнд АНУ-аас докторын оюутан Тони Ким гэдэг найзаа Монголд урьж авчирсан. Тэгээд бид MIT-ийн онлайн хичээлийг үзэж, даалгавар, зөвлөмжийг нь Тони Кимтэй хамтран өгч, бидэнд яг их сургууль дээр байгаагаас ялгаагүй хичээл үзэх боломжийг бүрдүүлж өгсөн.

Тухайн үед би MIT гэж юу байдгийг мэддэггүй байлаа. Тэгээд онлайн сургалтуудад хамрагдахад надад их таалагдсан. Электроникийн инженерийн ангид iPhone-ийг яаж хийхийг заана гэдэг нь надад маш сонирхолтой санагдаад хамаг цагаа зориулж, амжилттай суралцсан. Үүний дараа MIT-ийн онлайн хичээлд Монгол хүү хамрагдаад, амжилттай суралцсан гэдэг мэдээлэл сургуулийн удирдлагуудад сонирхолтой санагдсан байсан. Тэгээд тэд надад apply хийх, ажиллах санал тавьсан. Түүний дараа би apply хийх нь зөв гэж шийдээд сургуульдаа тэнцээд орсон байгаа.

-MIT-г ямар мэргэжилтэй төгссөн бэ?

-Электроник болон компьютерийн шинжлэх ухаанаар төгссөн. Давхар эдийн засгийн чиглэлээр мөн мэргэжил эзэмшсэн. 

-Одоо ажиллаж буй MIT-ийн InfoLab-ийнхаа тухай танилцуулаач?

-Манайх MIT-ийн Computer Science Artificial Intelligence Laboratory /CSAIL/ буюу Компьютерийн шинжлэх ухаан, Хиймэл оюун ухааны лабораторийн нэг хэсэг гэсэн үг.

Лаборатори болгон өөрийн гэсэн профессоруудтай. Тэр профессор нь лабораторийнхаа захирал байдаг. Манай лабораторийг хариуцаж байгаа эрдэмтэн бол Молдав гаралтай, ОХУ-д ажиллаж байсан математикч Борис Катц. Тэрбээр iPhone дээр байдаг хүний хэлснийг ойлгох програмын хамгийн анхны алгоритм, онолыг хөгжүүлсэн. Түүний бүтээлийг бид одоо ч хэрэглэж байгаа.

-Тэгэхээр MIT-д салбарын хамгийн шилдэг нээлтүүдийг хийсэн эрдэмтдээс суралцаад, хамт судалгаа хийгээд л явж байгаа юм байна?

-Тэгэлгүй яахав. MIT-д байхын гол давуу тал нь тэр юм. 1+1=2 гэдгийг дэлхийн хаана ч очсон сурна.

MIT яагаад дэлхийд шилдэг вэ гэвэл сургууль нь гоё байшинтай болохоор тэр биш. Харин тэнд ажиллаж байгаа хүмүүс нь салбартаа анхдагч нээлтүүд хийсэн байдаг. Мөн шинэ зүйл хийхээс айдаггүй, зоригтой, нээлтээ олон түмэнд хүргэж чаддаг учраас нэгэнт тийм хүмүүсийн дор ажиллаж буй оюутан тэднээс суралцана. Цаашид тэрхүү соёлоо дараа дараагийн үедээ өвлүүлдэг.

-Анх iPhone яаж хийдгийг мэдэхийн тулд MIT-гийн онлайн хичээлийг сонирхсон гэлээ. Таны хувьд өнгөрсөн зун iPhone X-ийн камер хөгжүүлэлтийн багт ажилласан гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?

-Яг юуг, яаж хийсэн бэ гэдгийг дэлгэрэнгүй ярих боломжгүй. Учир нь нууц байдаг. Тэгэхээр би ярьж болох түвшинд мэдээлэл өгье.

iPhone 7 Plus хамгийн анх хоёр камертай гарсан. Учир нь үүн дээр Portrait mode гэдэг шинэ зүйл нэмэгдсэн. Камераар зураг авахад хойд талын хэсэг нь бүрэлзэх буюу blur болдог. Энэ нь анх гар утасны камер дээр байгаагүй. Учир нь жижиг камерт ийм тохируулга хийхэд маш хэцүү. Тиймээс үүнийг хиймэл оюун ухаан ашиглаж хийсэн. Камерт тусч буй зүйлсийн аль нь урд, аль нь хойно байгааг Machine Learning ашиглаж ялгана гэсэн үг.

Хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэвэл iPhone X утасны урд талын камераар нүүрийг 3D харуулах боломжтой болгож байна. Манай баг Apple-ийн ирээдүйд Augmented Reality буюу утасны дэлгэцээр илүү бодитой харах технологийн цаад алгоритмыг хийдэг гэж ойлгож болно.

Augmented Reality-г харуулсан видео:

-Камер дахь дүрсийг илүү бодитой харагдуулна гэж ойлгож болох уу?

-Камер дахь дүрсийг сайжруулахгүй. Харин тэр дүрсийг утас чинь илүү ойлгож байна гэсэн үг. Зураг авахаар энэ ширээ юм байна, ширээ нь хавтгай юм байна гэдгийг утас ойлгож байгаа хэрэг. Түүний дараа ширээг нь тодотгох, алга болгох зэрэг янз бүрээр ашиглах боломжтой.

pple-ийн тэр багт яаж орсон юм бэ?

 

-Хэн ч асууж байгаагүй сонирхолтой асуулт байна. MIT-д байхад Apple-ийн менежерүүд ирсэн. Би товч танилцуулгаа өгөхөд өмнө нь камер дээр ажиллаж байгаагүй, туршлагагүй учраас дутагдалтай гэж үзсэн. Тэгэхээр нь би болно, чадна гээд ярилцлагад орохыг хүссэн. Гэтэл тэр менежер дараа болъё гэхэд олон хүн байсан учраас би одоо асуултаа асуучих гэж хүссэн. Тэгээд миний хариулт таалагдаад дараагийн шатны ярилцлагуудад 30 минутаас 2 цагийн хооронд 4-5 удаа орж байж ажилдаа орох эрхээ авсан байгаа.

-Боломжийг алдалгүй ашигласан байна. Яг одоо гээд асуусан асуулт нь юу байсан юм бэ. Хариулт чинь яагаад таалагдсан юм бол?

-Мэргэжлийн асуулт байсан. Миний хувьд онолоо мэдэж байсан учраас асуултдаа амжилттай хариулсан. Machine Learning-ийн инженерээр ажиллахад математик маш сайн мэдэж байх ёстой. Ялангуяа технологийн том компаниудад ажиллахад математикийн бааз сууриа сайн мэдэх нь чухал.

"Миний сурах арга барил энгийн зүйлсээ эхлээд сайн сурах"
 
Гэрэл зургийг MPA.mn

-MIT-д сурч эхлэхэд ямар байв. Монголын боловсрол гологдож байх юм уу?

Намайг тэнцсэнээс хойш жил бүр “Сант” сургуулиас нэг оюутан элсэж байгаа. Тэгэхээр MIT Монгол оюутан авах дуртай байна. Яагаад авах дуртай вэ гэвэл Монголын боловсрол тэдний стандартад нийцэж чадаж байгаа гэсэн үг.

Миний Монголд, “Сант”-д физикийн олимпиадад бэлдэж байхдаа сурсан зүйлс намайг MIT-д очоод илүү хүнд хичээл үзэхэд ямар ч асуудал үүсгээгүй. Багадаа “орос школа”-аар математик сураагүй зарим америк оюутнуудаас хамаагүй илүү чадвартай байх нь бий. Тэгэхээр Монголын 10 жилийн боловсрол, ялангуяа “Сант” сургууль MIT-д очоод өөрийгөө хөгжүүлээд явах бүрэн боломжийг хангаж чадаж байгаа.

-М.Баттүшиг бусдаас илүү гоц ухаантай болохоороо MIT-д сурахад асуудал үүсээгүй юм биш үү. Үүнтэй санал нийлэх үү?

-Нийлэхгүй. Яагаад гэвэл 10 жилийн цэгцтэй зөв боловсрол мөн хувь хүний хичээл зүтгэл байх юм бол хэн ч гэсэн амжилттай сураад явах боломж бий. Би үүнийг өөрийнхөө амьдралаас ч гэсэн хардаг. 

Би өөрийнхөө замналаар явахад тодорхой хэмжээний амжилтад хүрсэн. Үүний цаана нэгдүгээрт 10 жилийн системтэй боловсрол, хоёрдугаарт хувь хүний хичээл зүтгэл бий. 

-Хувь хүний хичээл зүтгэл их чухал шүү. Таны сурах арга барил юу вэ. Хэрхэн амжилттай суралцдаг тухайгаа ярина уу?

-Миний сурах арга барил бол энгийн зүйлсээ маш сайн сурах. Жишээ нь би Machine Learning-ийн анхан шатны хичээлийг 3-4 удаа үзсэн. Хүмүүс намайг их гайхдаг юм. Гэхдээ би энгийн зүйлсийг хэзээ ч мартахааргүй, нүдээ аниад хийдэг болох түвшинд очтолоо сурдаг. Суурь мэдлэгээ сайжруулахын төлөө хүн хичээх ёстой. Тэгэхгүйгээр зарим хүн суурь мэдлэгээ амархан гэж хаяад, хэцүү зүйлс рүү дайрдаг ч аар саархан мэдлэгтэй хүн том зүйлд хүрч чаддаггүй. Мэдлэгээ цэгцтэйгээр олж авахдаа илүү анхаарах нь миний амжилттай сурах арга барил юм.

-MIT-д элсэхийн тулд англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх ёстой. Монголчуудад тулгамддаг гол асуудал нь хэл байдаг. Англи хэлээ яаж сурсан бэ?

-“Сант” сургуульд байхдаа MIT-гаас ирсэн багш Тони Кимээс би энэ асуултыг асууж байсан. Миний англи хэл тухайн үед хангалттай сайн байгаагүй. Тони Ким тэр үед надад “Англиар төгс ярьдаг цэвэрлэгч хүртэл байдаг” гэж хэлж байсан. Англи хэл мэдчихээр амьдрал чинь асуудалгүй болно гэж ойлгож болохгүй. Хэл бол хэрэглээ гэдгийг надад ойлгуулсан л даа.

Тэгээд би хэл гэдэг чинь хэрэглээ юм бол том асуудал биш гэж бодсон. Англи хэлийг хүнд, сурахад хэцүү, аймар зүйл гэж бодохоосоо илүү хэрэглээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж ойлгосны дараа хэлэндээ бэлдэхэд урамтай, амархан санагдаж эхэлсэн.

Хэлээ сайжруулахад миний ашигласан хоёр арга бий. Эхнийх нь ном унших. Гэхдээ би уран зохиолын ном унших дургүй. Хоёр дахь арга нь үг цээжлэх. Харь гарагийн хэл сурч байна гэж төсөөлье. Та тэр хэлний бүх үгийг мэдэж байвал өгүүлбэрийн бүтэц нь ямар ч байсан яаж ийгээд ойлгоно. Хамгийн хурдан байдлаар суръя гэвэл үг цээжлэх хэрэгтэй. Миний хувьд flashcard ашиглаж үг цээжилдэг байсан. Нэг талд нь үг бичиж, нөгөө талд нь орчуулга бичсэн асар олон цаасыг байнга авч явж, судар шиг эргүүлсээр байгаад цээжилдэг байсан. Өдөрт 100 үг цээжлэх төлөвлөгөө гаргаж, орой очиход 60-ыг нь тогтоогоод, 5 хоногийн дараа гэхэд 30 үгийг нь цээжилсэн байх жишээтэй. Иймэрхүү маягаар хэлийг уйгагүй хийх хэрэгтэй.

-Уран зохиолын ном унших дургүй гэлээ. Тэгвэл юу унших дуртай вэ?

-Сэтгүүлчдийн бичиж буй нийтлэлийг унших дуртай. New York Times, Wall Street Journal байнга уншдаг. Тэгээд Hacker news зэрэг технологийн вэб сайтуудыг унших дуртай.

-Одоо MIT гэлтгүй дэлхийн шилдэг их сургуулиудад элсэн суралцахыг хүсэж байгаа залуус юунаас эхлэх ёстой вэ?

-Хамгийн эхлээд хийх зүйл бол хүсэх. Гэхдээ юу ч хамаагүй хүсэхгүй. Юу хүсэж байгаагаа мэдэж байх ёстой. Эхлээд сургуулиудаа сайн судлах хэрэгтэй. Дэлхийн шилдэг сургууль бүр өөр өөрийн гэсэн салбартаа тэргүүлэгч байдаг. Тиймээс өөрийн хүсэл мөрөөдөлд тулгуурлаад сургуульдаа apply хийх хэрэгтэй.

Хоёрдугаарт, асуухаас битгий айгаарай. Асуухдаа юу ч хамаагүй асуух биш сайн судалж байгаад тодорхой асуултууд тавих хэрэгтэй. MIT асар хол санагдаж болох ч Баттүшиг гэдэг хүн ойрхон байна. Тиймээс Америк дахь Монгол оюутны холбоо, Tomujin зэрэг газрууд, сураад ирсэн оюутнуудаас асуух хэрэгтэй.

-Анзаараад байхад дэлхийн шилдэг сургуульд ихэвчлэн Улаанбаатар хотын төвийн сургуулийн сурагчид элссэн байна. Мэдээлэлтэй илүү ойр байгаатай холбоотой байх. Тэгвэл алс хол сурч байгаа Монгол сурагч мэдээллээ хаанаас авч болох вэ?

-Юун түрүүнд Харвардад сурдаг У.Билгүүний блог руу орж мэдээлэл авч болно. Мөн Америк дахь Монгол оюутны холбооноос АНУ-д хэрхэн суралцах талаар ном гаргасан байгаа.

Гэхдээ хамгийн амархан нь Google рүү ороод “How to apply to MIT” гээд хайвал анхан шатны бүх мэдээлэл бий. Эхлээд сайн судлаарай. Дараа нь үнэхээр мэдэхгүй, чадахгүй зүйлсээ холбогдох хүмүүсээс нь асуугаарай. Юу ч судлаагүй байж ерөнхий асуулт тавих нь хэн хэндээ үр дүнгүй байдаг.

-12 дугаар ангиа төгсөөд шууд их сургуульдаа элсэнэ гэвэл хэзээнээс бэлдэж эхлэх ёстой вэ?

-Төрснөөсөө эхлэх хэрэгтэй /инээв/. Энэ бол дэгсдүүлсэн юм биш. Яг одооноос эхлээд сургуулиудынхаа вэб сайт руу орж үзээд, юу хийхээ мэдчихвэл хэзээнээс эхлэх ёстой вэ гэдэг асуултын хариулт толгойд чинь шууд ороод ирнэ.  

-Технологийн хөгжлийг дагаад дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Энэ үед залуу хүмүүс ямар чадвараа сайжруулах шаардлагатай байна вэ?

-Ганц зүйл хэлэхэд хэцүү. Хамгийн чухал нь юу вэ гэвэл яаж ядрахгүйгээр ажиллаж сурах вэ гэдгээ мэдэх ёстой юм билээ. Би үүнийг ойлгоогүй, хичээлээ л сайн хийгээд байвал болно гэж боддог байсан. Apple-ийн манай багт ажилладаг нэг инженер байдаг. Тэр хүний хийсэн нээлтүүдээр одоогийн утасны камер хөгжиж байгаа. Би түүнийг хараад яаж ийм их зүйлийг амжуулж чадсан бэ гэж гайхдаг байлаа. Ажиллах арга барилаа олох нь чухал юм билээ.

Миний хувьд хамгийн чухал ажлуудаа шөнө хийдэг. Харин өглөө, өдөр нь мэдээллүүдийг сайн авч, хүмүүстэй уулздаг. Өдрийн хэдэн цагт нь ямар байдлаар, яаж ажиллах ёстой вэ гэдгээ олж мэдээд, хэвшил болговол хүн хөгжих нь тодорхой.

-Амьдралдаа баримталдаг зарчмын тань талаар сонирхоё?

-Амьдралдаа юуг хамгийн их чухалчилдаг талаараа ярих нь зүйтэй болов уу. Миний хувьд хүнээс их юм асуухыг боддог. Хүн бүрт суралцахуйц зүйл байгаа гэдэгт би итгэж явдаг. Хүмүүстэй уулзаад чаддаг, мэддэг зүйлсээс нь суралцахыг хичээдэг.

 "Хүнийг боловсролтой болоход тусалчихаад, хаана хүрэхийг харах нь надад маш гоё санагддаг"
 
Гэрэл зургийг MPA.mn

-Монголд ирэхэд ямар санагдаж байна?

-Сайхан байна. Гэртээ ирээд, гэрийнхэнтэйгээ уулзах бүр гоё байна. Монгол их хөгжсөн байна гэдгийг ойлголоо.

-Юунаас тийм дүгнэлтэд хүрэв. Бид дотооддоо их стресстэй, бүх зүйлд шүүмжлэлтэй хандаж байна?

-Монгол маш их хөгжиж байгаа. Хүмүүс хөгжлийг яаж харахаасаа болох байх. Би Чарльз Дарвины “Амьд систем байгаа цагтаа хөгжиж л байдаг” гэсэн үгэнд их дуртай. Монгол Улсын сайн, муу тал хоёулаа хөгжиж байгаа гэж би хардаг.

Сайн тал нь их хөгжсөн нь юунаас харагдаж байна вэ гэвэл сүүлийн үед старт-ап соёл их түгсэн байна. Монголчууд дэлхийн бусад орнуудаас илүү шинэ зүйлийг хэрэглэж, түүнийгээ туршиж, ойлгохын төлөө нийтээрээ хичээдэг том давуу талтай. Дэлхий дээр тийм улс бараг байдаггүй.

"Монголчууд дэлхийн бусад орнуудаас илүү шинэ зүйлийг хэрэглэж, түүнийгээ туршиж, ойлгохын төлөө нийтээрээ хичээдэг том давуу талтай"

Жишээ нь АНУ-д Machine Learning-ийн талаар сонирхдог цөөхөн хэдэн хүн л ярина. Гэтэл өчигдөр Монголд энэ сэдвээр ярихад бүх төрлийн хүн сонирхож ирсэн. Үнэхээр үндэстнээрээ шинэ зүйлийг мэдэх, сурах хандлагатай, “open minded” хүмүүс байгаа нь надад анзаарагдаж байна.

Мэдээж бусад асуудлууд бий. Тэр нь яваандаа засарчихна гэж би үздэг.

-Бидний дотроо олж хардаггүй зүйлийг анзаарсан байна.

-Монголчууд их сониуч. Тиймээс шинэ бүтээгдэхүүн туршихад илүү амар байгаа. Аливаа зүйлийг туршихад үр дүн нь ч хурдан мэдрэгддэг. Би Монголын хамгийн том давуу талыг хурд юм болов уу гэж бодож байна.

-Тийм шүү. Монголд яг ямар зорилгоор ирсэн бэ. Амрах гэж үү эсвэл тодорхой ажилтай байсан уу?

-Монголд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлчихээд буцах нь эхний зорилго байсан.  Гэхдээ хоёр дахь зорилго нь Монголын технологийн салбарын хөгжлийг мэдрэх гэж ирсэн. Би өөрөө АНУ-д байдаг учраас боломж бололцоонд хүрэхэд ойрхон байдаг. Нэгэнт ийм боломжтой болсон учраас Монголд ирээд хүмүүст тусалж, тэднийг гадагш гаргая гэж бодсон. Тэр хүрээндээ энд юу хийгдэж, юу болж байгааг ойлгохын тулд олон хүн, компаниудтай уулзаж байна. Монголын компаниудын хөгжил маш сайн байгаа гэж би хувьдаа дүгнэлээ.

-Жишээ нь ямар компаниудыг нэрлэж болох вэ?

-Монголчууд дан хүсэл эрмэлзэл биш түүнийхээ төлөө олон ажил хийсэн юм байна гэдэг нь харагдлаа. Тухайлбал Lendmn-ийг хийсэн “Анд системс” компани байна. Хийж байгаа бүтээгдэхүүн нь Machine Learning-ийг ашиглаад зээл өгч, хүний амьдралыг хөнгөвчилж чадсан.

Хоёрдугаарт, Монголын банк, санхүүгийн системийн технологийн дэвшил гайхалтай санагдсан. Жишээ нь банкуудын Qpay үйлчилгээ. Би түүнийг хараад “wow” л гэж бодсон. Америкт тийм байдаггүй. 

Сая би гэртээ сууж байтал Юнивижний төлбөрийг дэлгэц дээрх QR кодыг ашиглаад утсаараа төлчихөж болж байна. Ийм амархан систем зарим өндөр хөгжилтөй орнуудад хүртэл байдаггүй.

-Өөрийн тань ирээдүйн төлөвлөгөө, алсын хараа юу вэ. Магадгүй Монголдоо ирж ажиллах болов уу?

-Технологийн салбарт ажиллаж буй хүний давуу тал нь Монголдоо ажиллах, Америкт карьер хөөх хоёрын хооронд ялгаа байхгүй. Би хаана ч байсан ялгаагүй гэсэн үг.

Монголд гоё төсөл гараад, тэр төсөл дээр нь ажиллахын тулд би заавал энд байх албагүй. Нөгөө талаас би Монголдоо байсан ч Америкт part time-аар ажиллах боломжтой. Тийм учраас би ирээдүйд хаана байх вэ гэж бодохоосоо илүү юу хийх вэ гэж боддог.

Сүүлийн үед би Монголын боловсролын салбарт ажил хийхийг хүсэж байна. Хүнийг боловсролтой болоход тусалчихаад, хаана хүрэхийг харах нь надад маш гоё санагдаж байгаа. Тиймээс Монголын хөдөө орон нутагт хандсан боловсролын ажил хийх нь зайлшгүй.

-Яагаад хөдөө орон нутагт гэж?

-Учир нь элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноог харвал гүйцэтгэлээрээ хөдөө орон нутаг муу байна. Хүүхдүүд нь муудаа биш. Гол нь хөдөө, орон нутаг дахь сургалтын орчин нөхцөл, материалууд нь дутмаг байдаг санагддаг. Тиймээс би хөдөө орон нутагт онлайн сургалтын системийг бий болгохыг хүсэж байна. Завхан аймгийн Тэс суманд сурч буй хүүхэд миний Улаанбаатарт авч байсан хичээлүүдийг авах боломжтой болж, өөрийгөө адил тэгш хөгжүүлж байвал сайхан. Энэ бол миний Монголд хийхийг хүсдэг хамгийн том ажил.

-Энэ ажлыг технологи ашиглаж хийх байх?

-Интернэтийг ашиглана. Одоо Монголын сум бүрт 3G байна. Америкт 3G-гүй газар байдаг. Монголын энэ хөгжлийг боловсролын төлөө ашиглах нь хамгийн зөв.

-Технологийн хувьд Монгол өндөр түвшинд хөгжиж байгааг танаас сонсох их сайхан байна. Тэгвэл Монгол хүн ухамсар, ёс суртахууны хувьд хөгжиж чадсан болов уу?

-Уулын мод урттай, богинотой гэж үг бий. Жишээ нь Америкчууд хэдийгээр инноваци хийгээд байгаа ч Монгол шиг QR систем хөгжөөгүй л байна.

Тэгэхээр нийтээр нь сайн, муу гэж хэлэхийг хүсэхгүй байна.Монголчууд олон нийтийн сүлжээг ашиглаад болохгүй, бүтэхгүй байгаагаа сайн ярилцаж байгаа нь давуу тал. Энэ нь ирээдүйд ёс суртахууныг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт, Монголын сэтгүүлчид ёс суртахууныг сайжруулахын төлөө олон нийтийн сүлжээг маш сайн ашиглаж байгаа. Нэгэнт ийм хоёр систем тогтчихсон учраас ирээдүйд Монголчуудын ёс суртахуун улам сайжрах болно гэж харж байна.

-М.Баттүшиг хэдэн настай билээ?

-Би одоо 21-тэй.