Индэр    
2017 оны 12 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

У.Хүрэлсүхийн Засгийн газрын УХАХ УУРХАЙ -1

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

- "Төөрөгдөл арилж эхлэх он жилүүд" цуврал - 

Яг нэг долоо хоногийн дотор Монголын гурван ч томоохон эдийн засагч, бизнесмэнтэй уулзахад яг адилхан утга бүхий зүйлс ярьсан нь анхаарал татсан юм. Тэд Монгол Улсыг арвин их газар доорх баялаг нь нэг л өдөр баяжуулна гэдэгт олон жил бусдын адил итгэж явснаа төөрөгдөл байсныг ухаарсан тухайгаа ярина. 

Уул уурхай нь тусгай мэргэжлийн, өндөр цалин бүхий цөөхөн ажиллагсадтай. Олох ашгийг ч цөөхөн хэдхэн компани, хүн хүртэж ирсэн нь ойлгомжтой болсон тухай ярьж байв. 

Мэдээж Монгол шиг засаглалын хувьд ийм сул дорой, их баялгаас орж ирэх орлого, тухайн салбар дахь зохицуулалтыг сайд, дарга нар нь шударгаар хийх чадамжгүй, угаас ашиг сонирхол нь олон нийт гэхээс амин хувиа тээхээс хэтрэхгүй болсон улсад шүү дээ. 

Түүнээс анх удаа $1 их наядын босгыг давсан Норвегийн хараат бус, Баялгийн сангийн хөрөнгийн тухай яривал шал өөр. 

Дэлхийн томоохон баялгийн сангуудын нэг Норвегийн баялгийн сан Ази тивд анхны үл хөдлөхийн хөрөнгө оруулалтыг Токио хотод хийсэн тухай мэдээ цацагдахтай ойролцоо хугацаанд Монголын ирээдүйн өв сан буюу яг адилхан зорилго бүхий нөхөн сэргээгдэхгүй баялгийн олборлолтоос орж байгаа орлогын тодорхой хэсгийг ирээдүй үедээ өвлүүлэх үүрэг гүйцэтгэх сан 2022 он хүртэл ямар ч мөнгө хуримтлах боломжгүй, үлдэгдэл 0 төгрөг байх тухай өгүүллийг сануулах нь илүүц биз ээ. 

Норвегийн Баялгийн сангийн орлого газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл, бонд, хилийн чанад дахь үл хөдлөх хөрөнгөөс бүрддэг. 

“1996 оны тавдугаар сард газрын тосны орлогоо анх удаа энэ санд байрлуулж байхдаа хэн ч хэзээ нэг цагт $1 их наядад хүрнэ гэж бодоогүй байх” хэмээн тус сангийн гүйцэтгэх захирал Ингве Слингстад мэдэгдэж байв.

Харин Монгол Улс бэлэн мөнгө тараах, төсвийн алдагдлаа нөхөх зэрэгт баялгийн орлогоо шилжүүлсээр өнөөдөр энэ сандаа 0 төгрөгтэй нь бид нөхөн сэргээгдэх боломжгүй ашигт малтмалын орлогод тодорхой менежмент хийж иргэдээ баян болгох чадамжгүйг нотолж байна. 

Төрөөс иргэн бүрт элдэв янзын хувьцаа зэргийг одоо ярихаас бараг ой гутам болжээ. 

Нэг л өдөр баяжчих юм шиг энэ төөрөгдөл Оюу Толгой, Таван Толгой зэрэг томоохон уурхайнуудыг ярьсан цагаас эхлэлтэй биз. Харин нэгэнт Монгол хүн биш хилийн цаана амьдрах иргэд Монголын баялгийг дамлаж зарж долларын тэрбумтан болсон тухай мэдээг унших тэр үед Монголын эрх мэдэлтнүүдэд итгэх итгэлийг бүр хасах болгож орхих биз ээ. Бүр тодруулбал, Винсвэй кокинг көүл компанийн ТУЗ-ийн дарга Ванг Сингчун саяхан Форбес сэтгүүлийн долларын тэрбумтнуудын жагсаалтанд шинээр нэмэгдсэн мэдээнд түүнийг Монголоос нүүрс авч зардаг тухай бичсэн байв. 

Нэгэнт нийт иргэн биш нэг хэсэг хүн л баяжих боломж бүхий УУ-г хасаад эгэл жирийн иргэд баяждаггүй юм гэхэд хэрхэн өлсөж үхэцгээхгүй амьдрах вэ.

Энэ тухай ярих цаг нэгэнт болжээ. 

Өгүүллийн эхэнд дурдсанчлан Монголын томоохон эдийн засагч, бизнес эрхлэгч гурав маань бидний дараагийн хөгжлийн зам бол яах аргагүй хөдөө аж ахуй гэв. 

Бараг айл бүхэн шахуу суурин өрхийн бичил үйлдвэрлэл эрхэлж яваа яваандаа томорсоор манайхаар бол баг, сум, аймгаараа өөрийн гэсэн онцлог бүхий бүтээгдэхүүнтэй болж тэр нь улсынх нь брэнд бүтээгдэхүүн болсон түүхүүдийг үйлдвэрлэгч улсуудаас харж болно. Монгол Улсын хувьд хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн чиглэлд энэ талын туршлага арвин ч бид дэлхийн стандарт ба технологи гэдэг зүйлээс хэтэрхий холдсон нь өнөөдөр шинээр гарч ирсэн Ерөнхий сайд, Засгийн газар болгон нь мах экспортыг нэмэгдүүлнэ гэж шоу хийхээс цаашгүй болсноор нотлогдоно.

Яагаад ярихаас цаашгүй болов. Бид нэгэнт хөдөө аж ахуй дахь өндөр нарийн технологи, лаборатори, боловсон хүчин, бодлого, сүлжээ байхгүйн дээр энэ нь маш өндөр өртөгтэй, басхүү их бодлогоор бүрддэг зүйлс ажээ. Их хүч хөдөлмөр, өндөр технологи шаардлагатайн дээр өнөөдөр шууд ашгаа өгөх уул уурхайн бизнесээс тэс ондоо зүйл учир манай улстөрчид энэ салбарыг хэдэн морь уралдуулахаас өөрөөр харж чадахаа больжээ. Харин энэ салбарт арай өөрөөр ажиллахаар чармайж яваа бизнесмэн, эдийн засагчдийн түүхийг дараагийн цувралаараа хүргэе.

Харин түүнээс урьтаж харьцангуй бага хүч шаардах атлаа илүү ч мөнгө олох боломж бүхий нэгэн салбарын талаар ярья. За бараг улиг болсон доо. Гэхдээ тодорхой зорилго, зориг гаргаад хийвэл дэлхий дээр хамгийн их хөгжиж буй салбар бол Аялал жуулчлал. 

Монголын дарга нарыг биш иргэдийг ирээдүйд тэжээх боломж хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн хоёр салбарт л харагдаж байна гэж өнөөх бизнесмэнүүд хэлж байна. 

Гэхдээ мөн л энэ салбар нь дарга нарыг тийм ч их огцом баяжуулахгүй тул өнөөг хүртэл үлгэр домог бүхий яриа байсаар иржээ. Яасан нөгөө нэг сая жуулчин. Монгол Улс 2016 онд нэг сая жуулчин авах зорилго тавиад 404 мянга буюу тавьсан зорилгоосоо 2.5 дахин бага гадаад иргэдийг хүлээн авсан бол Япон Улс 2020 онд 20 сая жуулчин авна гэсэн төлөвлөгөө нь 2015 онд биелчихсэн тул 2020 онд авах жуулчдынхаа тоог хоёр дахин өсгөж 40 сая гэсэн зорилт тавиад буй. Эсрэг, тэсрэг ажил, сэтгэлийн үр дүн ялгаа энэ аж. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ аялал жуулчлалаа хөгжүүлэхэд тодорхой хэдхэн зорилтыг тавьж түүнийгээ биелүүлсээр байна. 

Зорилт нь:

  • Аяллын визний шалгуурыг сулруулах,
  • Гадаад жуулчдыг татвараас чөлөөлөх,
  • Хилээр нэвтрэх хяналтын системийг сайжруулах,
  • Авиа компаниудын нислэгийн тоог өсгөх зэрэг томоохон зорилт бүхий ажлуудыг хийжээ.

График 1, Үр дүнд нь,

 

Харин Монголд энэ салбарыг хөгжүүлэхийн тулд юу хамгийн түрүүнд хийх шаардлагатай вэ. 

Салбарын сайд Н.Цэрэнбат “Монгол Улс нэг жилд нэг сая жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.доллар олох боломжтой. Энэ бидний хийх ёстой ажил болохоос мөрөөдлийн тоо биш. Учир нь өнөөдрийн байдлаар манай улсад жилд 405 мянган жуулчин ирж байна. Миний хүсээд байгаачлан нэг жилд нэг сая жуулчин хүлээж авахын тулд бид үйлчилгээгээ 1.5 дахин сайжруулах хэрэгтэй” гэж ямар ч байсан өнөөх биелэгддэгүй зорилго хэвээр байгааг “Өдрийн Сонин”-нд ярьжээ. 

Харин энэ биелэгддэггүй даалгаварт хэрхэн хүрэх вэ. 

Монголын АЖ-ын талаарх дотоод гадаадын хэд хэдэн судалгаанаас үзвэл “Тур операторуудын ихэнх нь Монголыг нэг л удаа аялах орон гэж үздэг. Тэдний үйлчлүүлэгчид Монголд ирж үзээгүй байдаг бөгөөд дахин Монгол руу ирдэггүй байна.  Учир нь Монгол руу ирэхийн тулд урт замыг туулж, их зардал төлж байж аялдаг тул нэг л удаа очиж үзэх газар ажээ” гэж Нидерландын Гадаад хэргийн яамны нэрийн өмнөөс Акорн Туризм Консалтинг компани 2013 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд хийсэн "Аялал жуулчлалын зах зээлийн нөөц, бололцоо" судалгаанд дурджээ.

Тодруулбал,  “Монгол руу ирж очих нислэгийн өртөг болон хугацаа нь энэ зах зээлийн өсөлтийг хойш нь татаж байна. Энэ нь ялангуяа Европ болон Хойд Америкийн орнуудад нүүрлэсэн эдийн засгийн хямралын үеэр илүү ажиглагдсан. Туркээс бусад сурвалж зах зээл бүхий орнууд Монгол руу шууд нислэггүй байгаа нь аяллын хугацааг уртасгаж, зардал өндөр болгож байна” гэж судалгаанд тодорхой бичжээ. 

Энэ бол нэг том шалтгаан. Үүний цаана Монгол Улс дэд бүтэц, үйлчилгээний салбараа сайжруулах зайлшгүй шаардлага бий. 

Гэхдээ Монголбанкны 2015 онд хийсэн судалгаагаар Жуулчдын дийлэнх буюу 76% нь Монголын уламжлалт зан заншил, соёл болон үзэсгэлэнт байгаль, зэрлэг ан амьтанд татагдан хүрэлцэн ирсэн байх бөгөөд “Таны аялалд ямар зүйлсийг сайжруулбал илүү сайхан, зугаатай болох байсан бэ?” гэсэн асуултанд 490 жуулчин саналаа өгсөн бөгөөд Монгол Улсын аялал, жуулчлалын талаарх өөрсдийн сэтгэгдэл, саналыг тэмдэглүүлэхдээ Монгол хүмүүс, үзэсгэлэнт байгаль, Монголын эртний түүхийг магтсан нь их байжээ. 

Өөрөөр хэлбэл, Монгол яг одоо байгаа байгаль, зэрлэг ан амьтан, нүүдэлчин соёл зэрэг улстөрчдийн хүчин чармайлт бус бидэнд өвлөгдөж ирсэн баялгийг жуулчид сонирхож байна. Харин үүн дээр зөв менежмент, дэд бүтэц хэрэгтэй. 

Дэд бүтэц гэдэгт өндөр өртөг бүхий зам харгуй гэхээсээ (нэг үеэ бодвол Монгол Улсын авто замын сүлжээ сайжирсан) илүү одоо ариун цэврийн өрөө хэрэгтэй байгааг жуулчид онцолжээ. 

Бүр энэ тухай англи хэлээ сайжруулах, нийтийн тээврийг сүлжээг нэмэгдүүлэх гэдгийн дараагаар буюу шийдэх ёстой хамгийн чухал гурван асуудлын нэгт оруулж бичжээ. Жорлонгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар дэлгэрэнгүй сурвалжлах болно.

Харин одоо хамгийн урьдач нөхцөл болох нислэгийн тухай дахин ярья. 2016 онд дэлхий даяар хамгийн их жуулчин хүлээж авсан улс Франц бол хамгийн их мөнгө олсон нь АНУ. 

Гэхдээ аялал жуулчлалд хамгийн их мөнгө зарцуулсан орон бол БНХАУ.

Тодруулбал, Хятадууд аялалдаа 292.2 тэрбум доллар зарцуулжээ. Дэлхийн өнцөг булан бүрт хятад жуулчдыг хэрхэн татах дээр бодлогоо боловсруулж байна. 

График 2, 

 

Бидний жишээ болгон ярьсан Япон Улсыг зорих жуулчдын хамгийн их хувийг ч Хятадууд эзэлж байна. Хятадын дараагаар Солонгос, Тайвань, Хонгконг орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, жуулчдын тоогоо огцом нэмэгдүүлж буй Япон улс бүс нутагтаа хамгийн сайн тоглолт хийж чадаж байна. Тэд 2020 онд буюу Токиогийн олимпын жилд аялал жуулчлалаасаа одоо олж байгаагаас хоёр дахин их буюу 72 тэрбум ам.доллар олно гэж төлөвлөжээ.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Ази Номхон далайн улс орнуудын жуулчлал  2026 он гэхэд 2-3 дахин өснө гэсэн судалгааг гаргасан байна. Энэ нь Монголд ч арвин их нөөц боломж буйг илтгэх аж. Гэхдээ нислэгийн тоогоо өсгөж чадвал. Япон шиг зөвхөн бүс нутагтаа тоглолт хийхэд л ийм хэмжээний үр дүнд хүрэх боломж байх аж. Хятад, Япон, Солонгос, Хонгконг гээд Монголын хувьд дандаа шууд нислэгтэй орнууд.

График 3, Нислэгийн зураг,


Монгол Улсын хувьд АЖ –ын салбараас 2016 онд 312 сая доллар олсон байна. ДНБ-ий 5.4 хувийг эзэлж байна. Энэ салбарт ажиллагсадын тоо 2016 онд 58 мянга байсан бөгөөд 2017 онд нэмэгдэх тооцоолол байгаа, цаашдаа ажиллагсадын тоо 2024 он гэхэд зургаа дахин өсөх боломжтой судалгааг салбарын хувийн хэвшлийн байгууллагууд хийжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсад хамгийн их асуудал болоод буй амьжиргаа, ажлын байрны хомсдлыг энэ салбараас нөхөх бүрэн боломж байгаа нь харагдана. 

Монголд ирж буй жуулчдын бараг 80 хувь нь Монголын онгон зэрлэг байгаль, нүүдэлчин амьдрал, түүх соёлыг сонирхон ирдэг.  Түүгээр ч барахгүй морьтон түмний өвөрмөц соёл, хэт хөгжөөгүй байдал нь жуулчдын сонирхлыг татдаг талаар зарим судалгаанд дурджээ.  Өөрөөр хэлбэл бид тодорхой зорилго тавьж зөв зохион байгуулалт хийж чадвал боломж байна. 

Тэгэхээр юун түрүүнд лонхны хүзүү шиг нарийнхан боломжийг боомилсон нислэгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, тийзний өрсөлдөхүйц үнийн бодлого зайлшгүй хэрэг болж буйг харуулна. Нисэх салбар тэр дундаа МИАТ-д ямар шинэчлэл хэрэгтэй байгаа талаар бид дараагийн өгүүллээрээ бичих болно. Юутай ч өнөөдөр танд асар их хэмжээний ашиг өгч чадахгүй ч олон нийтийн эрх ашигт үлэмж нөлөөтэй Аялал жуулчлалын салбарт тодорхой ахиц гарган бодлого хэрэгжүүлэхийг шинэ Засгийн газарт санал болгож байна. Иймэрхүү суурь өөрчлөлт нь сайд нарыг нэг их баяжуулахгүй ч олон нийт, бизнес эрхлэгчдэд ашигтай учир одоогийн Засгийн газрын чин зорилгыг харж болох юм. 

 "Аялал жуулчлалын зах зээлийн нөөц, бололцоо" судалгаанд Монголтой аялал жуулчлалаараа өрсөлдөх боломжтой улсаар Мьянмарыг нэрлэжээ. Учир нь Мьянмарыг сонирхолтой соёл бүхий шинэ чиглэл гэж тодорхойлжээ. 

2016 онд Мьянмар улс хүлээн авсан жуулчдын өсөлтөөрөө нэгт ороод байна. Тус улс 2010-2016 оны хооронд хүлээн авсан жуулчид нь 73.5 хувь өссөн нь анхаарал татна. 

Харин Монгол Улсынх 2010-2016 онд 11.4 хувиар буурчээ.


Үргэлжлэл бий...

 

ҮРГЭЛЖЛЭЛ 1 - 2020 он гарахаас урьтаж МИАТ СӨХРӨХ НЬ

ҮРГЭЛЖЛЭЛ 2 - "Монгол Улсын иргэд МИАТ компаниас үнэ цэнэгүй юм уу. Тэд ч гэсэн үндэсний эрх ашиг биш гэж үү"