Индэр    
2017 оны 11 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

Иргэд нь жилийн дотор 9 кг турсан Венесуэл, Монгол хоёрын төстэй ЧАНАРУУД

Зураг

1990-ээд оны үед “Халтар царайт” киноноос Монголчууд капиталист нийгмийн тансаг амьдрал, эрх чөлөө, хайр дурлалыг анх “мэдэрч”, гудамжинд нэг ч хүнгүй болтлоо шимтэн үздэг байсан. Газарзүйн хувьд хол ч Венесуэлчуудыг Монголчууд нэг л ойрын танил шиг үздэг нь магадгүй дээрх кинотой л холбоотой биз.

Өдгөө “Халтар царайт”-ын эх орон улс төр, эдийн засгийн гүн хямралд оржээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Венесуэлийн инфляци 4,115 хувьд хүрч, үндэсний мөнгөн тэмдэгт боливарын ханш ганцхан жилийн дотор үнэ цэнээ 96 хувиар алдсан байна. Одоогоор 84 мянган боливар 1 ам.доллартай тэнцэж байгаа аж. Жон Хопкинсийн их сургуулийн хэрэглээний эдийн засгийн профессор Стив Ханке үүнийг “үхлийн эргүүлэгт орсон эдийн засаг” хэмээжээ.

Эдийн засгийн хямрал 30 сая гаруй иргэний амьдралд хамгийн хүндээр тусч буй. Судалгаагаар ард түмнийх нь 75 хувь нь жилд дунджаар 9 кг жин хаясан нь хүнс тэжээлийн дутагдлаас болсон аж. Амьдрал хэцүүдэхэд дотоодын үймээн самуун газар авч, гэмт хэрэг нэмэгдэж, улс үндэстэн бүхэлдээ ороо бусгаа, дайны байдалтай болдог билээ. Учраа мэдэхээ байсан ард түмэн, Засгийн газар хоорондын мөргөлдөөнөөр амь үрэгдсэн хүний тоо 100 хол давсан. Венесуэлийн улс төрчид эдийн засгийн хямралдаа АНУ-ыг буруутгаж, тоталитар дэглэм тогтоохыг оролдож, Дональд Трамп Венесуэлийн иргэдэд визийн хориг тавьж, дарангуйлал тогтоохын эсрэг цэрэг оруулахаа мэдэгдсэн гэх мэт. Улс төрийн асуудлыг ингээд зогсооё.

1980-аад оны сүүлээс гэж бодож үзвэл 30 хүрэхгүй жилийн дотор Латин Америкийн диваажин байсан улс өдгөө хүн төрөлхтний хамгийн хөндүүр, халуун цэг болжээ. Тэнэг хүн өөрийн биер туулж ухаардаг бол ухаантай хүн бусдын алдаанаас суралцаж ухаардаг гэдэг. Манай оронд Венесуэлтэй төстэй хоёр шинж чанар байгааг дурдая. 

ТӨСТЭЙ ЧАНАР 1: Уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат эдийн засаг

Венесуэлийн экспортын орлогын 95 хувийг газрын тос бүрдүүлдэг. Харин ДНБ-ий 50 хувийг газрын тосны үйлдвэрлэлийн салбар бий болгодог. Үүнээс гадна тэд ган, хөнгөн цагаан, будаа, эрдэнэ шиш, загас, жимс, кофе, гахай, үхрийн мах экспортолдог ч энэ нь төдийлөн жин дардаггүй. Худалдааны гол түнш нь АНУ.

Харамсалтай нь нефтийн үнийн уналт эхлэх үед Венесуэлчууд газрын тосноос хуримтлагдсан орлогогүй байв. Уг нь  баррель газрын тос 100 ам.долларын үнэтэй байх үед Макро Эдийн Засгийг Тогтворжуулах Хөрөнгө Оруулалтын Санд орлогыг хуримтлуулах байсан боловч үүнийг удирдагчид сахилга батгүйгээр үрэн таран хийсэн юм.  Манай “Хүний хөгжил сан”, одоогийн “Ирээдүйн өв сан”-тай төстэй санагдаж байгаа биз.

Нефтийн үнийн уналтаас үүдэж Венесуэлийн төрийн эзэмшилтэй PDVSA компани 60 тэрбум ам.долларын өртэй болжээ. Харин нийт өр нь 141 тэрбум ам.доллар. Тус улсын Төв банкны валютын нөөц харин 10 тэрбум ам.доллар бөгөөд нөөцөө өрөнд өгсөөр дуусч байгаа.

Монгол Улсын экспортын 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаагийн дийлэнх нь нүүрс, зэс юм. Харин нийт экспортын 81 хувийг БНХАУ руу гаргаж байна. 2011 онд зэс, нүүрсний үнийн тааламжтай нөхцлийн тусламжтайгаар Монголын эдийн засаг 17 хувиар өсөж, дэлхийд гайхуулж байв. Харамсалтай нь энэ өсөлтөөс орж ирсэн орлогыг хуримтлуулж чадаагүй бид өдгөө Хүний хөгжил сандаа 1 их наяд төгрөгийн алдагдалтай сууж байна. Ямартай ч 2022 он хүртэл энэ өрийг дарахын тулд Ирээдүйн өв санд хуримтлал үүсэх боломжгүй болжээ.

График 1: Монгол Улсын экспорт, орноор /ГЕГ/

17 хувийн эдийн засгийн өсөлт сүүлийн 5 жилд өсөлт огцом унаж 2016 онд бүр 1 хувьд хүрсэн. Энэ агшилт иргэдийн бодит орлогод хүчтэй тусаж, ердөө сүүлийн хоёр жилд Монгол Улсын 275 мянган хүн ядуурлын шугамаас доош унасныг Үндэсний Статистикийн Хороо мэдээлэв. Энэ хугацаанд төгрөгийн ханш бас 50 хувиар унаж, валютын нөөц шавхагдсан билээ. Санхүүгийн сахилга батгүй Монголчууд аргаа барж ОУВС-дав.

ТӨСТЭЙ ЧАНАР 2: Авлига, институци, засаглалын хямрал

Транспаренси Интернэшнлээс гаргадаг “Авлигын төсөөллийн индекс” 2016 тайланд Венесуэл улс дэлхийн 176 орноос 166-д жагсаж авлигад “идэгдсэн” 10 орны нэгээр нэрлэгдэв. Энэ Америк тивийн сүүлийг мушгисан үзүүлэлт юм.

Монголын хувьд 87 дугаар байрт жагссан нь өмнөх жилээс 15 байраар ухарчээ. Транспаренси Интернэшнл авлига ихтэй улс орнуудын нийтлэг шинж чанарыг нэрлэхэд

  • Дайн тулаантай,
  • Төрийн засаглал нь сул,
  • Цагдаа ба шүүх засаглал нь хараат,
  • Хэвлэлийн эрх чөлөө нь сул

гэсэн дөрвөн шинж багтсан байна. Монголд дайн тулаангүй ч засаглалын хямрал нүүрлэснийг 1 жилийн настай Засгийн газрууд, “эзэн” нь солигдохоор дагаж солигддог шүүх, цагдаагийн байгууллагууд харуулдаг. Үндсэндээ ажил хийдэг Гүйцэтгэх засаглал үүргээ гүйцэтгэж чадахгүй байсаар дараагийн сонгуультай золгож, ард түмэн эрх баригчдын байрыг солиод ч нэмэргүй болжээ.

 

2012 онд Массачусетсийн технологийн их сургуулийн профессор Дарон Ажэмолу, Чикагогийн их сургуулийн профессор Жэймс А. Робинсон хамтран “Why Nations Fail” /Улс үндэстний уналт доройтлын шалтгаан/ хэмээх алдартай номоо хэвлүүлсэн байдаг. Тэд 15 жилийн судалгааны бүтээлдээ “Улс эдийн засгийн хувьд уналтад орох нь гагцхүү зүй бус институцийн үр дагавар байдаг. Эдгээр институциуд ядуу орныг ядуу хэвээр байлгаж, эдийн засгийн хувьд хөгжин цэцэглэх боломжийг хаадаг” гэжээ.

Институци гэдэг нь нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцааг зохицуулагч дүрэм журам ба түүнийг хэрэгжүүлэх механизм юм.

Монголд зүй бус институци хууль тогтоох дээд байгууллагаасаа эхлээд хувийн жижиг компанид хүртэл тогтсон. Зэс, нүүрсний үнэ өсч төсвийн орлого давж биелэхээр заавал тодотгодог, сонгуулиас өмнө амжиж хуулиа өөрчилдөг, иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор бэлэн мөнгө тараадаг, төр нь өөрөө бизнес хийдэг, хувийн хэвшилтэйгээ ажил булаацалддаг, Төв банк нь бие даасан, хараат бусаар ажиллаж чаддаггүй гээд нэрлэхэд бодох гэж хугацаа зарцуулах шаардлага алга.

Төсөөтэй шинж чанаруудаа харвал Монголд ахиад 2011 оных шиг өсөлт ирэх үед бид энэ чигээрээ байвал Венесуэлийн араас орж, жижигрүүлсэн хувилбар болохыг үгүйсгэхгүй. Муу ёрлож байгаа юм биш шүү.