Индэр    
2017 оны 11 сарын 24
Зураг
Эдийн засгийн мэдээлэл

Банкны зээлийн ангилал, зээлийн эрсдлийн сан, өөрийн хөрөнгийн тухай ойлголт

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголд  зээлгүй хүн байхгүй гэх  яриа бидний дунд бий. Зээлийг хэн өгдөг вэ? Банк өгдөг. Харин банк ямар эх үүсвэрээр зээл өгдөг вэ?

Мөнгөө хадгалуулахаар банкинд хандсан харилцагчийн мөнгийг зээл болгон гаргаж, танд зээлдүүлсэн мөнгөндөө хүү тооцож, хүүнээс олсон төлбөрөөсөө хадгаламжийн хүүнд өгч үндсэндээ банк энэ дундаас 7-8 хувийн ашиг олдог гэдэг. Энэ бол хэний ч мэдэх банкны тухай энгийн ойлголт. Харин харилцагчийн мөнгийг эргүүлээд найдвартай гаргаж өгөх чадамж банкинд бий эсэх нь харилцагчийн итгэлийг даах гол үзүүлэлт байх учиртай. Үүнийг Төв банк шалгадаг ба “Активын чанарын үнэлгээг” банкуудад хийдэг.

Активын чанарын үнэлгээний явцад банкны зээл, зээлтэй адилтган тооцох бусад активын чанарыг үнэлгээг хийгдэнэ.  Зээл гэдэг нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх нөхцөл, барьцаа, эсвэл батлан даалттайгаар өөрийн болон хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд зээлдүүлэх үйл ажиллагаа юм.

Жишээ: Иргэн А-нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БББ банкнаас 3,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авчээ. Зээлийн гэрээнд иргэн А нь сар бүрийн 15-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн төлбөрт 153,000 төгрөг төлөхөөр заасан байна.

Д/д

Зээлийн эргэн төлөлтийн огноо

Эргэн төлөх ёстой дүн

Иргэн А-гийн төлсөн дүн

1

2017-01-15

153,000

153,000

2

2017-02-15

153,000

153,000

3

......

.....

.....

4

2017-5-15

153,000

0

5

2017-08-15

153,000

0

6

2018-01-15

153,000

0

Иргэн А нь 2017 оны 1,2 дугаар саруудад зээлийн төлбөрийг хугацаанд нь төлсөн тул зээл нь “хэвийн ангилалтй байсан. Зээлийн эргэн төлөлт нь 2017 оны 3 дугаар сараас эхэлж доголдсон байна, өөрөөр хэлбэл иргэн А нь 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 90-ээс дээш хоног зээлийн төлбөрөө төлөөгүй байна, энэ тохиолдолд түүний зээл нь анхаарал хандуулах ангилалд шилжинэ. Цаашилбал, иргэн А нь 91-180 хоногоос дээш зээлийн төлбөрөө төлж чадахгүй бол түүний зээлийн үлдэгдэл буюу 3,000,000 төгрөгийн зээл нь хэвийн бус ангилалтай болно. 

Мөн адил зээлийн төлбөрийг 181-360 хоног хэтрүүлбэл зээл нь эргэлзээтэй ангилалд, 361-ээс дээш хоног зээлийн төлбөрийг төлөхгүй бол муу ангилалд шилжинэ. Иймд, иргэн А нь 1 жилээс дээш хугацаанд зээлийн төлбөрийг төлөхгүй бол банк түүний зээлийг муу ангилалд бүртгэнэ. Энэ тохиолдолд БББ банк иргэн А-гийн зээлийг 100%-ийн эрсдэлтэй гэж тооцож зээлийн эрсдэлийн санг 3,000,000 төгрөгөөр байгуулна. /БББ банкны ашиг 3,000,000 төгрөгөөр буурч, зардал нь 3,000,000 төгрөгөөр нэмэгдэнэ./ 

Активын чанарын үнэлгээний гол зорилго нь “БББ” банк өөрийн санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн байгаа иргэн А-ийн зээлийн ангилалыг бодитой үнэлсэн эсэх /хэвийн, эсвэл чанаргүй/, зээлийн эрсдэлийн санг зохистой байдлаар байгуулсан эсэхийг үнэлнэ. Хэрэв иргэн А нь БББ банкнаас авсан 3,000,000 төгрөгийн зээлийг буцааж төлж чадахгүй бол банк алдагдлыг даах хангалттай өөрийн хөрөнгөтэй эсэхийг үнэлнэ.

Жич: “хэвийн бус, эргэлзээтэй, муу гэсэн ангилалтай зээлийг чанаргүй зээлд тооцон, зээлийн эрсдэлийн сангийн хэмжээг нэмнэ. 

“БББ” банкны хуримтлагдсан ашиг 3,000,000 төгрөгөөр буурч байгаа нь өөрийн хөрөнгийн хэмжээг 3,000,000 төгрөгөөр бууруулж байна гэсэн үг юм. Учир нь банкны өөрийн хөрөнгө нь хувь нийлүүлсэн хөрөнгө, нэмж төлөгдсөн капитал, давуу эрхийн хувьцаа, халаасны хувьцаа, дахин үнэлгээний нэмэгдэл, хуримтлагдсан ашиг, алдагдал, бусад өөрийн хөрөнгөөс бүрддэг байна.

Банк харилцагч хоёрын харилцаа цэвэр итгэлцэл дээр тогтдог. Банк таны хөлсөө дуслуулж олсон мөнгийг хадгалж байгаагийн хувьд үйл ажиллагаа нь найдвартай, эрсдэл даах чадвар нь бодитой байх хэрэгтэйгээс бус байгаа нөхцөл байдлаа нуун өсгөсөн дүнтэй тоон мэдээлэл өгөх тусам эдийн засагт бодит бус байдлыг үүсгэсээр байна. Банкны активын чанарын үнэлгээ нэг талдаа үүнийг ч бас илрүүлнэ. 

 

Э.Цэлмэг