Индэр    
2017 оны 11 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

С.Дэмбэрэл: Зээлийн хүүг бууруулах нийгмийн хүлээлтийг ЗӨВ ОЙЛГОЖ, ШИЙДВЭРЛЭХ нь чухал

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоох асуудлаар нийгэмд олон талын мэтгэлцээн өрнөж эхэлжээ. Арилжааны банкууд зээлийн хүүд дээд хязгаар тогтоож, хүчээр буулгавал зээлийн хүртээмж багасч, далд эдийн засаг нэмэгдэх сөрөг нөлөөтэй тул эсэргүүцнэ гэдгээ мэдэгдээд буй. Харин улс төрчдийн зүгээс зээлийн өндөр хүүнд зөвхөн банкуудыг буруутгах явцуу хандлага гаргаж байна. Энэ нь нийгмийн бухимдлыг ч өдөөж буй.

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачлагаар "Зээлийн хүү бууруулах үндэсний стратеги" боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, тал бүрийн судалгаа хийж байгаа. Тэдний ажил 2018 оны II дугаар сард дууссан байх ёстой гэж мэдэгдсэн. Бид ажлын хэсгийн гишүүн, эдийн засагч С.Дэмбэрэлтэй зээлийн хүүг бууруулах арга замын судалгааных нь талаар ярилцлаа. Тэрбээр энэ сэдвээр хамгийн их ярьж, урт хугацааны турш судалж байгаа нэгэн билээ.


-Зээлийн хүүг бууруулах арга замын талаар судалгаа хийж байгаа гэсэн. Судалгаагаа юунаас эхэлсэн бэ?

-Хоёр төрлийн судалгаан дээр зэрэг ажиллаж байна. Юун түрүүнд зээлийн хүүгийн хязгаарлалтын талаар бусад орнуудын хуулинд ямар зохицуулалтууд байгааг судалж байгаа. Европын холбоо, АНУ, ОХУ, БНХАУ, Азийн орнууд, Монголын хууль тогтоомжуудыг ерөнхийд нь үзлээ. Монголд л гэхэд Иргэний хуулиасаа эхэлж байна. Хуулинд зээлийн харилцаа, хэлцлийн тухай холбогдох бүлгүүд байна. Дээр нь Иргэний хуулийн талаар Дээд шүүхээс гаргасан тайлбарууд, 2005, 2008 онд Германы техникийн туслалцааны нийгэмлэгээс хэсэг эрдэмтдийн хамт бичсэн тайлбарыг үзлээ.

Ерөнхийдөө эдийн засаг, улс төр, түүх, эрх зүй гээд өргөн хүрээнд асуудлыг авч үзсэн судалгаа болж байна. 12 дугаар сард үр дүнг нь танилцуулна.

-Судалгааг өргөн хүрээнд хийж буй гол шалтгаан нь юу вэ. Тухайлбал Монголын Иргэний хууль, түүх зэргээс эхэлсэн нь сонирхолтой санагдаж байна?

-Зээлийн харилцаа, мөнгө хүүлэлт гэдэг нь орчин цагт л үүссэн шинэ зүйл биш. Түүхээс үзвэл Монголд Ард Аюушийн бослого гарч, гарын үсгээ дугуйруулж зураад тэмцэж байсан нь Засаг ноёны хэрцгий үйлдэл, дотоод гадаадын мөнгө хүүлэлтийн эсрэг байсан. Тухайн үедээ Даашинхүүгийн пүүсийн өрийн дансийг шатаасан гэх мэт түүний үйл явдлууд ч гарч байв.

Шашны талаас нь шунаг шунахай сэтгэлийн тухай ойлголт байсан бол социализмын үед “хүнийг шулах”, “дамын наймаачин” зэргээр зан суртахууны хэм хэмжээг тогтоож байсан байна. Ингээд түүхэн талаас нь, эрх зүйн хөгжлийн талаас нь авч үзэх шаардлагатай асуудал болж байгаа юм.

Монголын Иргэний хуулинд санхүүгийн хэрэглэгч гэсэн ойлголтыг шууд нэрлээгүй ч зээлдэгч талын эрх ашгийг хамгаалсан заалтууд бий. Тухайлбал зээлийн хүүг талууд тохиролцох, талуудын хүсэл зориг гэх мэт чухал ойлголтууд байдаг юм байна. Мөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээний тухай чухал асуудлыг орхиж болохгүй. Зээлийн хүүгийн хязгаарлалтыг хийсэн Европын улс орнуудад үүнтэй ижил төсөөтэй сайн зан суртахуун /good moral/ гэж эрх зүйн уламжлалт ойлголтууд байдгийг олж үзлээ. Исламын улс орнуудад мөнгө хүүлэлтийг зан суртахуунд тохирохгүй гэж үздэг юм байна. Тийм учраас "Islamic banking", "Islamic financing" гэх мэт тусгай нэр томьёо гарч иржээ.

-Улс орнууд “санхүүгийн хэрэглэгч” гэдэг ойлголтыг тусад нь авч үзээд байх шиг байна. Монголд ийм эрх зүйн зохицуулалт байдаггүй хэрэг үү?

-2012 онд Монгол Улсад Дэлхийн банкнаас санхүүгийн хэрэглэгчийн талаар судалгаа хийж, зөвлөмж өгсөн байна. Тэр зөвлөмжинд бидний өнөөдөр ярьж буй Predatory Lending Practice /Мөнгө хүүлэлт/ гээд тодорхой нэр заагаад, энэ талын хууль тогтоомж их сул байгааг онцолжээ. Тодруулбал Монголд санхүүгийн хэрэглэгч гэдэг ойлголтыг хууль тогтоомжиндоо тусгаж өгөөгүй байна.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулинд санхүүгийн хэрэглэгч гэж хэн болохыг сайн тайлбарлаагүй. Тиймээс хамгийн түрүүнд санхүүгийн хэрэглэгч гэж юу вэ гэдгийг сайн тодорхойлох хэрэгтэй.

О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа банкуудын хураамж, шимтгэлийн эсрэг тэмцээд Дээд шүүх дээр ялагдсан. Үүний гол шалтгаан нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулинд уламжлалт бараа, үйлчилгээний хэрэглэгчийн тухай л заасан байгаа. Тэнд санхүүгийн хэрэглэгч гэсэн ойлголт байгаагүй учраас шүүх дээр ялагдаж байгаа юм.

-Мөнгө хүүлэлтийг хязгаарлах, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай асуудлууд нэг ойлголт уу. Мөнгө хүүлэлттэй тэмцэнэ гэж юуг хэлээд байна вэ?

-Мөнгө хүүлэлтийн эсрэг тэмцэх, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох асуудлууд тусдаа ч хоорондоо олон зүйлээрээ холбоотой. Манай улсын эрх зүйн орчинд энэ ойлголтыг тодорхой болгоогүй байна.

Мөнгө хүүлэлт гэдэг миний бодлоор зээлийн харилцаанд орж буй хоёр талын зөвхөн нэгнийх нь хүсэл зоригоор, зээлдэгчийн санхүүгийн аргагүйдсэн байдал, санхүүгийн боловсрол нимгэн байдал гэх мэт сул талыг өөртөө ашиглаж, нийгмийн жишигт тогтсон зан суртахууны зарчмуудад нийцэхгүй хэт өндөр ашиг олж буй үйл ажиллагааг хэлнэ. Үүн шиг тодорхойлоод, Монгол Улсад мөнгө хүүлж болохгүй гэсэн заалтуудыг хуулиндаа бичих шаардлага үүссэн байна.

Тоон үзүүлэлт нь хэд вэ гэдэг асуулт харин сонирхолтой. Бусад улс орнуудад жилийн дундаж хүүгийн хэмжээнээс хоёр дахин, түүнээс илүү байж болохгүй гэх мэт зохицуулалтууд байдаг юм байна. Үүнээс хэтэрвэл мөнгө хүүлэлт гэж тодорхойлдог.

"Мөнгө хүүлэлт гэж зээлийн харилцаанд орж буй хоёр талын зөвхөн нэгнийх нь хүсэл зоригоор, зээлдэгчийн санхүүгийн аргагүйдсэн байдал, санхүүгийн боловсрол нимгэн байдал гэх мэт сул талыг өөртөө ашиглаж, нийгмийн жишигт тогтсон зан суртахууны зарчмуудад нийцэхгүй хэт өндөр ашиг олж буй үйл ажиллагааг хэлнэ. Эдийн засагч С.Дэмбэрэл"

-Зээлдэгчийн санхүүгийн боловсрол нимгэн байдал гэсэн ойлголтыг илүү тодорхой ярина уу?

-Санхүүгийн хэрэглэгчийн боловсролд Монголбанк онцгой анхаарал хандуулж байгаа бол Санхүүгийн Зохицуулах Хороо тийм ч сайн анхаарч чадахгүй байна. Сангийн яам бүр орхичихсон байна. Энэ асуудалд гурвуулаа анхаарах ёстой.

Яагаад гэвэл санхүүгийн боловсрол муутай хэрэглэгчид маш амархан төөрдөг. Өөрийнхөө бодит боломжоос хэтийдсэн хүүтэй зээл аваад түүндээ ороогдсоор байгаад Энэтхэгийн мужид болсон шиг эмгэнэлт явдал онолын хувьд тохиолдож болно шүү дээ. 2008 онд Энэтхэгийн нэг мужид зээлийн хүүгээс болж 130 гаруй гэр бүл амиа хорлосон. Тэдний зээлийн бодит хүү нь жилийн 60 хувь байсан. Abuse of collection буюу зээлийн төлөвлөлт хийдэг механизм нь маш харгис байсан. Манайд их байдаг ломбардууд ийм төрлийн зээл олгож л байгаа. Тэнд хулгайн эд зүйлс их очдог тухай цагдаагийн байгууллага хүртэл мэдээлж байна лээ. Тиймээс Санхүүгийн Зохицуулах Хороо ломбардуудыг манайд хамаагүй гээд хаях биш хууль тогтоомжийн хүрээнд ажиллах хэрэгтэй байна. Иргэний хуулинд барьцаалан зээлдүүлэх ажиллагааны тухай заалтууд байгааг мартаж болохгүй. Би 2012 онд энэ асуудлаар ганцхан өгүүлбэртэй хууль санаачилж байсан. Энэ ажил хийгдэх ёстой.

-Яг одоогийн байдлаар улс төрчид банк болон ББСБ-ын зээлийн хүүнд хүчээр тааз тогтоож буулгана гэж ярьж байна. Хуулийн төслүүд ч эхнээсээ бэлэн болж. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-1990 оноос хойш бид зах зээлийн зарчмаар явсан. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд зээлийн хүү буюу үнэ зах зээлийн жамаар тогтож байсан байна. Одоо Банкны холбооны зүгээс зах зээлийн жамаар яваа зүйлийг эвдэж болохгүй, эвдвэл нийлүүлэлт багасна, зээл нэг сектороос нөгөө секторт очно, хүртээмж нь хумигдана зэрэг анхааруулгыг өгч байгаа харагдана. Эрэлт, нийлүүлэлтийн муруйгаар үнэ тогтооно гэдэг бол онол. Энэ онол бодит байдал дээр зарим улсуудад батлагдсан байна. Шууд зээлийн таазыг тогтоосон тохиолдолд олон сөрөг нөхцөл байдлыг бий болгож байжээ. Тиймээс тааз тогтоохын өмнө сайтар судалж, өөр альтернатив арга байгаа бол ашиглах хэрэгтэй.

Үүнийг ярихын тулд Монгол Улсын ядуурлын судалгаа руу очно. Нийгмийн таван бүлэгт зээлийн харилцаа ямар байгааг иж бүрнээр судлах ёстой. Мөн таазыг нь тогтоох гэж буй зээлүүд нь ямар зээл байх юм, тэтгэврийн, цалингийн гэх мэт зээлүүдийг яах вэ зэрэг олон асуудлыг харгалзаж үзэх хэрэгтэй болно. Гол нь өнөөдөр хоёр тал руу туйлширсан хандлага яваад байна.

Миний хувьд зах зээлийн жамаараа явж байна гээд тоохгүй хаяж болохгүй. Нөгөөтэйгүүр дээд таазыг тогтоочихоор болчихно гэсэн хоёр дахь экстрим хандлага байж болохгүй. Дунд нь мянган арга байна. Бид арвыг нь ч судлаагүй байж шууд хоёр аргыг яриад байна.

-Ард иргэд зээлийн хүү өндөр байгаа гэж бухимдаж, гомдож байна. Зээл олгогчид болон улс төрчид хоёр талдаа гарч буруутныг нь хайх асуудлаар л мэтгэлцээд байна?

-Зээлийн хүү зах зээлийн шударга өрсөлдөөнөөс гарч ирж байна уу эсвэл зах зээл дээр буй монополь бүтэц нь нөлөөлж байна уу гэдгийг тодорхойлсон судалгаа Монголд хийгдсэн үү? Үгүй л болов уу.

Цалингийн зээл авсан 230 мянга, тэтгэврийн зээлтэй 210 мянган иргэн өндөр хүүтэй зээл төлөөд явахыг хүлээн зөвшөөрөхгүй байж болно шүү дээ. Бид Монгол гэдэг бодитой ертөнцөд, бодитой орлоготой хүмүүс бодитой зээл авах тухай ярьж байна. Бүх нөхцөл байдал нь ижил тэгш байдаг онолын ертөнцөд бид амьдраагүй. Энэ ертөнцөд байгаа бодитой асуудлыг шийдэх гэж ажлын хэсэг байгуулсан. Монголбанк санаачлага гаргаад Мөнгөний бодлогодоо оруулаад баталсан. Тэгэхээр бид судалгаагаа сайн хийж, бодитой зүйл ярих ёстой. Өнөөдрийнх шиг хэвлэлээр хоёр талд маргалдаад утгагүй.

"зЭЭЛИЙН ХүүГ бууруулах ажлыг 2018 ОНД ХИЙХ НЬ ХАМГИЙН БОДИТОЙ"
 
Гэрэл зургийг MPA.mn

-Зах зээлийн жамаараа гээд хүүг чөлөөтэй орхиж болохгүй гэж байгаагийн учир шалтгаан нь юу юм бэ?

-Зах зээлийн жамаар явна гэсэн хүмүүс зан суртахууны талаасаа жаахан бод. Энэ улсын сая гаруй хүмүүс зээлтэй, өрийн дарамт нь 50 хувиас дээш гарчихсан байна. 2014 онд 21.8 хувьтай байсан ядуурал 2016 оны эцэст 29.8 хувь болоод хувирчихлаа. Судалгаанаас үзэхээр зээл аваад амьдрал нь сайжраад байгаа зүйл төдийлөн сайн харагдахгүй байна. Зээл нь ихсэхийн хэрээр ядуурал нь ихсээд байгаа ерөнхий дүр зураг харагдаад байна. Нийгмийн энэ хүчтэй хүлээлт, дарамт, хүсэл зоригийг зөв ойлгож, зөв шингээж аваад, хариуд нь юу хийхээ мэдэгдэх ёстой. Түүнээс биш шууд болохгүй гэсэн байдлаар хандаж болохгүй.

Япон улс зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тал дээр их чанга хуультай. 2010 онд тэд зээлийн хүүгийн дээд хязгаараа 29-өөс 21 хувь болгож бууруулсан байна. Тэглээ гээд Япон улс сөнөөгүй байна. Ер нь худлаа ярьж болохгүй. Сайн унших хэрэгтэй. Европын орнууд ч ийм төрлийн зохицуулалт хийж байсан.

Бид эрх зүйн орчноо сайжруулаад Мөнгөний бодлогоо чиглүүлээд ажиллавал заавал дээд хэмжээ тогтоохгүйгээр зээлийн хүү буулгаж болно. Хуулиа Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай биш Банкны зээлийн харилцааны талаар авах арга хэмжээний тухай эсвэл Банк болон санхүүгийн байгууллагуудын зээлийн харилцааны тухай ч гэх мэтээр нэрлэж болно.

-Хоёр тал руу ханараад байгаа нь манайд энэ талын судалгааг хангалттай хийж чадаагүйтэй холбоотой байх. Яг барьж аваад ярьчих, мэтгэлцчих зүйл алга?

-Нийгмийн судалгаа дутагдсан газар улс төрийн хүсэл зориг давамгайлж, заримдаа шууд буруу шийдэл гаргадаг сул талтай. УИХ-ын 76 хүн 76 тойргоос сонгогдсон. Тэнд байгаа бүх хүн зээлийн хүүг бууруулаасай гэж бодож байгаа. Дээр нь эрх баригч намын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг бууруулах тухай асуудал байна.

Судалгаануудыг хийхэд “аймар” хэцүү биш. Ерөнхий судалгаагаар зах зээлд тогтож буй тэнцвэрийн үнэ үнэхээр зөв үнэ мөн үү үгүй юу гэдгийг тогтоож, үгүй бол нөлөөлж буй хүчин зүйлсийг нь тодорхойлох хэрэгтэй.

Хэрэв зээлийн хүү буураад, нөхцлүүд нь сайжраад, санхүүгийн хэрэглэгч гэсэн ойлголт бий болж, зээлийн үйл явц шударга, талуудын эрх ашиг, хүсэл зоригийг нь илэрхийлсэн, хэн хэн нь хождог орчин бий болгочихвол нөгөө бидний ярьдаг эдийн засгийн хүртээмжтэй өсөлт гарч ирнэ.

-Та шууд тааз тогтоохгүй алтернатив хувилбарууд байж болно гэж хэллээ. Тухайлбал юу байж болох вэ?

-Хэрэглэгчийн зээл дээрээ анхаарах хэрэгтэй. Цалин, тэтгэврийн зээлийн хүүг жишээлбэл бууруулж болно. АНУ-ын 31 мужид “Payday loan” гэж манайхаар бол цалингийн зээл байна. Энэ зээлийн хүүд хязгаар тогтоосон байдаг. Мөн Зээлийн хүүгийн хязгаарлалтын асуудлыг ярихдаа хадгаламж, зээлийн хүүгийн зөрүүнд орж буй зардлуудыг авч үзэх хэрэгтэй. Үүнд төр буюу зохицуулагч байгууллагын зүгээс оруулж ирсэн эрсдлийн сан гэх мэт зардлууд дээр ажиллаж болно. Эрсдлийн сан өөрөө зээлийн хүүг бууруулах механизм байж болох юм. Жишээ нь цалин, тэтгэврийн зээлийн үнийн дүнгээс эрсдлийн сан байгуулдаггүй байвал яаж байна.

Арилжааны банкуудыг үгийг ч сонсох хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн эрсдлийн санг хатуу тогтоох уу, эсвэл сайн зээлүүдэд бууруулж тогтоох уу гэх мэт асуудлууд бий. Мөнгөний бодлого ч зээл, хадгаламжийн бодит зөрүүг багасгах руу чиглэх хэрэгтэй.

Зээлийн хүүгийн хязгаарыг тавих бол банкны бизнесийн зээл гэхээсээ илүү хэрэглээний зээлэнд, ББСБ, ломбард зэрэг зээлийн үйлчилгээнд харгис шинж чанар байгаа бол түүнийг зохицуулахын тулд тавих хэрэгтэй. Манай нөхцөлд цалин, тэтгэврийн зээлийг онцгой анхаарах шаардлагатай. Энэ нь 500 мянган хүний асуудал болж байгаа. Энэ хүмүүсийн зээлийн хүүг доогуур тогтоох орчныг нь банкуудад эхлээд бий болгож өг.

-Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги 2018 онд бэлэн болно. Хэрэгжүүлэх процесс нь хэр удаан байх бол. Шаардлага нь тулчихсан байна?

-Мөнгөний бодлогын баримт бичигт Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулна гэж оруулсан байгаа. Стратеги гэдгийг удаан хугацааны процесс гэж үзэж болно. Гэхдээ зээлийн хүү бууруулах ажил 2018 онд эхлэх ёстой. Зээлийн хүүг бууруулах Үндэсний стратеги боловсруулах ажлын хэсэг 2018 оны II сар гэхэд ажлаа дуусгаад Төв банкны Ерөнхийлөгчид хүлээлгэж өгнө. Төв банкны Ерөнхийлөгч үүний дагуу эрх мэдлийнхээ хүрээнд ажлуудаа хийх байх. Үүнээс гадна тэднээс шууд хамаарахгүй хууль эрх зүйн орчин байна.

Хүү бууруулах ажил яагаад 2018 онд хэрэгжихэд хамгийн бодитой вэ гэвэл 2020 онд УИХ-ын сонгууль болно. 2019 оны сүүлийн хагас жил, 2020 оны эхний хагас жилд сонгууль бэлдэнэ. Монголын эдийн засгийн цикл ийм ойрхон. 2019 онд төсвийн алдагдал илүү батлагдах магадлалтай. Төсөв нь ийм ачаалалтай байгаа үед зээлийн хүүнд бас сөргөөр нөлөөлнө.

-Санхүүгийн тогтвортой байдалд зээлийн өндөр хүү яаж нөлөөлж байна?

-Монголбанкны үндсэн зорилт буюу инфляцийг зорилтот түвшинд барих нь зээлийн хүүтэй холбоотой асуудал болж байна. Зээлийн хүү чинь бас үнэ. Үнэ буурч байвал зах зээл дээр зээлийн идэвхжил нэмэгдэнэ. Энэ асуудлуудыг Мөнгөний бодлогын шилжих механизмын арга хэрэгслүүдээр хийх нь Монголбанкны үүрэг. Гэхдээ энэ хязгаартай.

Нөлөөлөх өөр чухал хүчин зүйл нь төсвийн алдагдал. Энэ бүхэн бичихээсээ илүү хийх ёстой ажлууд.

Санхүүгийн тогтвортой байдлыг ярихдаа санхүүгийн хэрэглэгчдийн худалдан авах чадвар, амжиргаа ямар байгааг харах ёстой. Манайхан зөвхөн банк болон ББСБ, даатгалын байгууллагууддаа л илүү анхаараад байдаг. Гэтэл үйлчилгээг нь авч буй хэрэглэгчдийн эрх ашиг тэнцвэртэй байх нь санхүүгийн тогтвортой байдал хангагдахад чухал нөлөөтэй. Тэгэхээр зээлийн хүү бууруулах нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах асуудал болж ирнэ.

"Үйлчилгээг нь авч буй хэрэглэгчдийн эрх ашиг тэнцвэртэй байх нь санхүүгийн тогтвортой байдал хангагдахад чухал нөлөөтэй"

Банкны хяналт шалгалтын үйл ажиллагаанд ч санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хэрхэн хангаж байгааг оруулах хэрэгтэй. Банкууд зээлийн хүүгийн дээд хязгаарыг эсэргүүцэж байна. Тэр ч байтугай зохион байгуулалттайгаар зээлээ хумьж болно шүү дээ. Тиймээс Төв банкны тухай хуулинд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагдаж байгаа эсэхэд хяналт тавина, Банкны тухай хуулинд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг харгалзана, тэдэнтэй шударга, ил тод гэрээ хийнэ гээд л нэмчихэд болно.

-Арилжааны банкуудын зүгээс энэ асуудлыг хэрхэн харах ёстой вэ?

-Responsible lending practice гэж байдаг. Манай арилжааны банкууд хоёр жилийн өмнө ногоон зээлийг дэмжих асуудлаар нэгдэж байсан. Хариуцлагатай зээллэгийн процесс өөрөө банкуудын нийгмийн хариуцлага.

-Монголд гадаадын банк орж ирвэл иргэдэд бага хүүтэй зээл өгнө гэсэн яриа бас байдаг. Арилжааны банкуудтай өрсөлдөх чадвартэй зээл олгогчдыг “бэлтгэх”-ийн тулд яах ёстой вэ?

-Манай зах зээлд хэдэн мянган ББСБ, ломбард бий. Гэхдээ яг одоогоор томоохон 30 гаруй ББСБ төвлөрсөн шинжтэй байна. Өрсөлдөөн байгаа газар шударга үнэ тогтдог. Банкны секторт өрсөлдөөн оруулахын тулд эргэлтийн хөрөнгө сайтай ББСБ-уудыг хязгаарлагдмал хүрээнд хадгаламж татах эрхийг нь олгоход буруудахгүй. Хоёрдугаарт төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь дэмжих зээлийг Төв банкнаас авах боломжоор нь хангахад болохгүй зүйлгүй. Quasi bank буюу бараг л банкны үйл ажиллагаа явуулах ийм институциуд олон улсын практикт бий.

Монголд 15 арилжааны банк байгаагийн 6 нь системийг бүрэлдүүлэгч том банк. Бусад нь ББСБ-уудтай л адилхан хэмжээнд байна. Тэгэхээр ББСБ-уудад боломж олговол өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурах боломжтой. Түүнээс биш гадны банкны салбар орж ирээд л Монголд хямд санхүүжилт олгож эхэлнэ гэж бодохгүй байна. Уучлаарай, энэ бол хэдэн жилийн процесс байх. Тэгээд ч Монголбанкнаас дэлхийн Топ-100 банкны нэг байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Топ-100 банк яаж гуравхан сая хүнтэй, хөрөнгийн зах зээл нь хөгжөөгүй газар орж ирэх вэ дээ.