2017 оны 11 сарын 21
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Дижитал тайлан 2017: Ирээдүйд оршин тогтнох ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН хэрэгслүүд юу хийх вэ?

Дэлхийн 20 гаруй орны сэтгүүлчдийг хамруулсан Олон улсын сэтгүүлчдийн “KPF Journalism Conference 2017” форумыг Солонгосын Хэвлэл Мэдээллийн Сан өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулав. 

Тус форумаар олон сонирхолтой илтгэл тавигдаж хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй бэрхшээл, сорилт, ирээдүйн тухай ярилцаж туршлага солилцсон юм. Энэ жилийн хурлын сэдэв нь "Хэвлэл мэдээллийн салбарын ирээдүй: Платформ, Итгэл, Инноваци" гэсэн үндсэн асуудлуудыг тойрон хэлэлцлээ.

Энэ хурлаас онцлох дөрвөн илтгэлийг тоймлон хүргэж байна. Уншигч та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг холбож өгсөн линкүүдээс (улаан хэсгүүдээс) үзэх боломжтой.

Нэг. Хэвлэлд итгэх итгэл муу байгааг Дижитал тайлан 2017 илтгэв
 

Дижитал мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлж хүлээн авдаг орнуудыг Хонконгчууд тэргүүлж байна. Учир шалтгааныг тодорхой дурдаагүй ч дэлхийн бизнес санхүүгийн гол төвүүдийн нэг Хонконгчуудын 21 хувь нь үнэ цэнэтэй мэдээлэлд мөнгө төлдөг. Үүнд дижитал сонин, хэвлэмэл хувилбартайгаа хосолсон захиалга болон нэг удаагийн өгүүлэл, нийтлэл уншихдаа мөнгө төлдөг зэрэг багтаж байна.    

Ройтерс Институт энэ онд дэлхийн таван тивээс 50-иас дээш хувийн интернэтийн нэвтрэлттэй 36 оронг сонгон дижитал хэрэглээг нь харьцуулсан судалгааг хийжээ.

Энэхүү судалгааны үр дүнгээс Ройтерс Институтын Захирал ноён Дэвид Лэви “KPF-JC 2017” олон улсын хуралд танилцууллаа.

Нийт 70,000 гаруй хүнийг судалсны үндсэн дээр дижитал хэрэглээний дэлхийн хамгийн том харьцуулсан судалгаа болжээ.

Интернэт нэвтрэлтийн хувьд 36 орны хамгийн бага үзүүлэлттэй нь Мексик 53 хувьтай байсан бол Дани, Норвеги 98 хувьтайгаар тэргүүлж, Их Британи, Швед, Нидерланд, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Канад 90 хувиас дээш интернэтийн нэвтрэлтээрээ тэргүүлэх орнуудын жагсаалтад багтсаныг харж болно.

 

Дижитал тайлангаас онцлох хэсгүүдийг дурдвал дээрх 36 орны ялангуяа олон улсын хэмжээний мэдээ мэдээллийн сувгуудын олон ургальч байдлыг судалсан нь анхаарал татаж байв. Тухайлбал, АНУ-ын хүлээн авагчдын хувьд өөрсдийн мэдээлэл авдаг сувгуудаа улстөрийн ямар үзэл баримталдаг тухайд саналыг нь авахад төвийг сахисан буюу аль ч талыг нь голчилдоггүй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зөвхөн Yahoo News л дөхөж очсон байлаа. Харин CNN, New York Times, The Washington Post зэрэг шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл зүүний  хүлээн авагчдын хэрэгсэл болсон байгаа бол эсрэг талд буюу барууны үзэл баримтлалаар мэдээж Fox News, Breitbart нар нэрлэгджээ.

 

Харин Их Британийн хувьд голын шугаман дээр байрлах хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсангүй. Зүүнээс голын шугаманд дөхөж очсон нь BBC л байв.  Алдарт The Guardian ч мэдээж зүүн талд байрласан байгааг та харж байна.

 

Энэхүү тайлангаас бас нэг онцолж харах өнцөг нь улс орнуудын хүлээн авагчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэлдээ (ОНМХ) хэр зэрэг итгэж буйг харуулах итгэлийн индексийг харуулжээ. 36 орноос хамгийн өндөр оноо авсан нь Финланд байв. Тус улсын иргэдийн 62 хувь нь ОНМХ-дээ итгэдэг гэсэн бол олон улсын сэтгүүлчдийн хурал болж буй Өмнөд Солонгосын хэрэглэгчдийн ердөө 23 хувь нь л ОНМХ-дээ итгэдэг гэж хариулсан байна.

 

Зөвхөн интернэт хэрэглээг судалсан энэхүү судалгаагаар иргэдийн мэдээлэл хүлээн авах арга хэрэгсэл дээр сонирхолтой үр дүнгүүдийг мөн үзүүлжээ.

Хүлээн авагчид мэдээлэл олж авахдаа нийгмийн сүлжээг (НС) түлхүү ашиглах хандлагатай болсныг дурдах илүүц юм. Гэхдээ НС-ний ямар үйлчилгээгээр мэдээлэл авч байна вэ гэдэг мөн л нарийн асуудал болоод байна. Дижитал тайланд дурдсанаар хэрэглэгчид төрөл бүрийн мессенжерүүдээр дамжуулж мэдээлэл авах хандлага улам бүр нэмэгдэж буйг үзүүлжээ.

 

iKon.mn сайт ч мөн хэрэглэгчдийн хүсэлт дээр үндэслэн Facebook Messenger-ээр нь тухайн өдрийн хамгийн эрэлттэй, шуурхай зэрэг төрөл бүрийн мэдээллийг илгээж байгаа билээ.

Тайлангаас онцлох бас нэг сонирхолтой хэсэг бол дижитал сувгаар хэрхэн мөнгө олох вэ. Энэ хэсгийн хамгийн эхэнд дурдсанаар судалгаанд хамрагдсан улс орнуудаас Хонконг дижитал мэдээлэлд мөнгө төлдгөөрөө тэргүүлсэн. Харин мөнгө төлдөг хэрэглэгчдийн насны хувьд залуучууд буюу 25-34 насныхан интернэтээс контент худалдаж авах хандлагаараа тэргүүлсэн нь ирээдүйн худалдан авагчид улам бүр нэмэгдэх магадлалтайг харуулж байна. Хамгийн их борлогддог онлайн агуулгад кино, телевизийн хөтөлбөрүүд багтсан байгааг та доорх графикаас харж болно.

 
 

Эцэст нь ноён Дэвид Лэвигийн дүгнэлтээс “…ОНМХ-д итгэх итгэл бага, мэдээллийн сувгуудын туйлшрал нь асуудлыг улам түвэгтэй болгож байгаа ч нийгмийн сүлжээнээс илүү ОНМХ дэх итгэл нэмэгдэнэ. Мөн нийгмийн сүлжээ нь мэдээлэл олж авах гол хэрэгслүүдийн нэг болсон ч энэ нь цаашдаа хувийн мессежний талбартаа мэдээлэл хүлээн авах хандлага руу шилжиж буйг бид харж байна…” гэлээ.  

"Дижитал мэдээллийн тайлан 2017" -той бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД дарж уншаарай. 

 

Хоёр. Их өгөгдлөөс хиймэл оюун ухаан руу…
 

“Дараагийн 10 жилд хамгийн дур булаам ажил статистик боловсруулалт байх болно...” гэж Google-ийн эдийн засагч Хал Вариан хэлсэн байдаг. Үнэхээр ч өнөөдөр олон улсад компаниуд, хэрэглэгчид, судлаачид Big Data-д хошуурах болсон.

Хүн төрөлхтөн өөрийн түүхэндээ хэзээ ч байгаагүй их хэмжээний дата мэдээлэл буюу өгөгдлийг сүүлийн хэдхэн жилийн дотор бий болгоод буй. Тиймээс ч энэ их өгөгдлийг системчилж, анализ хийж чадсан нь өөрийн бизнес, судалгаа гээд бүх зүйлдээ ашиглах боломж нээлттэй болж энэ нь хэзээ ч байгаагүй их хэмжээний баялаг хэмээн үзэх болсон билээ.

Улстөрчид гэхэд Big Data ашиглан сонгуулийн кампанит ажлаа амжилттай зохион байгуулах шинэ хандлага бий болоод тийм ч их удаагүй байна. Онлайн орчинд бий болж буй маш их өгөгдлүүдийг газар зүйн байршил зэргээр хослуулан системчилж олон төрлийн сонирхолтой, үнэ цэнэтэй мэдээллийг бий болгож байна.

Солонгосын Хэвлэл Мэдээллийн Сан буюу олон улсын сэтгүүлчдийн энэхүү хурлыг зохион байгуулагч байгууллага өөрийн хийсэн нэгэн томоохон ажлыг танилцуулсан нь BigKinds байв.

BigKinds нь Өмнөд Солонгосын тэргүүлэх хэвлэл мэдээллийн компаниудаас сүүлийн 28 жилийн туршид цуглуулсан 42 сая гаруй өгүүлэл бүхий мэдээллийн архивт суурилсан анализ хийх процесс юм.

Өдөр бүр цуглаж буй мэдээллийг автоматаар дараах дарааллаар ангилан ялгадаг байна.

Үүнд:

 
  1. Үг зүйн анализ
  2. Нэр томъёогоор ангилан ялгах
  3. Эшлэл, эх сурвалжуудаар ангилах
  4. Сүлжээ хамаарлын ангилан ялгалт (Network)
  5. Сэдвийн бүлэглэлт хийх зэргийг автоматаар хийдэг байна.

Дээрх дарааллаар эмх цэгцэнд орсон өгөгдлүүдээс компани, хувь хүмүүс, судлаачид, улстөрчид гээд хэн ч хамаагүй өөрсдийн хэрэгтэй мэдээллээ боловсруулан авах боломжтой болж байгаа юм.

 
 
 

Big Data боловсруулалтыг ашиглаж өөрийн бизнес, ажил хэрэгтээ амжилттай үр дүн үзүүлж буй олон жишээ туршлага бий. 

Big Data буюу асар их хэмжээний мэдээллийн өгөгдлийг ашигласнаар бидний ирээдүй хиймэл оюун ухааны эрин үед шилжих төсөөөлөл зарим газарт биеллээ олж нөгөө хэсэгт энэ талаар дөнгөж ярьж эхэлж байна.

BigKinds сайттай ЭНД дарж танилцах боломжтой.

 

Гурав. Төсөөллийг бодит болгох нь…
 

Хэвлэл мэдээллийн салбар технологийн хөгжлийг даган өөрсдийн контентуудаа орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцэхүйц олон сонирхолтой байдлаар хүргэж эхлээд байна. Үүний нэг жишээ бол яах аргагүй Virtual Reality (VR) бодит орчинд нь очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц контентуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүтээсээр байна.

“KPF-JC 2017” хуралд The Guardian-ын VR контентийн редактор Ф.Панетта өөрсдийн хэрэгжүүлж буй VR төслүүдээ танилцуулсан нь сонирхол татахуйц байлаа.

The Guardian хэрэглэгчиддээ аливаа нэг агуулгыг бүрэн гүйцэт буюу газар дээр нь очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц VR контентуудыг амжилттай бүтээж байгаа бөгөөд ингэхдээ төрөл бүрийн сэдвийн хүрээнд таны төсөөллийг бодит болгож байна. Жишээ нь, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг энэ технологитой хослуулсанаар хэрэглэгчийг аливаа нэг гэмт хэргийн үйл явцыг яг юу болсонг тухайн орчинд нь виртуал байдлаар үзүүлж байна.

 Зарим контентийн танилцуулгаас хүргэвэл:

The Guardian-ын VR контентуудыг туршиж үзэхийг хүсвэл та ЭНД дараарай. 

 

ДӨРӨВ. Ирээдүй
 

Их Британид ердөө дөрөвхөн жилийн дотор иргэд гар утсаараа мэдээлэл авах хандлага хоёр дахин нэмэгджээ.

Мэдээлэл хүлээн авдаг гол төхөөрөмжийн нэг болсон гар утсанд таарсан контентийг хэрхэн бүтээх вэ гэдэг нь сэтгүүл зүйн сорилт болоод удаж буй ч бодит нөхцөл байдал тулгарсан өнөө үед бүгд бэлэн биш байна.

 

Хэвлэл мэдээллийн салбарт дараагийн 20 жилд юу хүлээж байна вэ. Энэ талаар Ройтерс Институтын судлаач Ник Ньюмэн илтгэл тавив.

Ирээдүйн 20 жилд хиймэл оюун ухааныг аль хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах боломж илүү байна вэ. Хэвлэн нийтлэгчид өөрсдийн мэдээлэл түгээх аргаа хэрхэн өөрчлөх ёстой талаар тэрбээр ярьсан юм.

Мэдээлэл түгээдэг болон хүлээн авдаг төхөөрөмжийн хувьд улам бүр жижигсээр л байхыг та дараах слайдуудаас харж болно.

 
 

Харин агуулга, хэлбэрийн хувьд дээрх илтгэлүүдэд дурдсанаар VR технологи буюу хэрэглэгчид бодит орчинг мэдрүүлэх контент үнэ цэнэтэй хэлбэрийн нэг байна.

 

Мөн хиймэл оюун ухаант мэдээллийн сувгууд олноор төрөн гарч ирнэ. Гэхдээ ямар агуулгыг хэрхэн үзүүлэхийг хүн өөрөө л удирдах учир аль болох эртнээс технологи, Big Data ашигласан нь хожих талаар ноён Ник Ньюмэн дурдаж байлаа. Мөн дараагийн хорин жилд дан ганц текст мэдээллээс гадна аудио, видео хэлбэрүүдийг бүгдийг нь хослуулан багц мэдээллийн хэрэгслийг хэрэглэгчдэд санал болгох нь. Энэ хэлбэр рүү мэдээллийн сувгууд аль хэдийнээ шилжсэн ч аль болох бага талбарт буюу гар утасны дэлгэцэнд энэ бүх хэлбэрийн агуулгыг зохион байгуулалттайгаар өрөх шаардлага тулгарч буй.

 

Мөн түүнчлэн хиймэл оюун ухааныг ашигласан ухаалаг сонсох төхөөрөмжүүд аль хэдийнээ худалдаанд гарч эхлээд байгаа бөгөөд энэ чиглэлийн төхөөрөмжүүд түүнд тохирох агуулга эрэлттэй болох талаар төсөөллийг дэвшүүлж байна.

 
 
 

Товчхондоо, дүгнэж хэлбэл ирэх 20 жилд:

• Төхөөрөмж, платформ нь мэдээллийн хэлбэрийг өөрчилсөөр байх бөгөөд сэтгүүл зүйн бүх хэлбэрийн агуулгыг багтаасан багц контентийг үзэгчдэд санал болгоно.

Өгөгдөл, технологийг хамгийн үр дүнтэй ашигладаг компаниуд л үлдэх болно.

• Хиймэл оюун ухаан нь олон талын боломж бололцоог нээж өгч байгаа ч энэ нь мөн л олон төрлийн эсэргүүцэлтэй тулгарна гэж ноён Ник Ньюмэн дүгнэж хэлэв.

“KPF JC 2017” хурлын илтгэл бүрт шахуу дурдагдаж байсан асуудал нийгмийн сүлжээ дагасан Fake News буюу хуурамч мэдээллийн тухай ярьж байв. Тиймээс ч хуурамч мэдээллийг таних, ялгах, нягтлах арга шийдлүүдийг эрэлхийлж янз бүрийн санал санаачлагыг мөн энэ хурлын үеэр танилцуулж байсан.

Гэхдээ хуурамч мэдээлэл түгээх хандлага нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэхээсээ илүү зорилтот бүлгүүд, хувь хүмүүс, мэргэжлийн бус хүмүүсийн янз бүрийн ашиг сонирхлын үүднээс нийгмийн сүлжээг ашиглан түгээж буй хуурамч мэдээлэл учир энэ нь хэвлэл мэдээллийн салбарын шийдэх асуудал нэг талаар биш юм. Мэдээж хуурамч мэдээллийн эсрэг баримт нотолгоотой мэдээлэл түгээх ОНМХ-ийн үүрэг оролцоо ихэсч, итгэл энэ хэрээр нэмэгдэх магадлалтай байгааг судлаачид онцоллоо.

"Дижитал мэдээллийн тайлан 2017" -той бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД дарж уншаарай. 

 

x