Индэр    
2017 оны 11 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

Цаг нь ирсэн РЕФОРМ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Одоогоос арваад жилийн өмнө дэлхийн эдийн засаг, санхүүгийн ертөнцөд хувьсал хийсэн томоохон хямрал хүн төрөлхтөнд тохиосон билээ. “Дампуурахад хэтэрхий том” /AIG, Bear Stearns/ буюу үндэстэн дамнасан банк, санхүүгийн байгууллагуудад үүссэн асуудал зах зээл дэх Төв банкны үүрэг оролцоо, төрөөс энэ салбарт хэрэгжүүлэх бодлого, чөлөөт эдийн засгийн талаар эргэж харах зайлшгүй шаардлагатайг нотлов. Хямралыг даамжруулахгүйн тулд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд АНУ 700 тэрбум ам.доллар “алдаж”, 10 гаруй сая хүн ажилгүй болсон байдаг. Гэхдээ хямрал үүнээс ч өргөн цар хүрээг хамарч, хяналтаас гарч болох байсныг тухайн үеийн бодлого тодорхойлогчид онцолдог юм.

Учир нь хэрэв Холбооны Нөөцийн Банк дампуурах гэж буй компаниудыг “үл тоосон” бол үр дагавар нь хүн төрөлхтөнд яаж тусах байсныг төсөөлөхөд бэрх. Эдийн засаг, санхүүгийн хямрал нь хөрөнгийн эзэд, дээд ангийн баячуудаас илүү жирийн ард түмэн, орлого багатай хэсэгт хүчтэй тусч, өлсгөлөн, ажилгүйдэл, гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлдгээрээ тун аюултай. 1930-аад оны “Их хямрал”-аар АНУ, Европын орнуудын ажилгүйдлийн түвшин 33 хувьд хүрчээ. Судлаачид дэлхийн II дайныг өдөөхөд нөлөөлсөн гол хүчин зүйлийг энэхүү хямрал байсан гэж үздэг.

2008 оны санхүүгийн хямрал болох эрсдэлт нөхцөл үүссэнийг эрх баригчид мэдээгүй биш, мэдсэн ч урьдчилан зохицуулах боломж, хууль эрх зүйн орчин байгаагүйд гол асуудал нуугдаж байжээ. Түүх холдох тусмаа улам тодордог учраас улс орнууд 2008 оны хямралаас сургамж авч, хууль эрх зүйн реформ хийж эхэлцгээв.  

Эрсдэл дайсан биш “нөхөр” болох тухайд

"Манай улс 1996 онд анх Банкны тухай хуулийг баталж, 2010 онд шинэчилсэн. Гэхдээ дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор 2011 онд Базелийн хорооны /Basel Committee/ III шалгуур үзүүлэлтүүд гарсан нь одоогийн банкны хуулинд тусгагдаж чадаагүй" гэдгийг Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг онцолж байв. Энэхүү шалгуур үзүүлэлтүүд нь эрсдлийн удирдлагыг шат ахиулах зорилготой бөгөөд банкны өөрийн хөрөнгө, хөрвөх чадварт тавих шаардлага, Төв банкны хяналт шалгалтыг илүү боловсронгуй болгожээ.  

Санхүүгийн системээс зөвхөн банкийг тодруулж байгаа нь учиртай. Монгол Улсын санхүүгийн зах зээл дээрх нийт активын 95 хувь нь банкны салбарт ногдож байна. Товчоор Монголд санхүүгийн хямрал гарах эрсдэл байгаа бол тэр нь бараг дангаараа арилжааны банкуудтай л холбогдох тухай асуудал юм. Тэр ч утгаараа ОУВС-гаас хөтөлбөр хэрэгжүүлэхдээ манай улсын банкны салбарыг оношилж, эдийн засгийн өсөлтийг хангах дэд бүтцийн үүргээ биелүүлэх чадвартай болгохын тулд Активын чанарын үнэлгээ /AQR/ хийх шаардлага тавьсан. Хэрэв эдийн засагт оруулж буй мөнгийг цус гэж үзвэл түүнийг биед хүртээмжтэй тархаах дэд бүтэц буюу хялгасан судас нь банкны салбар болж байна. Энэ үеэр банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлүүд давхар хийгдэх нь тодорхой. Банкны тухай хуулинд орж буй гол өөрчлөлтүүд дээр дурдсан Базелийн III шалгуур үзүүлэлтүүдийг хангах, дэлхийн стандарттай хөл нийлүүлсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байгааг төслийн үзэл баримтлалаас олж харлаа.

Хуулийн төсөлтэй /ЭНД/ дарж танилцана уу.

Монголбанкнаас арилжааны банкуудад хийдэг хяналт шалгалт нь одоогоор “гүйцэтгэлд суурилсан /compliance based/ байдаг. Тодруулбал хэн нэгэн гомдол гаргахгүй л бол банкуудыг хянаж, шалгах үндэслэлгүй гэсэн үг. Энэ нь 2008 оны хямралын өмнөх үеийг санагдуулна. Харин банкны тухай шинэ хуулиар “эрсдэлд суурилсан үр нөлөөтэй банкны хяналт шалгалтын зарчим”-ыг нэвтрүүлэх юм байна. Орчин цагт аливаа бизнесийн байгууллагууд эрсдлээс зугтах, түүнээс айх, нуун дарагдуулах биш харин ч түүнтэй нөхөрлөж, эрсдлийг удирдах нь үр ашигтай гэдгийг ойлгосон. Тиймээс Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлэх хөшүүрэг эрсдлийн удирдлага байх нь тодорхой. Монголбанкны хувьд эрсдлийг удирдах чадвараа эрсдэлтэй нүүр тулахаасаа өмнө сайжруулах шаардлагатай юм.

“Үнэн хэрэгтээ банкийг амжилттай удирдах хамгийн шалгарсан арга нь сайн эрсдлийн удирдлага байдаг” хэмээн нэрт эдийн засагч Алан Гринспен хэлсэн нь санхүүгийн салбарын хамгийн алдартай эшлэлүүдийн нэг болж үлдсэнийг энд дурдъя.

Монголын түүхээс авах сургамж

Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс 2015 онд хийсэн судалгаанд Монголд үйл ажиллагаа явуулж буй 13 арилжааны банкийг хамруулсан бөгөөд сайн засаглалтай 1 банк, дунд буюу засаглал бүрдэж байгаа 2 банк, хангалтгүй засаглалтай буюу засаглалын суурь бүрдэж байгаа 8 банк, засаглал муу 2 банк байна гэж дүгнэжээ. Дээрх бүх үзүүлэлтүүдийг нэгтгэн үзвэл Монгол Улсын арилжааны банкууд засаглалын индексээр 65.3 хувийн оноо авч, хангалтгүй буюу засаглалын суурь тавигдаж байгаа гэсэн ангилалд орсон байна.

Санхүүгийн тогтворгүй байдлыг үүсгэж болох дараагийн нэг эрсдэл бол банкуудын засаглалын асуудал. 2000 оны эхэн үед гарсан Анод, Зоос, Хадгаламж банкны хэргүүд санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж байв. Дээрх банкуудад үүссэн асуудлын гол шалтгаан нь их хэмжээний зээл эргэн төлөгдөөгүйгээс болж төлбөрийн чадваргүй болсонтой холбоотой. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд банкийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавигдах шалгуур, холбогдох этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдийн тодорхойлолтыг сайжруулах заалтууд жин дарж оржээ. Энэ зохицуулалтууд хангалтгүй байвал хадгаламж эзэмшигчдийн мөнгийг сонирхлын зөрчилтэй этгээд авч ашиглаад эцэст нь мөнгө ч үгүй, банк ч үгүй болгодог гэдгийг бид харсан.

Үүнээс гадна Харвардын эрдэмтдийн судалгаагаар гэр бүлийн буюу анх үүсгэн байгуулагчдын засагласан бизнес 70 хувь нь нэг үеийн дараа, 23 хувь нь хоёрдугаар үеэсээ үгүй болдог байна. Компани томрох тусам засаглалыг илүү мэргэжлийн, нарийн зохицуулалттай болгох шаардлагатайг энэхүү судалгаа нотолно. Банк ажиллуулна гэдэг талх зарахаас өөр билээ. 

Шинэ хуулиар банкны ТУЗ-ийн гишүүн нь дээд боловсролтой, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс таваас доошгүй жилд нь банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан байх шаардлагатай болж байна. Харин Гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийн аудитын, цалин урамшууллын, нэр дэвших хорооны гишүүн байхыг хориглох бөгөөд Гүйцэтгэх захирлыг томилох, сонгох, түүний бүрэн эрхийг тогтоох, хяналт тавихтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад саналын эрхгүй байна гэжээ. Мөн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчтэй холбоотой шалгууруудыг чангатгасан нь засаглалын сайжруулах алхам гэж харж байна.

Ирээдүйд аль нэг банк "асуудалд орвол" яах вэ?

Банкны хуулийн шинэчлэлээс авах өөр нэг чухал санаа бол банк хэрэв асуудалд орж, дампуурах эрсдэлтэй тулбал түүнийг дотроос нь аврах "Bail in" аргыг хэрэглэх эрх зүйн боломжийг бүрдүүлэх аж. Товчоор бол ард түмний мөнгөөр эрсдлийг хаахгүй. Өнгөрсөн хугацаанд асуудалд орсон гурван хувийн банкийг аврахын тулд төрөөс 480 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Энэ зардал хэтэрхий өндөр бөгөөд харамсалтай юм. Энэ шинэ арга хэмжээ нь банкны бүтцийн өөрчлөлтийн нэг чиглэл болж байна. 

Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний зорилго нь тухайн банк нийгэм, санхүүгийн тогтвортой байдалд ач холбогдол өндөртэй бол тэрхүү үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхэд оршдог. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд гүүр банк байгуулах, банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, бусдад шилжүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг авдаг. 

Үүнээс гадна Монголбанкны хяналт шалгалтын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, арилжааны банкууд эрсдэл үүссэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх шинэ шаардлага нэмэгдэх аж.  Банкны салбар итгэл дээр тулгуурладаг учраас зарим нэр томьёоны оновчгүй байдлыг засах шаардлага мөн тулгарсан байна. Тухайлбал өмнө нь Монголд болсон үйл явдлуудаас харахад банканд хяналт шалгалт хийгээд "онцгой дэглэм" тогтоох үед хадгаламж эзэмшигчид сандарч мөнгөө татах /bank run/ үзэгдэл бий болж, банкийг төлбөрийн чадваргүй болгож байжээ. Тэгвэл энэ үгийг "нөхцөлт удирдлага" гэж өөрчилснөөр банкыг тогтворжуулах, эрсдлийг бууруулах арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Энэ мэтчилэн нэр томьёог олон улсын стандартууд нийцүүлэх алхмууд хийгдэнэ.

Арилжааны банкуудын зүгээс хуулийн өөрчлөлтийн асуудлаар ямар байр суурьтай байгааг тодруулахад Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат "Банкны хуулийг өргөн баригдахаас өмнө бид Монголбанктай хамтран ажилласан. Төсөл боловсруулахад явцад ОУВС-гаас мөн өөрсдийн саналаа тусгасан юм билээ. Хуулийн төсөл дээр харилцан ойлголцсон, боломжийн төсөл гэж үзсэн байгаа" гэсэн хариултыг өгсөн юм.

Цаашид Төв банкны тухай хуулийг шинэчлэх төсөл, Активын удирдлагын тухай шинэ хууль зэрэг энэ салбарын 10 орчим хууль өөрчлөгдөнө.

Ардчилсан хувьсгалаас хойш Монголд хамгийн үсрэнгүй хөгжиж буй хоёр салбар бол харилцаа холбоо, арилжааны банкны салбар юм. Хэрэглэгчид салбарын хөгжлийн ачаар дэлхийн өндөр хөгжилтэй оронд авдаг бүхий л үйлчилгээг авч чадаж буй. Гэхдээ өөрчлөгдөх, сайжрах нь бизнес амжилттай, урт хугацаанд оршин тогтнох хамгийн том баталгаа учраас арилжааны банкны салбарт хийгдэх гэж буй реформын цаг нь нэгэнт ирснийг хууль эрх зүйн шинэчлэлийн энэхүү "давалгаа" харуулж байна.