Индэр    
2017 оны 11 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

ТАНИЛЦ: Таны цалин БУУРАХАД 53 ХОНОГ үлдлээ

Зураг

~ТӨСӨВ 2018~

2018 онд иргэдийн гарт очих цалингийн хэмжээ сардаа дунджаар 8-30 мянга, 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 50-100 мянган төгрөгөөр БУУРАХ гэж байна.

Эдийн засгийн хүндрэлд орсон манай улс 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа Нийгмийн даатгалын шимтгэлийг 2.5 хувиар, Хувь хүний орлогын албан татварыг цалингийн хэмжээнээс шалтгаалж 10,15,20,25 хувь болгон шатлалтай өсгөх шийдвэр гаргасан билээ. Хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх заалттай. УИХ дээрх хоёр татварыг нэмснээр бидний бүсийг чангалж төсвийн орлогыг 10.7 хувиар буюу 607.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

1. Жилийн 2,880,000-18,000,000 хүртэлх төгрөгийн орлогод 10%

Доорх графикийг НДШ-ийн нэмэгдэл 2.5 хувь, ХХОАТ-ын 10,15,20,25 хувийн шатлалтай өсөлт болон ХХОАТ-ын хөнгөлөлт болох 124 мянган төгрөгийг нэгтгэн бодож гаргасан болно

Та сард 240,001-1,500,000 хүртэл төгрөгийн цалин авдаг бол энэ ангилалд хамаарна.

Жич: Энэхүү дүрслэлийг десктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдана.

2. Жилийн 18,000,001-30,000,000 хүртэл төгрөгийн орлоготой бол:

800,000₮ + 18 саяас дээш орлогын 15%

3. Жилийн 30,000,001 - 42,000,000 хүртэл төгрөгийн орлоготой бол:

3,600,000 төгрөг + 30,000,000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20%

 

4. Жилийн 42,000,000 төгрөгөөс дээш орлоготой бол: 

6,000,000 төгрөг дээр 42,000,000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 25 хувийг нэмнэ

Дэлгэрэнгүй тооцоолол 

Хүснэгтийн хөндлөн чиглэлд гүйлгэж үзэх боломжтой.

 

 

Төсвийн алдагдал, гадаад өрийн хүндрэлд орсон манай улс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж бүсээ чангалах нь зайлшгүй бөгөөд бараг цорын ганц сонголт байв. Үүнийг ч иргэд ойлгож хүлээн авсан билээ. Гэхдээ төр засгийнхан маань биднийгээ “хөөрхөн” хуурах оролдлого хийсээр байгаа тул чимээгүй өнгөрч болохгүй нь.

Хуурч байгаа гэдгийг яг одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй 2018 оны төсвийн төслийн өнгө төрхөөс хялбар харж болохоор байна. Төсвийн алдагдлыг бууруулах арга нь зардлаа танах болон орлогоо нэмэгдүүлэх. Засгийн газар иргэдийн бүсийг чангалж орлогоо нэмэгдүүлэх алхам хийж байгаа ч нөгөө талдаа эдийн засгийг бодитоор өсгөх хөрөнгө оруулалт, шинэлэг санаа олж харсангүй. Мөн тэд Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс 300 мянган төгрөг тарааж өгнө гэсэн боловч буцаагаад ТАТВАР болгоод авчихна гэдгээ хэлсэнгүй. Иргэдэд ихэвчлэн сонгуулийн хөзөр, гал унтраах арга, сюрприз байдлаар очдог мөнгө тараалт хэмжээнээсээ үл хамааран эрэлтийн шинжтэй инфляцийг өрддөг гэдгийг Монголбанкнаас хэлж байв. Цалингийн бууралт дээр инфляци нэмэгдэхээр иргэдийн бодит орлого бүр ч багасна. Бодит орлого нэмэгдэж гэмээ нь иргэд сэтгэл хангалуун болж, эдийн засаг эрчимждэг хуультай.

Улсын төсвийн 87 хувийг татварын орлого, үлдсэн хувийг татварын бус орлого буюу зарим төрлийн төлбөр бүрдүүлдэг. 2018 онд 6.2 их наяд төгрөгийг татварын орлогоос, 925 тэрбум төгрөгийг татварын бус орлогоос олох нь. Татварын орлогын 20 гаруй хувийг зөвхөн нүүрс, зэс, алтнаас бүрдүүлнэ. Үлдсэн нь иргэд, ААН-ээс авдаг татварууд.

Энэ жил буюу 2017 онд төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн нь үндсэндээ хоёр шалтгаантай байв. Нэгдүгээрт гадаад орчны хүчин зүйлсээс хамаарч нүүрсний үнэ өссөн, хоёрдугаарт НӨАТ-ын бүртгэлийн систем сайжирсантай холбоотой. Хэрэв нүүрсний үнэ өсөөгүй байсан бол бид яах байсан бэ? Энэ асуултад хариулах нь битгий хэл бодох сонирхолтой хүн хараахан алга.

Ашигт малтмалын үнийг ТААМАГЛАХААС өөрийг хийж чадахгүй бид төсвийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд өөр арга бодох учиртай юм. Тухайлбал олон жил яригдсан томоохон төслүүдээ хөдөлгөх, нүүрсний гарцыг нэмэгдүүлэх дэд бүтцэд анхаарах, татварын тогтолцоог улам боловсронгуй болгож татвар төлөгчдийнхөө суурийг нэмэгдүүлэх, мөн буцаагаад өгөөжөө өгөх хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлэх зэрэг алхмуудыг хийх шаардлагатай. Харамсалтай нь эдгээрийн алийг нь ч 2018 ондоо хийхгүй гэдгийг төсвийн төсөл баталлаа.

Сөрөг хүчний зүгээс багш, эмч нарын цалинг 10 хувиар нэмэгдүүл, соёлын салбарыг сурталчлах 1 тэрбум төгрөгийг нэм, иргэдийн зээлийг тэглэ гэх мэт “хачин” популист шаардлага тавьж, хэвлэлийн хурал хийхээс өөрөөр гавьсангүй. УИХ-ын гишүүд төсөвтэй холбоотой зарим нэг деталь зүйлсийг илүү товойлгож, олон нийтийн анхаарлыг татах тоглолт хийхээс биш улс орны урт хугацааны бодлого, стратегийн талаар хангалттай мэтгэлцээн өрнүүлж чадахгүй байна.

2020 оноос цааш амьдрал бий. Монгол Улс хойшид ер нь яах гээд байгааг ирэх жилийн төсөв бидэнд хариулахгүй нь. Тэд яажшуухан хэдэн жил “аргалаад” өнгөрөх вэ гэж л бодоод байх шиг.