Зураг
Зураг
Индэр    
2017 оны 11 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Дэлхийг хэрэх тав таван жилийн төлөвлөгөө

 
Presseum музей,

“Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин бол Дональд Трампын халаасны хүн. Бид Дональд Трампыг эсэргүүцэж байна” гэх үгс бичсэн иргэний нийгмийн төлөөлөл өнгөрсөн Лхагва гарагт бидний зочилсон Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн салбарын түүхийг өгүүлэх “Presseum” музейн үүдэнд байрласан байв.

Харин энэ явдлаас дөрөв хоногийн дараа буюу өнгөрсөн Бямба гарагийн орой Сөүлийн төв гудамжаар “Биднийг үргэлж дэмжин ирсэн АНУ-д баярлалаа” … зэрэг бичигтэй АНУ, БНСУ-ын далбааг барьсан иргэд жагсаж байхтай таарлаа.

Энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-д айлчлах гэж байна. Хойд Солонгосын асуудал ээдрээтэй байгаа энэ үед тохиож буй айлчлал учраас дэлхий нийтээрээ тус үйл явдлыг анхааралтай ажиглаж байна.

Яг энэ өдрүүдэд Солонгосын Хэвлэл Мэдээллийн Сан (KPF), Кванхун Сэтгүүлчдийн Клуб хамтран зохион байгуулдаг “Kwanhun –KPF Press Fellowship” хөтөлбөр үргэлжилж байна.

ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ НОЁЛОХ НЬ…

Энэхүү хөтөлбөрийг 2012 оноос эхлэн Солонгосын дайнд тусалж байсан орнуудаас  жил бүр 7 -10 –г нь  сонгож өөрсдийн Элчин Сайдын Яамдуудаар дамжуулан тухайн орон тус бүрээс нэг сэтгүүлчийг шалгаруулж оролцуулдаг. 

Шалгаруулсан сэтгүүлчдээ орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарын чиг хандлагын талаарх туршлага солилцох уулзалт, танилцах аялалд хамрагдуулж мөн Солонгос орны нийгэм, улстөрийн тухай газар дээрээс нь үнэн бодит мэдээлэл авахад тус дэм болж байна.  Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсан олон орны сэтгүүлчдийн хамтын сүлжээ үүсгэх зорилготой талаар KPF дурдаж байлаа.

Зургаа дахь жилдээ болж буй тус хөтөлбөрт энэ жил Египет, Энэтхэг, Индонез, Малайз, Монгол, Мьянмар, Шри-Ланк, Тайланд, Вьетнамын сэтгүүлч оролцож байгаа бол Монголоос iKon.mn сайтын төлөөлөл оролцож байгаа юм.

“Kwanhun –KPF Press Fellowship” хөтөлбөрийн явцад Сэтгүүл зүйн салбарын томоохон хурлыг Солонгосын Хэвлэл Мэдээллийн Сан зохион байгуулах гэж байна.

"KPF Journalism Conference 2017"  энэ сарын 13-14 –ны өдрүүдэд болох бөгөөд тус хуралд олон орны хэвлэл мэдээллийн төлөөлөгч оролцох боломж нээлттэй. Илтгэгчид нь дэлхийн шилдэг их дээд сургууль болон хэвлэл мэдээлэл, технологийн салбарын  томоохон төлөөлөгчид байх аж. Тухайлбал,  “Google компани хэвлэн нийтлэгчидтэй хамтран ажиллах нь” сэдвээр Google –ийн төлөөлөгч Ирина Жей Лю илтгэл тавих бол “Дижитал мэдээллийн тайлан 2017”-г Ройтерс Институтын захирал Дэвид Леви танилцуулна. Мөн Колумбиагийн Их сургууль, Ёнсой Их сургуулийн багш профессорууд сэтгүүл зүйн чиг хандлагын талаар цоо шинэ мэдээлэл өгч, The New York Times, The Guardian болоод Солонгосын хамгийн их хэрэглэгчтэй Naver, Kakao сүлжээний төлөөлөгчид бодит туршлагаасаа хуваалцах нь.

 “Солонгосын хэвлэл мэдээллийн салбарт нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, технологийн хувьсалыг даган мөн л олон шинэ өөрчлөлт явагдаж байна. Үүний нэг нь яах аргагүй цахим мэдээллийн суваг түрч гарч ирж уламжлалт хэвлэлүүд хэрхэн тэсч үлдэх, шинэ боломжуудыг хэрхэн ашиглах вэ гэдэг сорилттой тулгараад байна” гэж Сөүл Шинмүн өдөр тутмын сонины редактор Ким Куин Ми бидэнтэй туршлага солилцох уулзалтын үеэр хэлж байв.

Солонгосын хэвлэл мэдээллийн салбарын 2016 оны тайлангаас үзвэл тус улсад 2002 оноос өдийг хүртэл хэвлэмэл сонин унших хандлага 60 орчим хувиар буурсан байна.

Тиймээс ч сонингууд редакциа өөрчлөн зохион байгуулж онлайн, оффлайн гэж хоёр хувааж цахим хуудсаа тусдаа нээн ажиллуулж байгаа талаар хатагтай Ким Куин Ми ярьж байлаа.

Мөн ихэнх томоохон өдөр тутмын сонингууд телевизтэй, цахим хуудастай болох зэрэг групп компанийн зохион байгуулалтад орсонтой бид танилцсан юм. Донга Илбу, Чосун Илбу сонингууд үүний тод жишээ байв.

 
Donga сонины редакц,

Ройтерс Институтын дэлхийн 36 орны хүлээн авагчдын хэрэглээний зан төлвийн судалгаагаар мэдээллийн гол эх сурвалж аль хэдийнээ цахим мэдээллийн хэрэгсэл болсон байгааг дараах графикаас харж болно.

График 1, Хэрэглэгчдийг насны ангиллаар мэдээлэл авч буй гол эх сурвалжуудыг нь ангилан харуулбал (36 орны хэрэглэгчдийн судалгаа, Ройтерс Институт, 2017 )

Мөн өчигдөр танилцсан Солонгосын Эдийн засгийн өдөр тутмын сонин (The Korea Economic Daily) гэхэд сонингоос гадна телевизтэй, хоёр сэтгүүлтэй, хоёр вебсайт, ном хэвлэлийн компани эрхэлж бизнесээ өргөжүүлжээ. 

Хэдийгээр хэвлэмэл сонин уншигчдын тоо буурч байгаа ч хүн ам ихтэй том зах зээл учраас The Korea Economic Daily зөвхөн өдөр тутмын сониндоо 150 сэтгүүлчтэй. Тус сонины захиалагчийн тоо гэхэд хагас сая. Энэхүү сонин Солонгостоо топ таван өдөр тутмын сонины нэгт багтдаг нь Солонгосчууд эдийн засгийн сэдвийг маш их сонирхдогийг харуулж байна.

 
The Korea Economic Daily сонины редакц,

Орчин үеийн хүлээн авагчдын хэрэглээний өөрчлөлтөд Солонгосын телевизүүд ч гэсэн шинэ бүтцээр ажиллах шаардлагатай болжээ. Тухайлбал,  бидний зочилсон SBS телевиз гэхэд дижитал мэдээллийн хэлтэс шинээр зохион байгуулж залуу хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц танин мэдэхүйн богино хэмжээний видео контентууд бүтээж онлайн сувгаараа түгээж байгаа ажээ.  Энэхүү контентуудын агуулга нь ихэвчлэн танин мэдэхүйн ач холбогдолтой эсвэл залуусыг зөв дадал зуршилтай болгоход чиглэгддэг байна. 

Солонгосын топ хэвлэлийн компаниудаас ажиглагдсан нэг зүйл бол тэд хүүхэд, залуусыг үнэн бодит мэдээллийн эх сурвалжаас мэдээлэл авдаг байх дадал зуршлыг суулгах нийгмийн хариуцлагат олон кампанит ажил зохион байгуулж байгаа нь их сонирхол татсан юм. Тухайлбал The Korea Economic Daily гэхэд хүүхдүүдэд зориулсан эдийн засгийн сонин гаргаж үнэгүй тараадаг байх жишээтэй. Энэ нь нөгөө талаар тэд ирээдүйн уншигчдыгаа ч бэлдэж буй хэлбэр гэж харж болохоор байлаа.

ДАЙНЫ ДАРААХ ХҮНД ЖИЛҮҮД БА ДЭЛХИЙГ ХЭРСЭН ТАВ ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

 
Presseum музей нь тус улсын хэвлэл мэдээллийн салбарын түүх, хөгжлийг илэрхийлэхийн хажуугаар Солонгосын түүхэн онцлог үеийг давхар илтгэнэ,

Сэтгүүлчдэд зориулсан Солонгосын энэхүү туршлага солилцох хөтөлбөрийн анхны өдөр (2017.10.30) нэгэн багш та бүхэн өөрийн дуртай солонгос жүжигчдийнхээ нэрийг хэлэхгүй юу гэхэд дэлхийн 9 орны хэвлэлийн салбарын төлөөлөгчдийн ихэнх нь түвэггүйхэн дуртай Солонгос жүжигчнээ нэрлэж байв.

Зарим хүн зөвхөн Монгол Улсыг соёлын бодлогоор хүч түрээд байна гэж буруу ойлгох нь бий. Тэгтэл Солонгосын кино, K поп урлаг аль хэдийнээ дэлхийд байр сууриа эзэлж үүнийгээ аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн томоохон хэрэгсэл болгож чадаад буй. Өдөр бүр шахуу K поп урлагийн дуучдын тоглолт Сөүлийн төв талбайнаа болох бөгөөд гадна, дотны жуулчид түүнийг нь үзэхээр шавах аж.

Гадаад Харилцааны Яамны мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар Монгол Улсын 53 мянган иргэн Солонгост ажиллаж амьдарч байгаа бол Солонгосын 17 мянган иргэн Монголд ажиллаж амьдарч байна.

Монгол Улсын хувьд худалдаа, эдийн засгийн хэмжээгээр дөрөвт эрэмбэлэгддэг тус улсын эдийн засаг, технологийн хөгжлийн хурдцыг ярилтгүй. 

Солонгост туршлага судалж буй есөн орны хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгч нарыг БНСУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч ноён Но Кюу Дук өнгөрсөн Баасан гарагт хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр тэрбээр Солонгос улс орчин үеийн түүхээ 5-10 жил тутамд хэрхэн ухаалгаар залж чиглүүлж ирсэн тухайгаа тоймлон ярьсан нь сонирхолтой байлаа.

Ноён Но Кюу Дукийн ярьсанаар:

1960-аад онд тус улс хөгжингүй орнуудын туршлагыг ихээр судалж, улсдаа томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх үйлсийг эхлүүлсэн.

Үүний дараагаар 1970 –аад онд хүнд үйлдвэрийн салбараа хөгжүүлж эхэлсэн бол 1980 –аад оноос технологийн салбаруудын суурийг тавихад ихээр хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

Харин 1990-ээд оноос боловсролын салбарыг ихээр дэмжиж,

2000 он гэхэд технологийн төв (hub) болох эхлэлээ тавьсан.  

Харин 2000 оноос 2010 он гээд өнөөг хүртэл Солонгос улс соёл урлаг, кино, дуу хөгжмийн салбарын хөгжлөөрөө ялгарч байна” гэж тэрбээр ярихдаа бид дайны дараах хүнд жилүүдэд өөрийн улс үндэстнийг босгох төлөвлөгөөгөө тав, таван жилээр зурж үүнийхээ дагуу хөгжиж байна гэсэн юм.

Тус улс орчин үед хамгийн зөөлөн аргаар буюу соёл урлагаар дамжуулан өөрийн орны технологи, хоол хүнс, эрүүл мэнд, бараа, үйлчилгээний бүтээгдэхүүн зэрэг хүний өдөр тутмын хэрэглээг дэлхий даяар түгээсээр өдгөө дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Австралийн өмнө, ОХУ-ын хойно 12 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Олон Улсын Валютын Сангаас танилцуулсан улс орнуудын ДНБ-ий хэмжээг харьцуулсан тайланд (2017 оны дөрөвдүгээр сар) Монгол Улс харин 135 дугаарт байрт жагсжээ.

 

Энэ цаг үед хэдийгээр Сөүлийн гудамжаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалтай холбоотой янз бүрийн жагсаал, цуглаанууд болох ч үүний хажуугаар ирэх хоёрдугаар сард болох Пёнчан-2018 өвлийн олимпийн сурталчилгааны арга хэмжээ, олимп, дэлхийн аварга уран гулгагч Ким Юунагийн зурагт хуудсууд жуулчдын сонирхлыг бас татаж байна.