Зураг
Зураг
Индэр    
2017 оны 10 сарын 31
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

БИДНИЙ ИРЭЭДҮЙН ӨВ САНГ ХООСЛОГЧ "ХОЁР БААТАР"

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

~ТӨСӨВ 2018~

1996 оны тавдугаар сард газрын тосны анхны орлогоо хуримтлуулж эхэлсэн Норвегичууд 2017 оны есдүгээр сард 1 их наяд ам.долларын хөрөнгөтэй "Баялгийн сан"-тай болсноо зарласан билээ. 5.2 сая хүн амтай энэ улс ашигт малтмалын орлогоо зөв удирдсанаар дэлхийн хамгийн баян орон боллоо.

Монголчуудад уг нь ийм баялгийн сан бий. Хуучнаар бол Хүний хөгжил сан. Шинэ хуулиар Ирээдүйн өв сан.

Ирээдүйн өв сан нь нөхөн сэргээгдэхгүй баялгийн олборлолтоос орж байгаа орлогын тодорхой хэсгийг ирээдүй үедээ өвлүүлэх үүрэг гүйцэтгэх бөгөөд тус сангийн орлогын үндсэн эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн Төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашиг юм.

2017 онд эрдэс баялгийн орлогоос 333.3 тэрбум төгрөг, 2018 оны төсвийн төслөөс харахад 508.7 тэрбум төгрөг Ирээдүйн өв санд орохоор байна.

ГЭВЧ, ХАРАМСАЛТАЙ НЬ

2022 он хүртэл бидний баялгийн санд хуримтлал үүсэх боломжгүй болжээ. Улс төрчдийн сонгуулийн амлалт, санал худалдаж авах далд арга болж иргэдийн гарт тараагдсан 20 мянга, 70 мянга, 500 мянган төгрөгүүд хуримтлагдсаар өдгөө Хүний хөгжил сангийн өр төлбөр 1 их наяд 71.9 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ мөнгийг Ирээдүйн өв сангаас суутгаж төлөх ёстой. Хүний хөгжил сангаас үлдсэн өрийг барагдуулахад 2017 онд 173.3 тэрбум төгрөг, 2018 онд 408.7 тэрбум төгрөг зарцуулагдах аж.

Харин үлдсэн мөнгийг нь улсын төсөвт шилжүүлснээр бидний баялгийн сангийн үлдэгдэл 0 болно. Товчоор хэлбэл бид уул уурхайгаас хадгалах ёстой орлогоо бэлэн мөнгө тараах, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх гэсэн хоёр аргаар зарцуулж байгаа юм. 

2018 оны төсвийн төсөлд энэ тухай:

“Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд Ирээдүйн өв санд 2022 он хүртэл хуримтлал үүсэхгүй бөгөөд 2022 он хүртэлх хугацааны орлого улсын төсөвт шууд өгөх шилжүүлэг болон Хүний Хөгжил сангаас шилжсэн өрийн төлбөрт ашиглагдах тооцоотой байна. Хэрэв гадаад зах зээлд уул, уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж, төсөвт төвлөрөх эрдэс баялгийн орлого нэмэгдсэн тохиолдолд Ирээдүйн өв санд хуримтлал үүсэх хугацаа наашлах боломжтой” гэжээ.

ДҮГНЭЛТ: ИРЭЭДҮЙН ӨВ САНГ ХООСЛОГЧ "ХОЁР БААТАР" БОЛ
1.БЭЛЭН МӨНГӨ ТАРААХ ҮЙЛДЭЛ
2.ТӨСВИЙН АЛДАГДАЛ

Бэлэн мөнгийг хавтгайруулж тараах үйлдэл, төсвийн алдагдал нийлээд бидний ирээдүйдээ зориулсан хуримтлалыг ийнхүү хоосруулж, нэр төдий цоорхой хэтэвч болгожээ. Гэтэл 2018 оны төсвийг өргөн барихдаа Засгийн газраас бас л бэлэн мөнгө тараах тооцоо хийсэн байна. 2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад нэг удаа урамшуулал болгож 300 мянган төгрөг тараахад шаардлагатай 54.5 тэрбум төгрөгийг суулгачихсан. Тэгвэл 2018 оны жилийн эцэст мөн л 300 мянган төгрөгийг дахин тараах 56.2 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд оруулаад ирж. Мөн хүүхдийн мөнгө 164.2 тэрбум төгрөг, өрх толгойлсэн эцэг, эх, бага насны хүүхэдтэй ээжүүдэд тараах мөнгө 72.8 тэрбум, эмзэг ядуу иргэдэд халамж болгон хүртээх мөнгө 55.5 тэрбум төгрөг зэргээр халамжийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нэмсэн байна.

Монгол Улсын 2018 оны төсвийн алдагдал 2 их наяд 420.4 тэрбум төгрөг болохоор байна. Үүнийгээ Засгийн газар өнгөрсөн жилийнхээс 300 тэрбум төгрөгөөр бууруулсан гэж “гайхуулж” байгаа боловч ирэх онд төсвийн орлого 7 их наяд 231 тэрбум төгрөг байхаар тооцоолсон нь 2017 оныхоос 874 тэрбумаар их юм. Товчоор бол төсвийн орлого нэмэгдсэн ч алдагдал хангалттай буурч чадсангүй. 

Төсвийн алдагдал, гадаад өр төлбөрийн хэмжээг харвал Монголчууд бүсээ тайлах яагаа ч үгүй байна. Төрөөс ард түмэнд хишиг тараагаад байгаа мэт боловч энэ нь өр болж ашигт малтмалын орлогыг хуримтлуулах ёстой Ирээдүйн өв сангаас төлөгдсөөр байгааг та ойлгов уу.

Аливаа зүйлийн суурь шалтгаантай тэмцэж байж үр дагавруудыг арилгаж чадна. Тиймээс ард түмэн ашигт малтмалаа үр хойчдоо жинхэнэ баялаг болгож үлдээмээр байгаа бол хэн нэгний бий болгосон "гадаад дайсан"-тай бус улс төрчдийн бэлэн мөнгөний амлалтууд, сахилга батгүй төсөв, түүний алдагдлын эсрэг тэмцэх ёстой юм. 

2018 оны төсвийг УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэж эхэлнэ. 76 гишүүн маань төсвийн алдагдлаа хэрхэн бууруулж, орлогоо үр ашигтай зарцуулахыг бүгдээрээ харцгаая.