Зураг
Зураг
Индэр    
2017 оны 5 сарын 17
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Хонхны баярын маргааш...

Зураг

Энэ хавар 40 мянга орчим залуус Монголд их сургуулиа төгсөж хонхны баяраа тэмдэглэж байна. Баярынхаа маргааш тэдний 80 хувь нь ажил хайж эхэлнэ.

Таксины жолооч “Би дээд сургуулийн хоёр дипломтой ч амьдралд хэрэг болдоггүй. Төр засагт дипломтой хүн дүүрэн ч, улс  хямралаас салахгүй болсон. Одоо боловсрол хэрэггүй, хар ухаантай, чанга гартай удирдагч хэрэгтэй” хэмээн бодлоо надтай хуваалцав. Ийм бодолтой хүн олширч буй нь харамсалтай.

Яагаад дээд боловсролын үнэ цэнэ ийм доод түвшинд уначихав аа? Ер нь бид хаашаа яваад байна вэ? Иргэд бид боловсролын салбараа эргэн нэг харж хариултыг олох цаг болжээ.

Саарал боловсрол

Боловсролын төгс түвшинг нэг гэж үзвэл НҮБ-аас гаргадаг боловсролын индексээр Монгол улс 2013 онд 0.694, Финлянд 0.815, АНУ 0.890 оноо авсан байна.

Манайд боловсролыг сургуулийн өмнөх (2-5 нас), ерөнхий боловсролын (6-18 нас), тусгай мэргэжлийн болон дээд гэж ангилдаг.

Сургуулийн өмнөх насны боловсролын 2015-2016 оны хичээлийн жилийн статистикийн мэдээнээс үзвэл манай улс энэ насны нийт хүүхдийнхээ 85 хувийг цэцэрлэгт хамруулаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт ажээ. Нийт 225 мянган хүүхэд 1288 цэцэрлэгт явж байна. Бүх цэцэрлэгийн 64 хувь нь төрийн өмчийн бөгөөд 25 мянган багш, ажилчид (20 мянга нь төрийн) ажилладагаас 6833 нь үндсэн, 6133 нь туслах багш аж. Улсын төсвөөс 2012 оноос эхлэн хүүхэд бүрт жил бүр хувьсах зардал гэж нэг суманд 872 мянга, аймгийн төвд 710 мянга, нийслэлд 705 мянган төгрөг, мөн нэмж өдөрт 1650 төгрөг хоолны зардал олгож байна. Цэцэрлэгийн багшийн дундаж цалин 610 мянган төгрөг ажээ.

Ерөнхий боловсролын 768 сургуульд (636 төрийн өмчийн, 132 хувийн) нийт 535 мянган сурагч сурч буйгаас 504 мянга нь төрийн, 31 мянга нь хувийн өмчийн сургуульд ногдож байна. Улсын төсвөөс ерөнхий боловсролын төрийн өмчийн сургуулиудын үндсэн зардлыг даахаас гадна хувьсах зардлыг өмч харгалзалгүй сурагч бүрт дунджаар хагас сая төгрөг жилд олгодог ажээ.  

Хувийн 132 сургуулиудын зарим нь ашгийн төлөө бөгөөд эх эцгээс нь өндөр төлбөр авахаас гадна (дунджаар 9 сая төг) төсвөөс ч бас хувьсах зардал авдаг. Уг нь хүүхэд бүрд хувьсах зардал өгөх нь зөв мэт боловч нийтийн сургуулиудын санхүүжилт бага учир хувийн сургуульд төсвөөс өгч буй мөнгөөр төрийн өмчийн сургууль нэмж барьж, гурван ээлжээр сургаж буйгаа зогсоож, нэг ангийн хүүхдийн тоог багасгах нь тэргүүн ээлжийн зорилт юм.

Хувийн сургуулийн нэг сурагчид жилд 10 сая төгрөг, нийтийн сургуулийн нэг сурагчид нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь сурлагын чанарын том ялгааг үүсгэж, ерөнхий боловсролд нийгмийн тэгш бус байдлыг бий болгож байна.

Жишээ нь Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн гурван дунд сургуулийн (Шинэ эрин, Шинэ эхлэл, Монгол тэмүүлэл) зардалд төсвөөс 2012 онд 7.2 тэрбум, 2013 онд 4.1 тэрбум, 2014 онд 4.4 тэрбум төгрөг нэмж гаргасан нь жирийн сургуулийн нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлаас 25 дахин их байна. Энэ гурван сургуульд жирийн нэг иргэн хүүхдээ оруулах бол давашгүй даваа.

Дээд боловсролын салбарт 2015-2016 оны хичээлийн жилд нийт 100 их, дээд сургуулиудад  (17 төрийн, 78 хувийн, 5 гадаадын сургуулийн салбар) нийт 162 мянган оюутан (95 мянга нь төрийн, 67 мянга нь хувийн, 0.3 мянга нь гадаадын сургуулийн салбарт) суралцаж, нийт 13 мянган хүн ажиллаж буйгаас тал нь (7.1 мянга) үндсэн багш нар ажээ.  2011 онд оюутан бүрт хөдөлмөрийн хөлсний доод түвшний хагасаар тооцон сар тутам (70 мянган төгрөг) тэтгэлэг олгох болсноор хувийн, ашгийн төлөө сургуулиуд ч суралцагчдын тоогоо нэмэх сонирхолтой болсон.

Их дээд сургуулиудын сургалтын чанарт, төгсөгчдийн чадварт олигтой ахиц гарахгүй, бизнесийн хэрэгцээ шаардлагад зохицуулан оюутнаа бэлдэх чадвар сул байгаа учир их дээд сургууль төгсөгчид ажил олоход улам хэцүү болсоор байна.

Монгол улс 2010 оноос хойш 6 жилд дунджаар ДНБ-ийхээ 5.5 хувийг буюу төсвийнхөө 14.5 хувийг боловсролын салбарт зарцуулж ирсэн ч Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиуд, нэг ангийн хүүхдийн тоо, багшийн ачаалал улам өсөх хандлагатай байгаа. Их дээд сургуулиудын сургалтанд ч чанарын өөрчлөлт гарахгүй байна. Төрийн хязгаарлагдмал хөрөнгийг хувийн сургуульд биш, төрийн өмчийн сургуульд зарцуулах шаардлагатай.

Тод боловсролын жишээ 

Компаниуд сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд сайн боловсролтой ажилчидтай байх ёстой. Төрийн үйлчилгээ ч бас адил. Тийм боловсон хүчин бэлдэхийн тулд хаана оршин суудаг, эх эцэг нь ямар хөрөнгөтэйгээс үл хамаарсан сайн чанартай дунд боловсролыг хүүхэд бүр эзэмших боломжтой байх хэрэгтэй. 5 сая хүнтэй Финляндад боловсролыг ийнхүү хардаг бөгөөд 15 настай сурагч төрөлх хэл, математик, байгалийн шинжлэлээр бүгд жигд, өндөр оноо авдаг.

Энэ улсад дээд боловсролын үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөртэй. Бүсийн түвшинд удирддаг. Багшийн ур чадварт түшиглэдэг ба оюутнууд сургалтын төлбөр төлдөггүй, улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг. Боловсролын салбарт тэгш эрх, шударга ёс бүрэн үйлчилдэг ажээ. Оюутны сууцны хөлсний тэтгэмж, бас зээл ч олгодог.

Шинэ Зеланд улс 4.5 сая хүн амтай, гэхдээ наймхан их сургуультай. Сургалтын төлбөр өндөр боловч оюутанд зээл олгодог. Эх эцэгт нь дарамтгүй, оюутан зээлээ эргээд төлөх учраас хариуцлагатай сонголт хийх, сайн сурч, ажил түргэн олох шаардлагатай тулгардаг. Энэ улсад их дээд сургуульд багшлахын тулд заавал докторын зэрэгтэй, бүтээлээ хэвлүүлж, ижил мэргэжлийн бусад эрдэмтэд хэлэлцсэн байх ёстой.

Оакландын их сургуулийн санхүүгийн орлогын 60 хувь нь судалгаанаас бүрддэг. Багш нарын нийт цагийн 40 хувь нь хичээл заах, 40 хувь судалгаа хийх, 20 хувь нь бусад ажил байдаг. Судалгаан дээр суурилж хичээлээ заадаг учир сургалтын чанар нь сайн байдаг.

Шинэ Зеландын их сургуулиудын санхүүгийн эх үүсвэрийн 60 хувь нь яам, тамгын газрууд, хотын захиргааны захиалсан судалгааны төлбөр ажээ. Судалгаагүй шийдвэр хаана ч гардаггүй учир их дээд сургуулиуд үргэлж захиалгатай, хөрөнгөтэй байдаг. Ингэж байж их дээд сургууль, төрийн байгууллагуудын хооронд эрчтэй холбоос үүсдэг.

Монголд эдгээр туршлагаас судалж, оновчтойгоор нэвтрүүлж болох юм. Жишээ нь их сургуулиудыг судалгаанд төвлөрүүлж, төсвөөс "татаас" өгөхдөө судалгаа захиалан хийлгэх замаар санхүүжүүлж болох юм.

Боловсролын салбарт хийх ёстой бас нэг чухал ажил бол оюуны өмчийг хамгаалах, өөр хүний санааг хуулахгүй байх соёл тогтоох явдал. Сурагч, оюутны бичсэн зохион бичлэг, курс, дипломын ажилд өөр хүний үг, санааг авсан эсэхийг шалгадаг тусгай вэбсайт ч зарим улсад бий.  Шалгалтан дээр бусдаас хуулахыг аль ч сургуулийн удирдлага таслан зогсоох ёстой. Энэ бол оюутанд өөрөө бүтээх, шүүмжлэлтэй сэтгэж сурах боломж олгоно гэсэн үг.

А. Эйнштэйн “Их сургуулийн үнэ цэнэ бол маш олон баримт мэдээллийг өгөх биш, оюутныг бодож сургахад оршино” гэж хэлжээ. Шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэхийн тулд оюутан хүн уншиж, бичиж, бодож судлах, туршихад суралцах шаардлагатай. Сургалтын чанарыг дүгнэхдээ ч бодох, сэтгэх чадварыг тооцох цаг болжээ.

Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.