Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Амартүвшин: Нүүдэлчдийн түүхээс хот төлөвлөлтийг харж болно

Б.Энхзаяа
2017 оны 5 сарын 1
Зууны мэдээ
 

Салбар бүрийн асуудал, хөгжлийн гарц, шийдлийн талаар ярилцдаг “Leaderships forum” булан энэ удаа археологийн салбарыг онцоллоо. Зуун, зуунаар амьдарсан хүн төрөлхтний түүхийг ирээдүй хойчид нь “мэдээлдэг” шинжлэх ухааны чухал салбарын нэг бол археологи. Археологийн шинжлэх ухааны үр шимээр олж мэдсэн түүхэн мэдээллээ хэрхэн баяжуулж, олон улсад хэрхэн таниулах вэ, яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Энэ тухай сонирхолтой ярилцлагын зочин бол Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүйн авран хамгаалах салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Амартүвшин.

ТӨВ АЗИЙН ӨНДӨРЛӨГТ ӨВӨРМӨЦ АРД ТҮМЭН АМЬДАРЧ БАЙНА...

Дэлхий дээр археологийн шинжлэх ухаан маш эртний түүхтэй. Вавилоноос эхлээд эртний хаадууд өмнөх хаадынхаа амьдралын хэв маягийг мэдье, харъя гэсэн санаа­гаар өмнөх түүх рүүгээ өн­гий­сөн судалгааг эхлүүлсэн. Манай археологийн шинжлэх ухаан ч тэр зарч­маар явсан. XVIII зуунд гаднын жуулчид Түвд рүү, Хятад руу явах замдаа Монголын нутаг дэвсгэрээр хөндлөн гулд явж археологийн дурсгалуудтай танилцсан бай­даг.

Монголын нутаг дэвсгэр дээрх археологийн дурсгалуудын талаар тайлан, мэдээг өөрийн орондоо илгээж байсан. Түүндээ Төв Азийн өндөрлөгт өвөрмөц ард түмэн амьдарч байна. Тэр хүмүүсийн өмнөх түүх маш гайхамшигтай, Чингис хаан, Хүннү гүрэнтэй холбоотой гэсэн мэдээл­лийг анх дэлхийд гаргасан. 

Монголчууд өөрсдөө газар доор булаатай, эсвэл газар дээр сүндэрлэж бай­гаа хот, балгад хөшөө дурсгалыг судлан шинжлэх ажил 1920-оод оноос эхэлсэн. Мэдээж ту­хайн үед манай улсад мэр­гэж­лийн боловсон хүчин гэж байсангүй. Эхний үед гадны судлаачид голлох үүрэг гүйцэтгэж байсан. Голдуу Оросын судлаачид ажиллана. Тэд алдарт Ноён уулын малтлага, судалгааг хийж Монгол археологийн анхны томоохон судалгааг дэлхийд гаргаж шуугиан тарьсан.

Мөн Их Монгол Улсын нийслэл Хар хорин хотын малтлага судалгааны ажил, Түрэгийн хаант улс зэрэг Монголын түүхийн хамгийн онцлог, гол үеүд дээр нь гаднын судлаачид ажилласан байдаг. Энэ нь өнөөдрийн Монгол Улсыг агуу, баялаг түүхтэй гэдгийг дэлхийд харуулсан. Ингэснээр монгол үндэсний археологичдыг бий бол­гоход том түлхэц болсон.

МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРХЕОЛОГИЧИД ХӨДӨӨГИЙН ПЭРЛЭЭГЭЭС УЛБААТАЙ

Монголын ууган археологич, археологичдын эцэг гэгддэг Хөдөө­гийн Пэрлээ өөрийн орны хэвлий дор байгаа эртний булш бунхнаа судлах, түүх соёлынхоо дурсгалыг малтан шинжлэх ажлыг 1940-өөд оноос эхлүүлсэн. Энэ хүн үнэхээр сүүн замтай, буянтай хүн байлаа. Түүний мөрөөр олон археологич гарч ирсэн. Хүннүгийн чиглэлээр судалгаа хийсэн Ц.Доржсүрэн, Түрэгийн үеийн судалгаан дээр ажилласан Н.Сэр-Оджав, чулуун зэвсгийн үеийг судалсан Д.Дорж, хүрэл зэвсгийн үеийг Д.Наваан гэж том археологич нарыг Х.Пэрлээ гуайн дараа үеэс нэрлэж болно.

Ингээд Монголын археологийн судалгаа илүү их нарийсаж эхэлсэн хэрэг. Хот балгад, хөшөө дурсгал, зарим нь бүр чулуун зэвсэг буюу балар эртний судалгаа руу анхаарч эхэлснээр манай судалгаа тэлсээр байсан. Энэ мөрөөр үе, үеийн мундаг археологичид төрөн гарсан. Археологи бол шавь сургалтаар явдаг нь бусад шинжлэх ухааны салбараас илүү онцлог, үр дүнтэй. Судалгааны объект, лаборатори нь хээр байдаг. Тиймээс багш нь шавьдаа бүх эрдэм мэдлэг, судалгааны аргачлалаа зааж өгдөг багш, шавийн залгамж халааг бий болгодог өвөрмөц салбар.

ЯЗГУУРТНЫ БУЛШНААС ЭНГИЙН АРД ТҮМНИЙХ ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ

Бид их өвөрмөц ард түмэн. Нүүдлийн болон суурьшмал соёл иргэншлийг хоёуланг нь хослуулаад авч үлдсэн. Нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн өнөөдөр дэлхийд товойсон том эзэнт гүрнүүдийг яагаад байгуулах болов, тэдэнд юу илүү байгаад том эзэнт гүрнүүдийг байгуулж Евро-Азидаа төдийгүй дэлхийд гайхагдах болсныг судлахын тулд бид нүүдлэхүйг сайн ойлгох хэрэгтэй.

Сурвалжийн мэдээнд, эсвэл бидний малтан судалж байгаа зүйлс маань ихэнхдээ язгууртны түүхийн тухай өгүүлдэг. Хүн бүр мэднэ. Гол модны язгууртны булш, Таван­толгойн язгууртны монгол булш, Хар хорин буюу аваргын балгас гээд л. Энэ нь томоохон зонхилогч нарын орд харш өргөө зэргээр бүх олдвор язгууртны тухай.

Сурвалжийн мэдээн дээр ч хоёр улсын зөрч­лийн асуудал хаад язгууртнуудын хооронд байдаг. Хүннүгийн язгууртны булшнаас үнэтэй цэнэтэй зүйлс олддог. Хүннүчүүд тэр чигээрээ Ромын эзэнт гүрэнтэй шууд холбогддог. Эсвэл Хятадтай холбоотой. Үнэхээр ганган тансаг зүйлс хэрэглэдэг байсан гэх ойлголт төрөхөөр байгаа. Гэтэл өнөөдрийн амьдралын хэв маяг дээр ургуулж бодвол тэр их том хаад язгууртан, нэр нөлөө бүхий хүмүүсийн босгосон түүхийн ард мэдээж энгийн ард түмэн байсан.

Бидний хувцасны хэв маяг өөр байхад манай дээд түвшний хувцас хунар өөр байна шүү дээ. Үнэндээ ард түмэн буюу жинхэнэ жирийн иргэд яаж амьдарч байсныг судалж шинжлэх нь илүү сонирхолтой байгаа юм. Энгийн хүмүүс яаж нүүдэллэж байв, тэд ямар таваарын солилцоо хийдэг байв, тэдний хоорондын дайн тэмцэл, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн жендерийн асуудал ямар байсан, хот айлын бүтэц ямар байсан зэргийг археологиор харах боломж их бий.

ХҮННҮЧҮҮД ХОТ ДОТРОО ШАВЖ АМЬДРААГҮЙ

Энэ нь бусад шинжлэх ухаан, өнөөгийн хөгжилд ямар хэрэг болох вэ гэвэл бид нүүдэллэх аж ахуйн тухай бодитоор харах боломж юм. Бидний судалгааны явцад нэг зүйл ажиглагддаг нь говьд амьдарч байсан хүмүүс хангайд амьдарч байсан, хангайд ч мөн говийн амьдралын хэв маягтай хүмүүс аж төрж байсан нь нотлогддог. Үүнээс үзэхэд эртний монголчууд маш хол зайтай нүүдэл хийдэг байсан. Магадгүй Алтайд очиж өвөлжөөд намрын хамгийн сайхан цагт говьдоо намарждаг амьдралын хэв маяг харагддаг.

Гэтэл Манжийн үеэс манайхыг олон жижиг хошуу болгож хуваасан. Суурьшмал маяг руу шахсаар нүүдэлчдийн замыг багасгасаар одоо бүр малын бэлчээргүй болж байгаа. Отрын айлууд энд тэнд очиход том хэрүүл тэмцэл болдог. Үүнээс нүүдлэхүйн асуудал гарч байгаа юм.

Өнөөдөр хот төлөвлөлт гэж их ярьж байгаа. Нүүдэлчдийн хувьд Хүннү гүрний үеэс хотын асуудал гарч эхэлдэг. Хан улстай Хүннү гүрэн эн зэрэгцэхүйц болж Азийн бүс нутагтаа томоохон өрсөлдөгч талууд болсон. Хан улс бол суурьшмал соёлын том төлөөлөл байсан.

Хүннүчүүдийн хувьд нүүдлийн аж ахуйн хамгийн том бүтэц. Улс төрийн харилцаанаас болж хүннүчүүд эн зэрэгцэхүйц том гүрэн болохоо харуулахын тулд хот балгад барьж эхэлсэн. Гэхдээ тэндээ бүх хүмүүсээ оруулаад хот дотроо шавж амьдраагүй. Том дипломат харилцааны үед хотдоо зочдыг угтан авч болно. Хүннүгээс хойш ч ийм байдал ажиглагддаг.

Киданы үед маш олон хот яригдаж байсан. Үнэндээ энэ хотууд бас л суурьшмал соёлоос ирсэн том зүйл. Шинжлэх ухаан бол эртний түүхээ судалж өнөөгийн үйл явцтай уялдуулдаг. Эртний түүх бол бүдүүлэг, тэр үед ийм ч юм байгаагүй гэлцдэг. Нүүдлийн мал аж ахуйгаас эхлээд зам харилцаа, сүм хийд барих нь хүртэл эртний нүүдэлчдээс улбаатай. Тэгэхээр өмнөх үеэ судалж байж хот төлөвлөлт, хөгжлийг бий болгож болно. Ер нь шинжлэх ухаан бүр улсын хөгжилд хэрэгтэй зүйлийг хийдэг. Археологи ч ийм байх боломжтой.

УЛСЫН ХӨГЖЛИЙГ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, МУЗЕЙН БАЙГУУЛАМЖААР НЬ ТОДОРХОЙЛДОГ. ХАРИН МАНАЙХ...

Олдвор хадгалах байр, музейн тухай үе, үеийн Засгийн газрын үед яригддаг. Бүр “Маргааш баригдчих нь дээ” гэж бодох үе хүртэл байсан. Энэ нь улс орны эдийн засаг, улс төртэй шууд холбоотой. Үнэндээ шинжлэх ухааны салбарыг хэзээ ч орхиж болохгүй. Аялал жуулчлалаа хөгжүүлмээр байна гэж их ярьдаг. Түүний тулд жорлон, замын тухай л ярьж байдаг. Гэхдээ хамгийн чухал нь жуулчид Монголыг яагаад зорьдог вэ гэвэл тэд хамгийн түрүүнд музей үзэх сонирхолтой байдаг. Гэтэл манайд музейн асуудал ямар байгаа билээ.

Үндэсний археологийн музей барихаар олон жил ярьсан. Эдийн засаг сэргэлттэй байсан 2011, 2012 оны үед зураг төслийн тухай яригдаж, бүр ажлын хэсэг ч гарч байсан удаатай. Одоо бол таг чиг. Уг нь яаж ийгээд өр тавиад ч болов археологийн музей байгуулчихвал тун удалгүй зардлаа нөхөх боломжтой. Монголын археологийн түүхийг үзэхээр эртний судлал сонирхдог, археологи сонирхдог дэлхийн бүх хүмүүс зорьж ирнэ.

Түүнээс бид мөнгөө хэд нугалаад л олчихно. Ер нь тухайн улсын хөгжлийг цэнгэлдэх хүрээлэн, музей барьж байгаагаар нь тодорхойлдог гэдэг. Цэнгэлдэх хүрээлэн, музей байгуулаад эхэлбэл энэ улс хөгжиж байна гэж олон улс хардаг. Тэгэхэд манайх одоо болтол музей бариагүй байгаа нь улс ядуу байгааг л харуулж байна.

Дээр хэлснээр археологийн шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж байна. Монгол өөрөө археологийн судалгаа хийх талбар, түүх, өв соёл нь бай­гаа учраас гаднынхан судалъя гэж орж ирсэн. Манай залуус хамтарч судлахын тулд дагалдагч баймааргүй, зэрэгцэн судлагч байх ёстой хэмээн үзэж Америк, Франц зэрэг олон улсад боловсрол эзэмшиж ирээд ажиллаж байна. Дэлхийн улсууд ч энэ тухайд анхаарч, Монголын археологийн хурал, цуглааныг өөр өөрийн улсдаа зохион байгуулах болсон. Нэг ёсондоо Монголын археологийн салбарын төлөө дэлхий санаа тавьж байна.

Харин манайд санаа тавих, үүрэг хүлээх, шийдвэр гаргахаас эхлээд олон асуудал байна. Одоо би­дэнд тулгамдаж байгаа нэг том асуудал байгаа нь олдвороо хадгалах байр, сав. Музей барина гэж ярьсаар байгаад сан хөрмөг дэлбэрэх гэж байна. 1940 оноос хойших олдворууд Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.

1990-2017 оны хүртэл археологийн хувьд том тэсрэлтийн үе. Хамгийн их малтлага хийж хамгийн их олдвор олсон үе. Ноён уулын гайхамшигт олдворууд, Баян-Өлгийн ширдэг, модон зүйлс гээд, хадны оршуулгын зүйлс гээд хэмжээлшгүй олдвор бий. Саванд хязгаар бий. Сав удахгүй дүүрнэ. Үүнд анхаараасай гэж хэлэх ч үнэндээ ичмээр юм. Музей барьж дийлэхгүй байгаа бол хадгалах сав хэрэгтэй байна. Улс орны амьдрал сайжирч музей байгуулах хүртэл олдвороо цэгцтэй хадгалъя.

ГАЖУУДЛЫГ ЗАСАХ УХААНТАЙ ХҮМҮҮСИЙН ЦАГ ИРЭХ БАЙЛГҮЙ

Энэ салбарт тулгамдаж буй дараагийн асуудал нь хуулийн хэрэгжилт. Соёлын өвийн тухай хууль сайн, жигд хэрэглэж чадвал муугүй хууль. Хууль батлагдсанаас хойш хэрэгжүүлж байгаа чухал заалт нь бол барилга, байшин барих тохиолдолд археологийн олдвор байгаа эсэхийг тодруулах ажил юм. Улаанбаатар хот өдөр тутам тэлж, байшин барилга маш ихээр нэмэгдэж байна. Улаанбаатарт сугалаагаар маш их газар олгосон.

Түүнийг бид буруутгаагүй. Гол нь Соёлын өвийн тухай хуулийг хэрэгжүүлж тэдгээр байшин барилга барьж байгаа газар, иргэдэд олгож байгаа газарт археологийн олдвор байгаа эсэхийг мэдэх ямар ч боломжгүй. Гэтэл хаа хол Өмнөговийн Даланзадгадад барилга барихаар боллоо, археологийн олдвор байгаа эсэхийг тодруулъя гээд бидэнтэй холбогдож байна. Гэтэл улаанбаатарчууд таг дуугүй, барилгаа барьсаар л байна, газраа олгосоор л байна. Хуулийн хэрэгжилт, хуулийг сурталчлах асуудал ерөөсөө тасарсан.

Дээрээс нь шийдвэр гаргах төвшний хүмүүс энэ салбарыг өөрсдөө хумьж байна. Хуучин Археологийн хүрээлэн гэж байгаад Түүх, археологийн хүрээлэн болгож нэгтгэсэн. Салбар маань МУИС, Улаанбаатар их сургуульд археологийн ангитай байлаа. Одоо анги дүүргэлт үгүй болж, элсэн оюутан эрс цөөрсөн. Шинжлэх ухааны салбар төрийн дэмжлэгээр хөгждөг. Гэтэл улам хумигдаад байна.

Бид төрд хэрэгтэй үе гэвэл төрийн томчууд ийшээ тийшээ айлчлах болохоор л биднийг ашигладаг. Иран явах боллоо, Ирантай холбоотой юм бэлдээрэй, Францад үзэсгэлэн гаргах гэж байна, түүнтэй холбоотой юм гаргаад ир гэхээс цаашгүй. Гэсэн ч бид өдөр тутмынхаа ажлыг хийгээд явж байгаа. Чадах чинээгээрээ судлаачдыг бэлдэх гээд л зүтгэж байгаа. Ахмадууд ч гэсэн явж байсан. Бид ч бас явж байна. Ямартаа ч энэ байдлыг засах ухаантай хүмүүсийн цаг ирэх байлгүй.

Зураг