Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Wi-Fi сигналаар iPhone-ийг цэнэглэдэг болох цаг ирнэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Ирээдүйд iPhone гар утсыг Wi-Fi буюу утасгүй сүлжээний сигналаар цэнэглэдэг болох гэж байна.

Apple компани саяхан ийм технологийн патентийг албан ёсоор бүртгүүлжээ. Wi-Fi роутерээс цацаж байгаа радио дохио нь түүнд холбогдон ажиллаж байгаа электроник төхөөрөмжүүдийг цэнэглэдэг болно гэсэн үг.

Ингэхдээ өнөөдрийн бидний хэрэглэдэг Wi-Fi сүлжээтэй ижил давтамжтай сигналыг ашиглах юм байна. Wi-Fi сүлжээтэй өрөөнд ороход л таны гар утас автоматаар цэнэглэгчид залгагдана.

Ийм технологийг нэвтрүүлэхийн тулд Wi-Fi роутер үйлдвэрлэгчид тусгай антенн болон дамжуулагч эд ангийг роутертээ суулгаж өгөх ёстой юм байна. Ингэснээр радио сигналын чадлыг нэмэгдүүлж, төхөөрөмжүүдийн цэнэглэх боломжтой болгох юм.

 Энэ санаа цоо шинэ зүйл биш. 2015 онд Вашингтоны Их сургуулийнхан Wi-Fi цэнэглэлтийг амжилттай туршиж байсан. Disney Research төвийн судлаачид энэ оны эхээр Wi-Fi сигнал биш, нэг төрлийн цахилгаан соронзон орныг өрөөнд үүсгэж, тус өрөөг тэр чигт нь цэнэглэгч орчин болгох туршилт хийж байжээ.

Одоогоор цахилгааны утаснаас хамааралгүйгээр гар утас цэнэглэх арга зөвхөн тусгай зориулалтын тавиур дээр байрлуулж байж л хэрэгжиж байгаа билээ.

Тэгвэл удахгүй тавиураас хамааралгүй болох юм байна.

 

Эх сурвалж: Mashable