Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 8-ын тухай бүх төсөөллүүдийг нэгтгэвэл…

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Сонирхогчийн бүтээсэн iPhone 8-ын төсөөлөл загвар

Таван сар орчмын дараа зарлагдах шинэ iPhone гар утасны тухай цуу яриа, төсөөллүүд олон нийтийн дунд үргэлжилсээр байна.

2017 онд iPhone утасны 10 насны ой тохиож байгаа тул хүмүүсийн хүлээлт илүү өндөр байгаа юм. Тэгвэл Apple компанийн ирэх намар гаргах шинэ гар утасны тухай өнөөдрийг хүртэл тархаад байгаа мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.

 

Хоёр биш, Гурван iPhone

Жилийн жилд Apple хоёр загварын iPhone зах зээлд гаргадаг уламжлалтай. Энгийн загвараас гадна “Plus” буюу том дэлгэцтэй iPhone танилцуулдаг. Харин энэ удаа гурван загвар гаргах тухай яригдаж байна.

2016 оны iPhone 7 ба iPhone 7 Plus загваруудын шинэчлэл болох 7S, 7S Plus гарах нь тодорхой. Эдгээр нь гадна хийцийн хувьд адил, харин дотоод эд ангиуд нь сайжирсан байдаг. Тэгвэл энэ удаа 10 жилийн ойдоо зориулж онцгой нэгэн загварыг нэмж гаргах магадлал өндөр байна.

 

Нүүр дүүрэн дэлгэц

Шинэ загварын iPhone, хүмүүсийн төсөөлж байгаагаар iPhone 8 нь ирмэгээс ирмэг хүртэл дүүрэн дэлгэцтэй байх магадлалтай байна. Саяхан Самсунгийн гаргасан Galaxy S8 мөн ийм дэлгэцтэй байсан. Хүрээ байхгүй, ирмэг рүүгээ нугарсан дэлгэц нь бага талбайд их дүрс үзүүлэх чадвартай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл iPhone 7-ийн хэмжээтэй утсан дээр 7 Plus-ийн хэмжээтэй дэлгэцийг хэрэглэх юм.

Уг шинэ дэлгэц нь Apple-ийн одоог хүртэл хэрэглэж ирсэн LCD биш, бага эрчим хүч зарцуулдаг, илүү тод дүрслэлтэй OLED технологийн дэлгэц байна гэжээ.

 

Home товчинд баяртай гэж хэлнэ

Дэлгэц нүүрийг бүрэн эзлэх бол Home товчны байрлал асуудал үүсгэх нь тодорхой. Түүнийг зарим төхөөрөмжүүд шиг физик товч биш, дэлгэцэн дотор байрлах Soft товч болгож магадгүй. Гэхдээ ингэвэл хурууны хээ мэдрэгч ажиллахгүй болно. Өөр нэг яригдаж байгаа хувилбар нь хурууны мэдрэгчийг утасны эх биений ард байрлуулах шийдэл юм.

 

iPhone 4-ийн дизайн эргэж ирэх үү

Олон хэрэглэгчид iPhone 4-ийн ар ба өвөр тал нь бүрэн шил, хажуу хүрээ нь металл хийцийг хамгийн шилдэг дизайн гэж үздэг. Тэгвэл шинэ iPhone-ийг ийм дизайнтай, гэхдээ дэлгэц нь ирмэг рүүгээ нугарсан хэлбэртэй байна гэж төсөөлж байгаа. Харин энэхүү металл хүрээ нь iPhone 4-ийнх шиг цайвар биш, зарим Apple Watch-ийнх шиг хар өнгөтэй байх магадлалтай байна.

 

AR технологи нэвтэрч магадгүй

AR буюу Augmented Reality технологийг шинэ iPhone-д нэвтрүүлнэ гэсэн яриа бий. Энэ нь камерт харагдах бодит орчин дээр визуал мэдээллийг нэмж баяжуулж харуулах арга юм. Олон мэргэжилтэн Apple шинэ iPhone-доо AR технологийг шингээнэ гэсэн хүлээлттэй байна.

 

Камерт том өөрчлөлт орно

Үйлдвэрээс алдагдсан гэх зарим зурагт iPhone-ий арын хос камерийн байрлал хэвтээ байдлаас босоо чиглэлд өөрчлөгдсөн харагдаж байгаа. Мөн нүүрний селфи камерт хоёр дахь дуран нэмэгдэж магадгүй гэсэн яриа байна.

 

Шинэ нэр

iPhone 7S ба 7S Plus загваруудтай гаргах шинэ iPhone-ий нэрийг янз бүрээр төсөөлж байна. Зарим нь “iPhone 8” гэж байгаа бол нөгөө хэсэг нь “iPhone 10”, “iPhone X” гэсэн нэрний хувилбаруудыг дэвшүүлж байгаа. Мөн “iPhone Edition” гэх нэр ч яригдаж байна.

 

Өндөр үзүүлэлт

Жил бүрийн шинэ iPhone өмнөх өмнөхөөсөө сайжирсан техникийн үзүүлэлттэй байдаг. Тэгвэл iPhone 8-ийг одоогийн хэрэглэгддэг 16 нанометрийн процесстой чип биш 10 нанометрийн процесстой чиптэй гарна гэсэн таамаг явж байна.

 

Утасгүй цэнэглэлт

Энэ оны эхээр Apple компани Wireless Power Consortium үйлдвэрлэгчдийн бүлэгт нэгдсэн нь шинэ iPhone-ийг утасгүй цэнэглэгчтэй гарах магадлалыг нэмэгдүүлж байна. Apple Watch ийм аргаар цэнэглэгддэг.

 

Илүү өндөр үнэтэй

Шинэ iPhone-ийг энгийн загваруудаасаа илүү өндөр үнэтэй байна гэсэн яриа бий. Зарим шинжээчид $1,000 орчим үнэтэй байх таамаг дэвшүүлж байгаа. Нөгөө хэсэг нь үүнийг үгүйсгэж байгаа ч ямар ч байсан iPhone 7S-ээсээ илүү үнэтэй байх нь гарцаагүй гэцгээж байна.

 

Хугацааны хувьд хойшлох магадлал

Ерөнхийдөө iPhone утаснуудыг жил бүрийн есдүгээр сард зарладаг. Харин iPhone 8 үүнээс аажуу буюу оны сүүлээр гарч магадгүй байна. Шинжээчдийн дүгнэлтээр OLED дэлгэц олноор үйлдвэрлэх явц, энгийн загваруудыг үйлдвэрлэж түгээх ажиллагаа зэргээс хамаараад iPhone 8-ийн зах зээлд гарах хугацаа энгийн загвараасаа 1-2 сарын хойно байх магадлалтай гэжээ.

 

Эх сурвалж: Techinsider