Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Мөнхтөр: Долоон концесс гэж нэрлээд байгаа нь буруу ойлголт төрүүлсэн тоо

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын концессийн гэрээний талаар Үндэсний Хөгжлийн Газрын Концесс төр, хувийн хэвшлийн түншлэлийн албаны дарга О.Мөнхтөр тайлбар өглөө.


- Концессийн гэрээний талаар тайлбарлаж өгөхгүй юу?

- Концесс бол төрийн үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээ, дэд бүтэцийг хувийн хэвшил хөрөнгөө гарган барьж, байгуулаад улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа.

Тендер нь хувийн хэвшил хөрөнгөө шууд улсаас аваад, бүтээн байгуулалт хийж, ашиглалтад оруулдаг бол концесс нь хувийн хэвшил эхэлж хөрөнгөө гарган, ажил үйлчилгээг барьж ашиглалтад оруулаад тодорхой хугацааны дараа улсаас мөнгө авах нөхцөлтэй явдгаараа онцлог байдаг.

Ерөнхийд нь улсаас мөнгө гарах барих, шилжүүлэх төрлийн концесс, бусад буюу улсаас мөнгө гарахгүй барих, өмчлөх, ашиглах, бусад хэлбэрээр явуулж болох концесс гэж хоёр ангилж үздэг.

- Долоон концессийн гэрээний талаар маргаан гарсан. Үүнд тайлбар өгвөл?

- Долоон концесс гэж нэрлээд байгаа нь буруу ойлголт төрүүлсэн тоо байгаа юм.

Энэ Засгийн газар шинээр байгуулагдсанаасаа хойш өмнөх Засгийн газрын үед шийдэгдсэн, тогтоол нь гараад, гэрээ байгуулсан байсан таван төсөл дээр үнийн дүнг нь бууруулж, эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулан, нэмэлт гэрээ байгуулсан.

Засгийн газрын өгсөн үүргийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Сангийн Яам, Үндэсний Хөгжлийн Газар хамтарсан Ажлын хэсгээс бүх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шалгаж, арга хэмжээ авсан.

Тухайлбал, Ерөнхий сайдад нэр холбогдоод, нийгэмд буруу ойлголт төрүүлээд байгаа Дархан-Эрдэнэтийн замаас Амарбаясгалант чиглэлийн 63 км хатуу хучилттай автозамыг 2015 онд Хөрөнгө оруулалтын газраас шалгаруулалт явуулаад, өмнөх Засгийн газрын үед гэрээ нь байгуулагдсан, 63 км замыг 75.6 тэрбум төгрөгөөр барина гэсэн гэрээ бий.

Энэ зам дотроо Амарбаясгалант, Орхон, Сант сум хүртэлх гэсэн гурван хэсэгтэй. Орхон, Сант сум хүртэлх нийт 22.2 км зам ашиглалтад орох дөхсөн учраас холбогдох гэрээний дагуу мөнгийг нь өгөх, ажил нь эхлээгүй байгаа үлдсэн Амарбаясгалант хүрэх замыг цуцлахаар шийдвэрлэсэн.

Ингээд 63 км замыг 22.2 км зам болгон төсөвт өртгийг 75.6 тэрбумаас 26 тэрбум болгон бууруулсан.

Энэ мэтээр энэ Засгийн газрын үед өмнөх Засгийн газар байгуулагдсан нэр бүхий таван зам дээр үнийн дүнг нь бууруулж, нэг замын км-ийг багасгаж, нэмэлт гэрээ байгуулан, нэмэлт өөрчлөлт оруулж, 280 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.

Үүнийг нийгэмд буруу ойлгож, шинээр гэрээ байгуулсан гэдэг асуудал үүсээд байна.

- Төсөвт өртөгийг нь яаж тооцдог вэ?

- Концесс нь уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах гэсэн хоёр хэлбэртэй. Уралдаант шалгаруулалт зарласнаар тухайн төслийг хэрэгжүүлэхээр сонирхсон этгээдүүд саналаа ирүүлнэ.

Хэрэв ямар нэг шаардлага хангасан санал ирээгүй тохиолдолд шууд гэрээ байгуулдаг. Шууд гэрээ байгуулах хэлэлцээрт орсноор аж ахуйн нэгжүүд тухайн төслийн өртөгийн тооцооллуудаа хийж ирүүлээд, тухайн аж ахуйн нэгжтэй шууд гэрээ байгуулах хэлэлцээрт ордог. 

Ажлын хэсгээс аж ахуйн нэгжийн үнийн санал дээр ярилцаж, тодорхой хэмжээнд үнийн дүнг бууруулах, нэмэх шаардлага тавьж, тохирдог.

- Хан-Уулын эмнэлгийн ажил зогссон байгаа юу?

- Ажлын хэсэг байгуулагдаад, Концесс эзэмшигчтэйгээ хэлэлцээр хийж байх явцад биднийг дахиж, барих, шилжүүлэх гэрээ байгуулахыг хориглосон. Энэ төсөл хуулийн өөрчлөлтөөс болоод тодорхойгүй байдалд ороод байна.