Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Энхжин: Сайн интерьер дизайн хамгийн зөв ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ байдаг

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд Монголд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг нь интерьер дизайн гэж хэлж болно. Учир нь энэ салбарт хувийн хөрөнгө оруулалттай, чадварлаг залуучуудын нэгдсэн компаниуд бий болж, өөрсдийн уран бүтээлээрээ өрсөлдөж байгаа билээ. 

Бид тэдний төлөөлөл болох “Eden Design” компанийг үүсгэн байгуулагч Ц.Энхжинтэй уулзсан юм. Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн их сургуулийн Урлагийн сургуулийг /Cambridge School of Art/ интерьер дизайны чиглэлээр төгсөж, Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистраа хамгаалжээ. 

Бид түүнтэй интерьер дизайн болон хувь хүний хөгжлийн чиглэлээр ярилцлаа.


-Интерьер дизайнер өөрийн тань багын мөрөөдөл байсан уу?

-Бага байхаасаа интерьер дизайнер болохыг мөрөөддөг байсан. Аав ээж маань ч дэмжиж, 13 настай байхаас эхлэн интерьер дизайнераар багшлуулж, нэгдүгээр курст орох хичээлүүдийг гэрээр заалгуулж байсан. Сайн дизайнер болохын тулд юу хийх ёстойгоо багаасаа мэдэж, төлөвлөсөн байсан гэж хэлж болно. 
Дэлхийн дизайны гол хотууд болох Лондон, Миланы аль нэгэнд нь сурсан байх, олон чадваруудаа хөгжүүлсэн байх гэх мэт зүйлсийг эртнээс бодож төлөвлөж, зорилгоо шат шатаар нь биелүүлээд явж байгаа.

-Кэмбрижийн Урлагийн сургуулийн тухай мэдээлэл өгөөч. Энэ босго өндөртэй сургуульд суралцахын тулд хувиасаа ямар хичээл зүтгэл гаргасан бэ?

-Би Орос сургуульд олон жил сурсан. Орос сургуульд англи хэлийг сайн заачихдаг. Тийм болохоор миний англи хэл боломжийн түвшинд байсан. Гэхдээ би хэлээ их сургуульд тэнцэх хэмжээнд болгож, IELTS-ийн өндөр оноо авахын тулд "Элит" Олон улсын сургууль руу шилжиж ороод англи хэлээ илүү сайжруулсан. Дараа нь зургийн чадваруудаа сайжруулахын тулд ШУТИС-д хоёр жил сурсан. 

Их сургуульд тэнцэхэд миний хэлний мэдлэг, өмнөх туршлага, оролцож байсан тэмцээн уралдаан, motivational letter буюу энэ сургуульд сурах шалтгаан, зорилгын тухай захидал зэрэг нөлөөлсөн. 

Английн боловсролын систем бодит байдалтай илүү ойр. Ялангуяа дизайны чиглэлд хүмүүсийг хайрцагнаас гадуур сэтгэх боломж олгодог. Энэ нь ажил дээр гараад өвөрмөц зүйл бүтээхэд давуу талтай. Мөн багш нар нь оюутнуудын уран сэтгэмжийг хөгжүүлэх тал дээр их ажилладаг байсан. Дээрээс нь сурч байх явцдаа жинхэнэ төслүүд дээр ажилладаг байсан нь том туршлага болж байлаа. 

Кэмбрижийн Урлагийн сургуулийн хувьд номын сан нь маш том 8 сая гаруй номтой учир мэдлэг хуримтлуулах бүрэн боломжтой.  Лондонгоос 40 минутын зайтай хотод сурч байсан учраас  дизайны хамгийн сүүлийн чиг хандлагуудыг харуулсан үзэсгэлэн, гэрлийн шоу үзэх гэх мэт “нүдээ нээж”, хөгжих боломжийг сургуулиас илүү их олгодогоороо онцлогтой. 

-Гадаадад нийт таван жил амьдарчээ. Дэлхийн уран барилгын гайхамшиг болсон Кэмбриж, Флоренцоос Монголд ирэхэд ямар мэдрэмж төрж байв?

-Англи, Монгол, Италид өөр өөр соёл, ёс заншил байгаа. Эднийг харьцуулахаасаа илүү давуу талыг нь олж харах хэрэгтэй. 

Жишээ нь Английн Кэмбрижд оюутнууд амьдрахад маш таатай, нам гүм орчинтой байдаг. Янз бүрийн оюутнуудад чиглэсэн vйл ажиллагаанууд их болдог. Хөгжлийн түвшнээр Англи, Итали хоёр хоорондоо бас өөр.

Италийн Флоренцод Сэргэн мандалтын үеийн бүх л сонгодог бүтээлүүд бий. Музейнүүд нь маш олон алдартай бүтээлүүдтэй. Интерьерийн хувьд шинэ шийдлүүдийг гаргаж, деталь зүйлсийг гоё хийсэн байдаг. Хүмүүсийнх нь харилцааны соёл бас ялгаатай. Англичууд цагаа нарийн баримталж, хатуу зарчимтай ханддаг бол Италичууд Монголчуудтай төстэй, уян хатан зан чанартай. 

Ихэнх дэлхийн шилдэг дизайнерууд Италиас төрдөг нь харж, үзэж байгаа юмтайгаа их холбоотой. Монголын хувьд надад их боломж харагддаг. Дээрх хоёр орныг бодвол хийгдээгүй зүйл олон байгаа учраас хөгжүүлэх боломж ихтэй. 

-Сургуулиа төгсөөд Англид бас Монголд ажиллаж байсан гэсэн. Ажлын туршлагаасаа хуваалцаач?

-Англид сурч байхдаа “Mineheart” гэдэг компанид ажилладаг байсан. Тухайн үед дипломоо бичиж байсан учраас долоо хоногийн дөрвөн өдөр ажиллаж, нэг өдөр нь сургуульдаа явдаг байсан. Сургуулиа төгсөхөд надад ажлын саналууд ирж байсан ч Монголдоо ихийг хийж бүтээх ёстой гээд ирсэн. 

Англид ажиллах Монголд ажиллахаас өөр. Английн компаниуд ажилтнуудынхаа дэлгэц дээр өдөрт хийх ажлын жагсаалтыг нь нарийн гаргаж өгдөг. Тухайн хүн тэр ажлаа хийгээд дуусахад цаг нь бас дуусчихсан байна. Тийм үед хүний бүтээмж, бүтээлч чанар өндөр байдаг юм шиг. 

Интерьер дизайнер хүн байнгын бүтээлч байх хэрэгтэй болдог. Хэрэв тийм нарийн төлөвлөгөөтэй байвал бүтээлч байхаас өөр арга байхгүй. 

Монголд "Skinny" компанид ажиллаж байсан. Захирал нь гадаадад боловсрол эзэмшсэн хүн болохоор намайг ойлгож, шинэ санааг маань дэмждэг байсан. Монгол залуус шинэ зүйлс туршиж, хийж бүтээхийг эрмэлзэж байгаа нь  сайхан. 

"Англид интерьерийн төсөл ямар системтэй, ямар дараалалтай хэрэгждэг вэ яг тэр журмаар Монголдоо ажиллаж байгаа"

 

/Ц.Энхжингийн хэрэгжүүлсэн төслүүдээс/ 

-Интерьер дизайныг юу гэж тодорхойлох вэ. Хүнд яагаад хэрэгтэй вэ?

-Интерьер дизайн хүний амьдралын хэв маягийг тодорхойлдог. Хүн амьдралынхаа ихэнх цагийг ажил, гэртээ өнгөрүүлдэг. Бидний байгаа орчин далд ухамсарт нөлөөлж, цаашид гаргах шийдвэрүүдэд шууд нөлөөтэй байдаг учраас мэргэжлийн интерьер дизайнерт хандан орчиноо сайн тохижуулах нь олон давуу талтай. 

Орчноосоо баяр баясал, эерэг мэдрэмж авч байвал тухайн хүн илvv бүтээлч, аз жаргалтай амьдрах болно. Интерьерийг яагаад чухалчилж авч үзэх ёстой вэ гэвэл энэ нь өөрөө эрүүл мэнддээ хийх том хөрөнгө оруулалт юм. Бидний бие, сэтгэл, ухамсарт нөлөөлдөг орчин тойронд байгаа өнгө, материалууд зөв шийдэгдсэн байх ёстой. 

Интерьер дизайн хүний амьдралын хэв маягийг тодорхойлдог.

Англид хийгдсэн судалгаагаар нэг хүнийг долоо хоног жижиг цонхтой өрөөнд байлгаж, цуснаас нь шинжилгээ авахад депресст орох, хямрах зэрэг сөрөг өөрчлөлтүүд илэрч байсан.

Ер нь жижиг цонхтой өрөөнд байгалийн гэрэл бага тусаж байгаагаас болж сэтгэл зүйн өвчнүүд бий болох эрсдэлтэй. Тиймээс дизайнаар дамжуулан хvний сэтгэл зvйд нөлөөлөн эмчилдэг эмнэлгүүд байдаг. Жишээ нь "Maggie’s cancer center" гэж хүмүүнлэгийн байгууллага байдаг. Уг байгууллагын дизайныг дэлхийн шилдгүүд гаргадаг. Энэ нь бусад хавдрын эмнэлгээс өвчтөнд гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэгээрээ ялгаатай. Ингэснээр өвчтөнүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. 

-Тэгэхээр интерьер дизайнер хүн сайн зурдаг байхаас гадна сэтгэл судлаач, физиологич гэх мэт олон талын мэдлэг чадвартай байх ёстой юм байна?

-Байнгын судалгаа хийж, шинэ мэдээлэл авч байх шаардлагатай байдаг. Өдөр болгон сурч мэдлэгээ дээшлvvлж байх хэрэгтэй. 

Зөвхөн дизайны талын мэдлэгтэй болохоос гадна сэтгэл зүйд өнгө яаж нөлөөлдөг, ямар материал эрүүл мэндэд тустай вэ гэх мэт бүх талын судалгаа, мэдлэгтэй байж сайн дизайн гаргаж чадна. 

-Монголдоо ирээд “Eden Design” компаниа байгуулжээ. Яагаад хувийн бизнес хийх шийдвэр гаргав?

-Компаниа хоёр жилийн өмнө Англиас ирээд байгуулсан. Компаниа байгуулах болсон шалтгаан нь Монголын интерьер дизайн хөгжиж байгаа ч олон улсын хэмжээнд хөгжүүлэхийг хүссэн. Юуны тулд аав, ээж маань миний боловсролд хөрөнгө оруулалт хийж, өндөр хөгжилтэй оронд сургасан билээ. Монголынхоо интерьер дизайны хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог. Тийм учраас интерьер дизайны хөгжлийг олон улсын түвшинд аваачих, үйлчлүүлэгчиддээ боловсрол олгох гэх мэт олон зорилго өвөртөлсөн. 

Өөрийнхөө арга барил, сурч мэдсэн зүйл, багийнхаа хамтын ажиллагаагаар Монголын интерьерийн түвшинг сайжруулах хүсэлтэй ажиллаж байгаа. 
Иймээс манайх олон улсын баг бүрдүүлсэн. Лондонгийн архитектор маань 10 гаруй жилийн туршлагатай. Мөн Итали дизайнер маань удмаараа зураач байсан, авьяастай, мэдрэмжтэй хүн бий. Тэдэнтэй хамтран ажиллаж Англид интерьерийн төсөл ямар системтэй, ямар дараалалтай хэрэгждэг вэ яг тэр журмаар Монголдоо ажиллаж байгаа. 

-“Eden Design” одоо ямар төслүүд дээр ажиллаж байна?

-Манайх оффис, спорт танхим /gym/ болон хотхоны төсөл дээр ажиллаж байгаа. Бид тухайн сардаа ямар төслүүд авах вэ гэдгээ нарийн төлөвлөж ажилладаг. 

-Төсөл хэрэгжих дундаж хугацаа нь ямар байдаг вэ?

-Ихэвчлэн 3-4 долоо хоног байдаг. Зарим жижиг төслүүдэд үүнээс бага хугацаа зарцуулна. Том төслүүд, эсвэл нарийн хийц ихтэй байвал хугацаа нь арай уртасна.

-Интерьерийн төсөл амжилттай болоход юу хамгийн чухал вэ. Хэрэглэгчдийн боловсрол гэж та ярилаа. Энэ ямар учиртай вэ?

-Төсөл амжилттай болоход компанийн мэдлэг, чадвар чухал байдаг. Үйлчлүүлэгчид ямар ч урлаг, дизайны мэдлэг байхгүй байж болно. Европт бол иргэдийн урлагийн боловсролыг багаас нь олгочихсон байдаг.

Харин Монголд дийлэнх нь энэ талын мэдлэггүй учраас юу хүсэж байгаагаа мэдэхгүй байх тохиодол бий. Тиймээс Монголын дизайнерүүд өөрсдөө санаачлагатай байж үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүйг мэдэрч, асуултуудаа сайн асуух хэрэгтэй. Үндсэн асуултуудад бүрэн хариулт авсны дараа төсөл амжилттай болдог. 

Сайн тодруулаагүйгээс болж төсөл өөрчлөгдөх, хугацаа нь уртсах эрсдлүүд бий. 

-Салбарын өрсөлдөөн ямар байгаа вэ?

-Интерьер дизайны үйлчилгээ эрхэлдэг олон компаниуд бий. Гэхдээ бид их хумигдмал зах зээл дээр ажиллаж байна. Монголд ийм үйлчилгээ авах боломжтой нь хэр билээ. 

Гадны орнуудад интерьерийн зах зээл сегментээрээ хуваагдчихсан байдаг. Тухайлбал зөвхөн residential, commercial, эсвэл health and inclusion гэх мэтчилэн хуваагдан түүндээ мэргэшсэн компаниуд бий. Монголын зах зээлд ингэж ажиллахад бэрх. Тиймээс бид төрөл бүрийн чиглэлээр л ажиллаж байна. 

Энэ салбарын компаниуд бие биенээ өрсөлдөгчид гэж харахаасаа илүү дор дороо хариуцлагатай ажиллаж, хамтарч, ирээдүйгээ томоор нь харж, Монголынхоо интерьер дизайны салбарыг хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. 

-Тэгвэл энэ салбарын залуусын чадвар ямар байгаа гэж боддог вэ?

-Миний харж буйгаар Монголдоо төгссөн дизайнеруудыг харахад программуудаа маш сайн эзэмшсэн байдаг. Би ШУТИС-д сурч байсан болохоор Монголын сургалтын системийг мэднэ. Сургуулиас яаж задгай сэтгэх вэ, яаж сайн концепт гаргаж ирэх вэ гэдэг талаас нь заадаггүй. Тийм болохоор баригдмал байх тал бий. Хэрэв яаж дэс дараатай сэтгэх вэ гэдгийг нь заагаад өгчихвөл Монгол залуучуудын оюуны чадвар өндөр.

Гэхдээ орчин үед интернэтээс бүх төрлийн шинэ мэдээлэл авах боломжтой болсон учраас чадварууд нь илүү сайжирч байгаа санагддаг. 

"Эмх цэгцтэй, чанартай, цөөхөн эд зүйл байлгах нь төвлөрөхөд тустай"
 

-Та өөрөө ямар төрлийн интерьерт дуртай вэ?

-Хувь хүнийхээ хувьд давтагдашгүй, гүн утга санаа агуулгатай, минималист хэрнээ түүнийгээ бүтээлч байдлаар харуулсан дизайн гаргах дуртай. Мөн гоо зүй болон функц талыг нь ижил түвшинд чухалчилж харахыг хичээдэг. 

Интерьер дизайнд деталь бас их чухал. Айлд нэг ваар зохимжгүй байрлуулсан байхад л интерьерийг “нураах” эрсдэлтэй. 

Миний хувьд нэг стильд баригдах дургүй. Учир нь бүх төсөл цор ганц, ахин давтагдахгvй учраас нэг стильд баригдаж болохгүй. Бүх агуулга, дизайнууд тухайн төсөлдөө л зориулагдаж гарна. 

Орчин үеийн дизайнерууд гаргаж буй бүх шийдвэрээ “sustainable design” буюу тогтвортой, байгальд ээлтэй байх талаас нь бодох хэрэгтэй. Монголчууд эко орчин бүрдүүлнэ гээд мод тайраад модон юмнууд хийгээд байдаг. Энэ нь ой модоо устгаж байна гэсэн үг. “Eco friendly design” гэж яг юу юм бэ гэдгийг сайн бодох ёстой. Энэ нь хог хаягдал багатай байх, байгаль орчинд хоргүй байх гэх мэт өргөн хүрээтэй ойлголт. 

Мөн олон улсын дизайнерууд аль болох хүнд хэрэгтэй, цөөхөн, чанартай юм хийх талаас нь бодолцдог болсон. Үүнийг бодохгүй олон зүйл хийх тусам хог хаягдал их гарч, байгальд сөрөг нөлөөтэй.

-2017 оны интерьерийн тренд ямар байгаа вэ?

-Трендийн хувьд өнгөрсөн жилүүдэд минималист хэв маяг тренд байсан бол 2017 онд буцаад гар аргаар хийсэн цор ганц тавилга, гар үйлдвэрлэлийг дэмжсэн бүтээгдэхүүнүүд тренд болж байна. 

Хүмүүс масс үйлдвэрлэл гэхээсээ илүү гар аргаар хийсэн бүтээгдэхүүнүүдийг илүү сонирхож эхэлж байгаа гэсэн үг. 

18 дугаар зуунаас хойш интерьер дизайн хурдацтай хөгжиж 21 дүгээр зуун хүртэл өндөр түвшинд хүрсэн. Одоо буцаад гар аргаар хийсэн зүйлийг илүү үнэлдэг болоод байгаа нь ажиглагддаг. 

-Өнгөний хувьд ямар өнгийг түгээмэл сонгож байна?

-Маш олон дизайнерууд 2017 онд ногоон өнгийг онцолсон байсан. Мөн янз бүрийн хээг хольсон, орчин үеийнх юм шиг хэрнээ, классик хэв маяг оруулсан дизайн их байна. 

Бас уран зураг шиг тансаг хивснүүд олон дизайн дээр харагдаж байна лээ. Миланд саяхан болсон "Salone Del Mobile" шоун дээр төрөл бүрийн гэрлийг ашигласан гоёмсог дизайнууд орж ирсэн байсныг онцолж хэлмээр байна.

-Орон сууцанд интерьер дизайнаа хийлгэхдээ мэргэжлийн компанид хандаж байгаа хүний тоо нэмэгдсэн үү?

-Мэргэжлийн интерьер дизайнерт хандах нь чухал юм байна гэдгийг хүмүүс ойлгодог болсон учраас их үйлчлүүлдэг. Яагаад вэ гэхээр мэргэжлийн хүнд хандсанаар та төсөвтөө тааруулж оновчтой шийдэл гаргуулан  мөнгө, цаг хугацаагаа хэмнэх боломжтой юм.

Ямар ч зөвлөгөөгүйгээр өөрсдөө хийгээд дараа нь нураах, таарч тохирохгүй байх, үнэтэй тавилга нь санасан шиг нь харагдахгүй байх, томдох гэх мэт их эрсдэлтэй шүү дээ. 

-Тэгэхээр интерьер дизайны мэргэжлийн компанид хандана гэдэг мөнгө үрж байгаа хэрэг биш мөнгөө зүй зохистой ашиглана гэсэн үг юм биш үү?

-Яг үнэн. Тийм болохоор би интерьер дизайнерт хандана гэдэг бол ажлынхандаа, гэр бүл, өөртөө, эрүүл мэнддээ хийж буй хамгийн том, зөв хөрөнгө оруулалт гэж тодорхойлсон. 

-Одоохондоо гэртээ иж бүрэн үйлчилгээ авах боломжгүй байгаа хүмүүст гэртээ болон ажил дээрээ хэрэгжүүлж болох интерьер дизайны зөвлөгөө өгөөч?

-Миний зүгээс хэлэхэд айл гэрийн бүх зүйлс өөрт нь баяр төрүүлэхүйц байх хэрэгтэй. Байгаль хүнд хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг. Тиймээс гэртээ, оффис дээрээ жижигхэн ч гэсэн ногоон ургамал, өвс байлгах хэрэгтэй. 

Мөн усны чимээ хүнийг тайвшруулдаг учраас оффис дээрээ болон гэртээ усны чимээний ая явуулах, боломжтой бол жижигхэн хүрхрээ авч тавьж болно. Ийм зүйлс гэрийн энергийг сайжруулан сэтгэл санааг дээшлvvлдэг. 

Өнгө хүний сэтгэл зүйд чухал нөлөөтэй. Профессор Richard Wiseman хvнийг хамгийн их тайвшруулдаг өрөөний судалгаа хийсэн байдаг. Тэр нь ногоон гэрэлтэй, лаванда цэцгийн үнэртэй, зөөлөн ая тавьсан өрөө юм. Ногоон өнгө, лаванда цэцгийн үнэр хүний сэтгэл зүйг хамгийн ихээр тайвшруулдаг. Тиймээс ийм өнгийн орчин бүрдүүлэх, тайвшруулах үнэртүүлэгч тавих зэргээр жижиг өөрчлөлтүүдийг хийж болно. 

Мөн гэрээ эмх цэгцтэй байлгах нь маш чухал. Эмх цэгцтэй, чанартай, цөөхөн эд зүйл байлгах нь төвлөрөхөд тустай. 

-Монголчуудын хувьд интерьер дизайндаа гаргадаг гол алдаанууд нь юу вэ?

-Төлөвлөлт дээрээ алдсан байдаг. Хүний амьдралын хэв маягийг сайн тооцоолж дизайн гаргавал илvv таатай тохилог орчин бүрддэг. 

Мөн зохилдлогоо дээр их алддаг. Хоорондоо зохиогүй өнгийг сонгох, зохимж муутай эд зүйлс тавих гэх мэт алдаа байна. 

Оффис дээр ажиллах урам зориг авахуйц сайн дизайнтай байх нь ховор. Ажилтнуудынхаа хэрэгцээг маш сайн бодож, хангах талаас нь тохижуулах хэрэгтэй. 

Интерьер дизайныг problem solving буюу асуудлыг шийдвэрлэх зорилготой салбар гэж нэрлэдэг. Тэр ч утгаараа гэр болон оффистоо байгаа асуудлуудыг сайн дизайнаар шийдэж болно. 

-Залуу хүний хувьд цаашид юу төлөвлөж байна вэ?

-Би төлөвлөгөөгөө өдөр, сар, жилээр нь нарийн гаргадаг. Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаад явж байгаа. 

Миний хэтийн зорилго бол хүнд хэрэгтэй том бүтээн байгуулалт хийхийг хүсдэг. Мөн Монголынхоо интерьер дизайны хөгжлийг дэлхийн хэмжээнд ахихад хувь нэмрээ оруулахыг хүсдэг. 

-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.