Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд мал төллөлт 46.7 хувьтай байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮЯ-наас мал төллөлт, хаваржилтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт хээлтэгчийн 46.7 хувь буюу 12.2 сая хээлтэгч төллөж 12.0 сая төл буюу гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна. Үүнээс:

  • 30.0 мянган ботго,
  • 72.7 мянган унага,
  • 226.9 мянган тугал,
  • 6.1 сая хурга,
  • 5.6 сая ишиг бойжиж байна. 

Том малын зүй бусын хорогдол одоогийн байдлаар улсын хэмжээнд 315.8 мянга байгаа нь оны эхний нийт малын 0.5 хувийг эзэлж хэвийн гэж үзэж байна. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсын  байгууллагуудтай хамтран ажиллаж 200-аас доош малтай, өрх толгойлсон эмэгтэй, олон хүүхэдтэй, өндөр настан, амьжиргааны 1 ба 2 дугаар зэрэглэлд байгаа зэрэг үзүүлэлтүүдээр 8,459 өрхөд бэлэн мөнгө, хүнс, малын тэжээл, эм бэлдмэл, элгэвч, нэмнээ, хурганы уут зэрэг 4.1 тэрбум төгрөгийн тусламж хүргэжээ.

2016-2017 оны намар цас эрт орж, ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож эхэлснээс хойш өвлийн турш зузаан цастай байж нягтарч хатуурсан цас, жиндүү хүйтний улмаас 17 аймгийн 147 сум  хүндэвтэр өвөлжсөн. 

2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдалд УОК-оос 2 удаагийн “Шуурхай бүлэг” ажиллуулж үнэлгээ хийсэн дүгнэлтийг үндэслэн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын 5 удаагийн тогтоолоор 8.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэн 12 аймагт 1.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 21 аймагт 44 автомашин, улсын нөөцийн 8,920 тн өвсний үнийг 100 хувь, 7,408 тн тэжээлийн үнийг 50 хувь чөлөөлж, 41.8 сая төгрөгийн малын эм бэлдмэл олгосон. 

ХХААХҮЯ-наас онцгой байдлын албаны хүч хэрэгслийг нэмэгдүүлэн бэлтгэл бэлэн байдлын чадавхийг сайжруулах зорилгоор ОБЕГ-т 125-165 морины хүчин чадалтай 26 тракторыг шилжүүлсэн нь цас зайлуулах, түймрээс сэргийлэх зурвас гаргах, тариалангийн талбайд цас тогтоох зэрэг ажлын чадавхи нэмэгдсэн. 

Мөн “Малчиддаа туслах сайн санааны аян”-ы хүрээнд 10 аймгийн тусламж хүрээгүй 36 суманд 370 тн хивэг, 360 багц хүнс, дулаан хувцасны тусламж үзүүлжээ.

ХХААХҮЯ  Шуурхай штабаараа дамжуулан аймаг, орон нутагтай байнгын холбоотой ажиллаж байна.