Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

О.Эрдэнэчимэг: Нэр дэвшигчийг нь хардаг жишиг Монголд төдийгүй дэлхийд байдаг

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 4 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

“Ерөнхийлөгчийн сонгууль: 1993-2013 лавлагаа, дүн шинжилгээ” номын зохиогч, доктор /PhD/ О.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

- Та Монгол Улсын бүхий л Ерөнхийлөгчийн сонгуульд дүн шинжилгээ хийсэн томоохон бүтээлээ гаргалаа. 1993 оноос хойших Ерөнхийлөгчийн сонгуулиуд ямар нөхцөлд байдалд явагдаж ирсэн бэ?

- Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бичсэн “Ерөнхийлөгчийн сонгууль: 1993-2013 лавлагаа, дүн шинжилгээ” номдоо 1993-2013 оны хооронд болсон зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бичсэн.

Сонгууль болох үеийн нөхцөл байдал, нэр дэвшүүлэх ажиллагаа ямар зарчмаар явагдсан, мөн хэний мөрийн хөтөлбөр ямар бодлого зорилтыг дэвшүүлж байсан, сонгуулийн үйл явц, ямар технологи хэрэглэж байсан зэрэг асуудлуудыг гаргаж тавьж, дүн шинжилгээ хийхийг зорьсон. Зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 17 хүн нэр дэвшсэн. Эндээс харахад 1993, 1997 оны сонгууль нэлээд хүнд амаргүй нөхцөл байдалд болсон.

Ялангуяа 1993 оны хамгийн анхны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед улс төр, нийгэм, эдийн засгийн байдал гээд улс орон бүхэлдээ хүнд байсан үе. Нэгээс нөгөө нийгэмд дөнгөж шилжиж улс орон бүхэлдээ хөлөө олж эхлээгүй, шинэ улс төрийн тогтолцоо бүрэн төлөвшиж амжаагүй, эдийн засаг хямарсан, ард түмэн үймсэн гайхсан, байдалтай байсан.

1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд гэвэл, 1996 оны УИХ-ын сонгуульд АХ эвсэл ялалт байгуулж Засгийн эрх барьж байсан үе.

Харин ялалт байгуулсны дараа явуулж байсан бодлого,үйл ажиллагаа иргэдийн итгэсэн итгэл хүлээлтээс тэс өөр байсан. Өөрөөр хэлбэл 1997 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх 10 сарын хугацаанд улс оронд ажилгүйдэл ихсэж, ядуурал улам нэмэгдэж, иргэдийн амьдралын түвшин дордож улс орны нийгэм эдийн засгийн байдал нэлээд хүндэрсэн. Жишээ нь: 1996 оны сүүлчийн хагаст бараа үйлчилгээний үнэ тариф 40 хувь нэмэгдэж, хүн амын бодит орлого 32 хувь буурсан байна.

Харин хамгийн тааламжтай сонгуулиуд нь 2001, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль байсан. 2000 онд УИХ-ын сонгууль болж тухайн үеийн МАХН 72 суудлыг авсан байдаг. Улс оронд нүүрлэсэн бэрхшээлтэй, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө тус намын буюу 2000-2004 оны Засгийн газар их зүйл хийсэн. Яг ийм шийдвэртэй алхмууд хийж байх үед 2001 оны Ерөнхийлөгчийн сонгууль болсон.

Дараа нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль эдийн засгийн байдал нэлээд тогтворжиж нааштай үзүүлэлтүүд гарч ирсэн, нийгэм улс төрийн байдал сайжирсан үед болсон юм. Тэгэхээр хамгийн тааламжтай сонгууль 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль, хамгийн хүнд сонгууль 1993 оных байжээ гэдэг нь харагдаж байна.

- Сүүлийн хоёр удаагийн сонгууль хямралын үеийн, Ардчилсан хүчин засагласан гээд мөн л онцлогтой болсон байх?

- Судалгаанаас харахад 2009, 2013 оны сонгуулийн үзүүлэлтүүд өмнөх сонгуулиудтай харьцуулахад дунд төвшинд байгаа. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардын Нам ялагдаж Ардчилсан Нам засгийн эрх авсны дараа улс оронд хямралын шинж тэмдгүүд илэрсэн. Улс орны хөгжил дөрвөн жилийн циклээр хэмжигдэж байна гэж ард түмэн шүүмжилдэг болсон нь яахын аргагүй үнэн. Нэг улс төрийн хүчин гарч ирээд бүх зүйлийг өөрчилдөг, төрийн залгамж халаа алдагддаг болсон. 2013 онд эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан. Тухайлбал, 2012 онд дөрвөн тэрбум байсан гадаадын хөрөнгө оруулалт 42 хувь буурсан, улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөг буюу 21 хувиар тасарсан.

Мөн 2013 оны сонгуулийн нэг онцлог нь хууль хяналтынхны хүч түрсэн үйл ажиллагаа давамгайлж байсан. Өрсөлдөгч улс төрийн хүчин болон нэр дэвшигчдийг сүрдүүлсэн алхмууд сонгуулийн процесс болон сонгуулийн технологид ажиглагдаж байсан.

- Албан ёсны cудалгаагаар иргэд ямар хүн сонгох хандлагатай вэ. Мөн Мөрийн хөтөлбөр, сонгуулийн зардлын үзүүлэлт жилээс жилд өөрчлөгдөж ирсэн нь мэдээж байх?

- Сонгуульд зориулсан олон төрлийн санал асуулга, судалгааны дүнгээс харахад ард түмэн нэгдүгээрт, хүнийг нь харна гэж хариулдаг. Аль намын хэн байх нь хамаагүй. Нэр дэвшиж байгаа хүн нь хэр шударга, ард түмнийхээ ард түмнийхээ төлөө ажиллаж чадах уу, мөрийн хөтөлбөр нь ямар вэ гэдгийг чухалчлан харна гэдэг. Энэ бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх улс оронд ийм зарчим баримтлан сонгогчид саналаа өгдөг.

Манай улсад бүх төрлийн судалгааны үр дүнгээр хүнийг нь сонгоно гэдэг боловч зарим үед сонгуулийн дүн өөр гардаг. Энэ нь сонгуулийн төгсгөлд хэрэглэдэг субьектив хүчин зүйлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл мөнгө бусад эд бараа тараах, худал амлалт өгөх зэргээс гадна бохир технологи өргөн хэрэглэдэг. Түүнээс шалтгаалан иргэд сонголтоо хийж чадахгүйд хүрдэг. Сонгуулийн зардлын хувьд авч үзвэл өнгөрсөн зургаан удаагийн сонгуулийг зохион байгуулсан үнэ хөлс асар их өссөн. Сонгуулиас сонгуулийн хооронд байнга дөрөв дахин өссөн үзүүлэлттэй байна.

Хүн амын өсөлттэй харьцуулж үзвэл сонгуульд зарцуулах мөнгө дэндүү их болсон байна. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд 1993 онд 40 сая төгрөг төлөвлөж байсан бол 1997 онд 150 сая, 2001 онд 462 сая, 2005 онд 636 сая, 2009 онд дөрвөн тэрбум, 2013 онд 15 тэрбум төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооноос Их хурлаар батлуулсан байгаа юм. Үүнээс гадна нэр дэвшигчид, намууд мөнгө зарцуулж байгаа. Энэ бол дэндүү үрэлгэн байгааг харуулж байна.

Жишээ нь, 2013 онд гадаадад байгаа иргэдийн саналыг авахад хэчнээн их зардал гаргасан. Тэгээд дөнгөж 4,327 иргэн санал өгсөн. Энэ бол үнэхээр харамсалтай тоо. Ер нь бол аль ч улс оронд сонгуулиас сонгуулийн хооронд зардал өсдөг. Гэхдээ манай улс шиг ингэж их хэмжээгээр өсдөггүй.

- Гэтэл иргэдийн сонгуульд оролцох идэвх жил ирэх тусам багассан гэж ярьдаг. Албан ёсны судалгаанаас харахад сонгогчдын ирц муудсан байдаг уу?

- Сонгуулийн ирц, сонгогдсон Ерөнхийлөгчийн авсан санал жилээс жилд зэрэгцэж буурсан байна. Энэ бол сонгууль зохион байгуулдаг төрийн байгууллагууд улс төрийн намуудын нэн анхаарах асуудал.

- Сонгуульд ашигласан технологийг сонирхуулаач. Ямар технологийг түлхүү ашиглаж байна вэ?

- Хар, цагаан, конструктив ба деструктив гэсэн технологиуд байдаг. Өөрөөр хэлбэл, эерэг буюу цагаан технологи нь конструктив, бохир буюу хууль бус технологийг деструктив гэдэг.

Манай улс аль алийг нь хэрэглэдэг. Цагаан технологийн хувьд нэр дэвшигчийн мөн чанар, улс төрийн чиг баримжаа, юу хийж бүтээсэн гээд сурталчилна. Үүнээс гадна хар технологийг сүүлийн үед маш их ашиглаж байна. Өрсөлдөгчөө бүхий л болж бүтэхгүй хар бараан зүйлээр буддаг. Улс төрийн намууд бүгд энэ технологийг хэрэглэж , гаршсан. Үүнээс болж сонгуулийн сүүлийн хоногуудад иргэд залхаж, сонгууль дуусахыг хоног олон хоног хүлээдэг болсон.

Гаднын улс орнуудад дунджаар цэвэр сурталчилгаа 60 хувь, дайрсан давшилсан хар технологи 30 орчим хувь байдаг. Гэтэл манайд 60-70 хувь нь хар технологи байгаа учраас сонгуулийн үйл явцыг сүүлдээ хүмүүс ерөнхийдөө сонирхохгүй болчихсон. Өөрөөр хэлбэл шударга өрсөлддөггүй гэж үздэг. Хэн нь зөв яриад байгааг ард түмэн ялгахгүй байгаа учраас мөнгө тарааж, юм амлаж байгаа руу нь хазайж, хошуурч санал өгдөг буруу хандлага руу орсон.

Гэхдээ сүүлийн үед залуучуудыг өргөнөөр хамруулсан сонирхолтой маягийн модерн хэв загварын сурталчилгаа орж ирж байгаа нь сайшаалтай. Мэдээллийн технологи сүүлийн хоёр удаагийн сонгуульд маш хүчтэй үйлчилсэн. Мэдээлэл маш хурдтай тархаж байгаа нь сайн боловч муулдаг, гүтгэдэг хар технологи зэрэгцээд явж байна. Сошиал медиагаар иргэд хоёр хуваагдаж талцаж маргалддаг болсон.

Тиймээс энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялангуяа сошиал медиа талдаа анхаарал, болгоомжтой хандах хэрэгтэй. 1993 оны сонгуулийг 2013 оныхтой, 2001 оныхыг 2013 оныхтой харьцуулшгүй. Нийгэм хөгжиж байгаа учраас хүмүүсийн авч байгаа мэдээлэл асар их, үүний зэрэгцээ маш хурдтай болсон. Үүнтэй уялдаатай улс төрийн намууд сонгуулийн үйл ажиллагааныхаа далайцыг улам сайжруулах хэрэгтэй.

- Мөрийн хөтөлбөрийн хувьд хамгийн анх Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Л.Түдэв гуайнх ямар байсан бол. Тэр үед ямар зарчмаар нэр дэвшиж байсан бэ?

- Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр 20 жилийн хугацаанд мэдээж сайжирсаар байгаа. Нийгэм хөгжиж байна, намууд ч хөгжих ёстой. Сонгуульд зүүний социал демократ чиг баримжаатай МАН, барууны либерал үзэл баримтлалтай Ардчилсан Нам болон үндэсний ардчилсан шинжийг агуулсан бусад намуудаас нэр дэвшсэн байдаг. Тэдгээр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харж байхад намынхаа үзэл баримтлалын зарчим, чиг баримжаанд тулгуурласан харагдаж байна. Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрх, үүргийн хүрээний асуудлыг авч үзсэн байдаг.

1993 онд МАХН-аас Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай нэр дэвшиж байсан. Л.Түдэв гуайн мөрийн хөтөлбөрийг харж байхад монгол хэлний агуу гайхамшгийг харуулсан. Тэр “Би хөтөлбөрөө боловсруулахдаа монголчуудын билэг оюунаар тунгааж, хойч үедээ үлдээсэн таван махбодын онолд тулгуурлан Монгол Улсын Үндсэн хуулийн агуулгад багтааж, түүгээр олгосон эрх үүргээс халихгүйг хичээв.

Товч болсны учир нь “Нэг үгээс мянган утга цацардаг” гэсэн мэргэдийн үгийг бодсон” гэж хэлсэн. Энэ мэт нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй миний номоос танилцах боломжтой. Тухайн үед МАХН бага хуралдаа чөлөөтэй нэр дэвшүүлж, хамгийн олон санал авсан хүнээ Ерөнхийлөгчид дэвшүүлсэн юм билээ. 

- Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хийгдэж байна. Сонгуулийн үйл явцыг хэрхэн ажиглаж байна вэ?

- Намаараа бат бэх, эв нэгдэл нягтралтай, “Дуулбал дуу нэг дугтарвал хүч нэгтэй” ажиллавал амжилт олж болдгийг эдгээр зургаан сонгуулиас харж болно. Өөрөөр хэлбэл хамгийн дээд албан тушаалтнаасаа намын жирийн гишүүн хүртлээ нэг дуутай байна гэсэн үг. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль МАН олонх болж 65 суудлыг авч засаглаж байгаагаараа онцлогтой. Улс орны эдийн засаг, ард түмний тусын тулд юу хийв гэдэг дүгнэлтийг ард түмэн өгнө.

Мөн хэн нэр дэвших вэ гэдэг асуудал их чухал. Парламентад суудалтай MAH, АН, МАХН гэсэн улс төрийн хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Аль улс төрийн хүчин бэлтгэл, зохион байгуулалт сайтай, хэн илүү маневр менежмент хийж байна, хэн илүү чадварлаг улс төрийн зах зээлээ удирдаж байна, тэнд ялалт ирнэ гэж боддог. Энэ сонгуулийн онцлог нь хэн илүү социал медиаг удирдаж чадсан талд үр дүн ирэх магадлалтай.

- Улс төрийн судалгаа хийдэг, Элчин сайдаар ажиллаж байсан хүний хувьд өнөөгийн улс төр, нийгмийн үйл явцыг дүгнэж хэлээч?

- Аливаа улс орны улс төрийн үйл явц, нийгмийг хүн удирддаг. Тэдгээр ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээсэн лидерүүд эрх ашгийн эрэмбийг дээд зэргээр ухаарсан, шударга ёсыг эрхэмлэсэн хүмүүс байгаасай гэж боддог. Тийм үнэт зүйлсийг өөртөө тээсэн удирдлагатай улс орон хөгжиж, ард түмэн амар амгалан амьдарна. Ард иргэд маань ч улс орныхоо хөгжлийн төлөө мэрийх хэрэгтэй гэж боддог.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.