Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дэд ерөнхийлөгч Хойд Солонгосыг дахин сүрдүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Японд айлчилж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс өчигдөр буюу Лхагва гарагт Америкийн байлдааны хөлөг дээр тэнгисийн цэргийн алба хаагч нарын өмнө Хойд Солонгосын дэглэмд хандаж дахин “хатуу үг” хэлжээ.

Японы Ёкосука цэргийн баазад байрлах USS Ronald Reagan хөлөг дээр 2,500 тэнгисийн цэргийн өмнө тэр үг хэлэхдээ АНУ-ын армийн тэсвэр тэвчээрийг шалгахгүй байхыг Хойд Солонгост анхааруулаад, тус дэглэм цөмийн болон цөмийн бус ямар ч зэвсэг хэрэглэсэн байсан Америкийн зэвсэгт хүчин “шийдвэртэй хариу арга хэмжээ” авна гэсэн байна.

Цэргийн ногоон хүрэм өмссөн Майк Пэнс өөрийн холбоотнууд болон Хятад улстай хамтран Пьёньянд дипломат харилцаа, эдийн засгийн шахалт үргэлжлүүлэн үзүүлэхээ амлахын хажуугаар тэнгисийн цэргүүдийг “бэлтгэлтэй байх”-ыг сануулсан юм.

Дэд ерөнхийлөгч бас Өмнөд Хятадын тэнгисийн усан замаар зорчих эрх чөлөөг хамгаалах нь АНУ-ын үүрэг гэж мэдэгдсэн нь Хятадын газар нутгийн маргааны эмзэг сэдвийг хөндсөн үг байлаа. Мягмар гарагт Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзахдаа Майк Пэнс мөн Хойд Солонгосын асуудлаар дээрхтэй ижил байр суурь илэрхийлсэн юм.

Пэнс Ням гарагт Өмнөд Солонгост айлчлахдаа хоёр Солонгосыг заагладаг зэвсэггүй бүсэд зочлон Хойд Солонгосын эсрэг хатуу мэдэгдлүүдийг хийж байв. Тэрээр Ази Номхон Далайн бүс дэх холбоотон орнуудаар айлчилж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press