Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Калифорнийг салан тусгаарлах хөдөлгөөний удирдагч Орост амьдрахаар шийджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Калифорни мужийг салан тусгаарлаж, бие даасан улс болгох зорилготой “Yes California” хөдөлгөөний удирдагч Луиз Маринелли өчигдөр мэдэгдэл гаргаж Орос орныг шинэ эх орноо болгохоор шийдсэнээ зарлажээ.

Тэрээр “Calexit” буюу салан тусгаарлахыг дэмжих санал асуулгыг явуулахын төлөө явуулж байгаа тэмцлээ бүр мөсөн орхихоор шийдсэн байна. 2015 оноос хөдөлгөөнөө эхлүүлсэн Маринелли өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Москвад төлөөлөгчийн газраа нээж, Европ дахь салан тусгаарлах хөдөлгөөнүүдийг дэмжих Оросын барууны үзэлтэй байгууллагатай хамтрах болсон юм.

Маринелли “Би Орост шинэ аз жаргал, дарамт бэрхшээлгүй, бусдын эх оронд атаархдаггүй амьдралаа олсон тул амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан тэмцлээ орхиж байна” гээд “Хэрвээ Оросын ард түмэн намайг найрсгаар хүлээн авч, байнга оршин суух боломж олговол би Оросыг эх орноо болгох хүсэлтэй байна” гэж мэдэгдэлдээ бичжээ.

Калифорнид эргэж очих бодолгүй, Америкийн далбаан дор амьдрах хүсэлгүй гэдгээ илэрхийлсэн Маринелли “Америкийн улс төрийн систем өөрийг нь Орос руу явахад хүргэсэн” гэсэн байна.

Тэрээр Оросын дөрөв дэх том хот Екатеринбургт эхнэр Анастасиягийн хамт амьдарч байгаа гэнэ. Түүний санаачилсан Calexit хөдөлгөөн өнгөрсөн онд Дональд Трампыг сонгуульд ялахад олны анхаарлын төвд орсон ба 2019 оны гуравдугаар сард санал асуулга явуулахаар иргэдийн гарын үсгийг цуглуулж байсан юм.

 

Эх сурвалж: Business Insider