Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өдөр тутамдаа хэвшүүлэх боломжтой П.Анужингийн ТАВАН ЗӨВЛӨМЖ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин сүүлийн жилүүдэд өөрийн туршлага дээрээс үндэслэн "Мацаг барих нь бие махбодь төдийгүй оюун сэтгэлийн их цэвэрлэгээ" хэмээн уриалж буй. Үүнтэй холбоотойгоор, сүүлийн үед мацаг барих хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Тэр ч бүү хэл, "Мацагтан Монголчууд" хэмээх фэйсбүүк бүлгэм 100 мянга орчим гишүүнтэй болжээ.

П.Анужин мацаг барихыг зөвлөөд зогсохгүй, эрүүл хооллолт, эрүүл амьдралынхаа хэв маягаас өөрийнхөө судалж мэдсэнийг лекцээрээ дамжуулан зөвлөдөг. Ингээд та бүхэндээ П.Анужингийн лекцнээс заавал мацаг барилгүйгээр өдөр бүр, үргэлж амьдралдаа хэрэгжүүлж, хэвшүүлж болох хоол хүнсээр эрүүлжихүйн тухай энгийн хэдэн зөвлөмжийг хүргэж байна.

1. Усыг зөв уух 

 

Усыг буюу шингэн зүйлийг зөв уухаас эрүүл мэнд, гоо сайхан эхэлдэг. Хүний биеийн эсүүд гадна, дотор уснаас бүрддэг. Эсийн доторх ус нь хэдий чинээ их байна төдий чинээ хүн эрүүл, гоо сайхан, өнгөлөг, толигор харагддаг. 

Усыг зөв ууна гэдэг нь 30 минут тутам нэг том балга ус уухаас эхэлнэ. Ихэнх хүмүүс ус уухгүй удаж байгаад их хэмжээгээр нь уудаг. Энэ нь эсийн доторх усыг нөхдөггүй, ашигтай ус болж чаддаггүй. Эрүүл байх үндэс нь биедээ шингээж шингэн зүйл уухыг хэлдэг. Үүнд цай ордоггүй байна. 

Крантны усыг шууд хүнсэндээ хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Гэрийн хоол хүнс цай бүгдэд усаа шүүж хэрэглэнэ.

Ам цангах, өлсөх мэдрэмж хоёр нь яг ижилхэн мэдрэгддэг гэж эрдэмтэд бичсэн байдаг. Тэгэхээр, ам цангаж буйгаа андуураад өлсөж байна гэж ойлгон байнга юм иддэг хүмүүс байдаг. Тийм учраас, хэрвээ өлсөх мэдрэмж төрвөл ус уугаад үзээрэй. Хэсэг хугацааны дараа өлсөх мэдрэмж ихэнхдээ дарагддаг.

Хүйтэн, халуун аль ч ус нь хүний эрүүл мэндэд ашиггүй байдаг. Хэт халуун ус/шингэн уувал улаан хоолойны үрэвсэл үүсгэх аюултай. Хэт хүйтэн ус нь хүний биед ачаалал үүсгэдэг. Аль болох уух унд нь хүний биеийн хэмтэй ижил байвал зохилтой. Хүний биеийн хэм нь 36.5' байдаг. 

2. Хоолыг маш сайн зажилж идэх

 

Хоолыг маш сайн зажилж идэх ёстой байдаг. Ходоодондоо шүдтэй хүн байхгүй. Хоолоо бага зажилснаар ходоодыг маш ихээр ачаалладаг.

Эрүүл оршихуйн үндэс нь хоолыг маш сайн зажилж идэхээс эхэлнэ. Удаан зажлахаар цадах мэдрэмж маш хурдан төрдөг. 

3. Органик хоол хүнс сонгох

 

Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа ард талын зааврыг нь унших хэрэгтэй. Аль болох генетикийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн сонгох нь зөв. Генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний шошго дээр GMO /ГМО/ гэж бичсэн байдаг.

4.  Эрүүл зохистой хооллох

 

Мацаг гэлтгүй бид өдөр тутам л эрүүл зохистой хооллох хэрэгтэй. Цагаан давс, цагаан сахар, цагаан гурил, цагаан будаа дотор өөх, муу чанарын тос, хүүхдийн будаа буюу каш, даршилсан нөөшилсөн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, сок, шүүснээс татгалзахыг хичээгээрэй. Оронд нь үр, тарианы төрлийн буюу хөх тариа, арвай, гурвалжин будаа, овьёос, нэвс зэргийг зөв зохистой хэрэглэх ёстой. 

Нэвс (oat, хлопья, hafer ) гэдэг нь будааны няцалбарыг хэлдэг байна. Геркулес гэдэг нь овьёосны нэвс. Овьёос гэдэг нь нэвс биш будааны төрөл. Нэвс гэдэг нь будаа гэдэг шиг нийтлэг нэр юм байна.

Мөн, өглөөний хоол хөнгөн бөгөөд тэжээллэг байх учиртай. Жишээ нь: Шинэ жимс ногооны шахаж гаргасан шүүс, усанд чанасан будааны зутангууд байх нь зохистой.

5. Хоол хүнсээ ШИЛЭН саванд хадгалах

 
Зургийг `Мацагтан Монгол` фэйсбүк группээс ашиглав

Хоол хүнс, идээ будаагаа хуванцар саванд хадгаласнаар сөрөг нөлөөлөл ихтэй байна.  Тиймээс аль болох шилэн саванд гурил, будаа, хүнсний зүйлээ хадгалах нь зүйтэй аж.

Мацаг барих тухай

П.Анужин хүмүүст мацаг барихыг зөвлөхдөө олон хоногоор барихыг зөвлөдөггүй байна. Тэрбээр, мацгийг анхлан барьж буй хүмүүс 24 цагаар барьж эхлэхийг зөвлөж буй юм.  

Мөн мацаг барих гэж буй бол та өөрөөсөө ахин дахин яах гэж барих гэж буйгаа асуух хэрэгтэй юм байна. Өөрийгөө болон өрөөл бусдыг хүчилж мацаг барих нь асар их хор хөнөөлтэй хэмээжээ.

Мацаг барих гэж буй бол УС л ууна. Мацгийн туршид өөрт тааламжтай хэмтэй цэвэршүүлсэн, цэвэр усыг шимж доод тал нь 1,5-2 литр ууна. Ямар нэгэн хольцтой ус, ундаа шүүс, жимс, бохь, тамхи, амны гаа зэргийг хэрэглэдэггүй байна. 

Түүнчлэн, сүүлийн үед хаврын улиралд мацаг барих нь буруу гэсэн мэдээлэл их гарах болсон.

Үүнийг мацгийн багш П.Анужин тайлбарлахдаа "Хаврын улиралд нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь даарч болохгүй. "Хаврын салхи, хавирга нэвт" гэж үг байдаг. Тийм учраас хавар мацаг барьж буй бол маш дулаан явах хэрэгтэй. Хавар цагт 24 цагийн мацгийг барьж буй хүн айхтар сэрүүдэж, өвчин хууч хөдлөх тийм зүйл болдоггүй. 24 цаг бариад болчихсон гээд юу юугүй 36, 48, 72 цаг руу үсрээд хүмүүс буруудаж байна. Тиймээс 7 хоногт 1 удаа 24 цагийн мацаг барих нь л тохиромжтой" гэжээ.

Мацаг барих тухайд ийм байж. Харин МАЦАГ ТАЙЛАХ гэж тусдаа зүйл байдаг ажээ.

Мацгийг нэг зөв бариад эхэлчихвэл 5,10,15 хэдэн ч хоног барьсан адилхан мэдрэмж төрдөг гэнэ. Гэхдээ мацаг тайлах үе нь их чухал аж. Жишээлбэл, нялх хүүхдийг анх хоолонд оруулахдаа аль болох орц найрлага багатай, хүүхдийн биед шингэх хоолоор оруулдаг. Үүнтэй адил, хоол идээгүй удчихаад идэхийг мацаг тайлах гэнэ. Ийм үедээ аль болох тослоггүй, хурц биш, давс багатай, зутан идэх нь тохиромжтой. Мөн түүхий ногоо жимс жимсгэнэ, жигнэсэн ногоо, агшаасан болон чанасан будаа, үр тариаг идэж болох юм байна. Хэдэн цаг мацаг барьсан төдий хугацаанд эдгээр зүйлсийг идвэл зохимжтой гэнэ.