Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс Африкийн ахмад дайчдад иргэншил олгожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

20 дугаар зууны ихэнх дайнуудад Франц улс Африкийн колони улсуудаас эрчүүдийг хүчээр цэрэгт татаж, өөрийн өмнөөс тулалдуулдаг байв.

Дэлхийн нэгдүгээр дайнаас эхлээд Энэтхэг-Хятадын хойгийн дайн, 1950, 1960-аад оны Алжирийн тусгаар тогтнолын дайн хүртэл бүх дайнуудад хэдэн зуун мянган Африк цэргүүд Францын туган дор байлдаж байжээ.

Тэгвэл олон арван жилийн дараа тэднээс үлдсэн 28 ахмадыг Франц улс өөрийн иргэншлээр шагнах ажиллагаа өнгөрсөн Бямба гарагт болсон байна.

Дэлхийн нэгдүгээр дайнд цэргийн насны эрчүүдийнхээ гуравны нэгийг Францын төлөө тулалдуулахаар илгээсэн Сенегалын дайчид тэдний ихэнх нь байв.

“Та бүхнээр Франц орон бахархаж байна” гэж Элисейн ордонд болсон ёслолын үеэр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ахмадуудад хандаж хэлжээ. Тэр бас эдгээр ахмад дайчдад улс орон нь “цусан өртэй” гэдгийг хэлсэн юм. Ахмад дайчдын нас 78-90-ийн хооронд байжээ.

Франц улс Африк дайчдын гавьяаг хэзээ ч бодитоор үнэлж байгаагүй гэсэн шүүмжлэл их гардаг. Франц ба Африкийн орнуудын харилцаанд ч энэ нь эмзэг сэдэв болдог гэнэ. 1960-аад оны үед Африкийн колониуд тусгаар тогтнолоо олсны дараа Франц улс Африк дахь ахмад дайчдаа үндсэндээ хаясан юм. Францад амьдардаг ахмад дайчид сарын 690 еврогийн тэтгэмж авдаг бол Африк тивийн дайчид ердөө 61 евро авдаг байжээ. Үүнийгээ Францчууд амьдралын өртөгтэй холбон тайлбарладаг байлаа.

Тэднийг мөн Францад оршин суухыг зөвшөөрдөг ч жилд доод тал нь гурван сарын хугацаанд заавал эх орондоо байхыг шаарддаг байв. Гэвч 2006 онд гарсан Indigenes киноны дараа Францчуудын үзэл бодолд өөрчлөлт гарч эхэлжээ. Уг кинонд дэлхийн хоёрдугаар дайны үед Францын талд байлдаж байсан хэсэг Африк цэргийн түүх гардаг юм.

1943-1944 онуудад Франц, Италид байлдаж байсан цэргүүдийн талаас илүү нь Африкийн колониудаас бүрдэж байсан ба тэдний доод тал нь 40,000 цэрэг амь үрэгдсэн гэдэг.

Киног үзсэн Францын ерөнхийлөгч асан Жак Ширак ахмад дайчдад зориулж ямар нэг зүйл хийхээ амлаж байжээ. 2010 онд Африкийн 30,000 ахмад дайчинд бүрэн хэмжээгээр тэтгэмж өгөх шийдвэр гаргасан юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Франсуа Олланд дахин хэдэн зуун ахмад дайчинд Францын иргэншил олгохоор бэлдэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Quartz