Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Бостоны марафонд оролцсон анхны эмэгтэй 50 жилийн дараа дахин гүйлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эмэгтэйчүүдээс анх удаа марафон гүйлтэд оролцож байсан эмэгтэй 50 жилийн дараа 70 настайдаа дахин марафонд гүйжээ.

Даваа гарагт Бостоны уралдааны замыг Кэтрин Свицер 4 цаг, 44 минут, 31 секундэд туулсан байна. Тэрээр 1967 оны Бостоны марафонд эмэгтэйчүүдээс анх удаа оролцож, зохион байгуулагчдад хөөгдөж байсан түүхтэй юм.

Тухайн үед марафонд зөвхөн эрчүүд орно гэсэн дүрэм байгаагүй ч эмэгтэйчүүдэд хэтэрхий хүнд спорт гэсэн ойлголт нийгэмд ноёрхож, хэн ч эмэгтэй хүнийг урт зам туулж чадна гэж итгэдэггүй байжээ. Гэвч 20 настай Свицер нэрээ эрэгтэй хүнийх шиг харагдахаар зөвхөн овгоо (K.V.Switzer) бичиж бүртгүүлснээр 261 дугаартай гүйх эрхээ авч байсан юм. Уралдааны өдөр сэрүүн байсан тул тэр битүү хувцас өмсөж, зохион байгуулагчдаас нуугдаж чадсан гэдэг. “Би эмэгтэй хүн гэдгээрээ бахархаж, урт үс, уруулын будаг, нүдний будагтайгаа гарааны шугам дээр зогсож байлаа. Миний эргэн тойронд байсан эрчүүд ч намайг эмэгтэй гэдгийг мэдэж байсан” гэж тэр дурссан байна.

Гэвч марафон эхлээд удаагүй байхад түүнийг эмэгтэй гэдгийг мэдсэнээр зохион байгуулагчид замаас нь зогсоохыг оролдож байжээ. Энэ үйл явдлын гэрэл зураг түүхэнд үлдсэн байдаг.

 

Түүнтэй хамт гүйж байсан найз залуу нь зохион байгуулагчдыг замаас түлхэж гаргаснаар Свицер цааш уралдан замаа дуусгаж байсан юм.

Эмэгтэйчүүдийг марафонд гүйдэг болгох Свицерийн удаа дараагийн тэмцэл үр дүнд хүрч 1984 оны зуны Олимпийн наадмаас эмэгтэйчүүдийн марафон албан ёсоор зохиогдох болжээ.

Бостоны марафоныг зохион байгуулагчид Свицер хатагтайн 261 дугаарыг мөнхөлж, өөр хүнд хуваарилахгүй болгосон байна.

 

Эх сурвалж: Independent