Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Пак Гын Хэд 18 төрлийн ял тулгалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэд авлига, албан тушаалаа хэтрүүлсэн, төрийн нууц задалсан зэрэг нийт 18 хэрэгт ял тулгаж байгаагаа Сөүлийн прокурор Даваа гарагт зарлажээ.

Эдгээр ялын дотор түүний найз Чой Сүүн Силд Самсунг, Лотте, SK компаниудаас 59.2 тэрбум воны ($52 сая) авлига авахад тусалсан хэрэг багтаж байна.

Авлигын мөнгө гардаж аваагүй хэдий ч бусдаас шаардах нь яллах хангалттай үндэслэл гэж прокурорын хэвлэлийн төлөөлөгч Ро Сюн Квон мэдээлжээ.

Пак Гын Хэгээс дэмжлэг авахын тулд Лотте группын тэргүүн Шин Дон Бин 7 тэрбум бон Чой Сүүн Силийн санд хандивласан болохыг нэмж илрүүлсэн гэнэ. Үүний хариуд Лотте групп Сөүл хотод татваргүй дэлгүүр ажиллуулах лицензээ сэргээж чадсан байна.

Шин Дон Бин нь Самсунгийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёны дараа ерөнхийлөгчийг тойрсон авлигын хэрэгт холбогдсон бизнесийн хоёр дахь тэргүүн болж байгаа юм. Самсунгийн авлигад өгсөн мөнгөний хэмжээ 43.3 тэрбум вон болсон юм. Мөн SK групп ийм зорилгоор мөнгө өгч байжээ.

Үүнээс гадна Пакийн засаг захиргаанд найрсаг бус ханддаг уран бүтээлчдийг хар жагсаалтад оруулж, шагналд нэр дэвшүүлдэггүй байсан нь шалгалтын үеэр ил болсон байна. Өөрийн захиргаанд ажиллаж байсан түшмэл Ким Ки Чүүнтэй хуйвалдаж Пак ийм жагсаалт гаргадаг байсан нь батлагджээ.

Пак Гын Хэ тулгасан бүх ялыг зөвшөөрөхгүй байгаа тул ирэх шүүх хурал дээр ширүүн тэмцэл болохоор байна. Шүүх хурлыг тавдугаар сарын 9-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийх төлөвтэй байгаа нь шүүлтэд улс төрийн нөлөө оруулахгүй гэсэнтэй холбоотой ажээ.

Өнгөрсөн хугацаанд 31 прокурортой 150 гишүүн бүхий ажлын хэсэг Пак Гын Хэг зургаан удаа байцааж, долоон газарт нэгжлэг хийж, банкны 30 дансыг шалгаж, 110 хүнийг холбогдуулан шалгасан байна.

Хэрвээ буруутай гэж шүүх шийдвэл Пак Гын Хэ бүх насаар шоронд хоригдох юм.

 

Эх сурвалж: Korea Times