Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сирид хийсэн довтолгоог Хойд Солонгост давтахгүй байхыг ОХУ анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн Даваа гарагт хийсэн мэдэгдлийн хариуд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров анхааруулга өгсөн байна.

“Сонгуулийн турш Трампын зарлаж байсан бодлогыг мөрдөж, саяхан Сирид үйлдсэн шиг явцуу алхмыг АНУ хийхгүй гэдэгт би найдаж байна” хэмээн Сергей Лавров мэдэгджээ. Өмнөд Солонгост айлчилж байгаа дэд ерөнхийлөгч Майк Пэнс “дэлхий нийтээрээ ерөнхийлөгч Трампын шийдэмгий зан, хүч чадлыг Сири, Афганистанд авсан арга хэмжээнээс харсан” гээд Хойд Солонгост бас ийм алхам хийхэд хүргэхгүй байхыг анхааруулсан юм.

Тэр бас Хойд Солонгосын хувьд Вашингтоны “стратегийн тэсвэр тэвчээр” барагдсан гэж хэлжээ. Тэгвэл Лавров “Обамагийн засаг захиргааны үеийг би стратегийн тэвчээр гаргасан цаг үе гэж бодохгүй байна. Өнгөрсөн хугацаанд Хойд Солонгосын цөмийн эрчим хүчтэй холбоотой эдийн засгийн салбарт АНУ хатуу шахалт үзүүлсээр ирснийг хэлэх хэрэгтэй” гэсэн юм.

ОХУ, Хятад улсууд Солонгосын хойгт мөргөлдөөн гаргахгүй байж, дипломат яриа хэлэлцээрийн замаар асуудлыг шийдэхийг уриалсаар байгаа. Харин АНУ болон Хойд Солонгосын аль аль нь түрүүлж цохилт өгөхөд бэлэн гэдгээ харилцан мэдэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today