Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нигерид нэгэн орон сууцнаас $43 сая бэлнээр илэрсэн байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Баруун Африкийн газрын тосоор баян Нигери улсын нэгэн орон сууцны байрнаас $43 сая бэлнээр илэрсэн тухай тус улсын Санхүү, Эдийн засгийн Гэмт хэрэгтэй тэмцэх комисс мэдээлжээ. Энэхүү их хэмжээний мөнгө нь америк долларын дэвсгэртээр байсан гэнэ.

Тус байрнаас хэн нэгэн том том цүнхтэй зүйл зөөж байгааг иргэд эрх баригчдад мэдээлснээр илрүүлсэн байна.

 

Үүнээс гадна $75,000-тай тэнцэх хэмжээний Нигерийн валют, 35,000 британий фунт стерлинг илэрсэн тухай комисс фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Нигерийн эрх баригчид $817,000 бэлнээр нийслэл Лагосын захаас илрүүлсэн бол $1.5 саяыг бэлнээр нэгэн худалдааны төвөөс мөн илрүүлснээ зарлаж байв.

Нигери улс нь Транспаренси Интернэшнл байгууллагын зарласан 2016 оны авлигын индексээр 176 орноос 136-д жагсдаг юм.

Энэхүү мэдээлэл тарсны дараа интернэт хэрэглэгчид Нигерийн ханхүүгээс ирдэг залилангийн имэйлийг дурсацгааж, ойшоож үзэлгүй устгасандаа харамссан бичлэгээ сошиал сүлжээнд хошигнон үлдээж байжээ.

Нутагтаа үлдээсэн их хэмжээний мөнгийг авч чадахгүй байгаа тул туслахыг гуйсан имэйл дэлхий даяар нэг хэсэг тархаж байсан юм. Хэрвээ энэ мөнгийг авахад нь туслах юм бол тодорхой хэсгийг шагналд өгнө гэсэн захидалд багагүй тооны хүмүүс хууртаж, хохирч байсан гэдэг.

 

Эх сурвалж: Mashable