Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дэд ерөнхийлөгч хоёр Солонгосын хилд зочлов

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс өнөөдөр буюу Даваа гарагт хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд (DMZ) зочилжээ.

Азийн дөрвөн орноор хийх айлчлалынхаа эхний зогсоол болгож тэрээр Сөүл хотод өчигдөр ирсэн юм. Пэнсийн аялалын зорилго нь Ази, Номхон далайн бүс дэх холбоотнуудынхаа сэтгэлийг засаж, Трампын засаг захиргаа тэднээс нүүр буруулаагүй гэдгийг батлах ажээ.

DMZ буюу цэрэггүй бүс нь дөрвөн километр орчим өргөнтэй, битүү тэсрэх бодисоор дүүргэсэн зурвас бөгөөд энд хоёр талын цэргүүд нүүр тулан харуулд зогсдог юм.

Энэ үеэр Пэнс Хойд Солонгосын цөмийн зэвсгийн амбицийг бууруулах хатуу арга хэмжээг Хятадын тал авах шинжтэй байгаад баяртай байгаагаа хэлсэн байна. Мөн тэр бас хэрвээ Хятад шийдэж чадахгүй бол АНУ өөрөө арга хэмжээ авна гэж Трампын хэлснийг давтан мэдэгджээ.

Пэнс “Хятад, АНУ хоёрын аль нэг нь заавал шийдэх ёстой” гэсэн байна.

 

Пэнсийн эцэг 1950-1953 оны Солонгосын дайнд оролцож байжээ. “Стратегийн тэсвэр тэвчээр барагдах хугацаа гэж байдаг. Бидний хувьд энэ нь нэгэнт дууссан” гэж Пэнс цэрэггүй бүсэд байхдаа мэдэгдсэн байна. Ням гарагт болсон пуужингийн туршилт хийх оролдлогын хариуд ямар арга хэмжээ авахыг АНУ нь Хятад болон бусад холбоотнуудтайгаа хэлэлцэж байгаа юм. Цохилт өгөх хувилбар үүнд байгаа ч эхний ээлжинд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авах тухай яригдаж байгаа ажээ.

Тухайлбал газрын тос нийлүүлэхийг хориглох, дэлхий даяар агаарын тээврийг нь хаах, ачааны хөлөг онгоцнуудыг олон улсын боомтуудад нэвтрэхийг хориглох гэх мэт.

Ням гарагт Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, тус улсын хамгийн том дипломатч гэгддэг Ян Жиэчи АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсонтой утсаар ярьсан тухай Хятадын гадаад хэргийн яам мэдээлсэн ч ямар сэдвээр ярилцсаныг дэлгээгүй байна.

АНУ-ын тэнгисийн цэргийн USS Carl Vinson нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн тэргүүлсэн цохилтын бүлэглэл Солонгосын хойгийн ойролцоо байрлаад байгаа. Энэхүү бүлэглэлийн бүтцийг харуулсан зураглалыг доор үзүүлэв.

 

 

Эх сурвалж: Reuters