Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Адидас гуталтай эмэгтэй"-н НУУЦ ИЛ БОЛЖ БАЙНА

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Одоогоос нэг жилийн өмнө Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутгаас олдсон Үзүүр гялангийн олдвор “Адидас гуталтай эмэгтэй” хэмээн дэлхий нийтэд алдаршсан билээ.

Өндөрлөг, хүйтэн сэрүүн газраас олдсон тул харьцангуй сайн хадгалагдаж, судалгааны арвин их өв сан болж чадсан энэхүү олдворын сэргээн засварлалтын ажил дуусжээ. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны харьяа Соёлын өвийн төвд нэг жил орчим хугацаанд  сэргээн засварласан байна.

Жилийн өмнө харж байсныг бодвол өнгө будаг нь сэргэж, хувцасны материал, оёдол, нарийн хийцийг энгийн нүдээр хараад бүрэн ойлгох боломжтой болсон байв.

Үзүүр гялангийн хатмал шарилыг ороосон эсгийг задлахаас өмнө доторх эд өлгийн зүйлсийг бүрэн бүтнээр нь тогтоох зорилгоор “Сонгдо” эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэжээ. Сэргээн засварлалтын үеэр нийт 51 ширхэг эд өлгийн зүйлс байгааг бүртгэсэн тухай Соёлын өвийн төвийн Биет соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга Д.Нарантуяа хэлэв.  

 

Үүнээс дурдвал хатмал шарил, малгай, дээл, өмд, гутал, ясан сам, хүрэл толь, хэтэвч, модон аяга, ширэн богцтой модон цар, хуйтай хутга, эсгий ууттай ваар сав, ац мод, саваа мод, нэхмэл ноосон даавуун олбог, нэхий дотортой дээл, мөрөвчтэй өмд зэрэг юм.

БНТУ-ын доктор Ахмэт Ташагил тэргүүтэй эрдэмтэд 2016 оны зургаадугаар сард олдвороос 18 төрлийн дээж авч шинжилгээнд явуулсан билээ. Шинжилгээний хариугаар олдвор МЭ X зуунд холбогдоно хэмээн тогтоожээ. 

Б.Мягмарсүрэн: Энэ бол хүмүүсийн ойлгож байгаа шиг язгууртны булш биш

 

Анх олдворын хэсгээс харуулсан фото зураг олон нийтэд цацагдсан. Тухайн үед эмэгтэй гуталны тал хэсэг нь харагдаж, нэртэй брэндийн спорт хувцасны логотой төстэй байсан нь ийнхүү алдаршихад хүрэв. Гэхдээ сэргээн засварлалтын явцад хээ нь гурваар тогтохгүй олон бөгөөд улаандуу өнгөтэй, олон зураастай гутал гэдэг нь тодорхой болов.  Мөн гадуураа метал чимэглэлтэй, өвдөг давсан урт түрийтэй, загварлаг гутал байна. Дотор нь үстэй, нэлээн зузаан, гэхдээ яг л өнөөгийн бүсгүйчүүдийнх шиг эмэгтэйлэг загвартай байсан нь сэтгэл хөдөлгөж байлаа.

Сэргээн засварлалтын ажлыг гардан гүйцэтгэсэн мэргэжилтэн Б.Мягмарсүрэн эмэгтэйн хувцас эдлэлийн талаар “Энэ бол хүмүүсийн ойлгож байгаа шиг язгууртны булш биш. Тухайн үеийн эмэгтэйчүүдийн нийтлэг өмсдөг байсан хувцас хэрэглэл байгаа. Гэхдээ судалгааны маш чухал баримтууд юм.

Голдуу хүйтний улиралд өмсдөг нэхий, эсгий дотортой хувцаснууд байсан. “Адидас” гээд байгаа гутлын хувьд эсгий дотортой, арьсан гутал.

Булшнаас нийтдээ гурван гутал, дөрвөн дээл, таван малгай, гурван өмд гарсан. Хувцас хэрэглэлийг нь харахад жирийн ард хүн байсан юм шиг санагдсан. Дээл хувцасны талаар нарийн судалгаанууд СУИС-ийн доктор Б.Мөнхцэцэг хийж байгаа.

Бидний хувьд сэргээн засварлалтын ажлыг 90 гаруй хувьтай гүйцэтгэсэн, тун удахгүй дуусаж үзэсгэлэн гаргана” гэв.

Олдвор олон жил хадгалагдах боломжтой

 

Эмэгтэйн хэрэглэж байсан хувцаснуудыг харвал улаан өнгө давамгайлж байлаа. Мөн хувцсыг нь 25 см-ийн өргөнтэй даавууг нийлүүлж хийсэн нь тухайн үед ийм хэмжээгээр даавуу үйлдвэрлэж байсан байж болох юм гэдэг таамаглалыг дэвшүүлж байгаа аж. Мөн оёдол нь одоогийн хувцасных шиг жигд, үзэмжтэй байсан нь тухайн үед оёж хатгах үйл, хувцас урлал өндөр түвшинд хөгжсөний нотолгоо болж байна.

Одоо олдворын ясны антропологийн судалгааг МУИС-ийн багш, антропологич доктор Д.Түмэн, М.Эрдэнэ, адууны ясны анхан шатны судалгааг ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Н.Баярхүү нар хийж байна. Эмэгтэйг хэн байсан тухай судалгааны нарийн үр дүнгүүд гараагүй учир одоо мэдээлэх боломжгүй юм. 

Олдворыг сэргээн засварлахдаа хуурай болон усан цэвэрлэгээ хийсэн бөгөөд химийн бодис огт ашиглаагүй ажээ. Учир нь олдвор олон жил хадгалагдана.

"Үзүүр гялан"-гийн олдворыг "Улаан үнээт"-ийн хадны оршуулгын хамт энэ сарын сүүлээр Монголын Үндэсний Музейд олон нийтэд ил болгох юм. Бид үзэсгэлэн гармагц дэлгэрэнгүй фото сурвалжлага хүргэх болно.