Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс Монгол” ХХК Чилийн “Коделко” компани хамтран ажиллана

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд Чилийн “Коделко” компанийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг энэ компанийн төлөөллүүд Монголын Уул Уурхай Геологичдын Мэргэжлийн Институтийн урилгаар ирсэн бөгөөд манай улсын төрийн өмчит уул уурхайн компаниуд болон зэс олборлогч компаниудын үйл ажиллагаатай танилцах юм.

Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт өөрийн болон охин компаниудын үйл ажиллагааг танилцуулж, “Коделко” компанийн төлөөлөгчдөд хөрөнгө оруулалтын тогтвортой орчин болоод уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчин сайжирч, урт хугацаанд хариуцлагатай уул уурхай хөгжих боломж бүрдсэн гэдгийг дурдлаа.

“Коделко” компанийн захирал Нелсон Пизарро “Чили улс 15 тэрбум тонн зэсийн, 50 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй. Коделко компани нь зуу гаруй жилийн түүхтэй, 100 хувь төрийн өмчит компани. Бид 18 мянган ажилтантай бөгөөд жилд 1.8 сая тонн зэс боловсруулж байгаа нь үйлдвэрлэлийн бүтээмж харьцангуй өндөр” гэдгийг онцолж байлаа.

 

Чили улс нь Монголын адил байгалийн нөөц ихтэй бөгөөд ДНБ-ийн 30 хувийг, нийт экспортын 70 орчим хувийг уул уурхайн үйлдвэрлэл бүрдүүлдэг байна.

“Коделко” компани нь зэсээс гадна кали, кобалт, бусад төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг олборлодог. Цаашид зэс олборлолтын чиглэлээр нэмэлт хайгуул хийх, Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа юм.

Энэ удаагийн уулзалтад талууд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа амжилттай эхлүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Коделко (CODELCO) компанийн тухай:

www.codelco.com

(Чилийн үндэсний зэсийн корпораци) Тус компани нь Чилийн төрийн өмчит уул уурхайн зэсийн компани юм. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч компани бөгөөд жилдээ 1.8 сая тонн зэс үйлдвэрлэж, дэлхийн зэсний нийт хэрэгцээний 11%-ийг дангаараа бүрдүүлж байна.