Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ахлах ангийн сурагчдын дунд Олон Улсын Залуу Энтрепренер тэмцээн зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 11
Сурталчилгаа

Бид гарааны бизнес, энтрепренер, инноваци зэрэг ойлголтуудтай танилцаад багагүй хугацаа өнгөрчээ. Дэлхий дахинд улс үндэстний өрсөлдөх чадвар эдгээр томъёогоор хэмжигдэж байгаа өнөө үед Монгол хүнд энэ чиглэлийн мэдлэг боловсрол, ур чадварыг суулгах зайлшгүй шаардлага байгаа юм.

Хүүхдийг Ивээх Сан болон Хөгжлийн Шийдэл ТББ энэхүү хэрэгцээ шаардлагыг олж харан энтрепренер болох хүсэл эрмэлзэлтэй хүүхэд, залуусыг дэмжин ажиллаж байна. 

Өнгөрсөн Бямба гарагт нийслэл хотын бүрэн дунд сургуулиудаас шалгарсан 5 багийн дунд Global Youth Entrepreneurship Challenge-2017 буюу Олон Улсын Залуу Энтрепренер Тэмцээнийг Хүүхдийг Ивээх Сан болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран зохион байгуулжээ. Энэ нь Монголд зохион байгуулагдсан англи хэл дээр олон улсын тэмцээний загвараар явагдсан  энтрепренер сурагчдыг шалгаруулах анхны тэмцээн гэдгээрээ онцлог юм.

Нийт 5 багийн 38 сурагч тухайн өглөө 07:00 цагт өгөгдсөн цоо шинэ сэдвийн дагуу бизнес санаагаа боловсруулж, бизнес төлөвлөгөө бичин, түүнийхээ дагуу бүтээгдэхүүний загвар гаргах хүртэл 12 цаг тасралтгүй ажилласан байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

  • Хүүхдийг Ивээх Сан,
  • Хөгжлийн Шийдэл ТББ,
  • Монгол дахь АНУ-ын ЭСЯ болон Сүмитомо Группийн төлөөллүүд багтсан юм.

Орой 18:00 цагт тэмцээн дууссаныг илтгэн хонх дуугарах үед оролцогч баг тус бүр боловсролын салбарт тулгарч буй асуудлыг шинэлэг, бүтээлч аргаар шийдсэн бизнесийн бүтээгдэхүүн санаачилсан байлаа. Мөн тус бүтээгдэхүүнээ амжилттай бизнес болгох төлөвлөгөөгөө шүүгчдэд Англи хэлээр танилцуулсан юм.  

Багуудын боловсруулсан бизнес төсөл:

  • Шинэ Эрин Сургууль /I баг/: Шохой, маркер ашиглах шаардлагагүй ухаалаг самбар
  • “Шилдэг” Бүрэн дунд сургууль: 3D холограмм ашиглан суралцах үйл явцыг хялбар, бүтээлч болгох шийдэл 
  • Шинэ Монгол Техник Инженерийн коллеж: Олон үйлдэлт, эрүүл мэндийн боловсрол олгох ухаалаг сандал
  • Шинэ Эрин Сургууль /II баг/: Сурагчдад хэрэгтэй мэдээллийг цэгцтэйгээр хүргэх Gutem гар утасны аппликэшн
  • “Улаанбаатар” Бүрэн дунд сургууль: Багш,сурагч, эцэг эхчүүдийг холбосон гар утасны аппликэшн
  • Бүтэн өдөржин үргэлжилсэн хүчтэй өрсөлдөөний эцэст Олон Улсын Залуу Энтрепренер Тэмцээний эцсийн шатанд: 
  • Нэгдүгээр байр: Шинэ Эрин Сургууль (Нэгдүгээр баг)
  • Хоёрдугаар байр : Шинэ Эрин Сургууль (Хоёрдугаар баг)
  • Гуравдугаар байр: Шинэ Монгол сургууль тус тус шалгарсан байна. Шалгарсан 3 баг 5 дугаар сарын 21-нд олон улсын “Global Youth Entrepreneurship Challenge 2017” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрх авчээ. 

Сурагч Б.Очирсүх: Хүн төрөлхтөний сайн сайхны төлөө аливаа зүйлийг зохион бүтээх хэрэгтэй 

 

Тэмцээний эцсийн шатанд шалгарсан Шинэ Монгол Техник Инженерийн Коллежийн хоёрдугаар ангийн сурагч Б.Очирсүх ярихдаа: “Маш богино хугацаанд бизнесийн санаа гаргаж, төлөвлөгөө боловсруулан Англи хэл дээр танилцуулсан. Сүүлийн шатанд шалгарсандаа их баяртай байна. Олон улсын тэмцээндээ сурч мэдсэн бүхнээ харуулна.” гэсэн юм. 

Энэхүү тэмцээн болохоос өмнө хагас шигшээд шалгарсан сурагчдыг “BEST” буюу Бизнес Энтрепренершипийн Ур Чадвар олгох хөтөлбөрт хамруулж, нэг сарын хугацаанд бэлтгэжээ.

Хөтөлбөрийн үеэр сурагчид хэрэглэгч төвтэй шийдлийг загварчлах, бизнес модель болон бизнесийн төлөвлөгөө боловсруулах зэрэг цогц хичээл үзсэн байна. “Би BEST хөтөлбөрөөс олон зүйл сурсан. Бизнесийн тухай суурь мэдлэгээс гадна цаашид хөгжүүлэх шаардлагатай чадваруудаа мэдэж авсан. Мөн багаар ажиллах чадвар нэмэгдсэн. Эдгээр ур чадвар нь зөвхөн энтрепренер хүнд хэрэгтэй юу гэвэл үгүй. Энгийн хүмүүс ч өдөр тутам ашиглах боломжтой. Жишээлбэл, манай найзууд хичээл дээрээ маш сайн багаар ажиллаж эхэлсэн. Хамгийн гол нь энтрепренер гэдэг нь хүмүүсийн сайн сайхны төлөө аливаа зүйлийг зохион бүтээдэг хүн юм байна гэдгийг ойлгож авсан. Хүмүүст хэрэгтэй зүйл бүтээсний дараа ашиг орж ирдэг. Хүн төрөлхтөний сайн сайхны төлөө аливаа зүйлийг зохион бүтээх хэрэгтэй.” гэж Очирсүх ярьсан юм. 

Хүүхдийг Ивээх Сан нь Хүүхдийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийхөө хүрээнд ахлах ангийн сурагчдыг ирээдүйн бүтээлч, хариуцлагатай манлайлагчид болоход шаардлагатай энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэн, хувиараа аж ахуй эрхлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхийг зорьж байна.

Бид өсвөр насны хүүхдүүдийг амьдралд амжилттай хөл тавихад нь туслахыг зорьж байгаа. Дэлхийн олон улс орны ерөнхий боловсролын систем асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд өрсөлдөх чадвар бүхий шинэ үеийг бэлтгэж чадахгүй байна. Монгол Улсын хувьд ч ялгаагүй. Тиймээс ч бид хүүхдүүдийг өөрийн сонирхол болон ур чадварт тохирсон ажил эрхлэх замаар нийгэмдээ хувь нэмрээ оруулж, үнэ цэнээ мэдрэхэд тэдэнд туслах болно.” хэмээн BEST хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн Ядуурлыг Бууруулах болон Хүмүүнлэгийн Хөтөлбөрийн менежер Э.Тэлмэн тайлбарласан юм. 

 

Хөтөлбөрт хамрагдсан хүүхэд залуус бизнесийн боловсрол, эдийн засгийн суурь мэдлэг болон аж ахуй эрхлэх ур чадварыг эзэмшихээс гадна хөтөлбөрийн үр дүнд, эдийн засгийн олон талт хөгжлийн шинэ боломжуудыг орон нутагт нээж өгөх юм байна.

Хүүхдийг Ивээн Сан нь боловсрол, хүүхдийн оролцоо, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, хүмүүнлэгийн тусламж болон хүүхдийн ядуурлыг бууруулах үндсэн чиглэлийн дагуу манай улсад 23 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.