Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд О.Оч Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Тускд ИЖБ өргөн барив

ikon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Оч Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускд 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх Жуух Бичгээ барьсантай нь холбогдуулж Ерөнхийлөгч Д.Туск Элчин сайд О.Очийг хүлээн авч уулзаж, Монгол Улс-Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд О.Оч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Тускд уламжилж өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад  Ерөнхийлөгч Д.Туск биечлэн оролцсонд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Европын Холбоо нь Монгол Улсын гадаад бодлогод чухал ач холбогдолтой “Гуравдагч хөрш”-ийн нэг болохыг тэмдэглэхийн зэрэгцээ Монголын тал цаашид Европын Холбоотой Иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхийг зорьж Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг цохон тэмдэглэв.

Д.Туск: Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож сэтгэгдэл өндөртэй буцаж ирсэн

 

Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож сэтгэгдэл өндөртэй буцаж ирсэн тухайгаа дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ уламжлав. Тэрбээр Монгол Улс ардчиллын үндэс суурийг баттай тавьж ардчиллын үндсэн зарчмуудыг бодит утгаар нь өдөр тутам хэрэгжүүлж байгааг дурдаад Монгол Улс бол Европын Холбооны хувьд Холбооны гаднах чухал түнш орнуудын нэг болохыг цохон тэмдэглэв.

Монгол Улс эдийн засгийн хувьд хүнд үеийг туулж байгаа ч ардчиллын зарчмуудад тууштай байгааг Европын Холбоо өндөрөөр үнэлж цаашид Европын Холбоо Монгол Улс хоорондын бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Очийн товч намтар

МОУХДС, Япон Улсын Кюүшү их сургууль төгссөн. Англи, орос, франц хэлтэй. 1991 онд ГХЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн.

Брюссель дэх ЭСЯ-нд атташе, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын Бүсийн төлөөлөгчийн газрын Монгол дахь салбарын ажилтан, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.

 

Эх сурвалж: ГХЯ