Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийг өөрчилсөн Япончуудын ТАВАН инноваци

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 10
IKON.MN

Япончууд технологийн ертөнцөд олон шинэ нээлт, санаачилга гаргаж байсан. Тухайлбал Тошиба анх зөөврийн компьютерийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн бол эможи бас Япончуудын бүтээл. Форбс сэтгүүлийн судалгаанд өгүүлснээр дэлхийн хамгийн их инновацид суурилсан компаниудын 10 хувь нь Японд байгаа.

Гэвч сүүлийн жилүүдэд Японы байр суурь суларч, Цахиурын хөндий, Тель-Авив зэрэг газруудыг дэлхийн инновацийн төвүүд гэж харах болжээ.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Япончуудын зохион бүтээсэн хамгийн их нөлөө бүхий таван нээлтийг танилцуулж байна.

 

Хурдан галт тэрэг (1964)

 

1964 оны аравдугаар сард Хикари номер 1 нээгдэхээс өмнө Токио-Осакагийн хооронд зорчих нь урт аялал байдаг байв. Харин 210 км/цаг хурдтай дэлхийн анхны хурдан галт тэрэг энэ аялалын хугацааг 4 цаг болгож богиносгосон юм. Өмнө нь 6 цаг 40 минут байжээ.

Өнөөдөр технологи нь сайжирснаар 2 цаг гаруйхан хугацаанд зорчдог болсон ба удахгүй нэг цаг л зарцуулдаг болно гэж үздэг.

 

Халаасны тооны машин (1970)

 

Өнөөдөр бага хэмжээний тооцоо хийхийн тулд хүмүүс гар утасны тоо бодогч буюу калкуляторыг ашигладаг. Тэгвэл энэ бяцхан бүтээлийн үндсийг Япончууд анх сэдэж гаргасан нь халаасны тооны машин юм.

Анхны загварууд нь халаасанд багтахааргүй том байсан тул ширээн дээр тавьж хэрэглэдэг байв. Гэхдээ л тэр үеийн нүсэр тооцоолох машинуудын хажууд том дэвшил байсан юм.

 

Walkman (1979)

 

Хөгжмийн салбарыг iPod өөрчилсөн гэж бодож байна уу? Үгүй. 2001 онд Apple бүтээгдэхүүнээ гаргаж байхад явуут дундаа хөгжим сонсох аргыг Sony компани хэдийнээ хэрэгжүүлээд байсан юм. Энэ бол Sony Walkman.

Үүнээс өмнө зам зуур хөгжим сонсох ганц арга байсан нь зөөврийн радио хүлээн авагч байв. Харин дуртай хөгжмөө хаана ч сонсох боломж жинхэнэ утгаараа хөгжмийн салбарт хувьсгал хийжээ.

 

Хөх LED гэрэл (1990-ээд он)

 

1990-ээд оны эхээр Японы эрдэмтэд Исаму Акасаки, Хироши Амано, Шүжи Накамура нар хагас дамжуулагчаар хөх өнгийн LED гэрэл гаргаж авсан юм.

Энэ технологийн ачаар эрчим хүч хэмнэлттэй TV, гар утас, компьютерийн дэлгэц, гэрэлтүүлэг бүтээх замыг нээсэн байна. 21 дүгээр зууныг өөрчлөх боломжтой гэж одоо ч үздэг энэхүү технологийг нээсэн эрдэмтэд 2014 онд физикийн салбарын Нобелийн шагнал хүртжээ.

 

Андроид роботууд (2003)

 

Хүнтэй адилхан үйлдэл хийдэг роботуудыг бүтээх ажил уран зөгнөлөөс бодит амьдралд шилжихэд Япончуудын гүйцэтгэсэн үүрэг их. 2003 онд Осакагийн Их сургуулийн оюун ухаант робот зохион бүтээх лабораторид DER 01 хэмээх анхны ярьдаг, нүдээ анивчдаг, амьсгалдаг, хүнтэй төстэй робот гаргасан юм.

2015 оны зун Нагасакид бараг 100 хувь робот ажилтнуудтай зочид буудал нээгдсэн. Үүнээс хоёр жилийн өмнө Киробо нэртэй робот анх удаа сансарт ниссэн робот болж сансраас дуу хоолойгоо хүргэж байжээ.

 

Эх сурвалж: Weforum.org