Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

"29-р тусгай сургуулийн хүүхдүүдтэй хийсэн судалгаан дээр бэлгийн дарамт байдаг гэсэн баримт тогтоогдоогүй"

ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN

29 дүгээр тусгай сургуулийн сурагчид сурах орчин болон хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийн талаар хөндөж жагсаал хийсэн юм.   

БСШУСЯ-аас Ажлын хэсэг томилогдон уг асуудлын мөрөөр ажилласан. Ажлын хэсгийнхэн гаргасан дүгнэлтээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

ШУУД ҮЗЭХ:

II ХЭСЭГ 

https://www.facebook.com/iKonNews/videos/650052091847029/

I ХЭСЭГ 

https://www.facebook.com/iKonNews/videos/650026098516295/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

"Ажлын хэсэг хоёр чиглэлээр ажилласан. 10 дүгнэлт гаргасан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга М.Мөнхбаатар "Ажлын хэсэг хоёр чиглэлээр ажилласан. 10 дүгнэлт гаргасан. Тухайлбал, Их, дээд сургуульд элсэн суралцах бэлтгэл ангийг гаргах, багш нарт дохионы хэлийг сайжруулан сурахыг тус сургуулийн бүх багшид үүрэг болгох, суралцагчийн эрх ашиг, сонирхлыг хүндэтгэхийг бүх багш, ажилтанд үүрэг болгосон" гэлээ.

"Мэргэжлийн багш нарын 50 хувь нь дохионы хэлний чадварыг дээшлүүлэх шаардлагатай"

БСШУСЯ-ны Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг "Ажлын хэсэг тус сургуулийн 51 багшаас шалгалт авахад 94 хувь нь чадвартай гэж гарсан.

Мэргэжлийн багш нарын хувьд 44 хувь нь хангалттай гэж гарсан. Тэгэхээр 50 хувь нь дохионы хэлний чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан. Үргэлжлүүлэн бид сорил, тестийн ажлыг зохион байгуулна.

Сурагчдын шаардлагад багшийн ёс зүйтэй холбоотой асуудал гарсан байгаа. Энэ асуудлаар Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, нээлттэй санал асуулгад суурилсан нөхцөл байдлыг тодруулах арга хэмжээ авсан.

Мэргэжлийн ёс зүйн асуудал байж болзошгүй гэдэг дүгнэлт гаргасан.

Бэлгийн дарамттай холбоотой асуудал дээр онцгой анхаарал хандуулсан. Одоогоор үүнтэй холбоотой шинж тэмдэг нотлогдоогүй. Үүнийг нарийвчлан судална.

Хууль шүүхийн байгууллагын шийдвэр дээр үндэслэн бид арга хэмжээ авах болно.

"Хүүхдийн яриаг буруу орчуулсан гэсэн асуудал нотлогдоогүй байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Бид хамгийн гол нь хүүхдийн эрхийг хамгаалах байр сууриас хандаж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор 29-р сургууль дээр ажиллаж байгаа багш ажиллагсадын нэр хүндийг хамгаалах үүднээс бодитой нотолгоо баримтан дээр тулгуурлан ажиллаж байна.

Одоогоор хүүхдийн яриаг буруу орчуулсан гэсэн асуудал нотлогдоогүй байна. 

Хүүхдийн эрхтэй холбоотой асуудал учраас хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр бодит мэдээллийг хүргэх ёстой гэдгийг хэлмээр байна. 

Хүүхдүүдийн тавьсан асуудал бол хэд хэдэн багц асуудал байгаа. Нэгдүгээрт, багш нарын дохионы хэлний чадвар. Сурагчдын тавьсан асуудал тодорхой хэмжээгээр үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан.

Харин багшийн ёс зүйтэй холбоотой асуудал дээр тодорхой нөхцөл баримтууд тогтоогдоогүй. Гэхдээ нөхцөл байдлыг судалж үзэхэд багшийн ёс зүйг сахих байдлыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. 

Багш нараас болон жагсаал зохион байгуулсан хүүхдүүдийн эцэг, гурван хүүхэдтэй уулзаж ярилцлага санал асуулга авсан. Сурагчдын амралт дуусч, хүүхдүүд хичээлдээ ирж эхэлсэнтэй холбоотойгоор энэ шалгалт цааш нарийн үргэлжилнэ. Ярилцлага өгсөн хүүхдийн асуудал дээр тодорхой арга хэмжээ авч байгаа.

Сургууль нэр төрөө сэргээлэх асуудлаар бус, судалгаа хийж тогтоож өгөөч гэсэн асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан.

Хүүхдүүдтэй хийсэн судалгаан дээр бэлгийн дарамт байдаг гэсэн баримт тогтоогдоогүй байгаа.

"Тусгай сургуулийн сурах бичигт шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт оруулах болно"

Тусгай сургуулийн сурах бичгийг жил бүр хэвлэдэг. Бага ангид зориулсан сурах бичиг хэвлэгдсэн. Нэгдсэн байдлаар сурах бичиг гаргахаас гадна тусгай боловсролын сургуулиудад өөрсдөө сургалтын эх хэрэглэгдэхүүнээ зохиох боломжийг нээж өгч байна. Шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт оруулах болно.

"Захиралтай холбоотой асуудлаар эцсийн байдлаар дүгнэлт гарсан тохиолдолд тодорхой арга хэмжээ авна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хүүхдүүдийн хичээл цугласан байгаа. Хүүхдүүдийн түвшинд санал асуулга явах ажил хийгдэнэ. Үүний дараагаар тодорхой ажлын чиглэл гарна. Захиралтай холбоотой асуудлаар эцсийн байдлаар дүгнэлт гарсан тохиолдолд тодорхой арга хэмжээ авна.

Дохионы хэлний төдийгүй согог зүйч багш нарыг бэлтгэх ажил зогсоод 10 жил болсон.

Одоогийн байдлаар 1-р ангид 33 багш бэлтгэгдэж байна. 2 жилийн өмнөөс мөн хөрвөх мэргэжлийн сургалтад хамруулж, ажиллуулах боломжтой болгож байгаа. 70 гаруй багш нар хамрагдаж байна. Гадаадад Японд 3 Сонголост 2 хүн бэлтгэгдэж байна.

"Ёс зүйтэй холбоотой асуудлаар ёс зүй алдагдах нөхцөл байдал үүссэн байж болзошгүй"

Бидний хамгийн баримталж байгаа гол зүйл бол асуудал юу байна, гол шалтгаан юу байна гэдгийг тодорхойлох. Ажлын хэсгийн дүгнэлт гурван асуудлыг үндэслэлтэй гэж үзсэн. Ёс зүйтэй холбоотой асуудлаар ёс зүй алдагдах нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэж үзэж байна

Сургалтын чанартай холбоотой асуудал дээр сургалтын чанарыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчихсан байна. Цаашид сургалтын чанарыг уян хатан болгох, агуулгын чиглэл тус бүр дээр дүгнэлт хийнэ гэсэн дүгнэлт гаргасан байгаа.

Хүчирхийлэл үүссэн эсэхийг Ажлын хэсэг бус цагдаа хууль хяналтын байгууллага шалгана. Ажлын хэсгийн гол зорилго биш. Багш нарын ёс зүйтэй холбоотай асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандсан байгаа. 

Хүүхдүүдийг дарамтлах ажил байж болохгүй. Энэ тал дээр хүүхдүүд, багш нарын түвшинд нээлттэй ярилцсан. Сургуулийн хувьд дарамталсан зүйл байхгүй гэж багш нараас хариулт ирсэн.

Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд нэг тал болоод, багш нар нэг тал болсон гэсэн нөхцөл байдал үүссэн гэж ажиглагдахгүй байгаа. Тодорхой асуудлыг хууль, хяналтын байгууллага дүгнэлт гаргана" гэсэн мэдээллийг өглөө.

БСШУСЯ-ны Ажлын хэсгийн дүгнэлт /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/